Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд удаа дараагийн үйлдлээрээ Үндсэн хуулийг зөрчиж ирсэн нь тодорхой болж эхэллээ


Ерөнхий сайд Н.Алтанхуягийн гаргасан алдаатай шийдвэрүүд өнгөрсөн хоёр жилийнхугацаанд зургаан удаа Үндсэн хуулийн Цэцэд дуудагдаж, рекорд амжилт тогтоогоод байгаа.Өнгөрсөн хугацаанд тэрбээр сонгуулиар намын сурталчилгаанд ажиллаж байсан, төрийн албанд тэнцэхгүй хүмүүсийг албан тушаалд хууль бусаар томилсон олон жишээ бий. Тодруулбал аймгийн Засаг дарга нарыг хууль бусаар томилж, түр орлон гүйцэтгэгч гэх хууль бус томилгоог хийсээр ирсэн. Түүний томилгоо жил дамжин, хууль хяналтын байгууллагуудад шалгагдсаар өнөөдөртэй золголоо. Тухайлбал Төв аймаг, Хөвсгөл, Баянхонгор, Дорнод, Говьсүмбэр гэх мэт аймгуудын Засаг даргыг томилохдоо хууль зөрчсөн байдаг.

Эдгээрээс Говь-Сүмбэр аймгийн Засаг даргын асуудлыг онцолъё. Ерөнхий сайд өнгөрсөн оны аравдугаар сарын 9-ний 158 дугаар тогтоолоороо Л.Одсэрийг Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилсон. Гэвч энэ томилгоо хууль бус байсан гэдэг. Учир нь Говьсүмбэр аймгийн ИТХ 17 гишүүнтэй бөгөөд хуульд зааснаар төлөөлөгчийн бүрэн эрхтэй гишүүдийн илүү нь хуралдаанд байлцсанаар шийдвэр хүчин төгөлдөр болох учиртай.



Гэтэл Говьсүмбэр аймгийн ИТХ-ын хуралдаан АН-ын есөн гишүүнтэйгээр хуралдаж, Засаг даргаа томилж, энэ томилгоог нь Ерөнхий сайд шууд батламжилжээ. Л.Одсэрийг томилох тогтоолыг гаргасан хуралдааны ирц хуульд зааснаас дутуу байснаас гадна хуралдаанд оролцсон гэх есөн төлөөлөгчийн гурав нь ИТХ-ын төлөөлөгчөөр хууль бусаар сонгогдсон байсныг Улсын дээд шүүх тогтоон хүчингүйд тооцчихсон.

Өөрөөр хэлбэл Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолоор дээрх гурван хүн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон нь хууль зөрчсөн үйлдэл аж. Нэг ёсондоо хүчингүйд тооцогдсон эрх зүйн чадамжгүй этгээдүүд буюу хурлын төлөөлөгч биш хөндлөнгийн этгээдүүд ирц бүрдүүлэн оролцсон хүчин төгөлдөр бус хуралдааны тогтоолыг Н.Алтанхуяг батламжилсан гэсэн үг. Ингэснээр түүний захирамж хууль зүйн хувьд Үндсэн хуулийн70 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль, …төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, …үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг зөрчжээ.


Дараагийн асуудал нь Баянхонгор аймгийн Засаг дарга Дагвадоогийн Амарсанааг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь Дамдинсүрэнгийн Жаргалсайханыг тоилох шийдвэр 2012 оны арваннэгдүгээр сарын 30-нд гарсан байдаг. Дээр дурьдсан хууль бус бөгөөд Үндсэн хуулийн Цэцэд очоод байгаа “нутгийн удирдлагын хууль бус томилгоонууд”-ын нэг нь. Энэ хэргийг хэлэлцэхгүй удсан ч хуульд заасан хугацааны дагуу хэлэлцэхээс аргагүйд хүрч, тэр тусмаа Ерөнхий сайд буруутах нь ч тов тодорхой болоод иржээ. Тэгмэгц Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанаа “нутгийн дүү” Ерөнхий сайд Н.Алтанхуягт “Цэцийн хурлын шийдвэрээр та буруутах нь гээд дуулгачихсан бололтой юм. Учир нь 2014 оны аравдугаар сарын 15-нд 126 тоот захирамжаараа “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” Ерөнхий сайдын 2012 оны арваннэгдүгээр сарын 30-ны 80 дугаар захирамжийн 1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай” хэмээсэн байна. Өөрөөр хэлбэл Баянхонгор аймгийн Засаг даргаар Д.Жаргалсайханыг томилсон минь буруу байжээ” гэсэн буултыг Цэцийн шийдвэр гарахаас өмнө хийлээ.

Гэвч энэ нь Ерөнхий сайд гэм буруугүй гэсэн үг биш. Тэрбээр бүтэн хоёр жил хууль бус шийдвэрээрээ Д.Жаргалсайханы оронд Д.Амарсанааг ажиллуулсан шүү дээ. Харин баригдахынхаа өмнө алдаагаа засчихаад “Би гэмгүй” гээд байвал Монголд гэмтэй хүн олдохгүй. Халаасны хулгайч хүртэл бусдын эд зүйлийг хулгайлж аваад ашиглаж хэрэглэж байгаад цагдаад баригдахаараа “Уучлаарай, буцаагаад өгчихье.Одоо би буруугүй” гэдэггүй биз дээ. Учир нь гэм хийсэн л бол хийсэн. Үйлдлээ цайруулсан эсэх нь өөр асуудал. Цаашид ч Ерөнхий сайдын алдаатай шийдвэрийн эсрэг гомдол гаргах бүрт Үндсэн хуулийн Цэц дүгнэлт гаргахаас өмнө Ерөнхий сайдаа хамгаалж урьдчилан мэдэгдэж шийдвэрийг нь засч залруулуулаад байх юм бол Ерөнхий сайд хэзээ ч буруутахгүй нь тодорхой байгаа биз.

Ингэж Үндсэн хуулийг удаа дараа зөрчдөг Ерөнхий сайдтай байх шаардлага байна уу. Ардчилсан парламентат оронд заавал ийм Ерөнхий сайдаар Үндсэн хуулийг удаа дараа зөрчүүлэн байж, алдаа нь илрэхийн өмнө амжиж бултуулан байж Гүйцэтгэх засаглалыг тэргүүлүүлэхээр тогтоон барих ноцтой шалтгаан байхгүй бол УИХ-ын гишүүд энэ асуудлыг онцгой анхааралдаа авч хариуцлага тооцож болохгүй гэж үү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан