Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засгийн чадавхи эрдэс боловсруулалтаас шалтгаална

Монгол Улсын эдийн засаг өнөөдөр ашигт малтмалын экспортоос шууд хамаарч буй. Эрдэмтэн судалаачид “Бид эрдэс түүхий эдээ түүхийгээр нь бас баяжуулж экспортолж байна. Үүнийхээ тодорхой хувийг боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ёстой. Ялангуяа зэс, төмрийн хүдрийн баяжмалаа боловсруулж эцсийн бүтээгдэхүүн хийж дотоодын хэрэгцээгээ хангаад үлдсэнийг нь экспортод гаргах учиртай” гэдэг. Энэ нь манай улсын хөгжлийн гарц хэмээн үзэж буй юм. Өнгөрсөн онд манай улс 129 мянган тонн цэвэр зэс гарах баяжмал үйлдвэрлэсэн. Энэ бол дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн 0.8 хувийг эзэлж байна.

Манай уул уурхайн салбарт нийт 1354 компани үйл ажиллагаа явуулдаг гэх судалгаа бий. Үүний 105 нь ашигт малтмал боловсруулах үйлдвэр юм. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбоо хамтарч өчигдөр “Эрдэс боловсруулалт-2014” бага хурал хийлээ. Энэ хурлаар  эрдэс түүхий эд боловсруулах салбарт тулгамдаж буй асуудал, техник технологийн дэвшил, эрх зүйн орчноо хэрхэн сайжруулах, мэргэжилтэн бэлтгэх  талаар санал бодлоо солилцов. Мөн эрдэс боловсруулах стандарт, төрийн бодлого, үйлдвэрлэлийн эрүүл ахуй, байгаль орчны аюул­гүй байдал зэргийг хэлэлцлээ. Эрдэс боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд боловсон хүчнээ хангалттай бэлтгэх ёстой гэдэгт хуралд оролцогчид санал нэгдэж байлаа.

Одоогоор манай улс ашигт малтмал баяжуулах чиглэлээр жилд 720 мэргэжилтэн бэлтгэж буй юм. Эндээс үзэхэд боловсон хүчин хангалттай юм шиг боловч эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл төгсөгчдийн мэдлэг чадвар, туршлага дутмаг байна. Үүнд сургалтын орчин нөхцөл, тоног төхөөрөмжийн хоцрогдол нөлөөлж буй юм. Ингээд уг хурлын үеэр зарим мэргэжилтэн, судлаачтай уулзлаа.

Х.Лхагвабаатар: Эрдэсийн үнэ унаснаас шалтгаалж 30-аад баяжуулах үйлдвэр  зогссон

Ашигт малтмалын газрын уул уурхайн газрын мэргэжилтэн.  

-Манай улс ашигт малтмалаа боловсруулах үйлдвэрлэл ямар шатанд явна вэ?
-Ашигт малтмалаа баяжуулаад л экспортолж байна. Сүүлийн жилүүдэд ган, цэвэр зэс, нүүрс гүн боловсруулан эцсийн бүтээгдэхүүн гаргах  судалгаа эрчимтэй хийж байгаа.  Аж ахуйн нэгжүүд олборлосон ашигт малтмалаа баяжуулаад экспортолдог байсан бол аль болох үйлдвэрлэлээ өргөжүүлж, орлого нэмэгдүүлэхийн тулд эцсийн бүтээгдэхүүн гаргахыг зорьж буй юм. Жишээ нь,  баяжуулсан төмрийн хүдрээ ашиглаж ган хайлах, цэвэр зэс үйлдвэрлэх судалгаа хийж байна. Гэвч яг өнөө маргаашгүй эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээнд хараахан хүрч амжаагүй байгаа.

-Ган, зэс хайлах үйлдвэр байгуулах талаар нэлээд ярих болсон. Энэ ажил ямар шатанд явна вэ?
-Төмрийн хүдэр манай улсын экспортын гол түүхий эдийн нэг. Жилд зургаа, долоон сая тонн төмрийн хүдэр экспортлох боломж бий. Сүүлийн жилүүдэд хүдрээ баяжуулж төмрийн агуулгыг нь дээшлүүлж экспортолж байсан. Одоо гангийн үйлдвэрийн суурь тавигдаж буй юм. Тухайлбал, “Бэрэн” компани өөрсдийн үйлдвэрлэсэн төмрийн хүдрийн баяжмалдаа түшиглэж ган хайлах зуух ашиглалтад оруулсан. Эрдэнэтийн агуулга бага хүдрийн овоолгыг ашиглаж “Эрдмин” үйлдвэр зэс үйлдвэрлэж байгаа. Үүнээс гадна “Ачит эх” компани зэс үйлдвэрлэж эхэлсэн. Жоншны хувьд хайлуурын хүчил үйлдвэрлэх бололцоо байхгүй. Баяжмалаар нь экспортолно. Манай улсад энэ түүхий эдийн дотоодын хэрэглээ байхгүй.

-Удахгүй ашиглалтад оруулахаар төлөвлөж буй ашигт малтмал боловсруулах ямар ямар үйлдвэрүүд байна вэ?
-Одоогоор Ашигт малтмалын газарт 105 баяжуулах үйлдвэр бүртгэлтэй байдаг. Энэ жил 76 баяжуулах үйлдвэр үйл ажиллагаа явуулна гэх төлөвлөгөө гаргаж өгсөн. Үүнээс 15 нь үйлдвэрлэлээ эхлэх бэлтгэлээ хийж байгаа. Мөн 30-аад баяжуулах үйлдвэр  зах зээлийн байдал, эрдэсийн үнээс шалтгаалж  бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ түр зогсоосон. Үлдсэн нь хөрөнгө оруулагч хайж байна.


Д.Энхбат:  Эрдэсийн экспорт төлөвлөж байснаас 2-3 дахин бага байна

ШУТИС-ийн геологи уул уурхайн сургуулийн профессор.

-Ашигт малтмал баяжуулах үйлдвэрүүдийн санхүүгийн чадавхи хэр байна. Бүтээгдэхүүн борлуулалт  ямар хэмжээнд байгаа вэ?
-Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 8000 гаруй орд илрэл бий. Үүнээс зэс, төмрийн хүдэр, нүүрс, хайлуур жонш, алтны хүдэр баяжуулж экспортолдог. Манай улс хоёр хөршдөө ашигт малтмал, түүхий эдээ экспортолж байна. Гэтэл өнөөдөр зах зээлийн эрэлт, худалдан авалт буурч буй тул эрдэс баяжуулах зарим үйлдвэрүүд санхүүгийн хүнд байдалд орсон.

-Тухайлбал ямар үйлдвэрүүд байна вэ?
-Жижиг үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ борлуулахад хүндрэлтэй байгаа. Эрдэнэт, Оюу толгой зэрэг томоохон үйлдвэрүүд хэвийн ажиллаж буй юм. Үүнээс гадна технологийн асуудал бий. Бор-Өндөрийн жонш баяжуулах үйлдвэр технологийн асуудлаас болж зогссон.

-Үүний гол шалтгаан нь юу вэ?
-Бид эрдэс боловсруулах үйлдвэрүүдэд ажиллах хүний нөөцөд бага анхаарчээ. Үүнд хөрөнгө оруулалт бага хийж байгаа. Тухайлбал, сургалтын орчноо сайжруулах, залуу судлаач бэлтгэхэд хойрго хандаж буй юм. Бид яавал ашиг олох вэ гэдэг үүднээс хандаад байгаа учраас манай эдийн засаг, үйлдвэрлэл хөгжихгүй,  урагшаа явахгүй байна. 

-Шинэ техник, технологи хэр нэвтэрч байна вэ?
-Эрдэс баяжуулах үйлдвэрүүд уламжлалт технологи л ашиглаж байгаа. Монголд хамгийн сүүлийн шинэ технологийг   Оюу толгой л ашигладаг. Үйлдвэрлэлийн процесс нь бүрэн автомажсан.

-Та судлаач хүний хувьд уул уурхайн салбарт орж ирж буй хөрөнгө оруулалтыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Хөрөнгө оруулалт огцом буурсан. Мөн эрдэсийн экспорт төлөвлөж байснаас 2-3 дахин бага  байна. Хэрэв бид эрдэс түүхий эдээ зөвхөн баяжмал хэлбэрээр экспортлоод байвал хоёр хөршийнхөө зах зээлээс хамааралтай хэвээр байна. Тэд худалдаж авбал эдийн засаг өсдөг үгүй бол хямардаг байдлаас гарахгүй. Нэг ёсондоо түүхий эдийн бааз хэвээр үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр цаашдаа зэс, гангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавьж биелүүлэх учиртай. Бид өнөөдөр цэвэр зэс гаргаж авдаг болсон. Иймд зэс утас, ороомог, цахилгаан мотор үйлдвэрлэх боломжтой гэсэн үг. Үүнийг үйлдвэрлэх технологи нь энгийн, түгээмэл. Хамгийн гол нь, бидэнд зорилго дутаж буй юм. Түүхий эдээ зараад олсон орлогоо өнөө маргаашийн хэрэглээндээ зарцуулаад д явж байна. Тэгэхээр улс орон яаж хөгжих вэ дээ.

-Манай улсын зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэмэгдсэн. Энэ жил нэг сая тоннд хүрэх төлөв бий. Үүнийхээ тодорхой хэсгээр цэвэр зэс үйлдвэрлэхэд хүхрийн хүчил гарна. Тэгэхээр үүнийгээ яах вэ гэсэн асуудал тулгардаг гэдэг. Иймд технологийн судалгаа хэр хийж байна вэ?
-Гидрометаллургийн аргаар усан орчинд зэс гарган авах технологийн туршилт хийж байна. Энэ технологийн үед хүхрийн хүчил гарахгүй. Харин металлаа усгаж авахад хүхрийн хүчил хэрэгтэй. Ийм аргаар Эрдэнэтийн агуулга бага хүдрийн овоолгоос цэвэр зэс ялган авч байгаа юм. Одоо зэсийн баяжмалаас гидрометаллургийн аргаар яаж зэс гарган авах туршилт хийж байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан