Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Бат-Үүл: Алтанхуяг 7 сайдаа зольсон нь багадаад АН-ыг золиосоллоо


Нийслэлийн Ардчилсан намын дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл гэнэт хийсэн мэдэгдлийнхээ талаар ийнхүү тайлбарласан юм.

-Та бүгдийн амар амгаланг айлтгая. Өнөөдөр би Нийслэлийн Ардчилсан намын даргын хувиар мэдэгдэл хийхийг хүссэн юм. Мэдэгдэл хийхэд надтай хамт Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, нийслэлийн намын дэд дарга Ц.Баатархүү, намын Хэрэг эрхлэх газрын дарга Нүрзэд нар оролцож байна. Та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн бямба гарагт буюу аравдугаар сарын 18-нд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, Монгол ардын хувьсгалт намын даргатай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.

Энэ гэрээг хэнтэй ч ярилгүйгээр гэнэт өөрөө гүйж очоод хувийн шийдвэрээр хийлээ. Гэрээ нь Ардчилсан намын эрх ашгийг маш хүнд хо­хироосон, хууль, дүрэм зөрч­сөн гурван заалттай байна. Гэрээний гуравдугаар заалтад “Сонгуульд нэг эвсэл болж оролцоогүй тохиолдолд УИХ-ын сонгуулийн мажо­ритар тойрогт хоёр намын нэр дэвшигчид нэг нэгнийхээ сана­лыг хуваахгүй байх зарчимд нийцүүлнэ” гэж. Өөрөөр хэлбэл, хоёулаа давхцуулж нэр дэвшүүлэхгүй гэсэн үг. МАХН-д тойрог гаргаж өгөөд, тэндээс нэр дэвшсэн бол манайх хүнээ дэвшүүлэхгүй байх аж. Нэмээд “Хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь уялдуулах зарчим баримтална” гэж. Яг үнэндээ энэ бол сонгуулийн хуулиар сонгуулийн эвсэл байгуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тойргоо хуваагаад тэнд бие биетэйгээ давхцуулахгүйгээр нэр дэвшүүлнэ. Тэгээд “сонгуулийн бүхий л үйл ажиллагааг” гэж байгаа шүү, хооронд нь уялдуулна, зохицуулна гэсэн.

Дараагийнх нь есдүгээр заалт, “Ардчилсан нам, МАХН-тай хамтран ажиллахдаа ерөнхий гэрээнд тохирсон зарчимд /дээрх гуравдугаар заалт/ нийцүүлнэ. Нийслэл, хөдөө орон нутагт нэг нэгнийхээ нэр дэвшүүлсэн боловсон хүчнийг дэмжиж ажиллана” гэдэг бол асар том заалт. Яагаад гэхээр сонгуулийн тойрогт нэр дэвшүүлсэн хүнийг манай намын байгууллага дэмжиж ажиллана гэсэн үг. Дээр нь иргэдийн хуралд нэр дэвшсэн хүнийг нь дэмжиж ажиллана, ердөө л сонгуульд нэр дэвшсэн хүнийг нь дэмжээд ажилла гэсэн байхгүй юу, манай боловсон хүчнийг.
Гэрээний 14 дүгээр заалт намын дүрмийг шууд зөрчиж. “Энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд 2024 он дуустал хүчинтэй байна” гээд, гарын үсэг зурчихсан. Энэ гэрээ одоо хүчин төгөлдөр, Иргэний хуулиар зохицуулагдаад явна гэсэн үг. Тус тусдаа нэг нэг хувь хадгалахаар заачихсан. Манай намын дарга Алтанхуягт ийм эрх байхгүй. Намын дүрмийн 6.4.9.5-д “Ардчилсан намаас бусад улс төрийн намтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг Үндэсний зөвлөлдөх хороо батална” гэдэг заалттай. Гэтэл ҮЗХ батлаагүй байхад энэ гэрээг хүчин төгөлдөр гээд гарын үсэг зурчихлаа. Бүр 2024 он хүртэл хүчин төгөлдөр байхаар шүү дээ. Ийм л гэрээнд очоод гарын үсэг зурчихсан.

Манай намын дарга Алтанхуяг бол сүүлийн үед өөрийнхөө эрх мэдлийг хадгалж үлдэхийн тулд хүний санаанд багтамгүй увайгүй үйлдлүүд хийж байна. Намын гишүүн байтугай жирийн иргэний санаанд ч багтамгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Ерөнхий сайдын албан тушаалаа хадгалахын тулд долоон сайд золиосолсон. Бүр ичгүүр сонжуургүйгээр танхимынхаа гишүүдийг гаргасан. Тэр нь явуургүй болохоор Ардчилсан намыг улс төрийн золиос болгож байна. Орон нутагтай ямар ч зохион байгуулалт байхгүй, нэг хүний хувийн өмч болчихсон МАХН-ыг үндэсний хэмжээнд зохион байгуулалтад орсон, эрх барьж байгаа намтай эн тэнцүү хэмжээнд авч үзэж ийм гэрээ байгуулсан. Энэ гэрээ бол үндсэндээ өнөөдөр бүх хууль, дүрмийг зөрчсөн. Яагаад гэхээр МАХН, МҮАН хамтарч “Шударга ёс” эвсэл байгуулсан. Гэтэл энд эвслийн тухай юу ч байхгүй. Эвсэл бол сонгуулийн дөрвөн жилд нэг хуулийн этгээд байдаг. Тэгсэн чинь далдуур энэ хоёр хүн хоёр намын нэр барьж ингэж гэрээ хийсэн юм. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Дээр нь намын дарга эрх мэдлээ хэтрүүлж намын үндсэн дүрмээ зөрчсөн. Тиймээс би Нийслэлийн Ардчилсан намын даргын хувьд мэдэгдэл хийж, Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулж, ийм хариуцлагагүй, манай намыг улс төрийн ноцтой байдалд оруулсан этгээдтэй хариуцлага тооцохыг шаардсан мэдэгдэл гаргаж байгаа юм. Миний мэдэгдлийг манай намын мянга мянган гишүүн дэмжинэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй. Орон нутгийн гишүүд, дэмжигчдээс өнөөдөр үнэхээр цочирдож, аргаа барсан гишүүд намын удирдлага бидэн рүү байнга ярьж байна.

Авлигатай тэмцэнэ гэдэг улс төрийн мөрийн хөтөлбөр сонгуулиар зарласан, авлигатай тэмцэх үйл ажиллагааг манлайлж яваа ийм нам авлигын загалмайлсан эцэг гэж нэрлэгдсэн тэр хүнийг өмгөөлөн хамгаалах гэрээ байгуулчихсан. Түүний улс төрийн үйл ажиллагааг дэмжихээ илэрхийлчихсэн, бүр тойрог гаргаж өгөөд, намын байгууллагуудаа ажиллуулна гэнэ ээ. Манай нийслэлийн намын байгууллага хэзээ ч МАХН-ыг дэмжиж ажиллахгүй, ийм үүрэг авахгүй, бид. Хамгийн гол нь засч болохгүй аюултай алдаанд оруулчихлаа. Иргэний хуулиар гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог нь гол аюул юм. Одоо дүрэм зөрчлөө гэдэг үндэслэлээр шүүхээр заргалдахаас өөр ямар ч аргагүй байдалд АН-ыг орууллаа. Тиймээс бид үүнийг үнэхээр эсэргүүцэж байгаа. Түүгээр барахгүй ҮЗХ-ноос гэрээ байгуулсан этгээдтэй хариуцлага тооцох шаардлага тавьсан, үүнийг хариуцлагатайгаар мэдэгдье.

-Ерөнхий сайд энэ талаар 2012 оны ҮЗХ-ны шийдвэрт нийцүүлж гэрээг байгуулсан гэсэн. Хэр үндэслэлтэй вэ?
-Үнэхээр ямар ч үндэслэлгүй зүйл. Өнөөдөр Алтанхуяг намын даргын хувьд ичсэн хүн хүн ална гэдэг шиг зүйл л ярьж байна. Та бүгдийн өмнө би манай намын үндсэн дүрмийг барьж сууна. Үүнд, ҮЗХ энэ гэрээг батална гэж заасан. Гэтэл гэрээнд болохоор “Талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд 2024 он дуустал хүчинтэй” гэсэн байгаа. Үндэсний зөвлөлдөх хороогоор яриа ч үгүй, тэр бүү хэл УИХ-ын бүлэгтэй ч яриагүй. Дүрмээрээ би намын удирдлагын гурван гишүүний нэг. Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Нийслэлийн намын дарга нь удирдлагын гишүүд. Гэтэл надтай энэ талаар огт яриагүй.

-Ирэх бямба гарагт Иргэний Зориг ногоон намтай бас гэрээ байгуулна гэж байна. Тэр гэрээ үүнтэй адилхан байх болов уу?
-Энэ гэрээг харахаар Иргэний Зориг ногоон намтай гэрээ байгуулах орон зай харагдахгүй байгаа юм. Яагаад гэхээр одоо хүчин төгөлдөр болчихсон энэ гэрээ зөвхөн хоёр талыг оролцуулсан. Энэ хоёр нам л бие биенийхээ өмнө үүрэг хүлээсэн хэрэг.

-ҮЗХ-г хуралдуулах ямар боломж байгаа вэ?
-Бид хуралдуулахыг л шаардана. Бидний эрх хэмжээнд бол нийслэлийн намын зөвлөлөө хуралдуулж, шаардлагаа тавих болно. Нийслэлийн намын зөвлөлдөх хороо хуралдаж бид энэ гэрээг хүлээж авахгүй гэдэг албан ёсны шийдвэрээ гаргах юм. Намын нийслэлийн шатнаас асуулгүйгээр ийм гэрээний заалт хийчихсэн байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, асуухгүйгээр бичихдээ “Нийслэл, хөдөө орон нутагт нэг нэгнийхээ нэр дэвшигчийг дэмжиж ажиллана” гэсэн. Ядахдаа үүнийгээ нийслэлийн намын байгууллагаас асуух хэрэгтэй шүү дээ.

-Танай намын бусад фракцууд үүнийг хэрхэн хүлээж авч байгаа бол?
-Эрүүл саруул ухаантай л бол үүнийг хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Бусармаг үйл явдал гэж үүнийг хэлэхэд ч багадна. Ердөө балмад үйл явдал. Манай намын ямар ч фракц, гишүүн, зүтгэлтэн Ардчилсан намыг МАХН-ын барьцаа болгосон гэрээг хүлээж авахгүй гэж бодож байгаа. Манай намыг ямар ч зохион байгуулалтгүй, ямар ч хөл байхгүй, хариуцлага огт байхгүй, дарга нь авлигалын загалмайлсан эцэг гэж хэлэгддэг ийм Хувьсгалт намтай Ардчилсан намыг гэрээгээр барьцаанд өгчихсөн байхгүй юу. Одоо бид үүнийг шүүхэд өгч, хөөцөлдөж байж хүчингүй болгохгүй бол манай намын улс төрд маш аюултай том цохилт болно. Одоо олон түмэн авлигатай тэмцэнэ гэсэн нам авлигачийг өөгшүүлж байдаг нь юу вэ, яагаад өөг­шүүлж байна вэ гэцгээн сайт, хэвлэлээр ярьж байна. Үнэндээ хэлэх үг олдохгүй, нүүрээ ч хийх газаргүй боллоо шүү дээ.

-Гэрээний талаар 2-3 сарын өмнөөс ярьж эхэлсэн шүү дээ. Тэр үед...
-2-3 сарын өмнө нээлттэй сэдэв байсан. Нээлттэй ярьдаг олон сэдэв бий шүү дээ. Аль намтай ер нь хамтарч ажиллах, түүнийгээ ярих уу, үгүй юу гээд. Ийм ярианууд байж болно. Гэтэл энэ гэрээ нээлттэй сэдэв биш хуулийн өмнө хүчин төгөлдөр болгочихлоо. Гарын үсэг зураад.

-Төслийг нь дөрөвдүгээр сард боловсруулаад эхэлсэн юм билээ. Та үүнийг мэдээгүй хэрэг үү?
-Огтхон ч мэдээгүй. Огт мэдээгүй. Ийм зүйлийг гэнэт бямба гарагт зурчихсан. Ядахдаа дүрэм журмаараа яваад, хэлэлцүүлээд, намын байгууллагуудаас асуух ёстой шүү дээ.

-Гэрээг эсэргүүцсэн намын гишүүдэд хариуцлага тооцох тухай ярьж эхэллээ.
-Одоо энэ гэрээг байгуулсан этгээдэд өөрт нь хариуцлага тооцох цаг болсон. Өөрт нь...

0 Сэтгэгдэл
алтанхуяг өөрийн хүнээ хотын намын хороон даргаар тавиагүйн алдаа одоо гарч байна гэдгийг ухаараа байлгүй удахгүй алдаагаа засах гэж оролдож эхлэх байх даа
Ene batuuliin avgaig enhbayar bavtsiin bhdaa yamar ih us honzon be. Yamar tanai huugiin tender shig mungunii asudal bhgui tsaashdaa evteihen bie bienee demjeed yavii gesen l tsaas l ble shde.altanhuyagas yasan yu bolsiin nzaa gel asuuna bizde.yum l bol tv ger garah durtai ***** ve
Хамгийн их уншсан