Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МЭДЭГДЭЛ


1990 оны Цагаан Морин жилээр Ардчилсан хувьсгалын он тоолол эхэлснээс хойшхи  25 жилийн туршид МоАХ Монголын улс төрийн өндөр түвшний үйл ажиллагаанд хөндлөнгөөс хяналт тавьж, Ардчилсан намын бодлого шийдвэрт санал, бодлоо тусгаж, шүүмжлэх цагтаа шүүмжилж, дэмжих үедээ ч дэмжиж хамтран ажилласаар ирсэн.

МоАХ-ны гишүүд дэмжигчид болбоос Ардчилсан намын сонгуулийн суурь, ялалтын тулгуур болж, ялагдсан үед нь дэм өгөгч цөм хүч нь юм. Бид Ардчилсан намын хөгжил, хувь заяанд байнга санаа тавьж, хоёргүй сэтгэлээр хандаж ирсэн улс төрийн тулхтай хүчин.
2012 оны Сонгуулийн үр дүнд Ардчилсан нам олуулаа болж ялалт байгуулснаар Засгийн газрыг байгуулж, улс орны хөгжлийн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх гүйцэтгэх хариуцлагатай үүрэг хүлээсэн. Харамсалтай нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн тэргүүлсэн Шинэчлэлийн Засгийн газар өнгөрсөн хоёр жилийн  хариуцлагаа умартаж, улс орноо өрийн дарамтанд унагаж, эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалд орууллаа.

2014 оны аравдугаар сарын 18-ны өдөр Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нь намын хамт олон, ҮЗХ-ны шийдвэргүйгээр МАХН-ын дарга Н.Энхбаяртай урт хугацаанд хамтран ажиллах гэрээ гэгчийг байгуулсан нь авлигын эсрэг бидний тэмцлийн утга учрыг алдагдуулсан, улс төрийн хожоо наймааны шинжтэй бичиг баримт болсныг МоАХ-ны нийт гишүүд жигшин эсэргүүцэж байна. Н.Алтанхуяг нь энэ увайгүй үйлдлээрээ гишүүд, дэмжигчдийн итгэлийг хөсөрдүүлж, албан тушаалаа хадгалж үлдэх хувийн сонирхолдоо дулдуйдан Ардчилсан намыг нэр хүндийг хөсөр хаяж, хувийн компани мэтээр үнэлж,  уучилшгүй алдаа гаргалаа.
Намын гишүүд болон ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэгчдийн эсэргүүцэлтэй тулгармагцаа гарын үсэг зурсан гэрээгээ “хүчингүй” гэж зарлаж байгаа нь Н.Алтанхуягийн дүр эсгэсэн ардчилагч төрхийг улам тодруулж байгаа бөгөөд түүний энэ мэт ёс зүйгүй үйлдлийг цаашид үл тэвчин, Ардчилсан намд удирдлага, бүтцийн томоохон шинэчлэл хийхийг гишүүд, дэмжигчэддээ уриалж байна.
Эрх зүйн чадамжаа нэгэнт алдчихаад байгаа одоогийн ҮЗХ-г татан буулгаж, ҮЗХ-ны ээлжит бус сонгуулийг яаралтай явуулах, Ардчилсан намын өнөөгийн төлөвийг үнэлж, дүгнэх, цаашдын замаа тодорхойлох намын Их хурлыг ч ээлжит бусаар хуралдуулах шаардлага үүсч байна гэж МоАХ үзэж байна.
Ийм тодорхой нөхцөлд МоАХ-ны Удирдах зөвлөл гишүүд дэмжигчид, салбар холбоодын байр суурийг гол болгон АН-ын өнөөгийн удирдлагыг нэн даруй огцрохыг албан ёсоор шаардаж байна.

МоАХ-ны Удирдах Зөвлөл
2014 оны аравдугаар сарын 22

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан