Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Өлгийндөө өтөлж” буй өргөтгөл


“Улсын хэмжээнд ганц” гэх гуншинг урд хойноо ёс мэт залгах Хавдар судлалын үндэсний төв хаяа тэлэх хувьгүй ажээ. Хавдрын өвчлөлөөс хүн ардыг хамгаалах үйл хэрэгт 32 жил хүчин зүтгэсэн эл эмнэлгийн барилга ачааллаа даахгүйд хүрсэн тухай аль эртнээс ярьж, бичиж эхэлсэн.

1982 онд ашиглалтад орж, үйлчлүүлэгчдээ хүлээн авч байсан ч хүн амын өсөлтөөс болж хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэхийн хэрээр  зайлшгүй өргөтгөл хийх шаардлага бий болсон. Энэ ажлыг Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа 2009 онд эхлүүлсэн ч өнөөх өргөтгөлийн барилга өдийг хүртэл ашиглалтад орсонгүй. Дараа дараагийн дарга, цэргийн гар дамжиж дөрвөн жил “царцсан” өргөтгөл “өлгийндөө өтөлж” байгаа тухай өдрийн сурвалжлага бэлтгэснээ хүргэе.

52 жил тасралтгүй зүтгэсэн ХСҮТ

ХСҮТ-ийн өргөтгөлийн ажлыг бичихээс давын өмнө тус төвийн байвал зохих хүчин чадал болоод ачаалал хэрхэн нэмэгдсэнийг цухас дурдах нь зүйтэй. ХСҮТ 1961 онд “Улсын цацраг туяа эмнэлэг” нэртэйгээр байгуулагдан тасралтгүй 52 жил хавдрын эмчилгээг цацраг болоод цөмийн технологид суурилсан техник, технологи ашиглан хийж ирсэн.

Улмаар 1982 онд одоогийн байрандаа орсон түүхтэй. Тухайн үед хүн амын тоо, хавдрын өвчлөл, эмнэлгийн тоног төхөөрөмж оношилгоо, эмчилгээний технологид тохирсон байдлаар барилга нь баригджээ. Гэвч Монгол Улсын хүн ам өдгөө гурван саяд хүрч, хавдрын өвчлөл, тохиолдол төдий чинээ өссөөр байна. 2012 оны статистик мэдээгээр 100 мянган хүн ам тутамд хорт хавдрын тархалт 513, өвчлөл 161, нас баралт 108-д хүрчээ. Энэ нь хорт хавдар нас баралтын шалтгаан дунд хоёрдугаарт бичигдэх үзүүлэлт болсон. Улмаар улсдаа хавдрын төрөлжсөн лавлагаа, тусламж үзүүлдэг ганц төв болох ХСҮТ-ийн үйлчилгээний эрэлт, хэрэгцээ эрс нэмэгдсэнийг сүүлийн таван жилийн тоо баримт нотлоно.
2009 оны байдлаар амбулаторийн нийт үзлэгийн тоо 72007 байсан бол 2013 онд 90964 болсон байх жишээтэй. Харин хэвтэн эмчлүүлэгчид 2009 оны байдлаар 6659 байсан бол 2013 онд 8609 болжээ. Мэдээж эмчлүүлэгчдийн тоог даган хийсэн мэс засал ч өснө. 2009 онд ХСҮТ жилд дунджаар 1635 мэс засал хийж байсан бол 2013 онд 2095 болон нэмэгдсэн байна. Ийм өссөн үзүүлэлттэй эмнэлэг өнөөдөр ч гэсэн ачаалал хэтрүүлэн ажилласаар байна. 52 жилийн турш хорт хавдрын өвчлөлийн эсрэг хүчин зүтгэсэн эмнэлгийг өргөтгөж, ачаалал бууруулах нь нас баралтын тоог багасгаж,  үндсэн ачааллыг 35-40 хувиар хөнгөлөх сайн талтай гэдгийг мэргэжилтнүүд сануулдаг.

Цэг хатгах С блокийн суурийг ч ухаагүй байна

ХСҮТ-ийн өргөтгөлийн барилга үндсэн гурван хэсгээс бүтнэ. Зураг төслийн дагуу A, B блок аль хэдийнэ сүндэрлэсэн ч цэг хатгах учиртай C блокын суурь ч тавигдаагүй байв. Биднийг сурвалжлага хийхээр очиход С блокын суурь ухагдаагүй, оронд нь барилгын хог хаягдал байраа эзэлсэн байв. A, B блокийн барилгын цоож цуурга нь эвдэрч, цонх шил нь хагарсан янзтай угтав.
С блокт хими, туяа эмчилгээний лаборатор байрлах тул эмнэлгийн энгийн барилгаас огт өөр технологи, стандартаар барих ёстой. Гадаад орчин, тоос шороо, дуу чимээнээс бүрэн тусгаарлах өндөр битүүмж бүхий гурван бункерийн ажил өнөөг хүртэл эхлээгүйн учрыг Барилгын хөгжлийн төвийн Барилга захиалагчийн албанаас тодруулахад “Бид энэ ондоо багтаан өргөтгөлийн барилгын С блокийн бункерийг хийх бетон зуурмагийг хэрхэн гаргаж авах, эсвэл өөр технологи, стандарт орлуулан хийх тухай хуралдан шийднэ. Тиймээс хөрөнгө оруулалт нь ирэх онд хэлэлцэгдэж түүний дараа буюу 2016 оны төсөвт суух байх” гэсэн сэтгэл гонсойлгосон хариу өгөв.

Бункер гэж нэрлэх С блокийг 2500 м/куб марктай өндөр чанарын бетоноор хийх ёстой. Энэ нь цацраг туяаны хор гадагшлахаас хамгаалах учиртай юм. Гэвч энэ дайны чанартай бетон зуурмаг гаргадаг бетон зуурмагийн үйлдвэр манай улсад нэг ч байхгүй аж. Дээд тал нь 500-600 м/куб марк бүхий зуурмаг үйлдвэрлэж чадна хэмээн мэргэжлийн хүн хэлж байв. Өргөтгөлийн барилгын ажил өнөөг хүртэл технологи байхгүйгээс саатсан болж таарав. С блокын бункеруудыг хийх бетон ханган нийлүүлэгч байхгүй, хөрөнгө оруулалт зогссон учир гүйцэтгэгч байгууллага болох “Суурь” ХК ажлаа зогсоосон гэх тайлбар хийсэн юм. Улмаар энэ хэргийг өнгөрөгч тавдугаар сард Барилгын хөгжлийн төв рүү шилжүүлсэн аж. Шилжүүлсэн асуудал шийдэгдэхгүй явсаар төсөв хэлэлцэж буй энэ үетэй золгожээ. Угтаа Барилгын хөгжлийн төв асуудлыг аль нэг тийш болгочихсон бол өргөтгөлийн ажлыг дуусгах үлдсэн хөрөнгө болох хоёр тэрбум гаруй төгрөгийг ирэх оны төсөвт суулгачих боломжтой байв. Гэвч ажил хаа хаанаа удааширч дарга, цэргийн гарын үсгээр дутсан болж таарав.

Энэ хэргийг Эрүүл мэндийн яам ч шавдуулахгүй орхисон нь хачирхалтай. Яамнаас Барилга захиалагчийн албаны ажлыг яаравчлуулж, дараа нь төсөв хөрөнгийг нь шийдүүлэх учиртай байлаа. Гэвч гээндээ ч тэр үү гоондоо ч тэр үү дөрвөн жил “царцсан” өргөтгөл ирэх онд ахин “хөлдүүс” хэвээр хоцрох бололтой. Салбар яам нь хайхралгүй орхисон өргөтгөлийн ажил 2016 оноос үргэлжлэх эсэх нь ч эргэлзээтэй болж таарлаа.

Нар үздэггүй эмнэлэг

Цацраг туяа бүхий бүсэд хүн амьдрахыг хориглодог. Гэтэл ХСҮТ-ийг тойруулан орон сууцны барилга барьсан нь эхнээсээ ашиглалтад ороод дуусч байна. Цацраг туяа хүний эрүүл мэндэд тодорхой хэмжээний хор нөлөө үзүүлдэг. Тиймдээ ч дээр дурдсанаар хими, туяа эмчилгээний лабораторыг өндөр битүүмж бүхий гадаад орчноос бүрэн тусгаарласан байдлаар шийддэг. Хэдий тусгаарласан, вакум орчин бий болголоо ч эмнэлгийн эргэн тойронд ажиллаж, амьдарч буй ард иргэдэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэх баталгаагүй. Одоо биш юм гэхэд хожмын нэг өдөр хойч үед нь ч нөлөөлж болно.
Гэтэл эзэмшил газраа булаалгасан эмнэлгүүдийн жагсаалтад энэ эмнэлэг зүй ёсоор багтана. Хотын хэмжээнд хамгийн том газартай эмнэлгүүдийн нэг байсан ХСҮТ-ийг сүүлийн хэдэн жил сүүдэр бүрхэж, нар үзэх нь ховордоод байна. Эмнэлгийн урд хэсэг эрээн мяраан барилгуудаар дүүрч эрхтэн дархтнуудын гараар орж эзэмшил газар нь танагдсаар байна.

ХСҮТ-ийн баруун урд хэсгийн газраас тасалж “MBU” компани 13 давхар оффисын барилга бариад дуусч байна. Хэн гэгч эрх мэдэлтний хэзээ гаргасан шийдвэрээр энэ газрыг өгснийг хэлж мэдэх хүн хайгаад хайгаад олсонгүй. Ямартай ч, 2007 оны эхээр ХСҮТ-ийн шарил хадгалах байрны замыг хааж барилга барьж байна гэсэн шүүмж гарсан ч тэгсгээд таг чиг болсон.
Уг нь, 2006 оноос хойш эмнэлгийн эргэн тойронд албан ёсоор газар олгоогүй. Гэтэл дээрх барилгаар зогсохгүй дэргэд нь тус бүр 15 давхар хоёр ч орон сууцны барилга сүндэрлэсэн нь дөрвөн давхар эмнэлгийг үдийн нар ч үзэхээргүй болгожээ. Эл ихэр орон сууцны барилгыг “Жигүүр гранд” групп барьсан аж.
Мөн дээрх хоёр барилгын хаяа дэрлэн “Этемо” нэртэй эмэгтэйчүүдийн эмнэлэг бий. ХСҮТ-ийн хашаа руу халдаж орсон эмнэлэг хот, дүүргийн дарга нарын гарын үсэг бүхий зөвшөөрөлтэй аж.

Энэ мэт эмнэлэг тойрсон элдэв барилга байгууламж эх захаа алдаад удаж байна. ХСҮТ-ийн зүүн талын зам дагуу баар караоке, буудал ресторан дүүрэн. Сайн мэдэхгүй хүн хашиж шахагдсан эмнэлгийн хаалгыг хайж олоход тун бэрх. Өнөөх баар саваар дүүрсэн барилга байшин дундуур эмнэлэг рүү хөтлөх цор ганц зам зурайна. Автобусны буудалтай залгаа учир ачаалал ихтэй хэсэг. Яаралтай дуудлагаар явж буй түргэний тэрэг эмнэлэг рүү орох гэж ихээхэн зовлон үзнэ. Хаалга таглаж байрлуулсан машинуудаас аваад завсар зай үл олгох замын түгжрэл ч түргэний тэргийг түгжиж хаших нь их. Гэтэл эмнэлгийн баруун хэсэг дэх орон сууцны барилгыг бетон суурь цутгасан төмөр хашаагаар тусгарласан.
Орж гарах ганц хаалгатайн дээр эмнэлгийн машины зогсоолын хүрэлцээ муу. Зогсоолоо тэлье гэвэл цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж руугаа халдахаас өөр сонголтгүй. Түүнчлэн, өргөтгөлийн ажил зогссоноос болж дутуу барилга эмнэлгийн хашааг хогийн цэг мэт болгожээ. Энд тэндгүй ухаж төнхсөн нүх сүв, хурааж овоолсон хог новшоор дүүрэн. Дээр нь эзгүй хоосон эмнэлгийн өргөтгөлд гэр оронгүй иргэд хонож өнжих нь ч их гэнэ. Энэ мэт эзгүйрч хоосроод буй эл өргөтгөлийн ажил ирэх онд дуусах үгүй нь эргэлзээтэй хэвээр.


С.Ламбаа: Тоног төхөөрөмж нь ирэх гээд байхад өргөтгөл нь дуусаагүй байдаг

Энэ тухай өргөтгөлийн ажлыг санаачлан эхлүүлсэн Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаагаас тодруулснаа хүргэе.

-Таныг эрүүл мэндийн сайд байх хугацаанд Эрүүл мэндийн салбарт томоохон бүтээн байгуулалт өрнөсөн. Түүний нэг нь ХСҮТ-ийн өргөтгөл. Гэтэл өргөтгөл одоо болтол ашиглалтад ороогүй байна. Барилгын ажил дуусчихвал ач холбогдол нь их л баймаар?
-Жилд хэдэн мянган хүн хавдрын өвчлөлөөр нас бардаг эмгэнэлт байдлыг бууруулах зорилгоор оношилгоо, эмчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх, хөнгөвчлөх тасаг нээх том зорилт тавьсан. Үүний дагуу “Хавдрын эсрэг хамтдаа” аяныг орон даяар өрнүүлсэн. ХСҮТ, “ХААН” банк, МҮОНРТ одоо хүртэл үргэлжлүүлж олон мянган хүнийг оношилгоонд хамруулж, хавдрын өвчлөлийг эрт илрүүлж байна. Мөн тэргүүн хатагтай Болормаагийн “Хавдаргүй Монгол” ТББ-аас хөнгөвчлөх эмчилгээний тасаг  нээх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна. 2009 онд ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгын зураг төслийг хийж,  2010 оны төсөвт хөрөнгө мөнгө нь тусгагдаж барилгын ажил эхэлсэн. Энэ өргөтгөлд тавих тоног төхөөрөмжийг авахын тулд Австри улсаас олгосон 40 сая ам.долларын 20 саяыг ХСҮТ-ийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулахаар болж Засгийн газар хоорондын гэрээг 2012 оны эхэнд УИХ-аар ёсчлон батлуулсан юм. Миний хувьд ийм л цогц арга хэмжээ аваад ажлаа өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл өргөтгөлийн барилга ч дуусаагүй, нөгөө их хурлаар батлуулсан гэрээ ч хүчингүй болж өөрчлөгдсөн юм шиг байна.

-Гэрээ хүчингүй болсон гэхээр тоног төхөөрөмж байхгүй болсон гэж ойлгож болох нь ээ?
-Энэ их хурлаар нөгөө 20 сая ам.доллар маань долоон сая болж батлагдсан байсан. Гэхдээ туяа эмчилгээний хоёр шугаман хурдасгуур аппарат, нэг ширхэг төлөвлөлтийн аппарат, Ангографын тоног төхөөрөмж авчих байх. Уг нь, хавдрын оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэл хийх зорилготой байсан юм. Үнэндээ манай ХСҮТ-ийн тоног төхөөрөмж гэж хэцүүхэн болчихсон, заримыг нь манай эмч нар ёстой л нөгөө монголчлоод л аргалж байгаа шүү. Одоо хагас дутуу ч тоног төхөөрөмж нь ирэх гээд байдаг, өргөтгөл нь дуусаагүй сууж байдаг. Бидний ажил нэг иймэрхүү л явж байна.

-Хөрөнгө оруулалтыг нь төсөвт тусгаагүйн учир юу юм бол?
-Нөгөө царцсан барилгууд дотор нэр нь байдаггүй хэр нь 2012, 2013 оны төсөвт юу ч тусгаагүй байдаг юм. Одоо өргөн бариад байгаа 2015 оны төсөвт ч нэр ус нь алга. Эрүүл мэндийн яам ямар бодлого барьж байгааг мэдэхгүй юм. Уг нь, 70 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа энэ өргөтгөлийг ашиглалтад оруулчихвал монголчуудад л хэрэгтэй баймаар.

Түүний хэлж буйгаар ХСҮТ-ийн ачааллыг 40 хүртэлх хувиар бууруулахын учир эл өргөтгөлийг нэн даруй ашиглалтад оруулах нь хорт хавдрын өвчлөл, тохиолдлоор Ази, Номхон далайн орнуудыг тэргүүлж буй монголчуудад л хэрэгтэй. Наад захын жишээ дурдвал хорт хавдрын эцсийн шатанд орж өвчиндөө шаналж буй өвчтөнүүдийг хэвтүүлдэг хөнгөвчлөх тасгийн хүрэлцээ. Энэ тасаг хавдрын гурав, дөрөвдүгээр шатанд орж, нуулгүй хэлэхэд хоногоо хүлээн хэвтэж буй өвчтөнүүдийн зовиурыг хөнгөвчлөх эмчилгээ хийдэг. Гэвч гурван сая орчим хүн амтай улсад 16-хан ортой хөнгөвчлөх тасаг байгаа нь эрүүл ухаанаар бодоход энгийн зүйл биш байлтай. Ийм л учраас ХСҮТ-ийн өргөтгөлийг  яаралтай ашиглалтад оруулах ёстой юм. Ажиа гэгээн нэгэнтээ “Суварга бүтээх нь буян ч гэлээ хүүхдийн эмнэлэг барих нь түүнээс ч илүү буян юм” хэмээн айлдсан. Үүнтэй адил бусад бүтээн байгуулалт чухал ч гэлээ мянга мянга хүний амь насыг аварч болох эрүүл мэндийн салбар тэр дундаа хавдрын эмнэлгийн бүтээн байгуулалтыг нэгдүгээрт авч хэлэлцэх нь төр засгийн үүрэг баймаар.
Хавдар судлалын үндэсний төв гэх их айл өргөтгөлийн барилгаа хүлээн авах нь бүл нэмж буйгаас өөрцгүй. Гэтэл өнөөх өргөтгөлийн барилга нь “өлгийндөө өтөлж” өдөр өдрийн нар, салхинд гундсаар байх уу та минь ээ.

0 Сэтгэгдэл
Театрын барилгын гүйцэтгэгч “Суурь” ХХК-тай гэрээ цуцлахаар болжээ Баасан, 11 сарын 08 2013 Бичсэн Т.Отгонтуяа Хэвлэх Email Дундговь аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театрын шинээр баригдах барилгын гүйцэтгэл хангалтгүй байгаагаас гүйцэтгэгч "Суурь" компанитай байгуулсан гэрээгээ цуцалж, алданги тооцон, хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж холбогдох яамнаас орон нутгийн удирдлагуудад мэдээлэл өгөв. Театрын шинэ барилга дуу хуураар овоглодог Дундговийнхны хувьд хүсэн хүлээж байгаа бүтээн байгуулалт бөгөөд ирэх оны төсөвт барилгын санхүүжилт үргэлжлэн тусгагдаагүйн учрыг орон нутгийн удирдлагын зүгээс холбогдох яамнаас тодруулсны хариулт нь дээрх мэдээлэл болсон юм. Аймгийн театрын барилгын зураг орчин үеийн театрын уран барилгын шийдлээр хийгдэж, барилгыг барихад улсын төсвийн 7.1 тэрбум төгрөгийн хөрөнгө төлөвлөгдөөд байсан юм. 2011 оны 12 дугаар сард Улаанбаатар хотын “Суурь” ХХК тендэрт шалгарч, 2013 оны аравдугаар сард хүлээлгэн өгөхөөр тухайн үеийн БСШУ-ны яамтай гэрээ байгуулсан байна. Гэвч гүйцэтгэгч компани 2 тэрбум 40 сая төгрөгийг улсын төсвөөс авсан хэрнээ барилгын гүйцэтгэл энэ дайнд хүрэх нь бүү хэл намар л дөнгөж суурийн ажлыг эхлүүлснийг эс тооцвол нэг ширхэг тоосго ч өрөөгүй байгаа юм. Ажлын гүйцэтгэлийг тооцож байж дараагийн санхүүжилтийг өгдөг. Гэтэл театрын барилгын гүйцэтгэл ийм хангалтгүй байгаа нь хөрөнгө оруулалтыг ирэх оны төсөвт тусгаагүйн шалтгаан болсон байна. Одоо энэ барилга ССАЖЯ-нд харъяалагдаж байгаа юм. Дундговь аймаг Т. Отгонтуяа
Тэр урд талд нь эмнэлэг барьсан компананаар эсвэл хажууханд нь орон сууц барьсан Жигүүр Грандын Баттөрийг улс гуйж гувшиж байгаад энэ өргөтгөлийг бариулах ёстой байсан юм.
Энэ улсад үнэхээр амьдрах,ажиллах,өвдөх,олигтойхон үхэх ч арга алга залуучууд аа
Тэргүүн хатагтай Болормаа Элбэгдорж хоёрын худын Компани болж бна уу тэгээд
Ц.Элбэгдоржийн худ Х.Чинболдын сууриас хэтэрдэггүй Суурь Компани
Хамгийн их уншсан