Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Цогзолмаа: Боловсролын салбарт Гадаад хэлийг дугаарлан жагсаах нь буруу


Монгол-Оросын найрамдалт хамтын ажиллагааны өдрүүд үргэлжилсээр байна. Энэ хүрээнд ихээхэн ажил амжуулж буйн нэг нь соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааны нэг болох оюутны тэтгэлэгт хөтөлбөр. “Орост суралцахыг урьж байна” уриан дор зарласан ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт энэ жил 383 оюутан хамрагджээ.
Мөн найрамдлын өдрүүдийн хүрээнд ОХУ-аас хүрэлцэн ирсэн доктор, профессорууд Улаанбаатарын 100 орчим орос хэлний багш нарт зориулсан сургалт семинар зохион байгуулж байна. Энэ үеэр Монгол-Оросын найрамдалт нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, Монгол Улсын гавьяат багш Д.Цогзолмаатай оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн тухай ярилцлаа.


-Монгол Оросын найрамдалт харилцааны тулгуур салбар бол боловсрол. Боловсролын хамтын ажиллагааны хүрээнд зохиогдож буй энэ удаагийн семинарын гол зорилго?
-Монгол-Оросын найрамдалт хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд хийж буй цөөнгүй ажлын нэг нь семинар юм. Гурав хоног үргэлжлэх энэ семинарын хүрээнд Москва хотын Улс түмний найрамдлын их сургуулийн таван доктор, профессор Улаанбаатар хотын их, дээд, бүрэн дунд сургуулийн орос хэлний багш нарт заах аргазүйн асуудлаар зөвлөгөө өгч, сургалт зохион байгуулж байна. Оюутан, сурагчидтайгаа хэрхэн ажиллах, сүүлийн үеийн ямар арга технологи байна, тэдгээрийг сургалтын арга барил, хөтөлбөртөө хэрхэн нэвтрүүлэх гээд цөөнгүй асуудлаар санал солилцож туршлага судалж байна.
Ер нь, хоёр орны боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа бусад салбараа бодвол их өргөн хүрээнд хөгжсөн. 1990-ээд оноос өмнө ЗХУ-д манай талаас маш олон оюутан суралцдаг байсан шүү дээ. 1922 онд анхны 15 оюутан явснаас хойш өдгөө 90-ээд жил өнгөрч. Энэ хугацаанд манайхаас 60 гаруй мянган хүн дээд сургууль, техникум, техник мэргэжлийн сургууль төгссөн байдаг юм. Харин 1990 оноос хойш буюу ЗХУ тарж бутарснаар хоёр орны хамтын ажиллагаа бараг тасарсан гэж болно. Дараа нь 2000 онд Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээр хийн жилдээ 50 оюутныг Оросын зардлаар сургаж байхаар болсон. Энэ үеэс хойш боловсролын салбарын хамтын ажиллагаа тэр дундаа оюутан солилцоо, оюутны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж өсөн нэмэгдсээр ирсэн. Энэ жил гэхэд л 383 оюутан ОХУ-ын томоохон хот, мужуудын их, дээд сургууль суралцахаар явсан. Эдгээрээс 40 гаруй хүн нь магистр, докторын сургалтад хамрагдаж байна.

-Саяхан Монгол Улсад хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалаар энэ талын асуудлыг илүү өргөжүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан гэсэн?
-Тийм. Энэ тал дээр илүү өргөн хүрээнд ажиллах тухай гэрээ хэлцэл хийсэн. Өнгөрсөн жил 250 хүүхэд явж байсан бол ирэх жилээс 500 хүргэх тухай дурдсан байсан. Цаашид энэ тоог тогтмол 1000 болгох тухай ч яригдсан.

-Түүнээс гадна тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах үйл ажлыг хариуцсан тусдаа газар бий болсон гэж дуулсан?
-Энэ үйл ажиллагааг хуучин хоёр орны Боловсролын яам хамтран гүйцэтгэдэг байсан бол энэ жилээс ОХУ-ын Гадаад харилцааны яамны дэргэдэх Гадаадтай харилцах төв дагнан зохион байгуулдаг болж байна. Сая явсан 383 оюутныг энэ төв бүртгэлийг нь хийж тэр ч бүү хэл хойноос мэргэжлийн комисс ирж шалгалт  авлаа. Мөн Оросын томоохон сургуулиудын төлөөлөл ирж шилдэг сурагчдыг сонгон шалгаруулж элсүүллээ. Өчигдөрхөн тэдгээр  хүүхдийн сүүлч болсон арван хэдэн хүүхэд бэлтгэл ангидаа элсэхээр явсан.

-Сурахаар явж байгаа оюутан залуусын дийлэнх нь аль салбарын ажил мэргэжил сонгож байна?
-Монгол Улсын Засгийн газрын бодлого бий л дээ. Ихэвчлэн инженер, технологийн чиглэлээр оюутан, сурагч түлхүү явуулах хандлага байна. Яагаад гэвэл нэг хэсэг хууль, уул уурхай, эдийн засгийн мэргэжил боловсрол эзэмшихээр бараг бүгд л хуйларч байлаа. Одоо тэр нь илүүдэл болчихсон учир энэ асуудалд бодлогын түвшинд хандаж байгаа болов уу.

-Нефть, хийн чиглэлээр суралцах оюутныг энэ жилээс элсүүлж байгаа байх аа?
-Тэгсэн. Тодруулбал, сая явсан 383 хүүхдээс төмөр замын чиглэлээр 70, нефть, хийн чиглэлээр 20-иод хүүхэд явлаа. Мөн “Орос-Атом” гэж байгууллагын урилгаар  арван хүүхэд сонгогдон явлаа. Ер нь, шалгалтад тэнцсэн хүүхэд ОХУ-ын аль ч их сургууль коллежид хүссэн мэргэжлээрээ сурах боломжтой. Өнгөрсөн хугацаанд хэрэгцээ шаардлага нь багаас болоод зарим нарийн мэргэжил орхигддог байсан талтай. Нефть, хийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байна. Мөн ирэх жилээс нисэхийн чиглэлээр хүүхэд сургаж эхлэх юм билээ. Учир нь, манай Зам тээврийн яамны сайд гэрээ хэлэлцээр байгуулсан юм. Нисэх буудлын зохицуулга, удирдлагын чиглэлээр ирэх оноос цөөнгүй хүүхэд элсүүлэх болов уу.

-Очсон оюутнуудын амьдрах орчин нөхцөл нь ямар байдаг юм бол?
-Энэ жил явсан хүүхдүүдийн ихэнх нь Москва, Санкт -Петрбург гэх мэт томоохон хот руу явсан. Очсон газраасаа шалтгаалаад өөр өөр. Ер нь боломжийн шүү. Түүнээс гадна ямар мэргэжлээр суралцаж байгаагаас хамаарч хугацаа нь харилцан адилгүй. Бакалаврынхан бол хэлний бэлтгэл курс гэж явсаар тав хүртэл жил суралцах нь бий. Анагаахын салбарын оюутнууд бол 6-8 жилээр суралцах нь ч байна. Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр учир энэ бүх хугацаанд төлбөр төлөхгүй. Харин байр, хоол, унаа тээврийн мөнгөө оюутан өөрөө даана. Гэхдээ сар бүр оюутны цалин, тэтгэлэг авна.  2000 орчим рубль байдаг байх шүү. Үүгээрээ байр, хоолны мөнгөө элбэг болгочихдог юм билээ.

-Оюутнуудаас шалгалт авахаас гадна өөр сонгон шалгаруулалт бий юу?
-Байлгүй яахав, манай бүрэн дунд сургуулиудад жил бүр зохиогддог цөөнгүй олимпиад байна. Физик, математик гэх мэт хичээлийн олимпиадад тэргүүн болоод дээгүүр байр эзэлсэн сурагчид тэтгэлгээр шууд явна. Товчхондоо ногоон гэрлээр гарчихна гэсэн үг л дээ. Түүнчлэн жил бүр улсын хэмжээнд орос хэлний олимпиад болдог. Эндээс шалгарсан хүүхдүүд ч шууд хамрагддаг.
Үүнээс гадна энэ жилээс нэвтэрч буй нэгэн ахицтай зүйл нь гэвэл орон нутгаас түлхүү оюутан, сурагч хамруулж эхэллээ. Өмнө нь дандаа л Улаанбаатар хотын сургуулийн  сурагчид хамрагддаг байсан. Орон нутгийн хүүхдүүд Орост сурах ийм боломж байдаг тухай мэдээлэлгүйгээс шалгалт өгч чаддаггүй. Үүнийг өөрчлөх зорилгоор энэ жил Оросын шинжлэх ухаан соёлын төвтэй хамтарч дөрвөн аймагт бүсчилсэн орос хэлний баяр, олимпиад зохион байгууллаа. Нэг үгээр бүсчилсэн хэлбэрээр аймгуудыг ээлж дараалан хамруулж байгаа юм. Сая гэхэд л бид Өвөрхангай аймагт ажилласан.
Өмнө нь Архангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт орос хэлний олимпиад зохион байгуулсан юм. Нийт оролцсон хүүхдийн 80 орчим хувь нь сертификат авч тэтгэлэгт хамрагдсан. Маргааш Дархан-Уул аймагт орос хэл, соёлын баяраа зохион байгуулах гэж байна. Мөн л бүсчилсэн хэлбэрээр явуулахаар төлөвлөөд байгаа. Сэлэнгэ, Орхон, Булган, Төв аймаг болоод дээр дурдсан Дархан-Уул аймгийг хамарсан юм. Энэ ажил маргааш Дарханаас эхэлнэ.

-Дараагийн ээлж?
-Дараагийн ээлжинд баруун гурван аймаг буюу Баян-Өлгий, Ховд, Увс аймагт  ажиллах гэж байна. Хуучин бид жилдээ ганцхан аймагт зохиодог байсан нь дутагдалтай. Жишээ нь, говийн аймагт зохиоход хангайн хүүхдүүд хоцрогдох жишээтэй. Энэ жил дөрвөн бүсэд хуваасан нь илүү өргөн цар хүрээтэй, өгөөж ихтэй ажил болсон юм. Эцэг эх, багш, сурагчид ч энэ ажилд үнэхээр сэтгэл хангалуун байгаа нь анзаарагдсан. Арга ч үгүй юм, алслагдсан аймагт бүхэл бүтэн комисс очоод ОХУ-д суралцах боломж олгож байгаа нь таатай байлгүй яахав.

-Явж байгаа оюутнууд эргэн ирээд ажлын байхаар хангагдах нь хэдэн хувьтай байна?
-Хангалттай, би өөрөө Төгсөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч болохоор энэ асуудлыг илүүтэй анзаардаг юм. Төгсөгчдөө бүртгэж сертификат олгодог болохоор ажил хөдөлмөр эрхлэлтийг нь хянах бүрэн боломжтой. Анзаараад байхад 90 гаруй хувь нь мэргэжлээрээ ажиллаж байх жишээтэй. Ер нь тогтмол өндөр хувьтай гардаг даа.
Ганц дутагдалтай зүйл нь төгсч ирсэн оюутнуудын англи хэлний мэдлэг дутмаг байдаг. Энэ нь Орос хэлэндээ түлхүү анхаарч суралцсаных л даа. Ер нь, англи хэлэндээ анхаарахгүй орхичихдог нь хоцрогдох шалтгаан болдог гэх үү дээ. Гэхдээ оюутнаас өөрөөс нь л шалтгаална. Хичээлдээ яваад хажуугаар нь англи хэлний курс, дамжаанд суралцаад байх бүрэн боломжтой. Миний бодлоор нэгэнт л гадаад улс оронд сурч байгаа хугацаандаа давхар нэг хэл эзэмшиж, хос хэлтэн болчиход гэмгүй. Орос англи хэлтэй, ОХУ-д их сургууль дүүргэсэн боловсон хүчнийг булаацалдаад л авна биз. Би ч гэсэн Орост сурч байхдаа англи хэлний дамжаанд явж давхар эзэмшиж байлаа.

-Ямартай ч жил ирэх бүр оюутнуудад олгож буй боломж нэмэгдээд л байгаа юм байна. Гагцхүү оюутан залуус маань энэ талын мэдээлэл хомс байдгаас хугацаа алддаг юм билээ?
-Үнэн үнэн. Нэг хэсэг бүгд л хятад, англи хэл гэж гүйсэн. Түүнийг нь дагаад тоймгүй олон сургалтын төв бий болсон. Ер нь, Хятад, Америк, Англи, Орост дээд боловсрол эзэмшээд тийм ч хол зөрүү гарахгүй. Орост боловсрол эзэмшинэ гэдэг том боломж юм шүү. Хэн хүний хүсээд олддоггүй тийм л боломж. Оросын боловсрол суурь сайтай, дэлхийд үнэлэгддэг.

-Гэтэл дунд сургуульд Орос хэл орох цагийг танасаар л байна?
-Санал нэг байна. Манай хүүхдүүдийн орос хэлний мэдлэг үнэндээ муу байна. Нийгмийн аль ч салбарт орос хэлний хэрэглээ шаардлага багасчихсан. Харин саяхнаас эргээд сэргэж байгаа нь сайшаалтай. Жишээ нь ерөнхий боловсролын сургуульд орос хэлний хичээлийн цагийг хасчихсан. 7, 8, 9-дүгээр ангид долоо хоногт хоёрхон цаг орж байх жишээтэй. Түүнээс хойш хичээлийн хөтөлбөрөөс хасчихдаг.

Харин 10, 11-дүгээр ангид сонгон суралцах болдог. Сонгон суралцахаар болоход тав, зургаан хүүхэд л сонгох жишээтэй. Хүүхдийн тоо нь цөөн болохоор сонгон анги бүрдэхгүй байна гээд бүгдийг нь англи хэлний ангид оруулчихдаг. Гэтэл англи хэл сурч сурч төгсчихөөд Англи, Америкт сурч байгаа нь хэд билээ. Үүнээс гадна орох цаг нь, хэрэглээ нь ч бага болохоор орос хэлний багш нар сул зогсолт нь ч их байна. Энэ бол бодох л асуудал. Төр засгийн бодлогод ч энэ тухай тусгах цаг нь болсон. Ер нь, гадаад хэлийг дугаарлан жагсаах нь буруу.

Нэгдүгээр гадаад хэл англи хэл, хоёрдугаарх нь хятад хэл гэх жишээний. Гэхдээ сүүлийн үед Орос руу тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүүхэд ихэссэнээс орос хэл сонирхох, сонгон суралцах нь ихэсч байна. Оросын соёл шинжлэх ухааны төвд хүртэл 60 хүний бүрэлдэхүүнтэй жилийн курс хичээллэж баайна. Оюутан, сурагчдаас гадна энгийн иргэд ч хамрагдах боломжтой. Энэ сургалтад хамрагдсан хүүхдүүд 10 сар орос хэл судалсны дараа шалтгалтад нь төвөггүй тэнцчихдэг.

-Оросын талаас манай ерөнхий боловсролын сургуульд түвшин тогтоох байдлаар шалгалт авдаг юм болов уу?
-Тестерони гээд тест авдаг. Тэрэнд орлоо гэхэд бүгдээрээ л ноль л доо. Үзэхгүй байгаа юм чинь муу байгаа. Угтаа энэ нийтээр нь түвшин тогтоох тест нь анхан шатны л юм байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан