Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн хачирхалтай татварууд


Төр байгаа цагт татвар заавал байдаг гэдэг. Төр армиас эхлээд, албан тушаалтан хүртэл олон хүнийг цалинжуулж, зам гүүрээс эхлээд шорон, сургууль хүртэл олон зүйл барихын тулд ард иргэдээсээ татвар авч байдаг. Гэвч заримдаа яаж байгаад ард иргэдээсээ ахиухан татвар авч, төсвөө алдагдалгүй болгох вэ гэхдээ татварын албаны албан тушаалтнууд хачин сонин татвар зохиодог, зохиосоор байна.


Нийтийн бие засах газрын татвар

Нийтийн он толлын 70-аад оны үед Ромын эзэнт гүрнийг захирч байсан Веспасиан гэдэг хаантан мэргэн арга сэдэж нийтийн бие засах газруудаас заавал албан татвар авдаг шинэ хууль гаргажээ. Түүний урд байсан хаадаас хэн нь ч нийтийн бие засах газруудаас татвар авдаггүй байсан болохоор хүү нь ихэд дургүйцэн элдвээр зэмлэж л дээ. Тэгсэнд хаан эцэг нь нийтийн бие засах газраас хураасан татварын мөнгөө хүүдээ үнэрлүүлээд “Мөнгө үнэргүй байдаг юм шүү дээ” гэж хэлж байсан нь түүхэнд хадгалагдан үлджээ.


Болжморын татвар

Болмжор шувууны татварыг манай урд хөршийнхөн соёлын хувьсгалын үеэр бус харин бүр 18-р зууны үед одоогийн Герман улсын нэг муж Бюртембергт сэдсэн байдаг. Тэр үеийн хуулиар бол байшин болгоны эзэд 12 хоёр бор шувуу алах үүрэг ноогдуулж, алсан болжморыг нь төр 6 зоосоор худалдан авахаар болжээ. Харин цаг тухайд нь шаардлагатай тооны бор шувуу тушааж чадаагүй хүнээс шууд 12 зоосны татвар авч эхэлсэн байна. Бүхэл бүтэн байрны эзэн байтлаа бор шувуу алах гээд хөөцөлдөж явах “онигоотой” болохоор удалгүй Бюртемергт амьд үхсэн нь хамаагүй нь бор шувууны хууль бус наймаа маш ихээр газар авсан гэдэг.


Сүүдрийн татвар

Элдэв янзын хачин татварыг зөвхөн дээр үед авдаг байсан гэвэл том эндүүрэл. Одоо ч гэсэн зарим улс хачин татвар сэдсээр. Жишээлэхэд, Венеци байна. Венеци нь 1993 оноос эхлэн сүүдрийн татвар авдаг болжээ. Татварын заалт ёсоор сүүдрэвч, саравчных нь сүүдэр хотын мэдлийн газар тусаж байгаа байр, байшин, зоогийн газрууд заавал татвар төлөх ёстой болсон байна. Сүүдрийг арилгана гэдэг амаргүй болохоор энэ татвар нь Венеци хотын санд багагүй мөнгө цуглуулж өгдөг сурагтай.


Хулчгарын татвар

1100-1135 онуудад Английн вант улсад хулчгарын татвар гэж авдаг байжээ. Татвар ёсоор бол тэр үед жил алгасахгүй шахуу болдог байсан олон дайн тулаанд ямар нэг байдлаар оролцохоос татгалзсан хүлэг баатар, чөлөөт иргэн бүр татгалзах тоолондоо тусгай татвар өгдөг байжээ. Гэвч вантан удалгүй татварын хэмжээг 300% нэмэгдүүлээд дайн гарсан гараагүй жил болгон авч эхэлсэн байна. Үр дүнд Англид лут бослого дэгдэн вангийн эрх хязгаарлагдаж байсан түүхтэй юм.


Малгайны татвар

1784-1811 онуудад Их Британы вант улсад малгайны татвар гэгч нь улсын санд чамлахааргүй мөнгө цуглуулж өгдөг байж. Учир нь тухайн үеийн соёл, заншлын дагуу эрэгтэй хүн болгон заавал малгай өмсдөг байж. Мэдээж баячуул нь олон малгайтай, ядуучууд нь их бодож нэг үгүй бол бол малгай гэхэд бэрх юм өмсөж явдаг байсан болохоор баячуунд хүссэн хүсээгүй татвар төлөхөөс өөр аргагүй байдаг байж. Ингээд муугүй ашиг олдог байсан ч баячууд ч дургүйцэж, нөгөө талаас заавал малгай өмсдөг ёс мартагдаж эхэлсэн болохоор татварыг халсан байна.


Бавгар сахлын татвар

Оросын хаан 1-р Петр нь европ маягийн соёлыг оросуудын дунд хүчээр нэвтрүүлэхийн тулд бавгар сахлын эсрэг татвар бий болгожээ. Уг нь бол тухайн үеийн орос эр хүн болгон заавал бавгар сахалтай явдаг, явах явахдаа худалдаачны, тариачны, язгууртны гэх зэргээр онцгой хэв маягтай зассан сахалтай явдаг байж. Харин Петр хаан үүнийг нь халахын тулд ийнхүү татвар бий болгож, татвар төлөх чадваргүйг нь цөллөгт явуулдаг байжээ.


Эрх чөлөөний татвар

Эртний Ромын эзэнт гүрэн нь боол эзэмшиг улс байсан. Боолчуудыг заримдаа эзэн нь эрх чөлөөгөөр шагнадаг байж. Гэвч эрх чөлөөтэй болсон боол заавал эрх чөлөөтэй болсныхоо төлөө тусгай татварыг Ром хотноо төлөх ёстой байдаг байжээ. Төлж чадахгүй бол яах нь ойлгомжтой болохоор төлөхөөс татгалздаг боол лав гарч байгаагүй байх.


Тэрс үзлийн татвар

Төрийн албан ёсны үзэл суртал, бодлогын эсрэг бодолтой тэрс үзэлтнүүдэд татвар ноогдуулах ухааныг анхлан 1655 онд Английн төрийн тэргүүн байсан Оливер Кромвель сэджээ. Тэрээр тэрс үзэлтнүүд өөрөөр хэлбэл өөрийнх нь тогтоосон засаглалын эсрэг үзэлтэй этгээдүүдийн жагсаалтыг гаргаж байгаад бүгдэд нь тусгай татвар ноогдуулаад татвараар цуглуулсан мөнгөөрөө сайн дурын цэрэг гэгчийг байгуулсан санхүүжүүлдэг байсан байна.


Амьдралын татвар

Ер нь бол татварын албаны түшмэлүүдийг бүх иргэдээс нас хүйс, мэргэжил, орлого үл хамаарсан татварыг яавал тогтмол авч байдаг болох вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд явдаг гэлцэх нь бий. Тэгвэл 14-р зууны үеийн Английн эрх баригчид хүн юу хийдэг, ямар байх, хэдэн настай байхаас үл хамаараад зүгээр л амьд яваагийнхаа төлөө хаант төрд татвар төлөх ёстой гэж үзээд амь явахын татвар гэгчийг бий болгон хайр найргүй авч эхэлсэн байна. Үр дүнд Англид аймшигтай том үймээн дэгдэж байж татварыг аргагүйн эрхэнд халсан байдаг.


Хятад иргэдийн эсрэг татвар

Өөр улсын иргэнийг ямар нэг байдлаар гадуурхан тусгай татвар ноогдуулна гэдэг тийм ч ухаалан зүйл биш. Гэхдээ л ийм татвар маш олон улсад байсан түүхтэй. Жишээлэхэд, Канадад 1923 оныг хүртэл Хятадын иргэд тусгай татвар төлөх ёстой байжээ. Шалтгаан нь тун энгийн бөгөөд нангиад иргэд маш олноор орж ирдэг байсан байжээ. Тэднийг тоог хянаж байхын тулд ийм татвар гаргаж. Гэхдээ хожим нь буюу 1923 онд Хятад иргэдийг Канадад орж ирэхийг хуульчлан хориглосны дараагаар энэ татварыг цуцалсан байна.


Яндангийн татвар

1660 онд өнөөх л Англи улсад яндангийн татвар гэгч бас нэг өвөрмөц татварыг бий болгожээ. Байж болох бүх л зүйлд татвар ноогдуулсаар сүүлдээ арга барсандаа л тэр. Уг нь бол айл болгон гал голомттой, тэгээд байшинд амьдардаг бол утааг нь заавал яндангаараа гаргахаас өөр аргагүй болохоор зайлсхийх аргагүй гэж бодож. Гэтэл иргэд нь тав зургаан айлаараа нийлц дундаа нэг яндан ашиглах, хөршийнхөө янданд нууцаар холболт хийх зэргээр элдэв заль гаргаж болж, улмаар 1684 онд олон арван байшинг юу ч үгүй шатаасан түймэр гарах шалтгаан болсон байдаг. Үүний дараа яндангийн татварыг халжээ.


Цонхны татвар

1696 онд Английн хаан Уильям гэгч нь цонхны татвар гэгчийг гаргажээ. Уг нь бол хахаж цадталаа баяжсан хүмүүсийн хэт тансаглалыг хорих, тэднээс илүү их татвар авах зорилгоор ийм хууль гаргасан юм байна. Ер нь тэр үед цонх үйлдвэрлэнэ гэдэг маш үнэтэй байж. Гэтэл баячууд нь өөрсдийн зиндаагаа дорд, ядуусаас салган харуулахын тулд энэ татварыг ашиглах болж. Тэд аль болох олон цонхтой байшин худалдан авах, эсвэл цонх огт байхгүй хананд шил зүүж цонхтой юм шиг харагдуулах зэргээр элдэв арга хэрэглэсээр ядуусын байшин сав цонхгүй шахуу, умгар салхив төдийтэй, баячуудынх ханаараа дүүрэн цонхтой гэсэн онцлогтой болсон байна.


Давсны татвар

Давсны татвар гэхээр инээд хүрч байж болох юм. Гэвч цагтаа бол Францад давсанд өндөр татвар ноогдуулж эхэлснээс болоод хувьсгал гарч хаан төр мөхөж байсан. Англичууд өөрийн колони Энэтхэгтээ дасванд 400% татвар ноогдуулж эхэлснээс олныг хамарсан жагсаал цуглаан болж, англичуудыг үзэн ядах үзэл туйлдаа хүрч байсан түүхтэй.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан