Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эцио Гамба: Монголын 60, 66, 73, -100 кг-ийн та мирчид дэлхийн шилдгийн шилдэг учраас тэдэнтэй бэлтгэл хийх нь маш чухал


Монголын жүдо бөхийн холбооны урилгаар ОХУ-ын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид манай улсад ирж, хамтарсан бэлтгэл хийж буй. 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ирсэн багийн бүрэлдэхүүнд энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнээс медаль хүртсэн бүх тамирчин багтжээ. Ингээд олимпын алт, мөнгөн медальт, ОХУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Эцио Гамбатай ярилцсанаа хүргэж байна.

-ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг Итали хүн байна гэж бодсонгүй. ОХУ-ын багтай хамтарч ажиллах болсон түүхээс тань яриагаа эхэлье?
-2008 онд Оросын жүдо бөхийн баг Бээжингийн олимпоос медаль аваагүй. Би тэр үед Олон улсын жүдо бөхийн холбооноос Африкийн жүдо бөхийн олимпын төвд дасгалжуулагч хийж байсан. Африкаас 2008 онд гурван тамирчин медаль хүртсэн. Улмаар Путин Ерөнхийлөгч  санал тавьсан. Манайд техникийн болоод дасгалжуулалтын сургалт хэрэгтэй байна. Дараагийн олимпод шигшээ багийг маань амжилт гаргахад туслаач гэсэн санал тавьсан. Түүнээс хойш Оросын жүдо бөхийн шигшээ багт ахлах дасгалжуулагчаар ажиллаж байна.

-Тэгвэл та тэр хүсэлтийг маш амжилттай биелүүлж, Лондонгийн олимпоос таван медаль авсан. Медальгүй олимпоос таван медаль хүртэл маш их хөдөлмөр шаардана шүү дээ?
-Дасгалжуулагч хүн баг тамирчдтайгаа байнга хамт байх ёстой. Энэ миний хамгийн гол нууц. Оросын хүчтэй баг, гайхалтай дасгалжуулагч гээд ярих зүйл байхгүй. Хамгийн гол нь дасгалжуулагч, тамирчид үргэлж хамтдаа байх ёстой. Гурван алт, нэг мөнгө, нэг хүрэл, нэг тавдугаар байр миний хувьд чамлахааргүй амжилт.

-ОХУ-ын багтай ажиллахаас өмнө Африкт ажиллаж байсан гэлээ. Африкийн орнуудыг бодвол ОХУ жүдо бөхдөө маш их хүч хаядаг. Ийм хоёр өөр оронд ажиллах мэдээж харьцуулашгүй байх?
-Дэлхийн олон оронд ажиллаж үзсэн. Хамгийн гол нь тамирчин хүний ялна, дийлнэ гэсэн хүсэл эрмэлзэл бүгдэд нь ижилхэн байдаг. Тийм эрмэлзэл байх л юм бол хаанас ч амжилт гарах боломж бүрэн бий. Зохион байгуулалт болон санхүүгийн тал дээр ОХУ маш их хүч гаргадаг. Путин өөрөө жүдогоор барилдаж байсан, амжилтын төлөө хичээл зүтгэл гаргаж байсан учраас Ерөнхийлөгч байх хугацаандаа маш их анхаарал тавьж байна. Энэ нь мэдээж давуу тал.

-Манай шигшээ багт тогтмол амжилт гаргадаг жингүүд байдаг. Үүн шиг ОХУ-ын шигшээ багт анхаарч ажиллах ёстой нь ямар жингүүд байна вэ?
-Ямар ч тамирчинд бэрхшээл, шантрах үе байж болдог. Жүдо бол олон жин дээр ажилладаг учраас багийн амжилт жин бүрээс л хамаарна. Гэхдээ бусад жингүүдийг хооронд нь харьцуулаад харахад хүнд жин дээр шинэ залуу бөх гаргаж ирээд амжилт гаргах хүртэл арай урт цаг хугацаа, бэлтгэл сургуулилалт шаарддаг. Гэхдээ хүсэл эрмэлзэл байвал ямар ч жинд ямар ч тамирчныг дээд хэмжээнд гаргаж болно гэж бодож байна.

-Манай тамирчдын хувьд зарим тэмцээнд азгүйтэх үе таардаг. Гэтэл ОХУ-ын тамирчид олимп, дэлхийн амжилт гаргасан л бол түүнийгээ ямар ч тэмцээнд хадгалаад байдаг. Энэ нь юутай холбоотой вэ?
-Өндөр зэрэглэлийн тамирчидтай ажиллахад амжилтыг барих нь чухал байдаг. Энэ бол ажлын чанар. Чанарын гол үзүүлэлт үүгээр хэмжигддэг гэж би үздэг. Бас нэг гол шалтгаан бол манай Ерөнхийлөгч Путин өөрөө жүдогоор барилддаг. Шигшээ багтай хамт бэлтгэл хийж, тэмцээн бүрийг алгасахгүй үздэг. Тамирчдын барилдааны бичлэгийг дахин дахин үзээд бидэнд зөвлөгөө өгдөг. Улсынх нь Ерөнхийлөгч ингэж анхаарал тавихаар тамирчид аль болох олон жил тогтвортой амжилт гаргаж барилдахад бие, сэтгэлээ бэлтгэж чадаж байгаа юм болов уу гэж бодож байна. Ерөнхийлөгч шигшээ багийн тамирчдыг овог нэрээр нь бүгдийг нь мэддэг. Үүнд нь тамирчид хүртэл сэтгэл өндөр байдаг.

-Ажлын үр дүн нь амжилтаа барих гэж хэллээ. Дасгалжуулагч, тамирчнаас шалтгаалахгүй хүчин зүйл нь улс орных нь дэмжлэг сайнаас юм бол дасгалжуулагчаас нөлөөлөх хүчин зүйл нь юу вэ?
-Ажлыг зөв эхлүүлэхийн тулд хамгийн түрүүнд гар нийлсэн баг байх ёстой. Баг байна гэдэг нь уур амьсгал сайхан байна гэсэн үг. Баг дотор тамирчдын хүсэл эрмэлзэлээс гадна багш нарыг зөв сонгох хэрэгтэй. Ялангуяа тамирчдад үлгэр дууриал болохуйц амжилт гаргаж байсан хүмүүс багш болвол сайхан уур амьсгал бүрддэг. Мөн үүн дээр холбооны туслалцаа дэмжлэг зайлшгүй шаардлагатай. Дээр нь Ерөнхийлөгч Путиний туслалцааг нэмэхээр манай баг хамгийн шилдэг багуудын нэг болгож байна.

-Шавь нартаа үлгэр дууриал болохуйц багш хамгийн чухал гэж байна. Та өөрөө олимпын алт, мөнгөн медальтай тамирчин. Барилдаж байсан үеэ дурсахгүй юу?
-Миний амжилт гаргаж байсан үе өнгөрсөн. Би хойшоо эргэж хараад байхыг төдийлөн хүсдэггүй. Болж өгвөл урагшаа харж амьдрах гэж хичээдэг. Тийм учраас урд байгаа ажил, тамирчдынхаа амжилт дээр анхаарч ажиллаж байна. Миний үе өнгөрсөн учраас, одоо миний шавь нарын цаг учраас тэдэнд туслахын төлөө хичээж, зүтгэж байна.

-Тэгвэл 2016 оны олимп таны урд байна. Эндээс ямар амжилт харж байна вэ?
-Бидний ажил нэг олимпоос дараагийн олимпын хооронд өрнөдөг. 2016 оны олимп хаяанд ирчихлээ. Өмнөх амжилтаа эвдэх зорилго тавиад байгаа. Улстөрчид, хүмүүс урьдчилаад яг хэдэн медаль авах бол гэж их асуудаг. Миний бодлоор баг хамт олноо зөв бэлтгэх нь л алтан медалиас чухал үе. Энэ үеийг л үнэлж чадвал алтан медаль өөрөө ирдэг.

-Тэгвэл тэр алтан медаль өөрөө ирэх хэмжээнд багаа бэлтгэж чадаж байна уу?
-Бидний хувьд байдал хэвийн явж байгаа. Тамирчид эхний тэмцээнүүдэд амжилт гаргаж байгаад олимп дөхөөр муудчихдаг. Миний хувьд амжилтыг тогтоон барих нь л чухал. Ингэхийн тулд нэлээд чамбай ажиллах ёстой. Одоогийн байдлаар амжилтандаа сэтгэл хангалуун байна.

-Олимпод шилдэг 14 тамирчин л оролцох ёстой. Тэгэхээр ОХУ-д тэр 14-өөс гадна өөр хэдэн 14 шилдэг байна вэ?
-Миний гол зарчим бол олимп, дэлхийн аварга давхацсан жилд аль аль тэмцээнд нь өөр өөр тамирчин явуулахыг зорьдог. Аль болох олон тамирчинд боломж олгож, медаль аваасай гэж хүсдэг. Нэг хүн дээр анхаарал тавихаасаа илүү олон хүний амжилтад анхаарлаа хандуулдаг. Тухайлбал, Европын аваргад хоёр номероо оруулаад нэг номероо үлдээсэн бол дэлхийн аваргад нэг номероо оруулна. Үлдэж байгаа тэмцээнд нь аль болох шилдэг тамирчнаа нөөцөлдөг.

-Шигшээ багийнхантайгаа ирж Монголд хамтарсан бэлтгэл хийж байна. Эерэг үр дүн гарч байгаад итгэлтэй байна?
-Энэ удаагийн хамтарсан бэлтгэлийг аль аль маань хүсч байсан. Энэ л чухал. Энэ бэлтгэлийн үр дүн маш сайн гарч байна. Цаашид жил бүр хоёр орны шигшээ багийн хамтарсан бэлтгэлийг хийж байхаар болсон.

-Цаашдын хоёр холбооны хамтын ажиллагааны талаар...
-2008 оноос хойш Монголын жүдогийн амжилт огцом дээшилсэн. Энэ амжилтад олон хүмүүс баяртай байдаг болов уу гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр холбооны хувьд цаашид олон талаар хамтран ажиллах нөхцөл боломж бий. Үүнийгээ ч ашиглана гэж бодож байна.

-40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн. Тэдний дундаас онцолж нэрлэх тамирчид байна уу?
-Энэ асуултад хариулахад хэцүү байдаг. Яг нэр цохоод хэлэхээр хүндрэлтэй. Энэ удаагийн хамтарсан бэлтгэлд ирсэн 7-8 тамирчин дэлхийн хэмжээнд ид гялалзаж байгаа. Тэд дэлхийн хэмжээнд мөн гялалзаж байгаа Монгол тамирчидтай бэлтгэл хийж байгаа нь л чухал юм. Монголын 60, 66, 78, -100 кг-ийн тамирчид дэлхийн шилдгийн шилдэг учраас тэдэнтэй бэлтгэл хийж байгаа нь маш чухал үйл явдал болж байна.

-Цаашид ОХУ-ын багтай хэр удаан хамтран ажиллах вэ?
-2016 он хүртэл хамтарч ажиллахаар гэрээ хийгээд тохирсон. Харин олимпын дараа цаашид яахаа шийднэ.

-Италид жүдо бөх хэр хөгжиж байна вэ. Тэр хөгжилд та бас хувь нэмрээ оруулахыг хүсч байгаа байх?
-Италийн жүдо бөхийн холбоонд 2004 он хүртэл ажиллаж тодорхой амжилтууд гаргасан. Түүний дараа хоёр, гурван жилд урсгалаараа явсан ч одоо жүдогийн холбоо маань ерөнхийлөгчөө сольсон нь амжилтаа нөлөөлж байгаа нь харагддаг. Одоо шинэ баг ажиллаж байгаа. Юу болохыг нь харж л байна. 2016 оны олимпын амжилтаа яг одоо бодож байгаа учраас цаашид юу хийхээ бодохгүй байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан