Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дундад Азийн орнууд энэ зууны сүүлээр ундны усгүй болж магадгүй


Тажикистаны нийслэл Душанбед явагдсан "Төв Азийн үндэсний болон хил дамжсан усны нөөцийн байдалд мөсөн голуудын хайлалтын үзүүлэх нөлөө" нэртэй олон улсын семинар дээр энэ тухай дурджээ. Тус семинарыг НҮБ, Дэлхийн банк, Аралын тэнгисийг аврах олон улсын сан, ЮНЕСКО-ийн бүс нутгийн салбарын ивээл дор явуулсан нь Төв Азийн цэвэр усны нөөцийн асуудал ямаршуу хурц болоод байгаагийн нэг илрэл гэж болно.

Аралын тэнгисийн дараагаар хүний буруу үйл ажиллагаа, дэлхийн дулаарал гэсэн хүчин зүйлсийн нөлөөгөөр Төв болон Дундад Азид олон тооны гол мөрөн, нууц цөөрөх хатаж үгүй болоод бүс нутаг бүхэлдээ цэвэр усгүй болох аюул нүүрлээд байгаа аж. Гэхдээ одоохондоо юу юугүй усгүй бас болчихсонгүй. Киргиз, Тажик, Узбек гэсэн Дундад Азийн орнууд ба Казахстан зэрэг улсууд нь Памир, Тэнгэр уулын нуруунуудын мөсөн голуудаас эх авдаг гол, горхинууд гол найдвар нь болжэээ.

Гэтэл сүүлийн жилүүдэд эдгээр мөсөн уулс маш эрчимтэй хайлж, багасч байгааг эрдэмтэд анхааруулсан байна.Мөс судлаачдын тогтоосноор мөсөн уулууд одоо байгаа эрчмээрээ хайлж, багасаад байвал 21 дүгээр зууны сүүл гэхэд Памир, Тэнгэр ууланд мөсөн уул үлдэхгүй. Гол буруутан нь дулаарал ба хүний үйл ажиллагаа.

Мөсөн голууд эрчимтэй хайлахад дулаарлаас гадна нөлөөлж байгаа өөр нэг хүчин зүйл нь хатаж үгүй болсон Аралын тэнгис гэдгийг эрдэмтэд тогтоожэээ. Жил болгон Аралын тэнгисын ил гөрсан ёроолоос хэдэн мянган тонн тоос шороо, давс салхинд туугдан агаарт дэгдэж асар хоол зайнд тархадаг. Эдгээр давс, тоосонцорыг зарим хэсэг нь Памир болон Тэнгэр уулын мөсөн голууд дээр бууж эрчимтэй хайлахад хүргэдэг аж.

Казахстан ба Хятадын хил дээр байдаг Зүүнгарын Алатау ууланд сүүлийн жилүүдэд мөсөн голууд жилдээ талбайнхаа 0,8 хувь, мөсний эзлэхүүнийхээ 1 хүртэл хувиар хайлж байгаа аж. Хайлахтай зэрэгцэн мөсөн голууд аажмаа уулын хөндий рүү урсан хөрсний гулгалт, уулын үеэр үүсэхэд хүргэж байна.

Газар нутгийнх нь 4 хувь нь мөсөөр хучигдсан байдаг Киргизд оны эхний байдлаар нийт мөсөн голын гуравны нэг нь цаг агаарын өөрчлөлтийн улмаас хайлж үгүй болжээ. Тажикистанд 8000 гаруй  мөсөн уул нийт талбайнхаа 30 гаруй хувийг алдсан. Тухайлбал, Гармо нэртэй мөсөн ул жил болгон есөн метрээр богиносч, дөрвөн метрээр доош суусаар байгаад энэ жилийн байдлаар долоон км-ээр ахар болсон байна.

үүнтэй зэрэгцэн Памирын нурууны хамгийн том мөсөн уул гэгддэг 700 мянган км. квадрат талбаатай, 77 км урт үргэлжилдэг Федченкогийн мөсөн гол сүүлийн 10 жилийн дотор бүтэн км-ээр богиноссон байна. Цаашид энэ мэтээр үргэлжилбэл Тажикистан 30-40 жилийн дотор мянга гаруй жижиг ба дунд хэмжээний мөсөн голгүй болно. 2001 онд тус улсад нийт 12 мянган км.кв талбайтай 14 мянган мөсөн гол байсан бол 2014 оны байдлаар хянга гаруй нь хайлж үгүй болсон байх жишээтэй.

Мөсөн голуудын эрчимтэй хайлалт нь бүс нутгийг ундны усаар тэтгэгч гол хоёр аминд судас гэгддэг Амударья, Сырдарья голуудын урсгалын хэмжээнд нөлөөлжээ. Сырдарья мөрний урсгалын хэмжээ 5-7 хувиар буурсан. Харин Амударья мөрний 1,5 хувиар нэмэгдсэн. Гэхдээ Амударья мөрний урсгалын хэмжээ 1,5 хувиар нэмэгдсэн гэдэг нь цэвэр усны гачлан нүүрлээгүй гэсэн үг биш гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж. Учир нь, сүүлийн 20-30 гаруй жилийн дотор энэ мөрний ус нь Аралын тэнгис хүрэлгүйгээр элсэн цөлд ууршин үгүй болдог болсон. Мөсөн гол хайлахыг даган урсгалын хэмжээ нь бага зэрэг нэмэгдсэн ч нийт усны хэмжээ нь үргэлжлүүлэн багассан хэвээр.

Узбекистаны нутаг дээр байрладаг Баруун Тэнгэр уулын мөсөн голын талбай үргэлжлүүлэн цөөрвөл 2020 онд Амударья мөрний ай савын усны нөөц 15 хувиар, Сырдарья мөрнийх 5 хувиар буурна. Тоогоор тэдэн хувь гэхээр толгойд буухгүй байж болох ч мөрний ай савд багтдаг усны нөөц 15 хувиар буурна гэдэг нь асар том газар нутаг усгүй болж цөлжнө гэсэн үг.

Иймд бүс нутгийн орнууд мөсөн голуудыг хамгаалах, төлөв байдлыг нь хянах хоорондоо уялдаа холбоотой хамтарсан арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа юм. Гэвч удахгүй нүүрлэх цэвэр усны дутагдлыг асуудлыг хэрхэн шийдэх дээр санал нийлж чадаагүй байгаа нь байдлыг улам ээдрээтэй болгож байгаа юм.

Памирын нуруу нь дийлэнхдээ Тажикистаны нутгаар явдаг, өөрөөр хэлбэл бүс нутгийн маш олон гол мөрний эх нь энэ улсад байдаг. иймд энэ улсын эрх баригчид ирээдүйд нүүрлэж болзошгүй цэвэр усны асуудлыг шийдэх шилдэг арга нь цэвэр ус нөөцлөх сан байгуулах явдал гэж үзжээ. Одоогоор Тажикистанд Кайракумын, Нурекийн усан сан байгуулсан мөн 20 дугаар зууны эхэнд газар хөдлөлтийн улмаас бий болсон Сарез нуурыг ч нэгэн төрлийн цэвэр усны сан гэж үзэж болох тул гурван асар том сан байгуулагдаад байна.

Дээр нь Тажикистанд Рогуны усан цахилгаан станц баригдах ажил эд явагдаж буй. Энэ усан цахилгаан станцын далан нь Вахш голыг хааж баригдах юм. Ингэснээр цэвэр ус нөөцлөх бас нэгэн хиймэл нуур бий болно. Харин урсгалын доор байгуу улсууд цэвэр усны асар их дутагдалд орно гэж усан цахилгаан станц барьж байгаа хүчтэй шүүмжилсээр байна.

Ийнхүү Рогуны усан цахилгаан станцын тухай яригдах бүрт бүс нутагт цэвэр усны эх үүсвэрийн жигд бус хувиарлалтын яриа эхэлдэг. Өөрөөр хэлбэл бүс нутгийн хоёр амин судас болсон Сырдарья ба Амударья мөрнийг тэжээдэг гол, горхины эх авсан байдал ба хоёр мөрний урсгалыг ашигласан байдал хоёрын дунд дэндүү ялгаатай, шударга бус зүйл байна гэж маргалдацгаадаг.

Жишээлэхэд, хоёр мөрнийг тэжээгч гол горхинуудын 25 хувь нь Киргизт байдаг атал хоёр мөрний нийт урсгалын ердөөө 3,5 хувийг ногдуулсан. Тажикистанд тэжээгч урсгалын 49 хувь эх авдаг атал үндсэн урсгалын ердөө 11 хувь нь ноогддог. Узбекистанд тэжээгч урсгалын 9,5 хувь нь эх авдаг атлаа үндсэн урсгалын 51 хувийг дангаар эзэмшдэг. Туркменд тэжээгч урсгалын 1,5 хувь нь эх авдаг ч үндсэн урсгалын 21 хувь нь ноогдог. Казахстанд тэжээгч урсгалын 2,5 хувь нь ноогддог ч үндсэн урсгалын 12 хувийг ашигладаг.

Энэ гаж гэж болохоор байдлаас болж бүс нутагт цэвэр усны маргаан тасралтгүй 20 гаруй жил үргэлжилж байна. Бүр тодруулбал ЗХУ задарч, бүгд тусгаар улс болсон цагаас л энд цэвэр усны маргаантай яваа.Одоо үндсэн маргаан нь гол хоёр мөрний усны ашиглалт, тэжээгч голуудын ашиглалтыг тойрон явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл үндсэн урсгалын бага хэсэг ноогдсон ч тэжээгч хэсгийн дийлэнхийг хянаж байдаг улсууд өөрийн мэдлийн жижиг, дунд голуудыг хааж усан сан, усан цахилгаан станц барих нь урсгалын доор байрласан улсуудын хүчтэй шүүмжлэл эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Үндсэн хоёр мөрнийг усаар тэжээгч чголуудыг нэг улс бус харин бүгд хамтарсан удирдлагад байлгах ёстой гэсэн яриа гараад удаж байна. Зарим тохиолдолд урсгалын дор байрласан орон нь зэвсгийн хүч хэрэглэх замаар цэвэр усны хангамжаа баталгаатай болгох тухай ч яригдаж байв.

Гэтэл зарим шинжээчийн үзэж байгаагаар яваандаа мөсөн голуудын хэмжээ, тоо цөөрөөд ирэхээр ууланд байгаа мөсөн голыг хэн удирдах, хянах тухай маргаан болж хувирч магадгүй байдалд хүрээд байна.

Цаг агаарын огцом өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн дэлхий даяар үүсч байгаа олон ээдрээтэй асуудлыг зөвхөн нэгнийг нь тойрсон байдал иймэрхүү байна. Манай улс ч иймэрхүү асуудалтай тулгараад байгаа. Өөрийн эрчим хүчний хэрэгцээгээ хангахын тулд Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих тухай яригдаж эхлэхэд л манай хөршийн зүгээс ширүүн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч байсан. Одоо усан цахилгаан станц барих, ашиглахтай холбоотой үүсч болзошгүй экологийн үр дагаварыг судлах хоёр улсын судлаач, эрдэмтэдийн бага байгуулах тухай яригдаж байгаад чимээгүй болсон.

Яг үүнтэй адилаар Хэрлэн мөрний урсгалын дагуу далан барьж сан байгуулаад Говь нутгийн усжуулах, мөн цахилгаан станц барих замаар бүс нутгийн эрчим хүчний асуудлыг шийдэх тухай яригдаж байгаад бас л таг чиг болсон.

Манай урд хөрш өөрийн нутаг дээр нь эх авдаг Брахмапутра голын урсгалын дагуу хэд хэдэн том усан цахилгаан станц барьсан, одоо нэмээд ахин хэдийг барихаар төлөвлөж байгаа. Үүнд урсгалын доор байрласан Энэтхэгийн Засгийн газар ихэд бухимдан шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Энэ мэт ус тойрсон маргаан, ээдрээ цаг агаарын өөрчлөлт, хүний үйл ажиллагааг дагаад улам нэмэгдсээр байх бололтой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан