Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Мөнхзул: Тэтгэврийн даатгалын шимтгэлийн орлогоос 30 гаруй тэрбум төгрөг төвлөрсөн


Сүүлийн үед тэтгэврийн шинэчлэлийг тойрсон олон асуудал яригдах болсон. Тиймээс энэ  талаар ХАХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Мөнхзултай цөөн хором ярилцлаа.

-ХАХНХЯ-наас ажил­ласан жил, тэтгэврийн даат­галын шимтгэл нөхөн тоо­цох тухай хуулийг санаачлан хэрэгжүүлээд байгаа. Үүний үр дүн хэрхэн гарч байна вэ?
-Нөхөн  даатгал нь эерэг болон сөрөг талтай. Эерэг үр дагавар нь энэ хугацаанд 570 мянга гаруй хүн шинээр тэтгэврийн даатгалын харилцаанд орж ирсэн. Мөн тэтгэврийн даатгалын шимтгэлийн орлогоос 30 гаруй тэрбум төгрөг төвлөрсөн. Уг хууль маань хоёр Засгийн газар дамжлаа. Түүнчлэн 70 гаруй мянган тэтгэвэр авагчдын хувьд тэтгэвэр нь нэмэгдсэн. Өнөөдөр 1960 оноос өмнө төрсөн иргэдэд цалинд үндэслэсэн тэтгэврийн тогтолцоо үйлчилж байгаа бол 1960 оноос хойш төрсөн иргэдийн тэтгэврийг тэтгэврийн даатгалын нэрийн дансны тогтолцоогоор бодож байгаа. Үүнд өндөр настны тэтгэвэр авагч 218 мянга орчим багтдаг.

-Тэтгэврийн шинэчлэл гээд л яриад байгаа. Ер нь шинэчлэлийн үр дүнг иргэд хэзээ хүртэх вэ?
-Шинэчлэлийн үр дүн хэдэн жилийн дараа л гарна. Өнөөдөр тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ бага байна. Учир нь, тухайн үед цалин хөлс нь үнэлэмжгүй, систем нь өөр байсан. Харин 1990-2000 онд ажилласан жилгүй байсан хүмүүс ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцоход хамрагдах болсноор халамжийн зардлыг өсгөх нь гэсэн зүйл яваад байгаа. Хамгаалалтгүй үлдсэн энэ хүмүүсээ Монгол Улс ямар нэг байдлаар хамгаалахын тулд хэзээ нэгэн цагт зардал гаргах л байсан. Харин тэтгэвэр үү, халамж уу гэдэг л асуудал тавигдаж байлаа. Иймээс бид нөхөн даатгалыг нэвтрүүлэх болон нэвтрүүлээгүй тохиолдолд эдийн засгийн хувьд ямар үр дагавар гарах вэ гэдгийг судалсны үндсэн дээр хийсэн ажил шүү дээ.
-Тэтгэврийн шинэчлэл хийгдснээр суурь тэтгэвэр байх уу, эсвэл өөрчлөгдөх үү. Өнөөдрийн нөхцөлд бол суурь тэтгэвэр 200 мянга хүрэхгүй л байгаа шүү дээ?
-Шинэчлэлийн баримт бичиг Засгийн газраар арайхан батлагдаагүй. Тиймээс яг ингэнэ тэгнэ гэж хэлэхэд хэцүү. Ажлын хэсэг байгуулагдаад тооцоолол хийж байна. Тооцооллыг 50-60 жилээр хийж  үр дүнг нь харна. Үүнийг хийхийн тулд эдийн засаг хүн ам зүйн хүчин зүйлийг таамаглаж тодорхой загвар ашиглаж хийдэг. Суурь тэтгэврийн тухайд ямар ч байсан орлогогүй бүлгийг хамгаалах тэр хэлбэрийн суурь тэтгэврийг оруулж ирэх санал тавьсан. Хоёрдугаарт хувьд шилжих үү гэсэн асуудал бий. Бид бодлогын хувьд хувьд шилжихгүй гэсэн зарчимтай явж байгаа. Хуримтлалд одоохондоо шилжихгүй. Харин 2030 оноос хойш хагас хурамтлалд бага хэмжээгээр төвлөрүүлэх боломжтой.

-Тэтгэврийг хувьд шилжүүлэх нь эерэг болон сөрөг талтай гэх юм. Бусад улс орны жишиг ямар байдаг юм бэ?
-2000 оны эхээр зүүн Европын орнууд тэтгэврийн системийнхээ тодорхой хувийг хувьчилсан. Энэ нь  нийгмийн даатгалын нэгдсэн тогтолцооноос олгож байгаа тэтгэврийн хувь хэмжээ 40-50 хувьд ордог. Тэгэхээр тэтгэврийн системийнхээ тал хэсгийг хувьчилж байна гэсэн үг. Харин бид одоо 100 хувь даатгалын сангаас олгодог.

-Одоо нийгмийн даат­галын багц хуулиудыг ши­нэчлэн батлах талаар ярьж байгаа. Хуулиуд УИХ-д ороход бэлэн болсон уу?
-Бид нийгмийн даатгалын таван багц хуулийг батлуу­лахаар ажиллаж байгаа. Нийгмийн даатгалын багц хуулийг энэ дөрвөн жи­лийн хугацаанд шинэчлэн бат­луу­лахаар ажиллаж байна. Тэтгэврийн шинэчлэлийн асуу­­дал  өөрөө амархан ший­дэгд­­чихдэг зүйл биш. Үүнийг хэрэг­жүүлэхийн тулд жагсаал цуг­лаан хийх, УИХ нь хүлээн авах­гүй байх зэрэг олон  асуу­дал гардаг. Үүнийг хүн бүр ойлгоход хүндрэлтэй л дээ.

-Манай нийгмийн даатгалын байгууллагын үйл ажиллагаа сайн байгаа л гэдэг. Үүнийг хэрхэн батлах вэ?
-Нийгмийн даатгалын байгууллагын зардал нийт үйл ажиллагааны орлогын хоёр хувьд ч хүрдэггүй. Өөрөөр хэлбэл манайд ажилласан олон улсын зөвлөхүүд манайхыг Азидаа туршлага болохуйц байна гэсэн. Нийгмийн даатгалын бүх системээ бага зардлаар авч явж байна гэсэн үг. Нэг төгрөгийн зардал гаргаад 100 төгрөгийн орлого олдог гэсэн статистик мэдээ байдаг. Олон улсын жишгээр бол нийгмийн даатгалын байгууллага олж байгаа орлогынхоо дөрвөн хувьтай тэнцүү байхад хэвийн гэж үздэг. Манайх бол арай бага. Гэхдээ нийгмийн даатгалын байгууллага дандаа сайн сайхан байгаад байна гэсэн үг биш. Сүүлийн жилүүдэд даатгалд шимтгэл төлөх хандлага нэмэгдэж байгаа учир ийм үзүүлэлт гарч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан