Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хордлогонд орсон цэцэрлэгийн хүүхдүүдийн бие хүндэвтэр байна


Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн хүүхдүүд эмнэлэгт эмчлүүлж байна гэх мэдээллийг албаныхан өглөө. Энэ сарын 29-ний үдэд тус цэцэрлэгийн хүүхдүүдэд  бөөлжих суулгах, халуурах зэргээр хордогын шинж тэмдэг илэрчээ. Одоогоор 43 хүүхэд сумын эмнэлэгтээ хэвтээд байгаа юм. Хүүхдийн биеийн байдал хөнгөвтөр ч хордлогын шалтгааныг тогтоохоор хяналтын байгууллагууд ажиллаж эхэлжээ.
Энэ нь хичээлийн шинэ жил эхэлснээс хойш Баян-Өлгий аймагт гарсан хоёр дахь тохиолдол юм. Есдүгээр сарын эхэнд дотуур байрны 100 гаруй хүүхэд хордож байсан удаатай. Өмнөх хордлогын дүгнэлтээр дотуур байрны хүүхдүүд химийн бодисонд хордсон хэмээн тодорхойлсон байдаг. Харин энэ удаа юунд хордсон нь хараахан тодорхой болоогүй байгаа гэнэ. Энэ талаар МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболдоос цөөн асуултад хариу авлаа.

-Баян-Өлгий аймагт олон хүүхэд хордлогын бай­далтай эмчлүүлж байна. Мэргэж­лийн хяналтын байгууллагын зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?
-Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн хүүхдүүдэд хоолны хордлогын шинж тэмдэг уржигдар 14 цагийн үед илэрсэн. Манай байгууллагад 15 цагт мэдээлэл ирсэн. Үүний дагуу аймгийн мэргэжлийн хяналтын мэргэ­жилтнүүд 19 цагт сум дээр нь очиж хяналтын үйл ажиллагааг эхлүүлээд байна. Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний хэсэг болон бусад эд зүйлээс нийт 30 гаруй дээж авч лабораторын шинжилгээнд явуулсан. Хариу нь гараагүй байгаа. Одоогоор тус цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон.

-Хэдэн хүүхэдтэй цэцэр­лэг вэ. Хүүхдүүдийн биеийн байдал ямархуу байна?
-Нийт 117 хүүхэдтэй цэцэрлэг. Тэднээс 43 хүүхдэд нь хордлогын шинж тэмдэг илэрч, сумынхаа эмнэлэгт эмчлүүлж байна. Зургаан хүүхдийн биеийн байдал хүндэвтэр, бусад нь хөнгөвтөр байгаа учраас сумынхаа эмнэлэгт эмчлүүлэх боломжтой.

-Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш хүүхэд олноороо хордсон хэрэг хэд хэд гарлаа шүү дээ. Цаашид хордсоор л байх уу гэх асуулт иргэдийн дунд бий боллоо?
-Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш олныг хамарсан хордлого таван удаа гараад байна. Үүний дөрөв нь сургууль цэцэрлэг гэхчлэн хүүхдийн байгууллагад гарсан нь олныг эмзэглүүлээд байгаа юм. Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс ХӨСҮТ, ЭМЯ,  БСШУЯ-тай хамтран хордлогын шалтгааны талаар ярилцлага өрнүүлсэн. Цаашдаа хоол үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг, хандлагыг өөрчлөх шаардлагатай юм байна гэж үзсэн. Мэргэжлийн бус эрүүл ахуйн зохистой дадал хэвшээгүй хүмүүсээс болж хордлого гарч байна. Тиймээс эрүүл мэндийн асуудал хариуцсан байгууллагуудтай хамтран  хоол үйлдвэрлэж байгаа хүмүүст чиглэсэн арга хэмжээ авна.

-Алслагдмал аймгуудад хордлого гараад байгаа нь хүнсний тээвэрлэлттэй холбоотой юм болов уу гэх сэжиг төрүүлээд байх юм. Энэ тухайд?
-Өмнө нь Баян-Өлгий айм­гийн дотуур байрны хүүхдүүд хордсоны шалтгааныг тодорхойлж дүгнэлт гаргасан. Химийн бодист хордсон нь тогтоогдсон шүү дээ. Гэхдээ хадгалалт тээвэрлэлттэй хол­боо­той гэх зүйл ч дүгнэлтэд байгаа. Энэ удаагийн хорд­логын шалт­гаан тодорхой болоо­гүй, тандалт судалгаа, шин­жилгээний хариунд үндэслэн дүгнэлт нь гарна. Мэдээж алс­лагд­мал аймгуудад хорд­лого гараад байгаа нь ямар нэг байдлаар хүнсний тээвэрлэлттэй холбоотой байж болох талтай. Гол нь тэнд ажиллаж байгаа хүмүүсийн мэргэжил мэдлэг хандлага эрүүл ахуйн зохистой дадлыг хэрхэн мөрдөж байгаатай холбоотой байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан