Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн хачин дуудлага худалдаанууд

Дэлхийн дээр амьдарч байгаа олон төрөл зүйлийн амьтадын дотроос хамгийн хачин нь хүн гэдэгтэй бүгд санал нийлэх байх. Жишээлэхэд, мөнгө гээч солилцооны зүйл зохиогоод хэрэглэдэг амьтан байхгүй. Цаашилбал баян ба ядуугийн ялгаа байдаг цорын ганц бодгаль нь хүн. Баян хулгана эсвэл ядуу заан байдаг гэж сонсогдож байсан удаа лав байхгүй. Өөрт нь сэтгэл санааны таашаал өгөхөөс хэтэрдэггүй бодит ямар ч хэрэглцээ, шаардлага байдаггүй эд зүйлс цуглуулдаг, худалдаж авдаг амьтан хүнээс өөр байхгүй.
Дуудлага худалдааг харахад л хүн ямар хачин сонин зүйл сонирхож цуглуулдаг нь тод болно.

Жишээлэхэд, хэдхэн хоногийн өмнө Америкийн супер од Мадоннагийн даашинз, кинонд тоглож байсан хувцас зэргийг дуудлага худалдаагаар 3,2 сая ам.доллар зарсан байх юм.

Эдгээрээс Мадоннагийн “Сьюзений найдваргүй хайлт” кинонд тоглохдоо өмсч байсан богино хүрэм 252 мянган ам.доллараар зарагджээ.

“Material Girl” клидэндээ өмсөж байсан “Fuschia” даашинз 73,1 мянган ам.доллараар зарагдсан.

Шон Пеннтэй гэрлэх үедээ өмсөж байсан хуримын даашинзын нэг хүн 81,2 ам.доллараар авсан.

“Who"s That Girl” аялан тоглолтын үеэр өмсөж байсан хувцас 50 мянган ам.доллараар зарагдсан байна.

Зөвхөн Мадоннагийн хувцас хэрэглэл гэлтгүй энэ сарын 7-8 –ны өдрүүдэд Беверли-Хиллзд “Juliet’s Auction” компанийн зохион байгуулсан энэ дуудлага худалдаагаар ерөнхийдөө Дэвид Боуи, Жон Леннон, Курт Кобейн, Майкл Жексон гэх мэт алдартнуудын эдлдэж хэрэглэж байсан 700 гаруй эд зүйлсийг шүтэн бишрэгч нь өндөр үнээр худалдан авчээ. Тухайлбал, Элвис Преслийн бөгж 56,7 мянга хүрсэн бол Жон Ленноны нүдний шилийг 25 мянган ам.доллаар зарсан байх юм.

Одуудын хувцас хэрэглэл юу ч биш

Өнгөрсөн аравдугаар сард Их Британийн Кэнт гүнлэгийн Стэнфорд хотноо Хатан хаан Викториягийн дотуур өмд, шөнийн нимгэн цамцыг дуудлага худалдаагаар оруулсан. Энэ дотуур хувцсыг цагтаа Хааны ордоны үйлчилгээний ажилтанд сайн ажилласан гэж дурсгал болгон шагнасан аж. Хүндтэй шагнал авсан хүн дотуур өмд, цамыг үе дамжуулан хадгалж явсаар энэ жил арга буюу дуудлага худалдаан оруулсан аж.

Виктория хатан хаан 1838 онд хаан ширээнд заларч 1901 онд өөд болсон гэхээр хатантаны дотуур өмд ямар ч байсан 100 гаруй жил хадгалагдсан байна. Хатан хааны дотуур хувцасны хэмжээ нь лут. Цамцны цээжний тойрог 167 см, өмдний бэлхүүсний тойрог 132 см.

2011 онд мөн л Виктория хатан хааны торгон дотуур өмдийг дуудлага худалдаанд оруулан 9375 фунтээр зарсан бол торгон оймсыг нь 5000 фунтээр зарж байв. Зөвхөн хатан хаан гэлтгүй 2012 онд Австри Унгарын эзэн хаан I Франц Иосифийн өмсөж байсан дотуур хувцсыг Вена хотноо дуудлага худалдаагаар 6250 еврогоор зарсан. Франц Иосифийн гэргий хатан хаан Елизаветагийн дотуур хувцсыг 3250 еврогоор зарж байв.

2010 онд дуудлага худалдаагаар II Елизавета хатан хааны дотуур өмд зарагдаж бөөн дуулиан тарьсан юм. Хатан хааны албан ёсны төлөөлөгчид дотуур өмд II Елизаветад ямар ч хамааргүй гэж мэдэгдэж байсан ч дээр нь “Е” гэсэн үсгийн урнаар хатгаж оёсон байсан гэдгээрээ 18 мянган фунтээр зарагдсан юм. Зарсан этгээд нь хатан хаан дотуур өмдийг тэртээ 1968 онд нэгэн хувийн онгоцоор нисч байхдаа дотор нь орхиод буусан, дараа нь онгоцыг өмдийн хамт баян хүн худалдан авсан нь явсаар өмд өөрт нь ирсэн гэж. “Гахай гахай хялгасаа өгөөч” гэдэг үлгэр шиг л юм болсон бололтой.

Хувцас хэрэглэл гэлтгүй од, олны танил алдартай хүмүүсийг юм болгоныг л шүтэн бишрэгч, хобби хүмүүс мөнгө хайрлалгүй худалдаж авна.

Жишээлэхэд, 2010 онд Лас Вегаст болсон дуудлага худалдаагаар Мерилин Монрогийн рентген зургийг чамлахааргүй өндөр үнээр зарсан байдаг юм. Монро 1954 онд 28 настай байхдаа авахуулсан рентген зураг дээр одын хавирга, мөр, хүзүүний яснаас гадна хөхнийх нь бүдэг дүрс гарсан байсан тул өндөр үнэ хүрсэн байх. Ямартай ч рентген зураг 45 мянган ам.доллар хүрсэн.

2012 онд “eBay” дуудлага худалдаагаар АНУ-ын Ерөнхийлөгч асан Рональд Рейганы цусны дээж бүхий хуруу шил, цусны шинжилгээний хариу зарагдсан байдаг. Ерөнхийлөгчийн цустай хуруу шилийг зарсан этгээд түүнээ 1981 онд Рейганыг буудуулан шархадаад эмнэлэгт хэвтэж байхад нь олж аваад олон жилийн турш гэртээ нандигнан хадгалж байсан гэж тангараг өргөсөн юм байх. Хоббитой хүмүүс цусны үлдэгдэлтэй хуруу шилний төлөө ширүүн өрсөлдөөн явуулсаар 10 мянган ам.доллараар зарагдах болсон. Гэтэл энэ тухай хэвлэл мэдээллээр шуугиж эхлэхэд эзэн нь санаа зовж худалдааг зогсоон хуруу шилийг Рональд Рейганы нэрэмжит санад дурсгаж байв.

2010 онд Британийн нэгэн дуудлага худалдаагаар Ерөнхий сайд асан эрхэм дээд Уинстон Черчилийн хиймэл шүд 15 мянга 200 фунтээр зарагдсан. Тэгэхээр одоо Ерөнхий сайдын хиймэл шүд үнэнч фэнийх нь гэрт заларч байгаа байх.

2010 онд АНУ-д Анжелина Жолийгийн амьсгалыг хийж “хадгалсан” төмөр сав дуудлага худалдаагаар зарагдаж байлаа. Зарсан хүн сав руу нь Анжелина Жоли амьсгалаагүй, супер одын яваад өнгөрсөн газрын орчмоор саваар хутган агаарыг нь цуглуулаад хадгалсан тул түүний амьсгалсан агаарын молекулыг агуулж байж магадгүй гэдгээ шударгаар мэдэгдсэн ч төмөр сав, агаарын хамтаар 530 ам.доллараар зарагдсан юм.

2008 онд Холливудын од Скарлетт Йоханссоны нусаа нийсэн цаасан салфетк Америкийн нэгэн дуудлага худалдаагаар 5300 ам.доллар хүрч зарагдсан. Яг “ориг” нустай салфетка мөн эсэхт хэн ч эргэлзээгүй юм гэнэ. Учир нь, супер од  “Tonight Show” ТВ нэвтрүүлэгт оролцохоор студид ирэхдээ тэндб айсны хүмүүсийн нүдэн дээр хамраа цэвэрлээд хаяхыг бүгд харсан юм байх.

Нустай салфетк юу ч биш. Нэлээд хэдэн жилийн өмнө Бритни Спирсийн жирэмсний тестийг нэгэн фэн нь дуудлага худалдаанаас 5001 ам.доллараар авсан юм. Харин зарсан хүн нь хаанаас тэр тестийг ухаж гаргасан талаар яриад ч хэрэггүй байх.

“One Direction” хамтлагын дуучин Найл Хораны хазсан сэндвич дуудлага худалдаагаар ямар үнээр зарагдаж байсныг та лав таахгүй дээ. 99 мянган ам.доллар. Дуучин Австралид тоглолтоор явж байхдаа сэндвичээ хазаж үзээд таалагдаагүй болохоор хогийн саванд хаясан аж. Гярхай этгээд хаясан хачиртай талхыг нь хэдээр зарахыг мэдсэн бол лав хаяхгүй байсан биз.

Үүний дараа хүнийг хачин амьтан гэхээс өөр аргагүй. За яах вэ Мадоннагийн хүрэм, Жон Ленноны шил байж болох юм. Арга ядсан үед өмсөж зүүгээд хэрэглэж болно.  Гэтэл Монрогийн рентген зураг, Йоханссоны нустай салфетк, Бритни Спирсийн жирэмсний тестээр яадаг юм бол бүү мэд.

0 Сэтгэгдэл
eleg hushluuuuuu...
uhsenee hiideg bna
Хамгийн их уншсан