Шүүгчид нөлөөлөхийг оролдсон есөн тохиолдол бүртгэгдлээ
2014 оны 10 сарын 21

Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аливаа этгээдээс шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хөндлөнгөөс нө­лөөлөхийг оролдсон үйлд­лийг баталгаажуулсан баримтыг нөлөөллийн мэдүү­лэг гэдэг. Тэгвэл өнөөдрийн байдлаар Шүүхийн ерөн­хий зөвлөлд шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс нийт есөн нөлөөллийн мэ­дүүлэг хөтөлж ирүүлжээ. Нийт ирсэн мэдүүлгийн 56 хувь нь дарамтлах, заналхийлэх, 22 хувь нь гүтгэх доромжлох, 11 хувь нь шийдвэрийг урьд­чи­лан хэлэлцэхийг санал болгох байсан бол 11 хувь нь нөхцөл байдлыг тайлбарлах зэргээр нөлөөлөхийг завдсан байна.

Тиймээс хуулийн дагуу шүүх, шүүх бүрэлдэхүүнд нөлөөлөх гэж оролдсон дээрх үйлдлүүдийг нөлөөллийн мэдүүлэгт үндэслэн холбогдох хууль, журмын дагуу шийд­вэрлэхээр ажиллаж байгаа талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өчигдөр мэдээллээ.

Онцлон тэмдэглэхэд, дээрх есөн мэдүүлэг нь шүүхийн шинэтгэл, түүний хүрээнд батлагдсан Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн дагуу шүүгч, шүүх бүрэлдэхүүн нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг болсонтой холбоотойгоор ирсэн мэдүүлгүүд юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь шүүхийн тухай хуульд шүүгчид нөлөөлж болохгүй гэж тунхаглаж байснаас нөлөөлсөн албан тушаалтан, этгээдэд ямар хариуцлага хүлээлгэх тухай нарийн зохицуулалт байгаагүй. Харин багц хуулийн хүрээнд шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх, халдахыг оролдсон нь тогтоогдсон байгууллагыг шүүхийн журмаар татан буулгах боломжтой болсон.Түүнчлэн албан тушаалтныг шүүхийн журмаар огцруулах, чөлөөлөх бололцоотой болж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлана. Харин гадаад иргэнийг өөрийн улсаас албадан гаргаж, дахин орж ирэх эрхийг 10 хүртэлх жилээр хасах юм.

Өндөр албан тушаалтнууд ч хариуцлагаас мултрахгүй

Тэгвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хамгийн их нөлөөлөх боломжтой буюу өндөр албан тушаалтнууд шүүгчид нөлөөлсөн тохиол­долд хүлээлгэх хариуцлагын асуу­дал байхгүй тухай яригддаг. Дээрээс нь УИХ гишүүн болон түүнээс дээш албан тушаалтны холбогдсон хэргийг шалгахад бүрэн эрхийн асуудал саад болдог. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүд шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзвэл одоогийн практикаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал сөхөгдөх юм. Харин УИХ-ын гишүүд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээс татгалзвал, хэрэг сунжирч бараг л мартагдана. Тэгвэл шүүхийн тухай багц хуульд энэ талаарх ч асуудлыг тусгасан байна. Тодруулбал, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн 38.3-д зааснаар “Шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн, халдсан албан тушаалтныг албан тушаалаас нь энэ хуулийн 38.2-т зааснаар шүүхийн журмаар албадан чөлөөлж, огцруулахад энэ хуулиас бусад хуулиар тогтоосон нөхцөл, журам хэрэглэгдэхгүй бөгөөд энэхүү үндэслэл нь тухайн албан тушаалтныг төрийн албанд дахин ажиллуулахгүй байх үндэслэл болно” гэснийг хэрэгжүүлэх юм байна.
Нөгөө талаас шүүгч өөрөө нөлөөллийн мэдүүлэг гаргаж өгөөгүй тохиолдолд ёс зүйн хариуцлага хүлээх юм. Үүнд, сануулах, тодорхой хугацаагаар цалинг нь буу­руулах, шүүгчийн албан ту­шаалаас огцруулах зэрэг багт­даг юм байна. Харин шүүгчийн нөлөөллийн мэдүүлгийг зохих журмаар нь хэрэгжүүлэхийн тулд хэргийн оролцогч нар шүүхийн үйл ажиллагаанд хяналт тавих ёстой аж.  Өөрөөр хэлбэл, хэргийн нэг оролцогч шүүхэд нөлөөлөх сэжиг бүхий оролдлого хийснийг мэдвэл өөр нэг нь тухайн асуудлыг хөндөж тавиад шалгуулах боломжтой болсон юм. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Фото үзэх
Видео үзэх
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.