Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Алтсүх: Нүүрсний зах зээлийн илүүдэл хумигдаж буй тул үнэ тав, арван хувиар өсч магадгүй


Ашигт малтмалын газрын Нүүрсний хэлтсийн дарга Б.Алтсүхтэй нүүрсний экспорт, дотоодын хэрэгцээг хангадаг уурхайнуудын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Нүүрсний үнэ унаж манай экспортын орлогод хүнд цохилт болсон. Гэтэл Хятад улс манай нүүрснээс импортын татвар авах боллоо. Ийм татвар авах болсон шалтгааныг та юу гэж үзэж байна вэ?
-Хятадын зах зээл дээр нүүрсний эрэлт, нийлүүлэлт алдагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, сүүлийн жилүүдэд нийлүүлэлт огцом өсч үнэ унасан. Өнгөрсөн хавар Хятад нүүрсний импортоо хэрхэн зохицуулах талаар хурал хийсэн. Үүнд би очиж суусан юм. Тэгэхэд  Хятадын орон нутгийн жижиг уурхайнууд Засгийн газартаа олон асуудал тавьж байв. Тухайлбал, манай уурхайнууд их хүнд байдалд орлоо, нүүрсний импортоо хязгаарлах бодлого гаргаач гэсэн. Үүнд төр засгийн төлөөлөгчид нь “Хятад улсын бодлого бол жижиг, бага хүчин чадалтай уурхайнуудаа зах зээлээс шахна. Зах зээлийн эрүүл зарчим үйлчилж байна. Үйл ажиллагаагаа өргөжүүлж давж гарах нь үлдэх болно” гэж хариулж байсан юм.  

Энэ онд тус улсын 1500 орчим жижиг уурхай хаагдсан судалгаа бий. Одоогоор энэ байдал үргэлжилж нүүрсний зах зээл сайжрахгүй байгаа тул дотоодын уурхайнууд төр засагтаа хүсэлт тавьж хоёр томоохон арга хэмжээ авлаа. Эхнийх нь энэ сарын 15-наас импортын нүүрсэнд татвар ногдуулах болсон. Ингээд эрчим хүчний нүүрсний тонн тутамд зургаа, коксжих нүүрсэнд гурван хувийн татвар ногдуулж буй юм. Манай улс ч бас байгаль орчинд ээлгүй жижиг уурхайнуудыг хаах хэрэгтэй. Ганц хоёр эксковатор энд тэнд ажиллуулаад газар ухаж шороо босгоод байж таарахгүй шүү дээ. Хөдөө орон нутгаар явахад алт, жоншны жижиг уурхайнууд их олон байна. Үүнийг цэгцлэх учиртай юм. Эдгээр жижиг уурхай улсад оруулах ашиг гэж бараг байхгүй, байгаль орчин сүйтгэхээс өөр “ид шид” алга. Хувийнхаа хэрэгцээг хангахаас хэтрэхгүй ийм уурхайнуудаас татгалзах л хэрэгтэй. Манай улсад мөнгө хэрэгтэй байгаа тул одоо­хондоо дэмжиж байх шиг байна.  Ер нь улс хөгжөөд эдийн засгийн чадалтай бо­лоод ирэхээр жижиг уурхай­нуудаас татгалзах ёстой.

-Тэгэхээр импортын нэг тонн нүүрсэнд хэдий хэмжээний татвар төлөх тооцоо гарч байгаа бол. Хятадад нүүрс нийлүүлэгч улс оронуудын байдал ямар байна вэ?
-Нэг тонн нүүрсэнд нэг ам.долларын татвар ногдох тооцоо бий. Манай улс жилд 18-20 сая тонн нүүрс экспортолно гэж бодоход жилд энэ хэмжээний мөнгө төлнө гэсэн үг. Өнөөдөр татвараа хурааж тооцоо хийгээд хүндрэл учирсан зүйл гайгүй байна.  Цаашид татварын дарамт нэмэгдэх нь тодорхой. УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Хятад улсын дарга Ши Зиньпинтэй уулзахдаа энэ татварын талаар голлож ярилцсан. Тэгээд манай хоёр орон хил залгаа. Хятадын нүүрсний импортын хоёр дахь томоохон нийлүүлэгч. Иймд энэ татвараа бууруулж өгөөч гэсэн хүсэлт тавилаа. Хятадад нүүрс нийлүүлэгч бүх улс оронд ийм тавар ногдуулах болсонд их эмзэглэж байна. Индонез улсын Хятдад нийлүүлж буй нүүрсний хэмжээ  сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдэж буй юм. Тус улс уг татвараас чөлөөлөгдсөн. Учир нь, АСЕН-ны орнуудын гишүүн тул чөлөөт худалдааны гэрээгээр дээрх татварыг төлөхгүй болж байна.  Австралийн Засгийн газар уг татварын талаар Хятадын талд нэлээд асуудал тавьж байгаа. Энэ хоёр улс чөлөөт худалдааны бүстэй болох хэлэлцээр байгуулж гарын үсэг зурах болсон. Оны эцсээр гарын үсэг зурах төлөвлөгөөтэй гэсэн.   Хэрэв  дээрх хэлэлцээрт гарын үсэг зурвал нүүрсний импортын татвараас чөлөөлөгдөх бололцоотой болох юм билээ. Ийм татвартай болсноор нүүрсний үнэ бага зэрэг өсөх хандлага ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, импортын татвар төлөхийн тулд нийлүүлж буй нүүрснийхээ үнийг  нэмнэ. Ингэхгүйгээр уг татварыг төлөх боломжгүй. Хэрэв манай улс уг татварыг хөнгөлүүлж чадвал манай экспортын орлого бага зэрэг нэмэгдэх сайн тал бий.

-Хятад улс импортын татвараас гадна нүүрсний ча­нар стандарт шинээр баталж мөрдөх болсон гэ­сэн. Энэ талаар тодруулж өгөөч?
-Хятад улс “Арилжаанд зориулагдсан нүүрсний чанарын удирдлагын талаар мөрдөх түр журам” гэж гаргасан. Энэ журмыг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөх болсон. Үүний гол шалтгаан нь  агаарын бохирдол их байгаатай холбоотой. Хятад улс агаарын бохирдол бууруулах, нүүрсний чанарыг сайжруулах шаардлага  үйлдвэрүүддээ тавьж байгаа юм. Тэгэхдээ нүүрсний үнслэг, хүхрийн хэмжээ ямар байхыг зааж өгсөн. Мөн 600 км-ээс урт замаар тээвэрлэх нүүрсний чанар стандартыг  тогтоолоо.  Иймд импортын татвар, стандарт    тогтоох нь дотоодын нүүрсний зах зээлээ дэмжиж буй бодлого. Энэ нь сайн, муу хоёр талтай. Манай улс Хятадтай хил залгаа учраас Тянжин болон далайн боомтод тээвэрлэж ирсэн нүүрс нь уг  чанар стандартын шаардлага хангаагүй бол алс  хол тээвэрлэж зүүн хойд хязгаар нутаг, Өвөрмонголыг хангах боломжгүй болж байгаа юм.  Иймд манай улс энэ зах зээл орон зайд нүүрс нийлүүлэх боломж бүрдэнэ. Манай улсаас экспортолж буй нүүрсний ангилал, чанар нь уг стандартад нь тохирдог. Гэхдээ экспортолж буй нүүрсэндээ бид таван төрлийн шинжилгээ нэмж хийдэг болно. Одоогоор манай улс экспортын нүүрсэндээ эдгээр шинжилгээг нь хийхгүй байгаа. Тэгэхээр ирэх оны эхнээс зайлшгүй шинжилгээ хийх ёстой нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүд лаборатор олох шаардлага тулгарсан.

-Урд хөршийн нүүрсний зах зээлд манай улстай өрсөлдөгчид олширсон. Тухайлбал, АНУ, ОХУ гээд олон өрсөлдөгч шинээр гарч ирлээ. Иймд зарим судлаачид манай улсыг ирэх хоёр, гурван жилийн хугацаанд жилд 12-14 орчим сая тонн нүүрс ний­лүүлэх л боломжтой. Үүнээс хэтрэхгүй гэж тө­сөөлсөн байгаа. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Өрсөлдөгчид ямар ч судалгаа, төсөөлөл гаргаж болно. Манай улс ОХУ-аас давуу талтай.  Учир нь бидний нүүрс нийлүүлэх зах зээл ойрхон. Үндсэндээ Хятадын хил дээр нь шахуу л байгаа юм. Үүнээс гадна  манай улс нүүрс нийлүүлээд дөрөв таван жил болсон тул зах зээлээ эзэлсэн, тушлагажсан  юм. ОХУ-д бас давуу талууд бий. Яагаад гэвэл хоёр орны Засгийн газар эрчим хүч, нүүрс, хий, тээврийн талаар том том төслүүд боловсруулж хэрэгжүүлэхээр гарын үсэг зурсан.  Иймд бид Хятадтай найрсаг харилцаатай байж зах зээлээ алдахгүйг хичээн ажиллаж байна.

-Манай экспортод гарч буй нэг тонн нүүрс өнөөдөр ямар үнэтэй байна. “Эрдэнэс Таван толгой” компаниас бусад нь нүүрс экспортолж байгаа юу?
-Нүүрсний үнийг нэг тонн нь ийм тийм гэж хэлэхэд хэцүү. Учир нь нүүрсний чанар, боловсруулалтын түвшнээс шалтгаалж уурхай бүрийн үнэ өөр. Мөн уурхай дотроо нүүрсний давхарга болгоноос өөр өөр чанартай нүүрс гардаг. Өнөөгийн байдлаар экспортолж буй нүүрсний дийлэнхийг “Эрдэнэс Таван толгой” компани гаргаж байна. Энэ компани “Чалко”-д төлөх өрийн нүүрсээ уурхайнхаа амнаас нэг тонныг нь 35 ам.доллараар экспортолж байгаа.  Үүнээс гадна Таван толгой ордод ажиллаж буй “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс”, “Таван толгой” /орон нутгийн/, Нарийнсухайтын ордоос “Саус гоби сэндс”, “МАК”, “Чинхуай МАК” нүүрсээ алдаг оног экспортолж байна. Гэхдээ нүүрсний үнэ хямд байгаа тул их хэмжээгээр экспортолж чадахгүй байгаа юм. 
 
-Ирэх жил нүүрсний үнэ ямар байх төлөв ажиглагдаж байгаа бол. Судлаачид ямар төсөөлөл хийж байна вэ?
-Манай улсад зах зээлийн төлөв,  үнийн төсөөлөл хийдэг судалгааны байгууллага алга. Иймд дэлхийн хэмжээний томоохон судалгааны байгууллагуудын мэдээллийг үзэж ашигладаг. Эндээс үзэхэд нүүрсний үнэ өсөх хандлага муу байна. Гэвч  тав, арван хувиар өсч магадгүй гэж байгаа. Энэ оны дөрөвдүгээр улиралд нүүрсний үнэ хамгийн доод цэгтээ хүртэл уналаа. Нэг ёсондоо “Үүнээс цааш газар үгүй” гэдэг л болсон хэрэг. Үүнээс шалтгаалж үүд хаалгаа барьж буй гадаад, дотоодын олон компани бий. Жишээлбэл дэлхийд нүүрс олборлолт, борлуулалтаар тэргүүлэх байр суурьтай “Пийбоди” компани энэ онд олборлох ёстой нүүрснийхээ 30 сая тонныг хаслаа.  Иймд нүүрсний зах зээлийн илүүдэл хумигдаж эхэлж байна. Тэгэхээр ирэх оноос зах зээл эрүүлжих хандлага ажиглагдах байх. Тэгвэл нүүрсний үнэ бага зэрэг нэмэгдэх хандлага бий.

-Манай нүүрс экс­порт­логчид хамтын ажиллагаагүй, нэгдсэн үнэгүй байдаг. Иймд бие биеийнхээ нүүрсний үнийг унагадаг гэдэг. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-Энэ хоёр талтай асуудал. Ер нь Засгийн газраас нэгдсэн үнийн бодлого хэрэгжүүлсэн. Ашигт малтмалын жишиг үнэ гэж зарладаг болсон юм. Тухайлбал, Монгол Улс нэг тонн нүүрсээ ийм үнээр зарна шүү гэж тогтоож байлаа. Тэгээд энэ үнээр тооцож татвар авч байсан. Жишээ нь нэг тонн нүүрсээ 40 эсвэл 50 ам.доллараар зараарай. Хэдэн ам.доллараар зарсан ч энэ үнээр тооцож татвар авна шүү гэсэн үг. Засгийн газар тэр зарласан жишиг үнээрээ л татвараа ногдуулж  авч ирсэн. Гэтэл үүнийг эсэргүүцсэн хүн, компани олон гарсан юм. Ингээд зах зээлийн байдлыг харгалзан үзэж энэ жишиг үнийг нүүрсэнд тооцохгүй  болсон. Одоо худалдан авагч, худалдагч хоёрын гэрээний үнийг баримталж татвар ногдуулж байгаа. Үнэ унасан, худалдан авагч олдохгүй байгаа  өнөө үед төр компанийн дотоод хэрэгт оролцож тэдээр тооцож нүүрсээ зар гэх боломжгүй. Гэхдээ нэг цонхны бодлого, уул уурхайн бирж гэдэг зүйлээр дамжуулж экспортлох нь зүйтэй. Энэ талаар судалгаа хийж байна. Ашигт малтмалын үнэ унасан өнөө үед үүнийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй юм. Үнэ өсч өрсөлдөөн нэмэгдэх үед л хэрэгжүүлэх боломжтой.
Ер нь нүүрсний үнэ огцом өссөн нь их учиртай. Манай улс 2005 оноос анх нүүрс экспортолсон. Эхний жил дөрөв, таван зуун мянган тонныг экспортолж байлаа. Ингээд жилд 11, 12 сая тонн нүүрс экспортолдог болж ирсэн 2010 онд Австралид их үер бууж нүүрсний уурхайнууд нь хаагдсан. Үүний улмаас тус улсын нүүрсний экспорт зогсонги байдалд орсон юм. Ингээд Хятадад нүүрсний эрэлт нэмэгдэж үнэ огцом өсч эхэлсэн.  Нэг ёсондоо нүүрсний үнэд хөөс үүссэн гэсэн үг. Энэ үед манай улс жилд 20 гаруй сая тонн нүүрс экспортолж маш өндөр үнээр зарсан. Үүнийг манайхан тэр чигээрээ өндөр үнэтэй байх юм шиг санаж төсөв, төлөвлөгөөндөө оруулсан гэж болно. Иймд 2013,  энэ оны төсөвт жилд 30 сая тонн нүүрс экспортолно гэж тооцсон. Үүнээс гадна Хятадад нүүрсний үнэ өсөнгүүт ОХУ, АНУ зэрэг нүүрсний нөөц ихтэй орнууд уурхай нээж экспортолж эхэлсэн юм. Австрали ч уурхайнуудаа богино хугацаанд хурдан сэргээн засч зах зээлээ эзлэх болсон. Нэг ёсондоо дэлхий тэр чигээрээ нүүрс экспортлохын төлөө хошуурсан юм. Ингээд нүүрсний зах зээлд нийлүүлэлт огцом нэмэгдэж илүүдэл гарч үнэ унасан. Энэ бол зах зээлийн зарчим. Үр дүнд нь зарим компани дампуурч, нүүрсний нийлүүлэлт  буурч үнийн хөөс арилаад доод цэгтээ хүртэл уналаа.

-Ирэх онд хэдэн тонн нүүрс экспортлох бодит бо­ломж байна вэ. Энэ жил яг хэдэн тонн нүүрс экспортлох төлөв байгаа бол?
-Ирэх оны төсвийн төлөвлөгөөг Сангийн яамтай бид хамтарч хийсэн. Тэгээд биелэхгүй өндөр тоо тавьж бие биеэ хуурах хэрэггүй гэж үзсэн юм. Энэ онд бид 30 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөсөн. Үнэ буурсан, эрэлт муу байгаа тул төсөв тасрах байдалд хүрдэг. Иймд 19.5 сая тонн нүүрс экспортлох боомжтой гэж үзсэн.  Нүүрсний салбарын үйлдвэрлэл хүйтний улиралд голдуу  идвэхждэг. Нэг үгээр хэлбэл оны дөрөв, нэгдүгээр улиралд хамгийн их идвэхтэй байдаг. Өнгөрсөн жилийн өдийд 11.5 сая тонн нүүрс экспортолсон байсан. Энэ онд хоёр сая тонноор илүү байна. Гэвч өнгөрсөн онд 18.3 сая тонн нүүрс экспортолсон. Гэвч одоогоор өнгөрсөн жилийнх шиг нүүрсний борлуулалт сайжрахгүй байгаа. Сард хоёр сая орчим тонн нүүрс экспортолж буй юм.

-Хятадын импортын нүүрсний хэдэн хувийг манай улс хангаж байна вэ?
-Нийт нүүрсний хэрэглээ нь асар их. Коксжих нүүрс гэхэд жилд 78 сая тонныг гаднаас авдаг. Манай улс 2011 онд 20 гаруй сая тонн нүүрс экспортолсон. Тэр үед тус улсын хэрэглээ 60 гаруй сая тонн байлаа. Ингээд бодоход коксжих нүүрсний хэрэгцээний 40 орчим хувийг нь хангасан. Өнгөрсөн оны байдлаар 25 хувийг нь хангасан юм.

-Дотоодын нүүрсний хэрэгцээг хангадаг уур­хай­нуудын санхүүгийн байдал ямар байна вэ?
-Саяхан манайхан бүх уур­хайгаар явж өвлийн бэлтгэ­лийг нь шалгаад ирсэн. Өвлийн бэлтгэлээ ханган ажиллаж байна. Гэвч санхүүгийн хүнд байдал байгаа. Орон нутгийн дулаан, эрчим хүчний үйлдвэрүүд төвийн бүсийн дулааны цахилгаан станцууд авсан нүүрснийхээ үнийг бүрэн төлж чадаагүй тул ихээхэн өр авлага үүссэн. Цаашид нэмэгдэх хандлагатай байна. Санхүүгийн энэ байдлаас шалтгаалж засвар үйлчилгээний зарим ажил төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүй байгаа. Өдийд өвлийн бэлтгэл 100 хувь хангагдсан байх учиртай. Өнөөдөр 90 гаруй хувьтай байгаа.

-Хэдий хэмжээний өр авлага үүсээд байгаа вэ?
-Нүүрсний уурхайнууд дулааны цахилгаан станцуу­даас нийт 15 орчим тэрбум төгрөгийн авлагатай байгаа.      Жишээлбэл, “Багануур” ХК найман тэрбум  178 сая, “Шивээ-Овоо” ХК 4.9 тэрбум төгрөгийн авлагатай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан