Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянхонгор аймгийн говийн гурван сум цахилгаантай боллоо

XXI зуун гараад аль хэдийнэ арваад жилийн нүүр үзсэн байхад монголчууд бидний нэг хэсэг сая л гэрэл цахилгаантай золгож байх дүр зургийг сурвалжлаад ирлээ. Монгол Улсын хэмжээнд өдгөө хүртэл цахилгаан, эрчим хүчинд холбогдоогүй сумд байсаар байна. Тэнд оройдоо дизель станцаар сумаа гэрэлтүүлэх нь ёстой л нэг тэнгэрийн нарыг шөнө аргамжсан мэт аз завшаан болно. Мэдээлэл технологийн эрин зуунд дэлхий нийтээр интернэтгүй бол бараг амьдарч чадахаа больсон байхад эдгээр сумын хүүхдүүд мэдээлэл зүйн хичээл дээрээ компьютер дээр ажиллах анхан шатны мэдлэгийг ч авч чадахгүй байна. Банк, шуудан холбоо зэрэг шаардлагатай хэдхэн байгууллага мотор асааж, ажил төрлөө явуулна.  Гэхдээ сайн мэдээ дуулгахад ийм дүр зурагтай сумдын тоо одооноос гурваар цөөрч байна. Баянхонгор аймгийн алслагдсан Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан сумыг эрчим хүчний төвийн шугамд холбожээ. Баянхонгор аймгийн Баянлиг сумын дэд станцын өргөтгөлийг Шинэжинст сумд барьж байгуулсан юм. Нээлтийн ажиллагаанд тус тойргоос УИХ-д сонгогдсон УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат болон аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан болон албаны хүмүүс оролцлоо. Гурван сум зэрэг төвийн шугамд холбогдсон  нь Монгол Улсын түүхэн дэх анхны тохиолдол ажээ.


Тендерийн маапаан сумдыг тойрсонгүй

Баянхонгорын Баянлиг сумаас Шинэжинст сум хүртэл 127 км 35 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам татах, 35/15 кВт-ын 630 ква чадалтай дэд станц барих ажлын тендерийг уг нь дөрвөн жилийн өмнө зарлаж “Ойгон нуур” компани тендерт шалгарчээ. Компани урьдчилгаа нэг тэрбум гаруй төгрөгийг хүлээн авсан ч ажлаа хоёр жил хийлгүй, хугацааг хойшлуулсан байна. Харин “Ойгон нуур” компанийн туслан гүйцэтгэгч “Виваланд” компанийнхан дөрвөн тэрбум гаруй төгрөгийг өөрсдөөсөө гаргаж, хугацаанаас нь хоцорсон ч ажлаа хийж дуусгажээ. Ганц компанийн хүчээр нүсэр ажлыг хийхэд хүнд байсан учраас “Эрдэнэбулган” ТӨХК-ийнхан хүч нэмсэн байна.

Хоёр жилийн өмнө Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар Шинэжинст сумд ажиллахдаа “2015 он хүртэл танай сум төвийн цахилгааны шугамд холбогдох боломжгүй. Харин энэ хугацааг наашлуулах ганц арга бол танай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд сайн хөөцөлдөж, шахаж шаардах” гэж хэлээд буцсан талаараа тэрээр нээлтийн ажиллагаан дээр дурссан. Өнгөрсөн хугацаанд тус гурван сумд тэрбум гаруй төгрөгөөр салхи, нараар ажилладаг сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг суурилуулсан ч цахилгаан, эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байж. Тиймээс салбар яамны мэргэжилтэн хатуу боловч үнэн үгийг сумынханд ийн хэлэхээс өөр аргагүй байж.

Ингээд аймгаас иргэдийн итгэл дааж сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нар гурван сумыг төвийн шугамд холбох ажлыг эрчимжүүлж, шахаж шаардсаны хүчинд сумдын иргэд гэрэл цахилгаантай золгоод байгаа нь энэ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат Шинэжинст сумынханд хандаж хэлсэн үгэндээ “2012 оны сонгуульд нэр дэвшихдээ Баттулга гишүүн бид хоёр хүн шиг амьдарч, улс шиг хөгжье гэж иргэдээ уриалж байсан. 21 дүгээр зуун гараад 14 он өнгөрч байхад тог цахилгаангүй байгаа нь хүн шиг амьдарч, улс шиг хөгжиж чадахгүйд хүргэж байлаа. Тийм учраас нэн түрүүнд шийдэх ёстой, хийх ёстой ажлынхаа жагсаалтад говийн гурван сумыг төвийн цахилгааны шугамтай холбох ажлыг оруулсан. Өнөөдөр ажлын маань үр дүн гарч байна. Баянхонгор аймагт бүтээн байгуулалтын олон ажил хийж байна. Шинэ сумд нээлтээ хийсэн. Энэ бүхнийг хийж бүтээхэд шахаж шаардсан нутгийн ард иргэдийн оролцоо ч чухал байлаа” гэв.


Хэнийг ч ялгаагүй төрийн хайр хишиг

Монгол Улсын Засгийн газраас иргэддээ ямар ч шалгуур шаардахгүйгээр өгч байгаа хайр хишиг бол тог цахилгаан гэдгийг Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар онцолж байсан. Учир нь, алслагдсан сумд төвийн шугамаар дамжин хүрч байгаа цахилгааны нэг кВт нь 150-160 орчим төгрөгийн өртгөөр хэрэглэгчдэд хүрдэг. Гэхдээ үүнийг иргэдэд 80 төгрөгөөр худалдаж байгаа юм. Одоогоор сумдад 8 мвт-ын хүчин чадалтайгаар цахилгаан очиж байгаа, цаашид нэмэгдүүлэх дээр анхаарна гэв.
Шинэжинст сумын хувьд аймгийн хэмжээнд камержсан анхны сум гэнэ. Гэтэл байнгын цахилгаангүйгээс камер ашгаа өгсөн нь ховор. Одоо бол цахилгаанд холбогдсон учраас камер ажиллаж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой болжээ. Энэ талаар Шинэжинст сумын хэсгийн төлөөлөгч ахмад Г.Хүрэлбаатар “Аймгийн орон нутаг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр 15 сая төгрөгөөр эргэдэг болон чиглэлийн гэсэн хоёр төрлийн камер сумдаа тавьсан ч тог цахилгаангүй учраас иргэд үүний маань ашиг тусыг сайн мэддэггүй байлаа. Харин одоо бол илээр үйлдэгдэж байгаа хэрэг зөрчлийг камераараа дамжуулан хянаж болохоор болсон. Иргэдийн санал авч гэмт хэргийн зөрчил гарч байгаа нөхцөл байдлыг эрэмбэлэхэд тог цахилгаангүй улмаас үйлдэгддэг хэрэг зөрчил нэгдүгээрт байсан. Тог цахилгаантай болсноор одоо гудамжны гэрэлтүүлгийг шийдүүлэхээр санал оруулна. Ингэснээр сум орон нутагт гарч байгаа хэрэг зөрчлийг багасгана” хэмээн ярьсан юм.


Ц.Маамуу: Сумын иргэдийн 50 хувьд үйлчлэх зорилттой

Монгол Улсын хэмжээнд цагаан ямааг өсгөн үржүүлдэг цөөн сумын нэг нь Шинэжинст. Гэхдээ малчид ноолуураа самнаад л шууд тушаачихдаг болохоор малынхаа үр шимийг дээд хэмжээгээр нь хүртэж чаддаггүй. Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ноолуур боловсруулах анхан шатны үйлдвэрийг барьж байгуулах тухай тусгасан боловч цахилгаангүй сумд яаж үйлдвэрлэл хөгжүүлэх билээ. Харин сая л нэг цахилгааны төвийн шугамд холбогдсоноор иргэдийн амьжиргаа, сум орны хөгжлийг дэмжих боловсруулах үйлдвэрээ байгуулах суурь тавигдлаа.  
Шинэжинст сум 2329 иргэнтэй. Тэдэн дунд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 20 гаруй бий. Тэдний нэг бол өндөр настай  Ц.Маамуу гуай юм. Тэрээр бүлэг байгуулан хурганы ноосоор эсгий углааш, оймс үйлдвэрлэн сумын цэцэрлэгийн хүүхдүүд, ахмад настнууд гээд сумын иргэдийн 30 гаруй хувьд үйлчилдэг байжээ. Эсгий хийхийн тулд заавал сэгсрэгч ашиглах шаардлага гардаг учраас 24 цагийн байнгын эрчим хүчинд холбогдсоноор болсноор Ц.Маамуу гуай үйлдвэрлэлээ өргө­жүүлж, сумынхаа иргэдийн 50 хүртэлх хувьд үйлчлэх зорилт тавьжээ. Мөн үйлдвэрлэл өргөжсөнөөр сумынхаа иргэдийг ажлын байраар ч хангаж болох талаар ярьж байсан юм.


Хүүхдээ сургахын тулд сумаасаа нүүдэг байсан

Баян-Өндөр сумд жижиг дунд үйлдвэрлэлийн зээл авч, ажиллаж байгаа 30 гаруй аж ахуйн нэгж байгаа гэнэ. Авто засвар, талхны үйлдвэр, оёдлын, мужааны цех гээд заавал цахилгаан хэрэглэх шаардлагатай тэдний хувьд мотор асааж асуудлаа шийддэг байж. Мотор асааж ажил­лах нь өртөг өндөртэй учраас иргэд зээ­лийн хэмжээгээ нэмэгдүүлж ашиг олж чаддаггүй байсан хэмээн учир­лаж байв. Тус сумын Засаг дарга Ц.Идэрмөнх тог цахилгаантай болсон нь иргэдийн шилжилт хөдөлгөөнийг багасгахад том хувь нэмэр болно гэж ярьж байлаа. Тэрээр “Манай сумаас шилжиж явагсдын тоо жилдээ 50-70 дотор хэлбэлздэг. Иргэд шилжиж явахдаа уг нь сум орон нутагтаа амьдрах хүсэлтэй байгаа ч хүүхэддээ боловсрол олгохын тулд шилжихээс өөр аргагүй боллоо гэдэг байлаа. Харин одоо цахилгаантай болсноор сумын иргэдийн тоо өснө” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан