Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хавдар судлалыг “хавдар”-аас нь салгая


Одоогоос яг нэг сар 22 хоногийн өмнө буюу есдүгээр сарын 1-ний өдөр Сүхбаатарын нэрэмжит II сургуулийн хичээ­лийн шинэ жилийн нээлтийг сурвалжилчихаад ажлын зүг алхаж явлаа. Налгар намрын нарлаг өдөр энд тэндгүй эрээн цэцэгс шиг гоёсон багачууд ээж, ааваасаа хөтлөн хичээл сургуульдаа яарах нь зунжин эзгүй хоосон оргисон их хотыг амь оруулах мэт. Тоодгорхон бие­дээ томдсон цүнхээ дааж ядан гүйлдэх зургаан наст­нуудыг өхөөрдөн алхаж явтал утас дуугарав...
-Байна уу?
-Ах аа, ээжийн шинжилгээ­ний хариу хортой хавдар гэж гарсан байна...
Энэ дуудлага нар төөнөсөн дулаан өдрийг хахир хүйтэн, харанхуй шөнөөр сольчих шиг л болов. Тэнгэр газар нийлэх мэт болж, дүүгийнхээ “Байна уу.., байна уу” гэх асуултад хариу өгөлгүй юуг ч үл сөхөөрөн хэсэг зогсоод гэрийн зүг яарсансан.

Энэ өдрөөс хойш ээж бид хоёр сар гаруйн хугацаанд Хавдар судлалын үндэсний төвөөс аваад хорт хавдартай холбоотой байгууллага хаалга бүрийг татах болсон юм. Хорт хавдар бие, эрхтний гэхээс илүүтэй сэтгэлийн өвчин. Дэлхий нийтийг дагжин чичрүүлж буй эл аймшигт өвчний хохирогч юун түрүүнд сэтгэлээр үхэж эхэлдэг. Нас баралтын тохиолдлоор дэлхийд хоёрдугаарт орж байгаа нь ч үүнтэй холбоотой биз. Ээжийгээ энэ аймшигт өвчнөөр өвчилснийг дуулаад би ч өдөр өдрөөр “үхэж” эхлэв. Өвдөлт мэдрэгдэхгүй ч сэтгэл санаа цаг ямагт шаналал зовиурт автаж бүтэн нойртой хонох нь цөөн. Хором мөч бүхэнд ийм сэтгэлийн зовиуртай байх нь хамгийн хүнд өвчин юм билээ. Гэхдээ, ээж минь одоо аймшигт өвчнөөс ангижирч, би ч “эдгэсэн”.

Надад тохиолдсон явдал шиг нэг л өдөр утас тань дуугарч, шинжилгээний чинь хариу хортой хавдар гэж гарсан тухай дуулгавал яах вэ. Эсвэл ойр дотны хэн нэгэн тань хорт хавдартай болсон тухай. Илжиг байж үзээгүй бол илжигний зовлонг мэдэхгүй гэдэг. Үүнтэй адил хүн гэгч амьтан аливаа зовлон зүдгүүрийг өөрийн биеэр амсаагүй цагт зовлон шаналалыг нь ойлгодоггүй. Хавдраар өвчилж ачааллаа дийлэхгүй болсон ХСҮТ-д эдгэнэ гэсэн итгэл өвөрлөсөөр дугаарлаж зогсоо ард түмний зовлонг сайд дарга нар ойлгохгүй, мэдэхгүй. Тиймдээ ч ХСҮТ-ийн өргөтгөлийн ба­рил­га хоёр жил хөндий хоосон ханхайлаа. Ашиглалтад орох хугацаа нь аль хэдийнэ өнгөр­сөн ч төр засаг, яам, тамгын газар, салбарын сайд нь нүдэн балай чихэн дүлий явсаар. Уг нь гүйцэтгэлийн ажил 70 хувь­­тай байгаа өргөтгөлийн ажилд ганц удаа гар хүргээд дуус­гачихаж болмоор. Даанч, дэндүү амгалан дээгүүр залар­сан дарга нар маань нэг л шав­дахгүй байх юм. Хорт хавдар үүсгэгч хогийн ногоон уутанд 5.8 тэрбум төгрөг цацаж бай­хаар царцаж хоцорсон өргөт­гөлийн барилгад хоёр тэрбумыг төсөвлөчихөж чадсангүй юу.
Монгол Улс хорт хавдрын өвчлөл, нас баралтын тоогоор Ази, номхон далайн орнуудыг тэргүүлж байна. Өвчний то­хиолд­лыг хүн амын тоонд харь­цуул­бал Африкийн ядуу буурай орнуудтай эн дүйнэ. Гэтэл улсын хэмжээнд цор ганц гэгдэх ХСҮТ-ийн өргөтгөлийн барилга хөрөнгө оруулалтгүйгээс болж “царцчихаад” удаж байна. ХСҮТ-ийн үндсэн барилга 1982 онд ашиглалтад орсон. Тухайн үеийн хүн амын тоо, хорт хавдрын тохиолдол, өвчлөл өнөөгийнхөөс хэд дахин бага байсан учир ХСҮТ-ийн барилга тэр хэмжээнд тохирсон байхаар баригдсан юм.
Гэвч Монгол Улсын хүн ам өдгөө 2.9 саяд хүрч өвчлөл, нас баралтын тоо ч төдий чинээ өссөн. Угтаа өргөтгөлийн барилга ашиглалтад орчихвол үндсэн эмнэлгийн ачааллыг даруй 35-40 хувь буруулна.
2012-2014 оны төсөвт тусгаа­гүй өргөтгөлийн барилгын хө­рөн­гө санхүүгийн асуудал хаа­на, хэн гэгч даргын гарын үсгээр дутсаныг олж мэдэхээр хол­­богдох байгууллагуудаар явлаа.

Ашиглагч, захиалагч, гүйцэт­гэгч гурван байгуулла­гаар орж энэ тухай тодруулахад буруутан олдсонгүй. Үнэндээ буруутан бус болохгүй бүтэх­гүй асуудлыг нь тодруулахыг л зорьсон юм. 2011 оны арван­­хоёрдугаар сард ашиглалтад орох байсан барилга гурван блокоос бүтэх бөгөөд А, B бло­кууд аль хэдийнэ босчих­сон. Харин C блокт хими, туяа болон бусад эмчилгээний бункер байрлах ба тэдгээрийг өндөр чанартай бетон зуурмагаар хийх ёстой гэнэ. Учир нь, хавдартай өвчтөнд дээрх хүчтэй эмчилгээг хийхийн тулд дуу чимээ, шороо тоос гээд гадна орчноос бүрэн тусгаарлаж, аюулгүй байдлыг нь 100 хувь хангахуйц вакум орчин бий болгох ёстой. Гэтэл дээрх бункеруудыг барих 2500 мк/куб марктай өндөр чанарын бетон үйлдвэрлэдэг компани манай улсад нэг ч байдаггүй аж. Захиалагчийн хүсэлтээр буюу дэлхийн стандартад нийцүүлэн хийх ёстой C блокыг босгох технологи, стандарт гүй­цэт­гэгч байгууллагад байх­гүй учир ийн саатсан болж таарав. Улмаар энэ асууд­лыг өнгөрсөн тавдугаар сард Барилгын хөгжлийн тө­вийн Барилга захиалагчийн албанд шилжүүлсэн аж. Энэ ту­хай тодруулахаар Барил­га захиалагчийн албаны мэргэ­жилтэнтэй уулзахад “Бид энэ он­доо багтаан өргөтгөлийн барилгын C блокын бетон зуурмагийг хэрхэн гаргаж авах, эсвэл өөр технологи, стандарт орлуулан хийх тухай хуралдан шийднэ. Тиймээс хөрөнгө оруулалт нь ирэх онд хэлэлцэгдэж түүний дараа буюу 2016 оны төсөвт суугдах байх” гэсэн сэтгэл гонсойлгосон хариу өгөв.

Хэрэв барилга угсралтын ажил дуусчихвал эмнэлгийн тоног төхөөрөмж ирэхэд бэлэн болсон байгаа юм. Шинэ эмнэлэгт тавих туяа эмчилгээний хоёр шугаман хурдасгуур аппарат, төлөвлөлтийн нэг аппарат болон Ангографын тоног төхөөрөмжийг Монгол Улсын Засгийн газар, Авст­ри Улсын Засгийн газар хоорондын гэрээний дагуу 20 сая ам.доллараар санхүү­жүүлсэн аж. Гэвч төхөөрөмжөө суурилуулах C блокын суурь ч тавигдаагүй байсаар хоёр жил өнгөрчээ. Эмнэлэгтээ төхөө­рөмж ав, ачааллаа бууруул хэмээн Австрийн Засгийн газ­рын өгсөн 20 сая ам.доллар хоёр жилд долоон сая болтлоо танагдав. Гэрээний нөхцөл өөрч­лөгдсөн, бусад урсгал зард­луудад зарцуулсан гэх тайлбар тавьж 13 сая ам.доллар элбийн мэт алга болжээ. За энэ ч яахав, үлдсэн долоон саяаар нь тоног төхөөрөмжөө танаж хасаад авчихсан, бараг ирж байгаа тухай ХСҮТ-өөс мэдэгдсэн.

Юутай ч, дутуу барилгын ажил дуншиж дуншиж хоёр жилийг үдэж. Мянга мянган үйлчлүүлэгч нь ХСҮТ-д хонон өнжин дугаарлаж байхад ачаалал бууруулах өргөтгөлийг нэн даруй дуусгах хэрэгтэй байна. Эрүүл мэнд эрхэм баян гэдэг. Төсөв хэлэлцэж төр барилцсан сайд дарга нар ч бусдын адил өвдөж зовдог л байх. Гэхдээ эмнэлэгт дугаарлаж цаг алддаггүй нь мэдээж. Аль сайн, харь орны эмнэлэгт сая сая доллараар эмчилгээ хийлгэчихнэ. Харин мөнгө битгий хэл мөрөндөө тохох хувцасгүй ард иргэд яах вэ. Тэдэнд бага ч гэсэн дэм болох өргөтгөлийн барилгыг нь ашиглалтад оруулж өгөөч.
Хоёр жил атга шавар ч нялаагүй барилга дуусч өгөхгүй дуншсаар байгаа нь ХСҮТ-ийн үйл ажиллагаа, ажилтан албан хаагч, өвчтөнүүдэд дээр өгүүлсэнтэй адил сэтгэлийн зовлон болсоор удлаа. Хавдар судлалын үндэсний үндэсний төвийг “хавдар”-аас нь салгаж өгөөч, дарга нар аа.

0 Сэтгэгдэл
4 жмл хүлээсэн одоо ахиад 4 жил хүсээсэн ч баригдахгүй.Учир нь энэ барилга ард түмний хөрөнгөөр баригдаж байгаа ард түмэнд л хэрэгтэй эмнэлэг
ц.элбэгдоржийн худ х.чинболдын сууриас хэтэрдэггүй суурь компани
Хамгийн их уншсан