Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛАХ УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ШААРДЛАГА ЗУЗААРСААР

Парламентад суудалгүй намууд нэгдэж Засгийн газрыг огцруулна уу хэмээх шаардлага тавьж, үндэслэл дэвшүүлсэн нь өнгөрсөн зуны үйл явдал. Тухайн үед долоон үндэслэл танилцуулж, шинэчлэлийн Засгийн газрыг буруутгаж байсан нь баяжиж нэмэгдсээр арав болсныг өчигдөр танилцууллаа. Хамгийн сүүлийн үндэслэлдээ ард түмэнд биш ашиг хонжоо олсон олигархуудад зориулж хууль боловсруулдаг болсныг үгүйсгэж буй аж. Нэгэнт хууль тогтоох засаглал, гүйцэтгэх засаглалд оролцоо байхгүй ч улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдгийн хувьд хэд хэдэн нам эрх баригчдад хөндлөнгийн сөрөг хүчин болж ажиллаж байна. Гэхдээ тэдний хийж буй үйлдэл, огцрохыг шаардсан нь хуульд нийцэхгүй учраас төдий л үр дүнгүй байх болов уу гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд сануулсан ажээ. Та бүгдийн хичээл зүтгэл, энэ шаардлагад эргэж хариу өгөх юм уу гэсэн сэтгүүлчийн асуултад “Бидний шаардлагыг хүлээж авлаа, энэ асуудлыг УИХ-ын сөрөг хүчний зүгээс тавих шаардлагатай. УИХ-ын дарга шууд огцруулах саналыг шийддэггүй. Засгийн газрын тухай хуульд ч, УИХ-ын тухай хуульд ч ийм байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл, та бүгд энэ асуудлаа сөрөг хүчин МАН-д өгөөч ээ. Тэгвэл УИХ-ын 19-өөс олон гишүүний санал болоод сая хүчин төгөлдөр болох юм гэж тойруу утгаар хэлсэн” гэж хариуллаа. Гэвч парламентад суудалгүй намууд МАН-д дээрх шаардлагаа өргөн бариулъя гэж хандаагүй гэнэ. Харин ч УИХ-ын дарга З.Энхболдод л хандаж, асуудлаа өргөн барьж, шаардлагаа хүргүүлэх байр сууринаасаа буцахгүй хэмээв. Зарим улс төрийн намын удирдлагууд байр сууриа илэрхийлснийг хүргэе.

Иргэний хөдөлгөөний намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Сүхжаргалмаа:


Манай хүн амын 30 гаруй хувь нь ядууралд баригдсан, ард түмний амьжиргаа доогуур байна. Хадгаламжийн 100 төгрөг тутмын 98 нь хүн амын хоёр хувийн гарт байдаг бол үлдсэн хоёр төгрөг нь 98 хувьд оногддог. Энэ бол Иргэний хөдөлгөөний намын үзэж байгаагаар бол засаглалын хямралын нэг хэсэг. Манай нам бол төрийн хямрал бий болсон гэж үзэж байгаа. Үүнд гурван төрлийн зүйл багтана. Эдийн засгийн хямрал болсныг та бүхэн мэднэ. Монгол Улсын маш том төсвийг хоёр жилийн дотор үрэн таран хийчихсэн. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг хоёр нугалсантай тэнцэхүйц гадаад өр үүсчихлээ. Дараа нь засаглалын хямрал бий болсон. Монгол Улсын Их хурал хийгээд бүх хууль тогтоомжийг уландаа гишгэх мэт үл тоомсорлож, албан тушаалаа урвуулан ашигласан. Төрөл садан, найз нөхдийнхөө төлөө албан тушаал гаргаж өгөөд Засгийн газар гэдэг бүрэлдэхүүнээр тоглож байгаа. Үүнээс улбаалаад үндэсний аюулгүй байдлын хямрал нүүрлэсэн шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг хоёр нугалсантай тэнцэхүйц өр бий болж байгаа нь үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд шууд халдахуйц аюултай.
Ард түмнийг тоодоггүй юм байна. Үндсэн хуулиа тоодоггүй юм байна. Монгол Улсын хууль тогтоомжуудыг тоодоггүй юм байна. Иргэдийнхээ эсэргүүцэл, шүүмжлэлийг тоохгүй байна. Тэгтэл бүр намаа ч тоодоггүй юм байна шүү дээ. Тэр хоёр нам чинь бүхнээс дээгүүр намаа л тавьж, авч үздэг биз дээ. Тийм учраас энэ Засгийн газар үлдэх юм бол 2016 он хүртэл та бид эх орондоо байх уу үгүй юу гэдэгт их эргэлзэж байгаа. Урд хөрш орны төрийн тэргүүн манай улсын хууль тогтоох байгууллагын танхимд орж ирээд Миний нутаг гээд хэлчихлээ. Ийм зүйлийг ардчиллын засгийн үед сонсоно гэж огт бодоогүй боловч сонсчихсон. Үүнийг мартах ёсгүй.

Монголын ногоон намын Бага хурлын гишүүн Б.Пүрэвдорж:

Энгийнээр тайлбарлая л даа. Эцсийн дүндээ эдийн засгийн өршөөлийн тухай хууль батална гэдэг юу гэсэн үг вэ. Идсэн, уусан, хөрөнгө шамшигдуулсан, олигарх гэгддэг нөхдөө л хамгаалах хууль гаргаж байна шүү дээ. Ингэж болох уу. Ядарсан ард түмнийхээ ашиг тусад нийцүүлсэн нэг ч хууль батлаагүй хэрнээ идэж, уугаад дуусгасан хүмүүсийн төлөө хууль гаргана гэдэг бол хамт завшиж, ард түмнийхээ татвар, хөлс хүчийг сорсны л илрэл байх. Бие биеэ хамгаалж, хууль гаргахыг Монголын ногоон нам эрс эсэргүүцэж шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах 10 дахь үндэслэл болгож дэвшүүлсэн. Ядуураад, ядраад байна шүү дээ гэснийг гэр хороолол, зах дэлгүүр, гудамжаар алхаж яваад үзэхийн оронд саарал байшинд суучихаад л амьдрал сайхан харагдаж байна гээд, өршөөлийн хууль хийгээд. Үндсэндээ Монголын ард түмнийг доромжилж байна шүү дээ. Мэдлэггүй, чадваргүй, яаж ч байсан эд нар дуугүй байдаг гэсэн ойлголттой болчихсон хүмүүс юм байна. Үнэндээ тийм биш, ард түмэн хүлээгээд л байгаа юм. Маш их тэвчээртэй хүлээдэг. Гэвч нэг тэсрэх байлгүй дээ.

Хамаг Монгол хөдөлмөрийн намын Цэцийн дарга Ц.Шинэбаяр:

Засгийн газрын хийсэн ажлыг бид үгүйсгэж байгаа юм биш. Тэд ямар хууль зөрчсөн юм, яагаад боловсруулсан хууль нь ард түмнийхээ эсрэг байгаа юм, иргэдийн хүсэн хүлээсэн зүйлийг яагаад хэрэгжүүлэхгүй байна гэдэг асуудал л дэвшүүлсэн. Тухайлбал, Засгийн газар санаачлаад Газрын тухай хуулийг гадаадынханд нээллтэй болгохоор гэнэт оруулж ирсэн шүү дээ. Харин нэгдсэн эсэргүүцлийн үр дүнд хойшлуулж чадсан. Хоёрт, Ашигт малтмалын тухай хуулийг 2006 онд баталснаас хойш удаа дараа өөрчиллөө. Тэгэх болгондоо тодорхой нэртэй компани, хувь хүний эрх ашигт нийцүүлдэг. “Стратегийн ач холбогдолгүй ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоо” гэдэг 5.4 дэх заалтыг өнгөрсөн найман жилийн турш Засгийн газар ч, УИХ ч, эзэмшдэг компани ч хийгээгүй байна. Ингэснээрээ улсын төсөвт орж ирэх олон зуун сая долларыг алдсан. Үүнийг ярихгүй явж явчихаад өнгөрсөн хавар хуулиа өөрчлөхдөө улам дордууллаа. Өнгөрсөн хавар төр аливаа ордод эзэмшлийнхээ хувийг авахын тулд мөнгө төлдөг болсон. Цагаансуваргын стратегийн ордод төрийн эзэмшлийн 34 хувь гэж доогуур тогтоочихоод түүнд ногдох 360 сая ам.долларыг компанид нь зүгээр л бэлэглэчихсэн. Үндсэн хуулийн 6.1 дэх заалтад “Газрын хэвлийд байгаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байна” гэж бий. Гэтэл ард түмнээс асуулгүйгээр хувийн компанид ордыг нь өгчихөөд эргээд төр хувь эзэмшихийн төлөө их мөнгө төлж байна. Үүнээс гадна Засгийн газар авлигатай огт тэмцэхгүй байгаа шүү дээ. Түрүүчээсээ авлигын хэрэг илэрч, гарч ирэхээр Засгийн газар түүнийг өмгөөлсөн, хамгаалсан мэдэгдэл хийж байгаа учраас эрс эсэргүүцнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан