Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Пүрэвбаатар: МоАХ-ны дүрмийн дагуу зарим гишүүнийг Удирдах Зөвлөлөөс чөлөөлсөн


Монголын Ардчилсан холбооны Орон нутгийн асуудал хариуцсан ажилтан Ж.Равдандоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэрийн талаар янз бүрийн мэдээлэл сүүлийн үед хэвлэлээр гарах болсон. Тэгвэл энэ асуудаар МоАХ-ны Хяналтын зөвлөлийн тогтоолоор шийдвэр гаргажээ. Энэ талаар Монголын Ардчилсан холбооны Хяналтын зөвлөлийн дарга Д.Пүрэвбаатараас тодрууллаа.

-МоАХ-ны Удирдах зөвлөлийн сүүлчийн ху­рал­даанаар хоёр ги­шүүнийг чөлөөлсөн шийд­вэр гаргасан. Гэвч энэ талаар янз бүрээр байр сууриа илэрхийлэх боллоо. МоАХ-ны Хяналтын зөв­лөлийн даргын хувьд тайлбарлавал?
-МоАХ-ны Удирдах Зөвлөлөөс УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг гүйцэтгэх захирлын, Орон нутгийн асуудал хариуцсан ажилтан Ж.Равдандоржийг мөн үүрэгт ажлаас чөлөөлсөн тогтоол гаргасан. Энэ асуудлаар Ж.Равдандорж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Удирдах зөвлөлөөс хассан шийдвэр буруу" гэж мэдээлснийг үндэслэн МоАХ- ны дарга, Хяналтын Зөвлөлд хандан энэ асуудлаар тайлбар хүссэнийг бид хүлээн аваад дүрмийн есдүгээр зүйлд заасны дагуу хариу өгсөн. Хяналтын зөвлөл дүрмийн тайлбар болон гомдол гарсан үед бүрэлдэхүүнээрээ хэлэлцэж шийдвэр гаргадаг. Харин энэ тохиолдолд зөвлөлийн нэг гишүүн судалж үзээд хариу бэлтгэснийг даргынхаа гарын үсгээр баталгаажуулан илгээсэн. Үүнийг дүрмийн 9.8-д маш тодорхой заасан байгаа.

-УИХ-ын гишүүн Ш.Түв­дэн­доржийг чөлөөлсөн асуудлын хувьд?
-УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг Төрийн бус байгууллагын тухай хуульд зааснаар МоАХ-ны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд санал оруулж албан үүрэгт ажилд тавьсан ба мөн л гэрээг цуцалж ажлаас өөрчлөх нь тэр хүний эрх хэмжээний асуудал. Миний ойлгосноор УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн сайд тул эрхэлсэн ажлын онцлогийг харгалзан чөлөөлөх санал оруулсныг Удирдах Зөвлөл баталсан. Нэгэнт гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдвөл Удирдах Зөвлөлөөс автоматаар гардаг болохыг дүрмийн долдугаар зүйлээр зохицуулсан байдаг.

-МоАХ-ны Удирдах зөвлөл Ж.Равдандоржийг дүрэм зөрчиж чөлөөлсөн гээд байгаа нь ямар учиртай юм бол?
-Ж.Равдандоржийн хувьд МоАХ-ны Орон нутгийн асуудал хариуцсан ажилтан байсан. 2012 онд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр Эрчим хүчний удирдах газрын даргаар томилогдсон тул төрийн бус байгууллагын ажилтнаар давхар ажиллах нь хуулиар хориотой байдаг. Тэгэхээр гэрээг цуцалж чөлөөлсөн нь буруу биш. Энэ хүн Удирдах зөвлөлийн гишүүн биш хэрнээ хэвлэлд буруу мэдээлэл өгсөн байсан. МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн гэдэг нь мөн дүрмийн гуравдугаар зүйлд зааснаар аймгийн МоАХ-ны дарга нар, Гүйцэтгэх захирал, Хяналтын Зөвлөлийн гишүүд орно. Гэхдээ Хяналтын Зөвлөлийн гишүүд таслах эрхгүй байдаг юм. 1990 оны МоАХ-ны анхдугаар Их хурлаас баталсан дүрэм журам үндсэн зүйл заалтаараа одоог хүртэл хэвээр мөрдөгдөж байгаа. Зарим нэг процедурын шинжтэй заалт нэмэгдэж хасагдаж л байдаг.

-Хяналтын зөвлөлийн дарга ганцаараа ийм шийдвэр гаргах эрхгүй гэсэн шүүмжлэл байгаа?
-Хяналтын Зөвлөлийн нэг гишүүн ирсэн материалыг хянаж үзээд шийдвэрлэдэг. Энэ шийдвэр нь ганцхан тогтоол хэлбэрээр гарч, Хяналтын Зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулдаг. Дүрмээр зөвшөөрөгдсөн зүйл шүү дээ. Тухайлбал, Дундговь, Дорнод, Сэлэнгэ аймгийн дарга өөр ажилд шилжээд Удирдах Зөвлөлөөс чөлөөлөхөд зөрчил үүссэн эсэхээр Хяналтын зөвлөлийн гишүүн П.Дэлгэрсайхан,Н.Ширэндэв нар хянаж үзээд тайлбарласныг тогтоол хэлбэрээр гаргаж Удирдах Зөвлөлд илгээж байсан. Энэ удаагийнх мөн адил. Төрийн бус байгууллагын тухай болон Улс төрийн намуудын тухай, Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулиудад заасантай нийцүүлсэн шийдвэр гаргасан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан