Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жижиг аж ахуй нэгжүүд 1 хувийн татвар төлдөг болохыг дэмжихээ илэрхийлэв

УИХ дахь Бие даагч гишүүд өнөөдөр Төрийн ордонд энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороогоор хэлэлцэх хуулийн тогтоомжуудын төслүүд дээр байр сууриа илэрхийлж, хэвлэлийн бага хурал хийлээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл буюу 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн татварыг 1 хувь болгох тухай шийдвэрийн төслийг нэгдсэн чуулганы баасан гарагийн хуралдаанаар хэлэлцэнэ. Тус бүлэг энэ хуулийн төслийг дэмжиж байгаа гэж УИХ-ын гишүүн Х.Болорчулуун хэллээ.  Өнөөгийн мөрдөгдөж байгаа хуулиараа жижиг аж ахуй нэгжүүд 10 хувийн татвар төлж  байгаа бол хуульд нэмэлт өөрчлөлт орсноор нэг хувийн татвар төлдөг болох гэнэ. Гэхдээ уг хөнгөлөлтөд спирт, архи, тамхи, шатахуун зэрэг салбарын үйл ажиллагаа эрхлэж буй компаниуд хамрагдахгүй байхаар тусгаж өгсөн байна.

 УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Засгийн газрын тэргүүнийг огцруулах, Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг төрийн тогтвортой байдлыг хангах үүднээс яаравчлан шийдэх нь зүйтэй гэлээ. Мөн Соёлын тухай хуулийг дэмжиж буй аж. Учир нь өнөөдөр телевизүүдийн гаралтын ихэнх цагийг гадны кино нэвтрүүлэг эзэлж байгаа энэ үед түүх соёлоо хамгаалах, үүний тулд төсөвт хөрөнгө суулгаж бодлогоор хангаж ажиллах хэрэгтэй гэж Ц.Даваасүрэн гишүүн ярьж байна. Түүнчлэн тэрбээр малчдын нийгмийн асуудалд анхаарал хандуулж байгаагаа хэлээд нийгмийн даатгалыг нөхөн тооцох тухай асуудлыг хөндөж тавьж байгаа гэв. Үүний зэрэгцээ ирэх оны төсвийг хэлэлцэхдээ хөрөнгө оруулалтгүйгээс гацаанд орчихоод байгаа 400 гаруй барилга байгууламжийн төсвийг тодорхой зааж өгөхгүй бол барилгын компаниуд өр зээлэндээ баригдаж, улмаар банкуудын чанаргүй зээлийн хүү улам өсөх дүр зураг харагдаж байна гэв.

Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгой болон тус төслөөс авах 130 сая төгрөгийн актыг мөнгийг 30 сая болгон бууруулсан Татварын ерөнхий газрын удирдлагыг АТГ-т шалгуулахаа хандсан гээд тус төслийн талаарх санхүүгийн нууц гэгдэх материалыг нийтэд ил болгохоор ажиллаж байгаагаа мэдэгдэв. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалыг тус бүлэг ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн хэмээн үзэж байгаагаа өмнөх хурлуудын үеэр ч онцолж байсан. Энэ удаад ч гишүүд дээрх байр суурин дээрээ хэвээр байгаагаа хэлээд УИХ-ын даргад энэ талаар дахин асуудлыг хөндөж тавихаа илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан