Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Бадарсан: Дүүргийн Бүх үйлчилгээ нэг цэгт төвлөрсөн


Сүхбаатар дүүргийн төр захиргааны байгууллагын шинэ байр барих ажил 2011 онд эхэлж, жилийн дараа ашиглалтад орох байсан ч энэ онд барилгын ажлыг дуусгав. Нийт 5.6 тэрбум төгрөгийн төсөвтэй шинэ байр ашиглалтад орсноор тус дүүргийн төр захиргааны байгууллагын ажилчид нэгдсэн байрандаа нүүж ороод байгаа юм. Гэвч зарим иргэн дүүргийн төрийн алба хаагчид 10-аас илүү давхар байранд үйл ажиллагаа явуулах нь зөв үү, энэ нь “үргүй зардал” мөн үү зэрэг шүүмжлэл хэлж байна. Тиймээс энэ асуудлын болон тус дүүргийн бодлого, шийдвэрийн талаар Сүхбаатар дүүргийн Засаг дарга Д.Бадарсантай ярилцлаа.

-Хийх ажил 100 хувь байна гэвэл бидэнд 30 хувийг нь хийж чадахуйц санхүүжилт байна. Энэ нь ямар ажлууд 30 хувьд багтаж, нэн түрүүнд хэрэгжих вэ, гэдэг асуудлыг араасаа дагуулж байдаг. Харин үүнийг шийдэх эрх нь төр, захиргааны байгууллагад байдаг байлаа. Өөрөөр хэлбэл, төсвийн зарцуулалт, чиглэлд иргэдийн оролцоо бага байсан. Гэвч Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл “Иргэдийн оролцоотой төсөв” гэдэг зүйлийг гаргаж ирснээр иргэд өөрт тулгарч байгаа асуудлыг төсөвт “суулгах” боломж нээгдсэн. Үүний үр дүн бараг өдийд гарчихсан байх ёстой. Энэ асуудлын хүрээнд ярилцлагаа эхэлье.
-“Иргэний оролцоотой төсөв” хэрэгжиж эхлээд хоёр жил болж байна. Тиймээс таны хэлж буй шиг тодорхой хэмжээнд үр дүн гарсан. Ер нь, анхнаасаа төсвийг иргэдийн оролцоонд тулгуурлан боловсруулах нь байгаа хөрөнгөө үр ашигтай зарцуулах, амьдрах орчин нөхцөлөө өөрсдийн оролцоотойгоор сайжруулах үндсэн агуулгатай эхэлсэн шүү дээ.  Иргэд ч идэвхтэй оролцсон учраас төсвийн зарцуулалтыг бодитоор дүгнэх боломж бүрдсэн.

Харин манай дүүргийн хувьд 32 мянга орчим өрхийн 28.5 мянга нь “Иргэний оролцоотой төсөв-2014”-т өөрсдийн саналаа өгч, үзэл бодлоо илэрхийлсэн. Саналын үр дүн болоод иргэдийн хүсч байгаа зүйлийг харвал суурьшлын бүсээс хамааралтай өөр, өөр санал гарч байсан. Тухайлбал, 1-8, 10 дугаар хороо нь орон сууцны хороолол, 9, 11 дүгээр хороонд дахин төлөвлөлтийн ажил явагдаж байгаа гэр хороолол, 12-18 дугаар хороо нь гэр хороолол, харин 19-20 дугаар хороо нь зуслангийн хэсэг байдаг. Ингээд нийтлэг шинжээр нь авч үзвэл, орон сууцны хорооллын иргэд орчны тохижилт, автомашины ил зогсоол, хяналтын камер, орчны гэрэлтүүлэг, дээвэр засвар зэргийг төсөвт суулгаж хийх хэрэгтэй гэж үзсэн байгаа юм. Харин гэр хорооллын иргэд инженерийн шугам сүлжээ, дахин төлөвлөлт зэрэг дэд бүтцийн асуудалд илүү анхаарал хандуулсан. Мөн үүнээс дутахгүй олон санал гарсан нь бороо, цасны дараа тогтдог шавар, шавхайны асуудал юм.

Дүүргийн 12 дугаар хорооноос хойш намгархаг, нам дор байршилтай учраас зарим үед автомашинтай иргэд ч гэртээ орж чадахгүй байдал үүсдэг нь үнэхээр бэрхшээлтэй асуудал болчихоод байгаа.
Тиймээс бид юутай ч, боломжтой газруудад нь хайрган хучилттай зам тавих шийдэлд хүрсэн юм. Ингээд хүн ихээр зорчдог өргөн гудамжнуудыг сонгож аваад нийт 10 гаруй км-д дээрх замыг тавьсан. Гэсэн ч цаана нь зайлшгүй зам, харгуйг нь янзлах шаардлагатай 17 орчим км зам үлдсэн. Зураг төслийнх нь ажлыг хийгээд эхэлсэн учраас ирэх ондоо багтаад дуусгах бодолтой байгаа.

-Гэр хороолол, орон сууц гэлтгүй иргэдэд адилхан тулгарч байгаа нийгмийн асуудал нь юу байна?
-Цэцэрлэг. Нийт санал өгсөн өрхийн 60 орчим хувь нь цэцэрлэгийн хүрэлцээний асуудлыг онцолсон.

-УИХ улсын төсвийг хэлэл­цээд эхэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг төсвийн мөнгөөр цэцэрлэг бариад энэ асуудлаас гарч чадахгүй гэдгийг тодорхой хэлэх шиг болсон. Дээрээс нь дүүрэг томоохон төсөл, хөтөлбөрөө санхүүжүүлдэг Хотын захиргааны төсөв, мөнгө ч танагдах талаар яригдаж байна. Тиймээс төсөвтэй холбоотой томоохон бүтээн байгуулалтын ажлын явц ямар байдалд хүрэх бол. Ялангуяа танай дүүргийн иргэдийн 60 гаруй хувийн толгойн өвчин болоод байгаа цэцэрлэгийн асуудал хааш эргэх бол?
-Уг нь ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөв­лөгөөг гаргаад дуусчихсан байсан юм. Гэхдээ өргөн барих асуудлыг төсөв тойрсон асуудлаас болоод бага зэрэг харзнаж байна. Төсөв хасагдах, танагдах талаар бодитой зүйл хийгдээгүй байгаа ч чухал ажлууд танагдах вий гэж бодоод байгаа юм. Энэ хүрээнд улсын төсөвтэй холбоотойгоор сарын өмнө УИХ-ын гишүүдэд албан бичиг явуулсан байгаа. Түүнд зайлшгүй барих ёстой дөрвөн сургууль, цэцэрлэгийн тухай саналаа бичсэн. Харин өөр асуудал гарвал бид боломжийн хэмжээндээ асууд­лыг зохицуулах гэж хичээнэ.
Харин өнөөдрийн байд­лаар Боловсролын яамны санаачилга, Дэлхийн банкны санхүү­жилтээр дөрвөн цэцэрлэг манай дүүрэгт баригдаж байгаа. Тухайлбал, наймдугаар хороонд дөрвөн бүлэгтэй 42 дугаар цэцэрлэг, хүн ам ихтэй 16 дугаар хороонд бас нэг цэцэрлэг барьсан. Ин­гээд ээлж дараалаад дөр­вөн цэцэрлэгийн ажил дуус­на. Мөн Нийслэлийн хө­­рөн­гө оруулалтаар сур­гууль, цэцэрлэгийн 17 цогцол­борын ажил Нийслэл даяар эхэлсэн байгааг иргэд мэдэх байх. Түүний хоёрыг нь манай дүүргийн ес болон 17 дугаар хороонд барьж байгаа. 120 хүүхдийн цэцэрлэг, 180 сурагчтай бага сургууль буюу нийтдээ 300 хүүхдийн хүчин чадалтай. Энэ цогцолбор ашиглалтад орвол боловсролын үйлчилгээ иргэд, сурагчдад ойртож, гэрээсээ  500 метрийн радиус дотор  хүүхдүүд сурч хүмүүжих боломжтой болно. Тиймээс иргэдийн цэцэрлэг, сургуулийн эрэлт багасна.

-Сүхбаатар дүүргийнхэн “тансаг харшид” заларчих­лаа гэх яриа гарах болж. Энэ тансаг харш чинь ер нь ямар ид шидтэй юм бэ?
-Сүүлийн үед хотын хүн ам ихэсч, нийгмийн олон асуудал орхигдож байхад төр захиргааны байгууллагынхан тансаг харшид заларлаа гэх шүүмж явж байгааг би ойлгож байна. Угаасаа хүүхдийн эм­нэлэг, оношилгооны төв, цэцэр­лэг, сургууль шаард­лагатай байгаа нь үнэн. Гэхдээ төрийн үйлчилгээ гэдэг эдгээрээс дутахгүй чухал ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр, бидний ажиллаж байсан байрыг Мэргэжлийн хянал­тынхан үйл ажиллагаа явуулах боломжгүй гээд акт гаргасан байгаа. 1946 оны байр шүү дээ. Хажуугаар нь томхон автомашин явахад л өрөө чичирдэг байсан юм. Тиймээс энэ байрыг барих ТЭЗҮ-г 2009-2010 оны үед боловсруулж, 2011 онд барилгын ажил эхлүүлсэн. Дөрвөн жил дамжин баригдаж байж одоо ашиглалтад орж байгаа нь энэ. Барилгын төсөв нь 5.6 тэрбум төгрөг байгаа. Давуу тал нь гэвэл Сүхбаатар дүүргийн төрийн албаны ихэнх нь энэ байранд төвлөрсөн. Хуучин байранд найман цэгээр нэг цонхны үйлчилгээ үзүүлдэг байсан. Иргэд энэ асуудалд мэдээж гомдол гаргадаг. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар, аж, ахуйн нэгжийн бүртгэлийг нэг дор болгохыг шаарддаг байсан. Мэдээж, тухайн үед энэ нь боломжгүй шаардлага. Гэвч энэ байранд нүүж ирснээр 23 цонхоор нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байгаа. Халамж, нийгмийн даатгал, иргэний бүртгэл, аж ахуйн бүртгэл, санхүү, газрын алба гээд бүгд ирчихсэн байна. Түүнээс гадна, ТҮЦ машин, банкны үйлчилгээ, хуульзүйн үнэгүй үйлчилгээ бүрдсэн.
Тиймээс олон намхан байшин нэг өндөрт шингэж тэр хэрээрээ иргэдэд учруулах чирэгдэл багасч байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан