Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол улс хилээ хоёр ч хэсгээр сэтлэхээр боллоо


УИХ-ын чуулганы баасан гарагийн хуралдааны хамгийн эхэнд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөлд Таван толгой-Гашуунсухайт, Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлд 1435 мм-ийн нарийн, Арц суурь-Эрдэнэт, Таван толгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн өргөн царигтай байхаар Засгийн газраас боловсруулж, УИХ-д оруулж ирсэн. Хэлэлцүүлгийн явцад Сайншанд-Замын-Үүд чиглэлийг хасах шаардлага гарсан юм. Ингээд Нарийн сухайт- Шивээ хүрэн, Сайншанд-Ханги чиглэлийг шинээр нэмж оруулах санал гарсан ч дэмжлэг авч чадаагүй. Маш их маргаан дагуулсан уг тогтоолын төслийн хэлэлцүүлгийн явцад гишүүдээс улс орны эдийн засагтай холбоотой чухал шийдвэрийг нухацтай хэлэлцэж шийдэх ёстой байсныг сануулж байв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Нухацтай хэлэлцэж байж шийдэх ёстой асуудал байсан юм. Хөөт-Бичигтийн чиглэлийг харзнавал яасан юм. Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийг дахиж нэг бодооч гэж хэлье. Юугаа бодоод энгэрээ яраад гүйгээд байдаг юм бэ. Улс орноо өөрийнхөө гэр шиг бод л доо. Хэдэн бор төгрөгийн төлөө битгий улс орноо худалдчих гээд бай л даа. Бидэнд ийм гашуун хувь заяа байсан шүү дээ. Яахаараа үеийн үед бидэн дундаас иймэрхүү юм олдоод байдаг юм бэ. Монголыг тусгаар улс болгох гэж бид хэдэн арван мянгаараа хэлмэгдсэн. Хатуу замыг туулж байж энэ улс тусгаар болсон шүү дээ. Хэдэн бор цаасны төлөө үхчих дөхөх юм. Чиний гэрийн хэдэн бор цаас яах вэ. Хажуудаа амьдарч байгаа бусад нөхөд, монголчуудаа бод л доо. Хоёр талдаа ярьсан зүйлүүд бий. Гэхдээ бодлого гэж байх ёстой. Бид компаниудын бодлогоор яваад байж болохгүй. Хар хайрцагны бодлого гэж байх ёстой. Энэ чинь тусгаар Монгол Улс. Тэгээд л гадаадынхан биднийг аваад явчих юм шиг бодоод байх юм. Эцсийн дүндээ бид өөрсдөө өөрсдийгөө авч явах болохоос. Толгойтой бай, сэтгэ, өөрсдийнхөөрөө амьдар. Нэг гарц нээгээд өг тэгээд үз. Хангалттай. Энэ тал дээр эргээд анхаараач” гэлээ.

Харин Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Зөвхөн Эдийн засгийн байнгын хорооны гишүүд энэ асуудлыг зүтгүүлээд байгаа юм шиг ойлгоод байна. Тэгж ойлгож болохгүй. Та Байнгын хорооны хуралд суусан. Бид харилцан ярилцаад бодлогын баримт бичигтэй зөрчилдөж байгаа асуудлуудаа нэг тийш нь болгосон. Хөөт-Бичигтийн чиглэлд 2/3-оор таны санал дэмжигдээгүй. Ер нь, таны хэлж байгаа үнэн. Бид бодлогын баримт бичгийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой. Эхний жишиг болгож Таван толгой чиглэлийн төмөр замыг нарийн царигаар барья гэж санал нэгдсэн гэж ойлгож байгаа” гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн Ц.Даваа­сүрэн “Хөөт-Бичигтийн ач холбогдол яг юу юм бэ. Хоёр хөршийн Ерөнхийлөгчтэй ярилцаад зайлшгүй болсон шалтгаан бий юм уу. Яагаад бид өөрсдөө ийм юм хийгээд яваад байгаа юм бэ. Хэрвээ тэд үүнийг хүсээгүй бол. Яриа хэлэлцээрт нь энэ хилээ нээе, ийм орд байна гэсэн үү, эсвэл “Петрочайна Дачин тамсаг” компанитай нь холбоотой  юм уу, ямар учиртай юм бэ” хэмээн тодруулав.   
ЭЗБХ-ны дарга Б.Гарам­гай­­баатар “Энэ бол Засгийн газраас өргөн барьсан тогтоо­лын төсөлд тусгагдсан асуудал. Энэ хүрээнд шийдэж байгаа” гэдэг тайлбар хэлэхэд УИХ-ын дарга З.Энхболд “Транзит тээврийн гэрээнд байгаа боом­туудын нэг. Хэрвээ энэ хэсгээр төмөр зам тавибал хөн­гөлөлттэй тариф эдэлнэ. Үгүй бол хөнгөлөлт үзүүлэхгүй” гэлээ.

Төмөр замын царигийн асуудалд Монгол Улс дахь үндсэн сүлжээ болох өргөн царигийг баримтлах ёстой. Хэрэв Хятадын талтай нарийн царигаар төмөр замаар холбогдвол түүхий эдийн бааз болж, Монголын баялаг үнэгүйдэн үйлдвэржүүлэх бодлого хэрэгжих боломжгүй болно гэдгийг УИХ-ын гишүүн Х.Баттулга байнга илэрхийлсээр ирсэн. Тиймээс ч уг тогтоолын төслийг УИХ-д оруулж ирэхээс эхлээд хэлэлцэх явцад энэ байр сууриа хамгаалсаар байв. Чуулганы хэлэлцүүлгийн үеэр “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг салбарын сайд нь өргөн бариагүй. Ерөнхий сайд өргөн барьсан нь хууль зөрчиж байгаа юу. Дараа нь Үндсэн хуулийн цэц дээр асуудал сөхөгдвөл хэрхэхээ судалсан уу. Хэрвээ, нарийн цариг тавих юм бол Хятадад мөрдөгддөг стандартаар хийнэ. Хятадын стандартаар манай хил рүү орж ирэх төмөр замыг монголчууд зээл авч тавих юм уу. Яагаад гэвэл Хятадын талаас орж ирж байгаа төмөр зам Монголын газар нутгаас байгалийн баялгийг авч байгаа учраас энэ мөнгө Хятадын талаас гарах ёстой. Бизнесийнхээ утгаар. Тэгэхээр бид зээл аваад Хятадын тал руу зам тавих ёсгүй гэж бодож байгаа. Энэ чиглэлээр хийсэн судалгаа бий юу. Мөн нэг л сэтэлчихвэл бусад аймгууд руу уул уурхайн компаниуд лоббидоод ороод ирнэ. Өчигдөр /Пүрэв гарагт МАК ком­паниас Нарийнсухайт-Шивээ хүрэнгээр төмөр зам тавих санал орж ирсэн/ хоёр төмөр зам лоббидож орж ирсэн. Говь-Алтай, Баян­хон­гор, Өмнөговь, Ховд, Сүх­баа­­­тар аймаг лоббидоод ороод ирнэ. Энэ лоббиг яаж зогсоох вэ. Эдийн засаг ийм байгаа үед ЭЗБХ зөвхөн Засгийн газрын өргөн барьсан хуулийг хэлэлцэж байна гэж болохгүй. Судлах ёстой” гэж УИХ-ын гишүүн Х.Баттулга хэлсэн юм.

ЭЗБХ-ны дарга Б.Гарам­гайбаатар “Засгийн газрын оруулж ирсэн төсөл бодлогын баримт бичгийн 4.1.2 дахь заалттай нийцэж байгаа. Засгийн газар царигийн асуудлыг УИХ-д оруулж ирнэ гэсэн байгаа. Нарийн царигтай холбоотой техник эдийн засгийн үндэслэлийг бид олон удаа хэлэлцсэн. Холбогдох яамны албан тушаалтнууд хариулт өгч байсан. Засгийн газар энэ талаар ярилцсан байх гэж бодож байна. Бодлогын баримт бичгийг зайлшгүй өөрчилж, сайжруулахад УИХ анхаарах ёстойд санал нэг байна. Янз бүрийн лоббиг хаахын тулд бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулахаас өөр арга зам байхгүй” гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Баттул­га хүссэн хариултаа авч ча­даа­­гүй учир асуултаа давтан асуу­сан юм. Өөрөөр хэлбэл, Хятад улс руу тавих төмөр замыг Хятадын талаас гаргах ёстойг хэлсэн. Төрөөс төмөр за­мын тээврийн талаар ба­римтлах бодлогын баримт бичигт эдийн засаг, нийгмийн хөг­жил, санхүү, хөрөнгийг эх үүсвэртэй уялдуулж Засгийн газар тухай бүрт хөрөнгийн асууд­­­­­­­­­лыг шийднэ гэж заас­ныг Байнгын хорооны дар­­га Б.Гарамгайбаатар тайл­барлав.
Үүний дараа гишүүдийн асуулт хариулт хэлэлцэж байсан асуудлаас хальж, УИХ-ын гишүүд рүү нэг мессэжийг маш олон удаа явуулсан тухай чиглэсэн.
Ингээд хэлэлцүүлэг дуусч санал хураахад чуулганы хурал­­даанд оролцсон 51 ги­шүү­­нээс 43 нь уг тогтоолын төслийг дэмжсэн. УИХ-ын ги­шүүн Х.Баттулга, Г.Баяр­сай­хан, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаа­тар, Д.Ганбат, Ц.Оюунбаатар, Д.Са­рангэрэл, Л.Эрдэнэчимэг нар дэмжихгүй гэсэн санал өгөв.

Олон сараар маргаантай асуудал байсан төмөр замын цариг ийнхүү шийдэгдэж, Таван­толгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн буюу нарийн цариг, Арц суурь-Эрдэнэт, Та­вантолгой-Сайншанд-Ба­руун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр за­мын шинэ шугамыг 1520 мм-ийн буюу манай улсын үндсэн сүлжээ буюу өргөн цариг­тай барихаар УИХ-аас баталлаа. Энэ шийдвэрийг УИХ-ын гишүүн Х.Баттулга Бодл­огын бичиг баримтаа зөрч­сөн, маш том алдаатай шийд­вэр байсан гэж дүгнэсэн юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан