Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зургаан хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай болон Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хуулийн төслүүдийн талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулав. Тэрээр, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:

Бизнес эрхлэгч иргэн, байгууллагын үйл ажиллагааг дэмжих нэг хөшүүрэг нь шийдвэр гүйцэтгэлийн замаар тэдний бусдаас авах авлагыг түргэн хугацаанд албадан гаргуулах явдал юм. Гэтэл өнөөгийн практикт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа богино хугацаанд, үр нөлөөтэй хэрэгжих боломж хуулийн холбогдох зохицуулалтын улмаас хязгаарлагдмал байгаа аж. Тиймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зарчмын шинжтэй зарим шинэлэг зохицуулалтыг тусгасан байна.

Мөн энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан Банкны тухай хуульд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгийн мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн төлбөр төлөгчийн дансны мэдээлэл авах тухай зохицуулалтыг, түүнчлэн Захиргааны хариуцлагын тухай хуульд эд хөрөнгийн мэдүүлэг өгөхөөс татгалзсан, зайлсхийсэн, тогтоосон хугацаанд өгөөгүй, худал мэдүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тухай зохицуулалтыг тус тус нэмж оруулжээ.

Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд:

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны журмаар үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар амжилттай худалдах боломжийг хуулийн холбогдох зохицуулалтаар бий болгохоор тусгасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу анхны болон хоёр дахь дуудлага худалдааны үнийг зах зээлийн үнэд суурилан тогтоож буй нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагаанд ихээхэн хүндрэл учруулж байна. Тодруулбал, анхны үнийг зах зээлийн үнээр тогтоож байгаатай холбогдон дуудлага худалдаанд оролцох сонирхогчдын тоо буурсаар байгаа аж.

Тиймээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан харилцан тохиролцсон болон шинжээчийн тогтоосон зах зээлийн үнийг тодорхой хувиар бууруулан доод үнийг тогтоохоор, дуудлага худалдааны үнэ тогтоох аргачлалыг тодорхой ойлгомжтой байхаар, үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь дуудлага худалдааны үнийн доод хэмжээг тодорхой зааж хуулийн төсөлд тусгасан байна.

Засгийн газар 2013.09.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл:

“Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуульд орсон “гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээ” гэсэн нэмэлт зохицуулалтын биелэлтийг хангах асуудал нь “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуультай салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгохдоо “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуульд заасан хэмжээгээр төлбөр авч түүгээр улсын төсвийн орлогын тодорхой хэсгийг бүрдүүлж байдаг. Хэдийгээр “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуульд нэмэлт орсон боловч түүний дагуу тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой улсын тэмдэгтийн хураамжийн харилцаа зохицуулалтгүй үлдсэн нь хуулийн төслийг боловсруулах үндэслэл болжээ. Мөн хуульд орсон нэмэлт зохицуулалтын дагуу тусгай зөвшөөрөл хүссэн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг хурдан шуурхай шийдвэрлэж, тэмдэгтийн хураамжийг хууль зүйн үндэслэлтэйгээр төлүүлэх нь хуулийн төслийг боловсруулах шаардлага бий болгосон байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан зарим гишүүд асуулт асууж, үгээ хэлсэн. Хуралдаанд оролцсон гишүүд уг төслүүдийг санал нэгтэй дэмжиж байгаагаа илэрхийлж байсан ч зарим зохицуулалт дээр анхаарах зүйл байгааг мөн сануулав. Ингэснээр дээрх хуулиудыг Хууль зүйн байнгын хороонд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан