Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аль ч намд хэрэггүй, Алтай нутагтаа л хэрэгтэй хүн


Говь-Алтай аймгийн төвд очоод “ягаан”-аар оръё гэвэл захын хүн л заагаад өгнө. “Ахуйн үйлчилгээний ордон” гэх соц нэрээр овоглосон газар аймгийн төвийнхөн төдийгүй хөдөөний иргэдийн хэрэгцээг хангаад л байдаг юм билээ.
Хуучин бол Ахуйн үйлчилгээний ордон гэж аймаг, сум, дүүрэг бүрт байсан. Гэтэл хувьчлалаас хойш нэг ч үгүй болсон атал Говь-Алтай аймагт Жигмэдийн Дашдаваа гэх нөхөр энэ үйлчилгээг сэргээж, өөрийн хүчээр гурван давхар ягаан байшин сүндэрлүүлээд үйлчилгээ эрхэлдэг аж.

Алтайчуудын нийтлэг төрхтэй, хүрэн бор царайтай, хижээл насны эр. Харахад жаахан зальтай байж мэдэх ч тулаад харилцахаар бодсон санаснаа шулуухан хэлчихдэг эрхэм аж. Тэрээр “Ах нь “Шадар туслагч” ХХК-ийн ерөнхий захиралын алба хашиж байгаа. Өнгөрсөн жилээс бие өвдөөд, тэгээд ч залуу хүнд ажлаа шилжүүлэхээр мөн хүүгээ хот руу алдчихгүйн тулд компаниа өгсөн” хэмээн яриагаа эхэлсэн юм. Амьдрал хатуудаа хатуу, зөөлөндөө зөөлөн. Гэхдээ түүнд амьдрал дандаа хатуу байсан ч юм шиг. Эсвэл бүр өгөөмөр байсан ч юм уу. Ямартай ч, түүний ярианаас энэ амьдралын өөдөөс сөрж зогссон хэн ч ялан дийлж чаддаг юм байна гэдгийг ойлгосон юм.

Амьдрал түгээгч

1982 онд цэргээс халагдаж ирсэн шижигнэсэн залуу Говь-Алтай аймгийн Нийтийн ахуйн үйлчилгээний газар усны тэрэгний жолоочоор амьдралынхаа нэгэн шинэхэн хуудсыг нээсэн юм. Ингэхдээ орон тооны бус үйлдвэрчний эвлэлийн хороонд даргаар давхар ажиллаж байв.

Ус бол хүний амьдралын гол хэрэгцээ. Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сум усны асуудалтай учраас гүний худгаас машинаар ус зөөж иргэд, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд ус хэрэгцээтэй бүхий л газар хүрч үйлчилдэг хүн учраас тэрээр ганцхан ус төдийгүй амьдрал түгээгч байсан юм.

Ж.Дашдаваа ах урдах ажлаа хийхээс гадна олон зүйлийг санаачилж, хийхээр бодсон зүйлдээ үнэн сэтгэлээ зориулж чаддаг байсан нь заримдаа буруудах шалтгаан болдог байсныг жаахан гунигтай гэхдээ бахархал дүүрэн хуучилсан юм. Нийтийн ахуйн үйлчилгээний газар ажиллаж байхдаа тэрээр худгийн усыг цагийн хэмжүүртэй болгожээ. Учир нь ус авч буй машины ёмкость дүүрэхээр жолооч түгээгчид болно гэж хэлэх гэсээр байтал багагүй ус асгарч, өвөлдөө бол зузаан мөс болдог байж. Үүн дээр нэг жолооч машинаа унагаад авсан ч удаатай учраас шийдэх арга бодож явсаар таван тонн ус шахахад хэдий хэр хугацаа ордгийг нарийн судлаад хугацаагаар ус шахдаг техникийг зохион бүтээсэн нь буруутах шалтгаан болсон гэдэг. Учир нь ус түгээгчдийг ажилгүй болгох гэсэн санаа хэмээн донгодож.

Гэсэн ч тэрээр шантарсангүй. Ус түгээдэг худгийн жижүүрүүд өвөлдөө долоон км яваад усны хоолойгоо хөлдөөхгүйн тулд гал түлдэг байсныг тогоор халдаг, усан теннтэй болгоод бас л буруудсан. Түүнийг инженерийн хийх ажлыг хийж, байгууллагаа цахилгааны төлбөрт оруулж байсан хэмээн зохион бүтээсэн усан теннийг нь аваад хаячихсан аж. Гэхдээ түүнд шантрах гэдэг ойлголт байдаггүй юм билээ.

Ахуйн үйлчилгээний оёдолчдын цагийг өглөө болон цайны цагийн дараа бүртгэдэг гурван ажилчны ажлыг хөнгөвчилж оёдолчдын ажлын үнэмлэхний ард жижигхэн соронз хийгээд өгчихөж. Хаалганы жаахан нүхээр ажлын үнэмлэхээ оруулахад соронз нь түгжээг татсанаар нээгддэг нээлт хийсэндээ өөртөө туйлгүй баярлаж гүйсэн түүнийг дахиад л гурван хүн ажилгүй болгох гэлээ хэмээн донгодож байж.

Мөн тэрээр Монголд анх удаа ачааны машиныг гидерддэг төхөөрөмж бүтээсэн юм билээ. Нийтийн ахуйн үйлчилгээний мэдэлд байсан хоёрхон самосвалын нэгийг бариад уурын зууханд нүүрс зөөхөөр зарим өдөр ажил нь амжихгүй. Нүүрсээ ачина, буулгана. Түүний ажлаа түргэсгэхээр бодож олсон санаа нь машиныхаа тэвшийг хажуу тийшээ өргөгддөг болгосноор ачсан нүүрсээ хялбархан буулгадаг болов. Харин энэ удаа донгодуулаагүй өнгөрч, бүр шагналд тодорхойлогдсон ч хасагдчихсан гэнэ.  Түүний шинэ санаачилгууд үүгээр дуусахгүй. Гэхдээ инженер хүн л шинийг санаачлах ёстой нийгэмд амьдарсан учраас түүний бүтээлийг үнэлэх хүн байгаагүй юм.

“Илээч, бариач” хүн намд элсэх хориотой

Жаргалантын хороо айл ихтэй, хад асгатай учраас хэрийн жолооч тийш зүглэдэггүй байв. Ойр ойрхон зогсч ус түгээх нь тийм ч амар ажил биш. Засварчнаар ажилд орсон ч хичээл зүтгэлтэй, жолооч залууд дарга нь итгэл хүлээлгэн актлагдсан крантай машины рам төмрийг өгснөөр Жаргалантын хорооныхон амралтын өдөр хүртэл устай байдаг болов. Арав гаруй жил усны тэрэг барихдаа ганц ч удаа ээлжийн амралтаа аваагүй түүний үнэнч хичээл зүтгэлд тэр хэрийн хариу өгч чадаагүй ажээ.

Хүмүүсийг ажилдаа явахаас нь өмнө усаа түгээчихдэг залууд иргэд, оршин суугчид талархана. Энэ нь түүний сэтгэлийг хөдөлгөж, улам л ажилдаа дурлахад нь нөлөөлсөн биз. Тийм ч учраас амрах ёстой өдрөө хүртэл иргэдэд ус хүргэж ажилласан нь бас л асуудал дагуулж, ажлаасаа халагдах дээрээ тулах нь тэр. Энэ удаа харин иргэний зориг гаргаж, даргадаа “Намайг ажлаас минь халж болно. Гэхдээ иргэдээс санал авчих. Иргэд хэрэв надаар усаа зөөлгөхгүй гэвэл би ажлаасаа дуртай гарна” гээд л хэлчихэж. Дарга ч түүний хэлснээр болж санал хураахад Жаргалантын хорооныхны хэн нь ч түүнээс татгалзаагүй юм. Ингээд ажилдаа үлдсэн залуу насаараа Нийтийн ахуйн үйлчилгээнд ажиллахдаа Намын хорооны дарга хийж байсан ааваасаа үлгэрлэж, намд элсэхээр болов. Хүсэлтээ гаргаж, анхандаа дэмжиж байсан ч сүүлдээ “”Илээч, бариач” хүн намд элсэж болохгүй” гэсэн хайр найргүй хариу сонсох нь тэр. Үүгээр ч зогсохгүй намын гишүүн эхнэрийг нь боловсролгүй, эсэргүү хүнтэй нийллээ хэмээн салах даалгавар ч намаас нь өгч байсныг хожим мэдээд тухайн үеийн төрийн толгой намыг үнэнхүү жигшсэн гэдэг.

Нэг бол шоронд ор эсвэл цэрэгт яв

1979 онд аавыгаа нисэх буудалд очиж тосчихоод УАЗ-469-тэй давхиж байтал хажуугаас нь барилгын конторын даргын жолооч мөргөчихжээ. Аавынх нь сүүж хугарч, тэр өөрөө тархи толгойдоо гэмтэл авчээ. Хэдийгээр барилгын конторын даргын жолоочийн буруу байсан ч эрх мэдлээрээ далайлгаж мань хүнийг буруутгах нь тэр. Ингэхдээ бүр түүнд цэрэгт явах эс бөгөөс шоронд орох сонголт өгчээ. Ж.Дашдаваа үүнийг ч бас л даваад гарчээ.

Автомашины осолд ороод удаагүй залууд аавдаа ч санаа тавих боломж олгохгүйгээр цэрэгт татчихав. Ингээд 011 дүгээр ангид алба хаахаар очоод юм ч ярьж чадахгүй болтлоо биеийн байдал нь хүндрээд цэргийн госпитальд гурван сар эмчлүүлээд гарахад нь түүнийг цэргийн алба хааж чадахгүй хэмээн халах тушаал гаргасан байв. Нэгэнт эр хүн болж төрсөн, тэгээд ч эх орныхоо дархан байдлыг хамгаалахаар эр цэрэг болсон учраас түүнд ингээд нутаг буцах санаа огт байсангүй. Ярьж чадахгүй учраас даргаасаа бичгээр гуйсаар үлджээ. Ингээд албаасаа гадуур Амгалан орчимд суудаг Зина гэгч авгайгаар бүтэн жил толгойгоо бариулав. Түүн дээр очих бүртээ мөнгө төлөх ёстой ч түүнд энэ асуудал биш байлаа. Учир нь мөр зэрэгцэн алба хаасан нөхөд нь түүнд бүтэн жилийн турш цалингаа ээлжлэн өгсөөр байсан юм. Гэхдээ мань хүн нөхдийнхөө мөнгийг үрээд байх нь хайран санагдсан учраас дараа жилээс нь өөрийнхөө толгойг, барьдаг болов. Ингэсээр тэрээр “илээч, бариач” гэх нэрийг өөртөө авчихсан хэрэг. Хэдийгээр нутаг орондоо тус хүргээгүй хүн үлдээгүй ч, “илээч, бариач” гэдэг шалтгаанаар социализмын үед олон зүйлээс хасагдаж, бас тагнуулж, чагнуулсаар, мөн анагаах ухааны эсрэг үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр шоронд орох дээрээ ч тулсан юм билээ.
Гэхдээ Нийтийн аж ахуйн албанаас шинийг санаачилсныхаа бурууд гурван ч удаа халагдах дээрээ тулахад “илээч, бариач”-ийн тусыг нууцаар хүртсэн олон түүнийг ажилд нь үлдээсэн юм билээ.

Даргаа айлгадаг жолооч

Түүнд социализм хатуурхаж, төрийн төмөр нүүрийг нүцгэн биеэрээ мэдэрсэн гэж хэлэхэд болохоор тийм хүнд цаг үеийг туулсан юм. Харин 1990 оны ардчилсан хувьсгал түүний амьдралд бас нэгэн хуудсыг дураараа сөхөж өгсөн. Учир нь нэг л өдөр Ж.Дашдаваад Тэргүүний залуу алтан медаль, тав, зургадугаар таван жилийн гавшгайч медалийг бөөнөөр нь өгчихөв. Аль хэзээ тодорхойлогдоод шагнал нь ирчихсэн ч “илээч, бариач” эсэргүү нөхөрт тэр шагналыг хэн ч өгчихөж зүрхлээгүй хэрэг. Тэр ч байтугай аймгийн аварга болох болзлыг хоёр ч удаа биелүүлсэн ч доошоо бууж, байгууллагын аварга хэмээх “эрхэм” цолыг өгч байсан гэдэг. 

Тэрээр энэ цагаас эхлэн усны тэргээ хувьдаа авч, бизнес хийх болсон юм билээ. Арав гаруй жил усны тэрэг барихдаа ганцхан л удаа цоо шинэ тэрэг барьж үзсэн дээ хэмээн ярихад тэр үеийнх нь баяр жаргал нүдэнд оч болж харвасан уу гэлтэй гялалзаж байсан.

Нийтийн ахуйн үйлчилгээний дарга солигдож, Намжил гэж хүн томилогджээ. Ажилдаа туршлагатай жолоочийг сонгож, өөрийн машинаа бариулсан нь Ж.Дашдаваа ах байв. Цагийн ус зөөж, ажилдаа сэтгэлээ зориулж сурсан жолооч өглөө хэлсэн цагтаа даргынхаа гадаа ирээд гурав сигнальдаад л гарч ирэхгүй бол явчихдаг байж. Гэтэл намын хурлаар Намжил даргыг “Чи өөрөө дарга юм уу, жолооч чинь дарга юм уу” хэмээн удаа дараа донгодсон учраас дарга жолоочоосоо эвтэйхэн салах арга нь нийтийн үйлчилгээнд ирсэн шинэхэн усны тэргийг өгөх байв. Анх удаа шинэ машинтай болоод байтал нэг л өглөө автын цагдаа машиныг нь хураачихав. Даргаасаа учрыг нь асуувал “Автын эгнээнд “илээч, бариач” хэрэггүй” гэсэн шалтгаантай байсныг ойлгов. Уур хүрмээр, шантармаар. Гэхдээ тэр огт шантрах тухай бодож ч амжаагүй эрчтэй амьдралыг бий болгож, түүнийгээ туулж гарсан нэгэн.

Түүнээс хойш бас нэг эвдэрхий ЗИЛ-130-ийг босгож унаад мөн л хувьдаа ашигласан шалтгаанаар хураалгах дээрээ тулж байв. Гэхдээ тэрээр энэ удаа зүгээр хараад, гайхаад суух биш аймгийн прокурор дээр ороод “Хэрэв миний эрхийг хасах бол та л хас” хэмээн зоригтой дуугарсан учраас хасуулалгүй өнгөрч, харин ч прокуророос долдугаар баазад ажиллах санал аваад, түүнээсээ татгалзаж байсан удаатай. Аав, ээжийнхээ насаараа ажилласан байгууллагыг орхих санаа байгаагүй учраас л тэр шүү дээ.

Эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа

Ардчилал ялж, өмч хувьчлал явагдсанаар нийтийн ахуйн үйлчилгээ үзүүлэгч хамт олон тарж бутрах нь тэр. Ж.Дашдаваа ахын хувьд усныхаа тэргийг өөрийн болгосон ч гуталчид ганц алхтай, хоёр оёдолчин дундаа ганц машинтай хоцорсон нь үнэхээр сэтгэл эмзэглэмээр дүр зураг байв. Энэ л үед Говь-Алтай аймгийн хоёрдугаар сургуулийн барилга дөрвөн сая төгрөгөөр хувьчлагдах гэж байгааг сонссон залуу аймгийн удирдлагуудад хандаж, “Надад мөнгөөр нь энэ барилгаа өгөөч, ахуйн үйлчилгээнд ажиллаж байсан иргэдийг ажлын байртай болгоё” гэхэд өгөхөөр зөвшөөрсөн ч дуудлага худалдаанд оруулах болж, эцэстээ боловсролгүй хүнд түүх дурсгалтай барилгыг өгч болохгүй гэв. Тийм учраас мань хүн уурандаа “Надад газар л өгчих, боловсролгүй хүн юу хийж чаддагийг харуулна” хэмээн ам гарснаар дөрвөн жилийн дотор өнөөгийн “Ягаан” хэмээн нэрлээд буй аймгийн төвд одоо хүртэл үйл ажиллагаа явуулж буй “Буяны байгууллага”-ыг сүндэрлүүлжээ. Энэ талаараа “Манай аймагт тэр үед хоёрдугаар арван жил болон Тагнуулын байр хоёр баригдаж байлаа. Хоёрдугаар арван жилийн барилгыг барихаар хотоос Мягмар гэдэг инженер бүсгүй ирсэн. Түүнд хотод кракасан барилга барьж байсан туршлага байсан учраас түүнтэй танилцаад өөртөө авсан байсан 400 гаруй метр урт бохирын хоолойгоо, хоёр машин тавын банзтайгаа өгөөд оронд нь нөгөө инженерээр заалгаад, бетоны машиныг нь ашиглахаар болсон. Ингэж л аймагтаа анх удаа кракасан барилга барьсан” гэв.
Барилгын хоёрдугаар давхрын ажил үргэлжилж байх үед дэд сайд Ц.Дашдорж аймагт ажиллажээ. Аймгийн зүгээс дэмжиж туслаагүй гэдгийг учирлан хэлтэл Дашдорж сайд түүнд 15 сая төгрөг хувиасаа өгч, хоёр жил хүүгүй зээлдүүлсэн аж. Хийж бүтээх гэсэн чин хүсэл, эрмэлзэлтэй хүнд хорвоо тийм ч хатуу биш гэдгийг энэ үйл явдал түүнд ойлгуулсан юм билээ.

Дээр “Буяны байгууллага” гэх учир нь зоорийн давхартайгаа нийлээд дөрвөн давхар ягаан байшинд арав гаруй үсчин, мөн тооны гуталчнаас гадна халуун ус, гоо сайхан, компьютерийн үйлчилгээ, цахилгаан бараа засвар эрхлэгчид, хүнс, бараа, хоолны худалдаачид ажиллаж амьдралаа залгуулдаг юм билээ.
Ингэхдээ таваг хоолны үнэ хүрэхгүй мөнгөөр өдрийн түрээсээ төлж, ажлаа эрхэлж байгаа нь үнэхээр л олны төлөө буяны ажил гэлтэй. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шадар сайд байхдаа түүний энэ үйл ажиллагааг магтан сайшаасан нь том дэмжлэг болж. Гэхдээ төсөл сайдын дэмжлэгээр тийм ч хурдан бүтсэнгүй. Хоёр ч төсөл өгсний нэгийнх нь төсөв, хасагдаж эзэндээ хүрэхээр болсон юм билээ. Төсөл нь дэмжигдэж, тун удахгүй эдгээр хүнээ үйлдвэрлэлд шилжүүлэхээр ажиллаж байгаа нь хэн хэндээ ашигтай гэдгийг ярьж байсан. Аливаа төслийг авч хийхийн тулд заавал үйлдвэр болох ёстой аж.

Мань хүн өөрийнхөө төлөө дуугарч бас ажиллаж чаддаг хүн. Үүнийг нь ч ойр тойрныхон нь мэддэг болжээ. Төсөл хөөцөлдөөд Ц.Дашдорж гишүүний өрөөнд ортол түүнийг Я.Санжмятав сайдтай холбож өгч. Ц.Дашдорж гишүүн “Энд танай намыг ч тэр, манай намыг ч тэр дэмждэггүй нөхөр байна. Түүнд дэмжлэг үзүүлээч” хэмээн гуйж байжээ. Түүний дэмжигдсэн төсөл нь ахуйн үйлчилгээний явуулын үйлчилгээ юм. Машиныг бүх төрлийг ахуйн үйлчилгээ үзүүлж болохуйц тоноглоод сум бүрт хүрч ажиллах нь түүний дараагийн зорилго.
Түүний хийсэн ажил үүгээр дуусахгүй. Аймгийн шинэ нисэх буудалд онгоцны жин хэмждэг багаж суурилуулсан, усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулсан, авто зогсоолууд хийсэн, хэд хэдэн хөшөө дурсгал сүндэрлүүлсэн гээд Ж.Дашдаваа гэдэг хүний гар бие оролцоогүй бүтээн байгуулалт Алтай хотод үгүй гэхэд болохоор.

Амьд Дондогмаа

Түүний амьдралын түүхийн алдаа, оноо, баяр жаргал бас харамсал бүрийг нийтлэлдээ шингээх гэж хичээвэл сонины зай талбай багадана. Залуу хүнийг Дондогмаа хүүхэлдэй шиг байх ёстой гэдэг. Үүний учрыг өмнө төдийлэн ухаж ойлгодоггүй байж. Харин Ж.Дашдаваа ахтай уулзсаны дараа хүн амьдралын ямар ч сорилт, бэрхшээл, хүнд цохилтод сөхрөн унасан ч эргээд босч ирж чаддаг байвал хүссэнээрээ амьдрах эрх чөлөөг олж чаддаг гэдгийг ойлгосон юм.
Тэрээр “Би аль ч намд орохгүй. Бүгдийг нь л дэмжинэ. Бүх намд миний найз байдаг. Гэхдээ нэг удаа ардчилалд орно гэж нэг удаа амлаж байлаа. Санжмятав даргатай уулзахдаа хэрэв миний явуулын ахуйн үйлчилгээний төслийг дэмжээд өгвөл би танай намд орно гэхэд “Та аль ч намд хэрэггүй. Алтай нутгийнхаа төлөө морь нохой мэт зүтгэнэ гэж хэлсэндээ л үнэнч бай” гэсэн юм. Тэгэхээр нь үнэхээр намд орж болохгүй юм байна” гэдэгтээ бүрэн итгэсэн” юм.
Түүнд хийх ажил их бий. “Нар сарны хооронд ажиллаж чадсан аавын хүү л хождог юм даа” хэмээн байн байн хэлэх нь түүний амьдралын зарчим. Тэр амьдралыг хожиж байснаас ялагдаж, шантарч үзээгүй юм.

0 Сэтгэгдэл
Сайн хүн. Харин тэгтлээ хавчигдаж яваагүй. Аав нь байгууллагын нь намын дарга, маш сайн хүн байсан. Жаахан хэтрүүлж ярьсан байна даа. Бариачийн хувьд үнэхээр сайн барьдаг. Бариач илээч олон л хүн байсан. Тэднийг тэгтлээ хавчиж байсныг санахгүй юм
zasagt xanii zartai xudulmurh zaluud amjilt xusiiii
Khqdqlmqrch khvn
Sain baina uu? yuni omno ene niitlelg bichsen hund mash ikh bayrlala>>> Hudulmur huniig buteene gedg ug shuud l orj irj baina tsag uy uurchlugduj humuus huviaa boddg bolson uyd iim saikhan setgeltei hudulmurch hun olon baih boltugai Taniaraa baharhaj bn J.Dashdavaa
saihan niitlel bolson bna sain ah bna ohin ni sergeegdeh erchim huchnii chigleleer beltgegdsen ireeduitei ingeneer bdgiin bnlee
Хамгийн их уншсан