Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ынхан ханцуй дотроо алга ташаад, албан тушаал мөрөөдөн сууж байна

АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг Н.Энхбаярын МАХН-тай хамтран ажиллах гэрээ багуулж “ёс төртэйгөөр” гарын үсэг зурлаа. Амралтын өдрөөр даруухан болсон энэ ёслолыг тус намын ҮЗХ байтугай, Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд ч мэдээгүй байсан гэнэ. Уг нь Намын дарга нь өөр нэгэн намтай хамтран ажилахаар гэрээ байгуулж гарын үсэг зурж байхад хэсэг гишүүд ард нь зогсч байсан ч намын дарга нь 2016, 2020, 2024 оны сонгуулиар МАХН-тай тойрог хувааж байгааг ч мэдэлгүй зогсч байжээ.
Энэ гэрээ АН-ын дүрэм зөрчиж байгааг Нийслэлийн Засаг дарга, Улаанбатар хотын захирагч Э.Бат-Үүл БНСУ-аас ирмэгцээ мэдэж булхайг нь дэлгэснээр дуулиан болж энэ гэрээг, гэрээ байгуулсан Н.Алтанхуягийн эсрэг АН-ын байгууллагуудын мэдэгдэл хэвлэлээр нэг ар араасаа хөвөрч эхэллээ. Одоо бүр түүнийг огцруулах тухай яриа эхэлж байна.
Харин Ерөнхий сайд Н.Алтанхуягийг муу ажиллаж байгааг гайхаж, огцруулах санал хүртэл гаргаж байсан МАН-ынхан энэ үес таг чиг сууж байна. Тэд Засгийн газрын бүтцийг өөрчлөх Ерөнхий сайдын төлөвлөгөөг эсэргүүцэж, шинэ бүтцэд оруулахаар нэр заасан зарим сайдыг нь чагтлан УИХ-ын Байнгын хорооны хурлаас ажлын тав хоногийн завсарлага аваад байсан атлаа одоо таг чиг сууж байгаа нь юу харуулж байна.
Чухамдаа өнөөдөр Төрийн ордны баруун талд МАН-ын зүгээр нэг бууны нохой залуугаа турхирчихаад, УИХ дахь хэдэн бурхи нь огт чимээгүй. Ёстой л арслангийн тулааныг уулан дээрээс хараад сууна гэдэг шиг Н.Алтанхуягийн нэрээ хэрхэн шавартай хутгаж байгаа, АН дотроо хэрхэн хөлөө жийлцэн хагаралдаж байгааг харсан шигээ бааранд дарс шимэн ханцуй дотроо алгаа ташаад сууж байна.
Чухамдаа тэдэнд 2016 оны сонгуулиар АН хэрхэн ялагдаж, төр засгийн бялуу өөрсдөд нь ирэх нь ойлгомжтой боллоо гэсэн нууцхан баяр төрж, хэн нь ерөнхий сайд болох, хэн  хэн нь сайдын суудалд залрахаа зүүдлэн инээд нь хүрч байгаа.

Өнөөх УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, гишүүн Д.Оюунхорол, хэрүүлч Ц.Нямдорж нар яагаад ингэж таг чиг болов. Өнөөх улс орны төлөө, эх орон ард түмний төлөө хэмээн чахардаг хоолойнууд хаачив. Үнэндээ тэдэнд алдагдсан эрх мэдлээ л эргүүлэн олж авах эцэс төгсгөлгүй шунал байсан учраас одоо бол тэдний оролцоогүйгээр тэртэй тэргүй унах нь ойлгомжтой боллоо. Засаг төр ганхаж, эрх баригчид өөр зуураа түнжин хагарч, улс орон хямарч л  байвал МАН-ынхны хувьд бөөн баяр.   Тэгэхээр МАН-ын хувьд Н.Алтанхуягийг, түүний Засгийн газрыг шүүмжилж нэг их эх оронч царай гаргаж байснаас АН ингэж байгаад 2016 оны сонгуулиар ялагдаж МАН эрх мэдэлд хүрвэл  хэн нь ямар албан тушаалд очиж улсын хөрөнгөнөөс хэдий төгрөг тоншин намдаа хэрхэн хандивлах вэ гэдгээ мөрөөдөөд хүлээж байсан нь дээр байгаа хэрэг.

МАН, МАХН--ынхан угаасаа ийм аргад гарамгай, 1996-2000 онд эрх барьж байсан “Ардчилсан холбоо” эвслийг эд чухам яг ийм аргаар унагаан дарж авсан. Өөр зуур нь яс хаяж, хагаралдуулж байгаад, улс орны төлөө гэсэн гайгүй шиг хууль тогтоомжийг нь чагталж унагааж байж гэмээнэ сая эрх мэдлийг гартаа оруулж байсан туршлага бий.
Одоо тэдэнд байн байн хэвлэлийн хурал зарлаж, мэдэгдэл хийн “Алтанхуягийг, Засгийн газрыг огцруул” гэж хоолойгоо сөөтөл хашгирах хэрэггүй боллоо. Төрийн ордны баруун талд гэр барьсан залуучууд ч илүүц зүйл.
Одоо чухам АН доторхи энэ хагаралдааныг улам дэвэргэж хормойгоороо сэвж байгаад Н.Алтанхуягийг, энэ Засгийн газрыг түлхэн унагах нь тэдний ёстой нэр төрийн хэрэг. Ингэхэд нэг алхам. Дараагийн Засгийн газар гараад ирэхэд дахиад л хор найруулж, элдвээр муучилж эхлэх нь тэдний сурсан зан, хийдэг ажил. Тэгэж чадвал дахиад нэг алхам. Ингэсээр байгаад эрх барьж байгаа хүчнийг унагааж өөрсдөө л эрх мэдэлд хүрч байвал  улс орон, ард түмэн  яаж ч байсан тэдэнд хамаагүй.
Улс орны эдийн засгийг шалд нь буулгачихаад арьсаа хамгаалах гэж арга ядаж байгаа Н.Алтанхуяг тэргүүтэй хэдэн хүн, ирэх сонгууль, авах албан тушаалаа мөрөөдөн шуналд хатсан МАН-ынхны дундөрөөс шинэ өрийн дунд амь зууж байгаа ард түмэн л хөөрхий...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан