Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Энхцэнгэл: Улаанбаатар Зүүн хойд Азийн бизнес аялал жуулчлалын шинэ төв болно


Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Энхцэнгэлтэй ярилцлаа.

-Түүхэн ойн өдөр сайн сайхан зүйл ярилцах нь зүйтэй байх.  Юм хийж бай­гаа хүнээр сайныг нь яриул гэх үг ч байдаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нийслэл хотод өөрчлөгдсөн зүйлсээс яриагаа эхэлье?
-Бидний хийж бүтээсэн ажлыг та бүхэн мэдэж байгаа. Засаглалыг сайжруулж иргэдэд нээлттэй байхад түлхүү анхаарсан. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар олон ажил хийлээ. Тухайлбал, ажлын үр дүнг тооцох, чиглэлийг тодорхойлоход иргэд оролцдог боллоо. Үүнийг зүгээр ярих бус иргэдийн оролцоог бодитоор хангах үүднээс Захирагчийн ажлын албанаас судалгаанд үндэслэн зураглал гаргалаа. Засаг даргын Тамгын газар дүүрэг хороодтойгоо хамтран эрүүл аюулгүй байдлын индексийг тодорхой аргачлалын дагуу тооцож гаргасан. Цагдаагийн байгууллага ч энэ чиглэлээр ажиллах болсон. Жишээ нь “scool police” буюу сургуулийн цагдаа ажиллуулж эхэлсэн. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр гэрэлтүүлэг сайжирч, камерын хяналтыг тодорхой хүрээнд бий болгоод байна. Нийгмийн хөгжлийн чиглэлээр гэхэд саяхан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөр батлагдсан. Аялал жуулчлал, биеийн тамир, соёлын арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулж, иргэдийн амьдрах орчинг сайжруулъя гэсэн маань эргээд аж ахуйн ашиг орлого бий болгодог байх хэрэгтэй гэх баримтлалаар хөтөлбөр гарсан. Өөрөөр хэлбэл, найрсаг байхын үр шимийг нийт иргэд нь хүртдэг хот байлгах үүднээс тусгай хөтөлбөр боловсруулсан гэсэн үг. Иргэдийн оролцоог хэрхэн хангаж байгааг ч нийслэлчүүд мэдэж байгаа. Наад зах нь сургууулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг эцэг эх, сурагчдын оролцоотой сонгон шалгаруулдаг болсон. Сургууль цэцэрлэгийн удирдлага бол нийтийн засаглал гэдэг утгаар иргэдийн оролцоотой сонгож байна. Үүнээс гадна сургууль цэцэр­лэгийн  хүний нөөц бүрдүү­лэхдээ нийгмийн ажилтан хи­чээлийн эрхлэгч нарыг сон­гон шалгаруулж эхэлсэн. Хаагд­мал байсан орчин ажил хөдөлмөр эрхлэх сонирхолтой хүмүүст нээлттэй боллоо гэсэн үг. Сурагчдад үйлчилдэг, сур­гуу­лийн цайны газрын түрээс­лэгчийг хүртэл тендерээр сон­гон шалгаруулдаг болсон шүү дээ. Ингэснээр орлого нэ­мэг­дэнэ. Удирдлагын зүгээс эрүүл ахуй аюулгүй байдалд стан­дартын дагуу шаардлага тавих хяналт сайжирна гэж үзсэн.

-Нийслэлийн бүх байгууллага иргэддээ нээлт­тэй болж өөрчлөгдсөн гэж ойлгож болох уу?
-Цагдаагийн байгууллага ч боловсрол эрүүл мэндийн байгууллага ч тэр ажлаа иргэддээ тайлагнадаг илүү нээлт­тэй үйл ажиллагаа явуул­даг болох үйл явц явагдаж байна. Мөн “Нээлттэй Улаан­баатар” авлигын эсрэг олон улсын чуулган Улаанбаатар хотноо саяхан болсон. Олон орны төлөөлөл, эрдэмтэн судлаач ирж туршлага мэдлэгээ хуваалцсан их үр дүнтэй арга хэмжээ болсон гэж үзэж байгаа. Чуулганы хүрээнд ашиг сонирхлын зөрчлөөс хэрхэн ангид байх, хэрхэн урьдчилан сэргийлэх, засаглалыг хэрхэн үр дүнтэй байлгах вэ гэдгийг ярилцсан. Өнгөрсөн хоёр жилийн ажлаа хэлэлцэж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсан.

-“Нээлттэй Улаанбаатар” олон улсын чуулганаас гадна Зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулган ч Улаанбаатар хотноо болсон шүү дээ. Нийслэл хот гадаад харилцааны тал дээр нэлээд ахиц гаргасан гэж ойлгож байгаа. Энэ тухайд?
-Тиймээ. Зүүн хойд Азийн хотын дарга нарын чуулган зохион байгуулсан. Улаанбаатар хот Зүүн хойд Азийн бусад хоттой хэрхэн хамтран ажиллаж, хамт хөгжиж болох вэ гэдгийг ярилцсан. Мэдээж гадаад харилцааны тал дээр нэлээд том алхмууд хийсэн. Хуучин харилцаатай хотуудтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна. Мөн шинээр хамтран ажиллахаар болсон хотууд ч бий. Тухайлбал, Австрийн Венн хот, БНХАУ-ын Бээжин, Английн Лондон хоттой хамтран ажиллах гэрээ хэлцэл хийсэн. Токио хоттой ч мөн хамтын ажиллагааны сувгийг нээгээд байна.

-Зүүн хойд Азийн бизнес аялал жуулчлалын төв гэсэн нэг том зорилт Нийслэлийн нийгэм, эдийн засгийн стратеги төлөвлөгөөнд туссан харагдсан?
-УИХ-аас баталсан Улаан­баатар хотын хөгжлийн төлөв­лөгөөнд зааснаар бүсийн аялал жуулчлал бизнесийн төв болоход анхаарч, үйл ажиллагаагаа зориулж ир­лээ.  Нүүдэлчин хотоос суу­рин хот болж хөгжсөн нь мон­голчуудын олон жилийн хөдөл­мөрийн үр дүн.  Цааш­дын чиг хандлага бол Зүүн хойд Азийн бизнес аялал жуулчлалын шинэ төв болох. Мөн монголчуудын хувьд нийгэм, соёл, түүхийн татах хүч болсон иргэд нь эрүүл аюулгүй орчинд амьдардаг засаглал нь нээлттэй иргэдийн оролцоотой тийм сайхан хот болгохын төлөө л ажиллана.

-Дараа жилийн өдийд нийслэлд нийгмийн хөгж­лийн чиглэлээр юу өөрч­лөгдсөн байх бол?
-2012 оны сонгуульд Нийс­лэлийн Засаг дарга мөрийн хө­төлбөр боловсруулж орсон. Мөн Ардчилсан намын “5-А” хөтөлбөрийг хэрэг­жүүлэх үүрэг бидэнд бий. Мөрийн хөтөлбөрт заасан ажлуудаа үргэлжлүүлэн хийнэ. Дараа жил тавигдах нийгэм эдийн засгийн зорилтоо арваннэгдүгээр сарын сүүлээр НИТХ-аар батлуулна. Тэр үед ирэх жилийн тавигдах зорилт, хэрэгжүүлэх ажил илүү нарийн гарч ирнэ. Дараа жилийн өдийд гэхэд бид хотынхоо нэлээд хэсгийг камерын хяналттай, гэрэлтүүлэгтэй улам сайжирсан, хог хаягдалгүй, гудамж замын цэвэрлэгээ үйлчилгээ жигдэрсэн, цахил­гаан хангамж сайжирсан гэхч­лэн өргөн хүрээг хамарсан ахиц гарна гэдэгт итгэлтэй байна. 

-Нийслэлчүүддээ хандаж хэлэх үг бий байх?
-Нүүдэлчин ард түмэн нийгэм соёл, улс төрийн төв суу­ринтай болохоор шу­луудаж, “Өргөө”-г төвх­нүүлс­нээс хойш 375 жил өнгөрчээ. Хо­тын иргэд та бүхэн хамт­ран амьдрах болсныхоо бая­рыг сайхан тэмдэглээрэй. Бүг­дээрээ эрүүл аюулгүй, ирээ­дүйтэй, хөгжилтэй хотын ир­гэд байхын төлөө дор бүр­нээ хичээж ажиллацгаая. Нийслэлчүүддээ Улаанбаатар хотын 375 жилийн ойн баярын мэнд хүргэе.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан