Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АН, МАХН-ын хамтын гэрээг УИХ-ын гишүүд юу гэж үзэв


АН-ын МАХН-тай хийсэн урт хугацааны хамтын ажиллагааны талаар улстөрчид янз бүрийн байдлаар байр сууриа илэрхийлж эхэлсэн. Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл ийм гэрээ байгуулсных нь төлөө АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулж, гэрээг шүүхэд өгөхөө мэдэгдсэн. Түүний араас дүүрэг болон орон нутгийн АН-ын хороод болон МоАХ-ны орон нутгийн салбар зөвлөлүүд эсэргүүцэж буйгаа илэрхийлсээр. Уг гэрээний талаар УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ямар бодолтой явааг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:  Гишүүдээс санал гомдол гаргавал Хяналтын хороо авч хэлэлцэнэ

-Баянхонгор аймагт тойрогтоо ажилласан учраас өчигдөр /уржигдар/ бүлгийн хуралд суугаагүй. Ер нь сайн мэдээлэлгүй байгаа. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нөхдөөсөө МАХН-тай гэрээ байгуулсан тухай сонслоо. Угаасаа эрх бүхий байгууллагаас нь гэрээ хийх эрх өгөөгүй байхад ингэж болохгүй. Э.Бат-Үүл баатар ч гэсэн ярьж байна. Шат дамжлагаар нь яваад асуудлаа шийдсэний дараа эрх бүхий байгууллагаас нь зөвшөөрөл авч байж гэрээ хийх ёстой. Ардчилсан намд Их хурал, Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөл гэж байдаг. Намын дарга төлөөлж болдог ч гэсэн дүрмийн дагуу үйл ажиллагаа хийх ёстой. Намын дарга дүрмээ зөрчсөн эсэхийг би тогтоохгүй, намын Хяналтын хороо тогтоодог. Ямар нэг гишүүн санал гомдол гарвал Хяналтын хороо дүрмийн дагуу авч хэлэлцээд шийдвэр гаргадаг. Гэрээтэй холбоотой ямар тайлбар өгөхийг мэдэхгүй байна. Мэдээж дүрэм зөрчсөн бол Ерөнхий сайдад хариуцлага тооцож л таарна.

УИХ-ын гишүүн А.Бакей: Гэрээ байгуулах нам хоорондын хамтын ажиллагааны асуудал

-Бүлгийн хурлаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хүлээж авах боломжгүй гэж санал нийлсэн. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар асуудлыг хэлэлцээд, дараа нь чуулганаар хэлэлцэнэ. Гэрээ байгуулах бол нам хоорондын хамтын ажиллагааны асуудал. Төрийн ажил бол төрийн хууль тогтоомжоор хэлэлцэгдэх ёстой. Ер нь, Монгол төрийг тогтвортой байлгахын тулд аль ч намтай гэрээ байгуулж, цөөхөн монголчууд маань эв эеэ хичээж ажиллах зөв.

УИХ-ын гишүүн Б.Наранхүү: Бүгдээрээ суугаад зөв буруугаа ярилцах ёстой

-Олуулаа тойрч суугаад сайн ярих ёстой. Танилцуулахдаа ҮЗХ-гоор шийдвэр гарсан гэж байсан. Нам хамтын шийдвэр гаргах ёстой. Харин энэ хамтын шийдвэр биш. Бидэнд дараа нь танилцуулсан. Ер нь, хэн нэгэн огцрох, огцрохгүйдээ биш. Монгол Улс хөгжих ёстой. 2016 оны сонгууль ч гэсэн гол асуудал биш. Бараг хоёр жил тасралтгүй энэ сайд, тэр сайд гэж ярилаа. Монгол яаж хөгжих, хаашаа явах, яаж оршин тогтнох, хүн ардаа яаж сайн сайхан амьдруулах, эдийн засгаа яаж тэлэх нь гол асуудал. Ерөнхий сайд хэн байх нь чухал асуудал биш шүү дээ. Ер нь, цаашдаа эвлэлдэн нэгдэж нэг зүгт явахгүй бол болохгүй. Хурал дээр дандаа л болохгүй, бүтэхгүй зүйл ярьж байна. Хааяа ч болов гэрэл, гэгээтэй зүйл ярьж баймаар байна.

УИХ-ын гишүүн М.Зоригт: Э.Бат-Үүл баатрын мэдэгдлийг дэмжүүлэхээр гишүүдээс гарын үсэг цуглуулна

-АН-ын бүлгийн 35 гишүүний тал нь хуралдаанд суугаагүйгээрээ байр сууриа илэрхийлсэн байх. Хэдийгээр хуралд байсан гишүүдийн олонх нь дэмжсэн боловч нийт гишүүнтэй нь харьцуулбал цөөнх болж байгаа юм. Өчигдрийн хуралдаанд оролцсон 19 гишүүний 16 нь дэмжсэн хэдий ч бас эргэлзээтэй. АН-ын бүлэг дэмжсэн бус дэмжээгүй байр суурьтай байгаа гэсэн үг. Та нартай, та наргүй, намтай, намгүй би ингээд явчихаж чадна гэдгээ намынхаа гишүүд, бидэнд хэлж байгаа ухаантай юм байна гэж ойлголоо. АН-ын бүлэг дотроо санал нэгдэж чадахгүй, Алтанхуяг суудалдаа үлдэх гэсэн хүсэл сонирхолын баталгаа нь алдагдсан учраас өөрийнхөө чадахыг харуулсан, гаднаас тусламж эрэхдээ шударга, авлигагүй нийгмийн төлөө явж ирсэн бүхнийг баллаад тийм зүйл хийнэ гэдэг дэндүү ёс суртахуунгүй шийдэл боллоо.

Намынхаа нөхөдтэй зөвлөж байгаа. Ер нь, энэ Засгийн газарт их шүүмжлэлтэй хандаж байгаа. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэлэлцэхэд оролцохгүй улс төрийн суулт хийсэн. 2015 оны төсөвт ч мөн шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ Засгийн газрыг солих шийдэл надад хараахан байгаагүй юм. Тийм ч ураас 28 гишүүн огцруулах асуудалд гарын үсэг зурахад энэ бол манай намын асуудал, олонх нь өөрсдөө засгаа солих эсэхээ шийддэг байх ёстой гэдгээ илэрхийлсэн. Гарын үсгээ ч зураагүй. Харин өнгөрсөн бямба гарагт байгуулсан хоёр намын гэрээ миний байр суурьд айхтар нөлөөлсөн. Ингэж намынхаа гишүүддээ мэдэгдэхгүй, хуйвалдаан маягтай зүйл хийж байгаа намын дарга, Ерөнхий сайд энэ албан тушаалд байх нь ёс суртахуунгүй зүйл гэж үзэж байгаа. Иймээс одоо би эргэлт буцалтгүй Н.Алтанхуягийг огцруулахад санал өгнө. Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нийт намын гишүүддээ хандаж Н.Алтанхуягтай хариуцлага тооцохыг уриалсаныг дэмжиж ажиллахаа өөрт нь илэрхийллээ. Мөн Э.Бат-Үүл баатрын мэдэгдлийг дэмжүүлэхээр УИХ-ын гишүүдээс гарын үсэг цуглуулна.   

0 Сэтгэгдэл
Geree baiguulj negdeh ni eh orond heregtei bol yahav dee nam nam gej huvaagdahaa boloich ee BAtuul baatar eh oron geheesee nam gej booj uheh ni hohi ni shuu dee
Хамгийн их уншсан