Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Залуу жүдоч Ө.Дүүрэнбаяр дэлхийн залуучуудын аварга болов


АНУ-ын Лодердейл хотноо жүдо бөхийн ДАШТ-ий +100 кг-д барилдсан Ө.Дүүрэнбаяр алтан медаль хүртэж 2014 оны Дэлхийн залуучуудын аваргаар тодорлоо.

Тэмцээний эхний өдөр манай жүдочид нэг мөнгө, хоёр хүрэл медаль авч гараагаа сайхан эхлүүлсэн ч дараагийн өдрүүдэд барилдсан бөхчүүд медаль авч чадаагүй юм. Харин тэмцээний сүүлийн өдөр залуучуудын шигшээ багийн тамирчин Ө.Дүүрэнбаяр ийнхүү алтан медаль зүүлээ. Тэрбээр эхний барилдаанаа Эстонийн тамирчин Сильдвир Хенричтэй хийж, дэлхийн аваргын барилдааныхаа салхийг хагалж өрсөлдөгчөө 02:09 секундэд цэвэр ялснаар дараачийн шатандаа Египетийн жүдоч Селим Халидтай барилдахаар учраа таарав. Энэ барилдаанд өрсөлдөгчөө юүко үнэлгээгээр ялж, хэсгийн аваргын төлөө БНСУ-ын жүдоч Чой Мин Янгийг иппон үнэлгээгээр ялжээ. Улмаар хагас шигшээд Украины тамирчин Кхаммен Лакивыг юүко үнэлгээгээр ялж, аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх эрх авсан байна. Шигшээ барилдаанд  Гүржийн жүдоч Кибордзалидзе Гугаг 02:14 секундэд цэвэр ялснаар ДАШТ-ий аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа.

Энэ удаагийн тэмцээнд 72 орны эрэгтэй 308, эмэгтэй 213 бөх ур чадвараа сорьжээ. Харин манайхаас эрэгтэй 10, эмэгтэй долоон бөх хүчээ сорин барилдсан юм. Манай жүдочид нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл, тавдугаар байрт нэг жүдоч шалгарсан амжилтаар Япон, Франц, ОХУ-ын багийн дараа эхний дөрөвт бичигджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан