Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон нутгийнхан Шинжлэх ухааны академид хөгжлийн төлөө хамтарч ажиллах санал тавьжээ

Монгол улсын Шинжлэх ухааны Академи хөдөө орон нутагтай хамтарч ажиллаж байна. Гол нь орон нутгийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх зорилготой аж. Одоогоор Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Төв аймагтай дөрвөн жилийн хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байгаа гэнэ. Үүнийхээ хүрээнд олон ажил төлөвлөжээ.

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зүй зохистой ашиглах, ховор, ашигт ан амьтан ургамлын тархац нөөц тогтоох, цөлжилт бэлчээрийн талхлагдал, түүх дурсгалт газрыг хамгаалах, ашиглах болон зарим аймгийн мал аж ахуй, газар тариалан эрүүл мэнд, хүн амын хөгжил, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодлого арга зүйн дэмжлэг үзүүлж байгаа аж.  Тухайлбал, Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн төвийг ногоон эрчим хүч, ногоон хөгжлийг дэмжсэн үлгэр жишээ багийн төв болгох зорилгоор “Үлгэр жишээ багийн төв” төсөл, мөн “Шим ус” ХХК-тай хамтран тус аймаг дахь халуун усны газруудын хэрэглээний халуун усыг нарны эрчим хүчээр халаах зорилгоор “Нарны энергийг халаалт халуун усанд ашиглах” төсөл боловсруулж өгсөн байна.  Мөн Баянхонгор аймагт уст цэгүүдэд шинжилгээ хийж гидрохимийн зураглал зохиож,  сумын төвүүдийн хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг боловсруулжээ. Архангай аймагт газарзүйн атлас зохиож өгсөн нь тус аймгийн хөгжлийн бодлогын суурь материал болох ач холбогдолтой гэнэ. Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан аймаг бүрт энэ мэт ажлууд хэдийнээ хэрэгжиж эхэлжээ. Харин өчигдөр ШУА-иас идэвхитэй хамтран ажиллаж,  сум орон нутгаа хөгжүүлж буй Архангай, Говь-Алтай, Баянхонгор аймагт дөрвөн сая төгрөгийн үнэ бүхий ном, хандивлалаа. Ном эрдмийг сурталчлах, хүүхэд залуучуудын боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор академийн эрдэмтэн судлаачдын гаргасан бүтээлүүдээс аймаг орон нутгийн номын сан, ЕБС-иудад хандивлах үйл ажиллагааг есдүгээр сараас эхлүүлжээ. Өмнө нь  Ховд аймгийн ЗДТГ-т гурван сая төгрөгийн үнэ бүхий 300 ширхэг ном хандивласан бол ШУА, ССАЖЯ-тай хамтран  “Номын баяр”-ын үеэр 21 аймагт дөрвөн сая төгрөгийн өртөг бүхий зуун ширхэг ном бэлэглэсэн аж.

Номын хандив үргэлжлэх үеэр буюу өчигдөр дөрвөн аймагт ном гардуулахад Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэлээс цөөн асуултад хариу авлаа.

-Орон нутгийг шинжлэх ухааны үндэслэлтэй хөг­жүүл­нэ гэлээ. Эрдэмтэд­тэй­гээ ингэж хамтарч ажил­лаж байгаа нь сайшаалтай. Одоогоор хэдэн аймаг та бүхэнд санал тавиад байгаа вэ?
-Монгол Улс даяаршиж байгаа дэлхий ертөнцийн нэг хэсэг нь учраас хөгжлийн бодлогодоо шинжлэх ухааны үндэслэл оруулах зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр дэлхийн улс орнууд мэдлэгийн эдийн засаг бүрдүүлэхийг хөгжлийн бодлогынхоо үндсэн чиглэл нь болгож байна. Бий болсон мэдлэгийг капитал болгож хувиргах чадвартай тийм эдийн засгийг мэдлэгийн эдийн засаг гэж байгаа юм. Манай улс ч энэ зорилго руу тэмүүлэх ёстой. Шинжлэх ухаан бол мэдлэгийн үйлдвэрлэл явуулдаг. Тийм учраас нэгэнт бий болсон мэдлэгээ орон нутгийн хөгжлийн бодлогод ашиглая гээд одоогоор зургаан аймагтай гэрээ байгуулаад байна.  Орон нутгаас бидэнд эрдэмтдийн мэдлэг, технологийг ашиглаад шийдэх асуудлынхаа санал тавьсан. Үүнийх нь дагуу бид гэрээ байгуулсан л даа. Тухайлбал, орон нутагт ногоон эрчим хүчээр ажилладаг жижиг суурин газар байгуулах тухай. Энэ бол маш чухал асуудал. Аймгууд орон нутгийн хөгжлийн бодлогодоо ашиглах газарзүйн атлас гаргаж өгч байна. Бид нийслэлтэй ч гэрээ байгуулсан. Цаашдаа бүх аймаг хамрагдах байх.

-Орон нутаг өнгөрсөн зуун жилийн турш болом­жийнхоо хэрээр хөгжиж ирсэн. Ингэхдээ шинжлэх ухааны технологи, үн­дэс­лэ­лээ хэрхэн боловсруулж бай­сан туршлага байдаг юм бэ?
-Ер нь ямар нэг байдлаар төрийн бодлогоор дамжаад тодорхой зүйл очиж байсан л байх. Монгол Улсын 330 сумыг бүхэлд нь аваад үзэхэд  яг хөгжлийн бодлогоо  шинжлэх ухааны үндэслэлтэй болгоё гэдэг асуудал яригдаж байгаагүй. Яахав сум орон нутгийн тулгамдсан асуудалд “гал унтраах” байдлаар шинжлэх ухааны технологийг ашиглаж ирсэн. Өнөөдөр хөгжил их хурдтай явагдаж байна, орон нутгаа хөгжүүлэх эрх мэдэл нь орон нутагтаа шилжлээ.  Аль ч талаас нь аваад үзсэн бодлогын шинж­лэх ухааны үндэслэлийг сайж­руулах асуудал тавих цаг ирсэн л гэж тооцоод байгаа юм.

-Аливаа судалгаа шин­жил­гээний ажил бага­гүй үнэ өртгөөр хийгддэг. Орон нутгийн хөгжилд шаардлагатай бүтээл гаргахад ч чамгүй хөрөнгө шаардагдах байх?
-Шинжлэх ухааны нэг гол үүрэг нь мэдлэг үйлдвэрлэх. Харин тэр мэдлэгийг технологи болгоод хэрэгжүүлэхэд бид­нээс гадна хэрэгжүүлэгч байгууллага их үүрэг гүйцэтгэх ёстой. Мэдээж, шинжлэх ухааны мэдлэг бий болгох нь их өртөг шаарддаг нь үнэн.  Үүний адил мэдлэгийг хэрэгжүүлэх ажил бас л үнэ өртгөөр бүтнэ. Энэ үнэ өрттийг олж авах нэг булаг бол яах аргагүй орон нутгийг хөгжүүлэх сангууд, нөгөө нэг эх булаг нь үйлдвэр бизнесийн байгууллагууд юм. Өөрөөр хэлбэл, үйлдвэр бизнесийн байгууллагууд шинжлэх ухаанд захиалгаа өгөөд асуудлаа шийдвэрлүүлээд явах боломж бас бий. Одоогоор энэ ажил дөнгөж эхлэх шатандаа, газар аваагүй байна л даа. Ер нь, бусад орныг харахад шинжлэх ухааны ажлын 70 хувь нь үйлдвэр бизнесийн байгууллагын захиалгаар хийгддэг жишигтэй юм билээ.

-Хамтарч ажиллахаар гэрээ байгуулсан аймгууд та бүхний гаргасан шинж­лэх ухааны үндэслэл тех­нологийг ашиглаад эхэлсэн гэж ойлгож болох уу?
-Зургаан аймагтай гэрээ байгуулсан. Нэг аймагт 15 орчим тодорхой ажил хэрэгжүүлнэ гээд гэрээний хавсралтдаа төлөвлөгөө оруулсан. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөнд орсон ажлууд маань шинжлэх ухааны хувьд шийдэгдсэн ажил гэсэн үг. Ер нь, Академийн хүрээлэнгүүдэд одоо нэвтрүүлж болох 200 орчим технологи байгаа. Үүнийхээ нэг хэсгийг л хөдөө орон нутагт нэвтрүүлэх ажил эхэллээ гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан