Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Даваасүрэн: Хөрөнгө оруулалт татах л гэж Шанхайн консулыг өөрийнхөө хөрөнгөөр байгуулсан


Шанхай хот нь БНХАУ-ын төдийгүй дэлхийн худалдаа, бизнесийн томоохон тулгуур төв болж өргөжин тэлсээр байна. Тус хотоор дамжин өнгөрч буй эдийн засгийн урсгалыг манай улстай холбож байдаг Шанхай хотод суух Монгол Улсын Консулын газар 2011 онд байгуулагдаж, Консулаар Д.Даваасүрэн ажиллаж байна. Тэрбээр МоАХ-ны анхдагчдын нэг. Ирэх сард МоАХ үүссэний 25 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан түүнтэй ярилцлаа.
----------------------------

-Та хэрхэн МоАХ-той холбогдож байсан юм бэ. Мөн таныг их барууны үзэлтэй хүн гэдэг юм билээ?         
-Би 1982 онд Германд хэлний бэлтгэл төгсөөд, Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав улсад анхны монгол оюутан болж очиж байсан. Хэдийгээр Югослав нь социалист дэглэмтэй ч барууны үзэл баримтлалтай буюу хамгийн нээлттэй орны тоонд ордог юм. Ингээд тэнд сурч байгаад сургуулиа арай төгсөлгүй, хэдэн шалгалт үлдээгээд 1989 оны сүүлээр Монголдоо иртэл их л сонин дүр зураг санагдсан. Монгол их хаалттай, эдийн засаг, оюун санааны хувьд ч хавчигдмал улс гэдэг нь эрс мэдэгдэж эхэлсэн.
Хүн өөрөө дотор нь байхаар амьдарч байгаа нийгмээ тэгтлээ анзаардаггүй юм билээ. Надад бол их л олон зүйл ажиглагдаж байлаа. Тэр үед манай залуус ч нийгмээ өөрчлөх давалгааг эхлүүлчихсэн, ер нь л ид бужигнаж байсан үе. Харин энэ “бужигнаан” яг юунд чиглэж, бидэнд юу өгөх гээд байгаа вэ, гэдгийг олж мэдэхийн тулд би МоАХ-ны Ерөнхий зохицуулагч талийгаач С.Зориг болон тэргүүлэгчдийн нэг Э.Бат-Үүл хоёрыг олж уулзсан юм. Ингээд ерөнхийд нь өнөөдрийн нийгмийг цогцлоох тэр хүсэл эрмэлзлийг нь олж хараад МоАХ-д элсэхээр болсон. Тэр хоёр ч намайг барууны үзэлтэй оюутан элслээ гэдэг утгаар нь их л баяртай угтаж авсан. Гэхдээ надаас “Чи бизнес, улс төр хоёрын алийг нь сонгож явах вэ” гэж асуусан. Үнэндээ би сонголт болоод цаашдын замналаа сайн мэдэхгүй байсан ч “Данзангийн үзэл бодлыг дэмждэг” гэж хэлж байсан.

-Данзан гэдэг сэдэв чинь түүхийн хаалттай хэсэг. Төрийн зүтгэлтэн гэхээс илүү тэрслүү гэх нь их байсан байлгүй дээ?
-1987 оны үед гэж санаж байна. Өөрчлөн байгуулалт, ил тод байдал зэрэг үйл явдлын нөлөөгөөр Данзан, Бодоо зэрэг Ардын хувьсгалын анхны долоогийн талаарх мэдээллийг иргэдэд өгсөн байдаг. Анх удаа л тэднийг гүтгэж, түүхийг гуйвуулахгүйгээр бодит байдлыг ярьсан. Түүнээс гадна, тэдний үзэл суртлыг ярих, түүхийн хичээлээр мэдлэг олгох зэргийг хориглодог л болохоос манай түүхчид улсынхаа үнэн түүхийг мэддэг л байсан. Нөгөөтэйгүүр, ардчилсан хувьсгал хийхээр зориг шулуудсан, буруу, зөвийг салгаж цэгнэж байсан хүмүүс Солийн Данзан гэдэг хүнийг мэдэх л учиртай. Харин миний хувьд С.Данзанг Монголын орчин үеийн эдийн засгийн салбарыг үндэслэгч гэдэг утгаар нь үзэл бодлыг нь зөв байсан гэдэгт бат итгэдэг. Барууны хөгжингүй орнуудын туслалцааг авч, улс, эх орноо өндийлгөх бодлого, мөн Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг Монгол доллар болгох санал хүртэл гаргаж байсан гэдэг шүү дээ. Энэ бол бизнесийн асар том  ухаан. Нөгөөтэйгүүр, Югославаас сурсан зүйл нь “Иргэн баян байвал улс баян байдаг юм байна” гэх ойлголт.

-Тэгээд л та бизнесийн салбарт орчихсон юм уу?
-Яахав, ард түмнээ баян болгож байж улс төр рүү орох ёстой гэдэг үзэл байсан учраас улс төрийг нэг их сонирхоогүй л дээ. Тиймээс намайг С.Зориг, Э.Бат-Үүл нар Дорлигжавтай танилцуулсан. Дорлигжав ардчилсан хувьсгалаас хойш “Хоёр загал” нэртэй компани байгуулчихсан, би Европыг хариуцсан менежер нь боллоо. Дараа нь “Бат” компанид мөн л Европыг хариуцсан захирлаар ажиллаж байгаад 1993 онтой золгосон. Би чинь захирал, дарга гэж байгаа ч насаараа бол залуу нь шүү дээ. Дөнгөж л их сургууль төгссөн хүүхэд гэсэн үг. Гэхдээ Монголд ирээд III хороололд 40 автомашины анхны газар доорх граш барьсан. Тэр орлого л биднийг санхүүжүүлдэг. Грашнаас олсон хэдэн төгрөгөө холбооны үйл ажиллагаанд  зарцуулдаг л байсан үе.

-Та багаасаа тийм их бизнесийн ухаантай байсан хэрэг үү?
-Миний хагас хөрөнгөтөн орноос сурсан зүйл нь зах зээл. Дөнгөж нээлттэй зах зээлд шилжиж байсан Монголд бизнесийн талбар нь цав цагаан цаастай адил юм. Тиймээс би хэд, хэдэн компани нээлээ. Ингээд явж байхдаа Монголын маркетингийн холбоог байгуулах нь зөв юм байна гэж бодоод анхны “Монголын маркетингийн холбоо”-г байгуулж, гүйцэтгэх захирал нь болсон. Дагвадорж гуай Ерөнхийлөгч, Дэмбэрэл /УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл/ дэд Ерөнхийлөгч болоод бид гурав хүчин зүтгэсэн. Ер нь, аливаа улс оронд зах зээлээ мэдэж юм хийх ёстой. Өөрөөр хэлбэл, бүхэл улс орныг үйлдвэр гэж үзвэл, ханган нийлүүлэлтээ хаанаас авч, бид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэнд борлуулах вэ зэргийг цогцоор нь хийх ёстой юм. Түүнээс аль нэг нь байхгүй бол энэ “үйлдвэр” биш. Тэгж бодоод анхны савхины цех, тоосгоны үйлдвэр зэргийг бий болгосон. Их олон зүйл санаачилсан л даа. Одоо ч миний эхлүүлсэн бизнес цэцэглээд явж байгаа нь харагддаг.

-Санаачилж эхлүүлээд орхичихсон юм шиг ярьж байна. Ер нь Монголын зах зээлд та ямар бизнес эхлүүлж, таны гараар хэдэн компани орж байсан нь их сонирхол татаж байна?
-Үүнийг яривал их цаг орно. Гэхдээ товчлоод ярих нь зөв байх гэж бодож байна. Жишээлбэл, Монгол хүн махаа идэж байгаа цагт малын арьс байж л таарна гэж бодоод Монголд анхны жижигхэн савхины цех байгуулсан. Дээрээс нь Оросын зах зээл биднийг барж идэхгүй том ходоод байсан нь энэ төрлийн бизнес эхлүүлэхэд их боломжтой санагдсан. Ганц мэргэжлийн технологичтой байсныг эс тооцвол ихэнх ажлаа өөрөө хийдэг. Тэр их будаг, эхүүн үнэр зэргийг чинь тоохгүй мөнгөтэй болохын тулд дайраад л ордог байлаа. Тухайн үед дэлгүүрийн лангуун дээр бараа байсангүй. Тэгэхэд манай үйлдвэрийн хашааны үүдэнд “Уян” үйлдвэрээс нэг, нэг оёдлын машин хувьчлаад авчихсан хүмүүс ажилд орохын тулд дараалалд зогсч байсан. Би ч нэг хэсэгтээ л “цулаак” амьтан болсон. Тэгээд байж байтал П.Жасрай гуайн Засгийн газар (1992-1996 онд Ерөнхий сайд байсан) гарч ирээд урагшаа нэхий гаргадаг болчихсон. Үүнээс эхлээд л миний савхины бизнес унтарлаа. Ингээд цехээ Ажнайн Д.Бат-Эрдэнэд зараад дараагийнхаа бизнесийг эхлүүлэхээр болсон. Би Барилгын инженер, зохион бүтээх инженерээр Югославт сурч байсан учраас мэргэжлийнхээ дагуу барилгын салбарт орохоор шийдсэн. Гэхдээ барилгын салбар дотроо яг ямар төрлийн бизнес хийх вэ гэдэг их чухал. Тухайн үед Баянхошууны уул, хад тэр чигтээ шар шавар байсан учраас ийм сайхан баялаг байхад юм хийж чадахгүй байна гэж юу байх вэ, гэж бодоод найман сая төгрөгөөр тоосго хийх тоног төхөөрөмж худалдаж авлаа. Ингээд л тоосгоны бизнес хийж эхэлсэн юм. Ер нь бол надад бизнесийн боломж нээлттэй байсан. Их л давлиунаар уулын ам бүхэнд хаус барья, томоохон хорооллын орчинд нэг давхар үйлчилгээний газар нээе, сургууль цэцэрлэг барья гэж боддог байсан даа. Одоо харахад тухайн үед бодож байсан зүйлс бүгд хэн нэгний амжилттай явж байгаа бизнес нь болж. Харин би газар доорх граш барихаар шийдсэн. Ингээд 47 дугаар сургуулийн ард анхны газар доорх 40 автомашины граж барьсан. Энэ ажил их л эсэргүүцэлтэй тулгарсан. Сурвалжлагч нар ирээд хүүхдийн тоглоомын талбай сүйтгэлээ зэргээр буруутгаж байлаа. Гэтэл доор нь граш хийчихээд дээр нь хүүхдийн тоглоомын талбай байгуулах нь илүү үр дүнтэй, газар ашиглалтын хувьд ч зөв хувилбар байсан. Тэр үеэс миний газар доорх зогсоол хийх санаачилгыг дэмжээд явсан бол одоо зогсоолын хүрэлцээгүй болтлоо эмх замбараагүй байх байсан уу гэдэг бас бодох л асуудал. Ингээд хэд, хэдэн бизнес эхлүүлж байгаад бүгдийг нь орхиод Англи явсан.

-Яагаад тэр вэ. Ажил чинь бүтэмжтэй байхад?
-Улс төр рүү л орчихсон. 1996 онд манай нам ялаад би яагаад ч юм Англи, Америк явах хүсэлд автаад дээрээс нь намын даалгавар аваад... Мөн тухайн үед үр хүүхдээ бодъё, өөрөө ч боловсоръё гэж бодсон. Ер нь боловсролтой хүн л энэ эх орныг цаашдаа авч явна шүү дээ. Тэр утгаар нь Монголд анхны хувийн дээд сургуулийг Эрдэнэсүрэн, Доржсүрэн, Гөлөгөө гуай бид дөрөв нийлж байгууллаа. Одоо “Монгол Бизнес” дээд сургууль Эрдэнэсүрэнгийн гэр бүлийн бизнес болоод "пасслагдсан" л даа. Тэгсэн ч би гандан буураагүй. Дараа нь нүүрсээр манай улс хол явахгүй гэж үзээд газ оруулж ирэх гэж их л зүтгэсэн. Ингээд Оросын Барнаул гээд Баян-Өлгийтэй залгаа Оросын тосгоны дарга дээр очлоо. Тэгэхэд тэр “Та нарыг нэг л өдөр над дээр ирнэ гэдгийг чинь би мэдэж байсан. Танай аргалаас газ гаргаж болдог. Танайх үнэхээр арвин баялагтай улс” гэж билээ. Би Баян-Өлгий аймгийн Засаг дарга мөн Шинжлэх ухааны академийн Чадраа гуай, “НИК”-ийн Сүхбаатартай хамт улсаас зээл авч байгаад газ оруулж ирэхээр төлөвлөсөн. Ингээд Барнаул, Дархан, Дорнодын Мардайн чиглэлээр оруулж ирэхээр ярив. Яагаад заавал газ оруулж ирэхээр тэгтлээ их зүтгэсэн гэхээр би Энэтхэгт байхдаа бүхэл бүтэн Энэтхэг улс Оросоос авч байгаа газаар амьдарч байгааг харсан. Тэнд утаа униар гэж мэдэхгүй, гэрэл цахилгаан тасрахгүй. Гэтэл хажууд нь байгаа бид яагаад чадахгүй гэж гэсэн хор шараар энэ ажилд орсон. Улсаас 200 сая төгрөг одоогийн бараг 20 тэрбум юм уу, тэр хавьцаа мөнгө авах гээд. Тэгсэн чинь Цолмонгийн, 90 саяын Гансүхийн гээд олон хэрэг гараад бид нарын төсөл хүлээн зөвшөөрөгдсөн ч банк зээл өгөхөөс татгалзсан. Тэрүүхэн тэр өнцөг дээрээс л бид хий оруулж ирж чадаагүй юм даа. Одоо энэ тухай Б.Чадрай гуай  “Бид хоёр лут хүмүүс ээ. Бид хоёроос болж Оросууд Монгол руу хий оруулахаар Эрхүү хүртэл хоолой татсан шүү дээ. Лутаа лут” гэж ярьдаг. Монгол хий оруулахаа болингуут хийн хоолой нь тэнд хүрээнд гацчихсан. Түүнээс болж Орос орныг хөгжүүлчихсэн юм биш үү гээд л хөгжилддөг юм.

-90 саяын Гансүх байгаагүй бол өнөөдрийн утаа гэдэг асуудал байхгүй байх ч юм шиг сонин түүх байна шүү?
-Үүгээр ч дуусахгүй ээ. Монголын хөдөлмөрийн бирж гэдгийг чинь анх гаргаж ирсэн шүү дээ.

-Та юу?
-Би чамд ярьж өгье. 03 гэвэл түргэн тусламж, 02 гэвэл цагдаа, 01 галын дуудлага, харин хөдөлмөрийн товчооны дугаар 08. Ийшээ залгаж хүн ажил хайж байгаа гэдгээ хэлж утсаа бүртгүүлэх юм. Нэг ёсондоо, ажил хайгч, ажил олгогчийн мэдээллийн бааз бүрдүүлж байна гэсэн үг. Ингээд ажил ид оволзож байтал Хөдөлмөрийн сайд дуудаж авч ирээд, ёстой сэргэлэн цовоо хүү байна, наад хийгээд байгаа зүйлээ манай ажилчдад сайхан тайлбарлаад өг гэсэн юм. Би ч “ба, бэ”-гүй ярьж өглөө. Тэгсэн маргааш өглөө нь Хөдөлмөрийн зах гээд шинэ зүйл гараад ирсэн. Дүүргүүд хүртэл хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл би хувийн шахуу юм чинь няслуулаад л өнгөрнө биз дээ. Дээрээс нь тогтоол гаргаад  хүмүүс манайх руу биш улсын хөдөлмөрийн зах руу бужигнах болсон доо.

-Ингэхэд та Англи руу явчихаад хэзээ ирсэн юм бэ. Тэндээс бас юу сурав?
-За хүрээд ирлээ. Миний хувьд дахиад л шинэ орчин бий болсон. Дээрээс нь миний ах дүү нартаа үлдээгээд явсан компаниас юу ч үлдээгүй байсан. Бүр гэр оронг минь хүртэл зарчихсан. Уг нь би тэнд байхдаа мөнгө төгрөг явуулж битгий зараарай гэж хэлсэн юм. Гэтэл байдаггүй. Ямар ах дүү нараа шоронд өгөлтэй нь биш. Тухайн үед орон сууц дөнгөж хувьчлагдаж шинэ зүйл нийгэмд өрнөж байсан учраас үл хөдлөх хөрөнгийг зарсан нь зөв гэж бодоод л зарчихсан юм билээ. Би чинь ингээд Англид байхдаа ресторан байгууллаа. А гэдэг нь хамгийн дээд зэрэглэлийнх, B гэдэг нь дундаж мөртлөө өндөр татвартай. Харин С зэрэглэл нь жижигхэн түргэн хоолны газар болчих гээд байсан юм. Гэхдээ татвар нь бага л даа. Үүнийгээ дагаад ашиг бага гэсэн үг. Тэгэхээр нь В буюу дунд зэрэглэлийн өндөр татвартай ресторан нээгээд С зэрэглэлийн татвар тавиулж чадсан. Тэгсэн “та манай Англи улсын хуулийг өөрчилчихлөө шүү дээ” гээд нэг өмгөөлөгч хэлж байсан. Гэхдээ ярьж байгаа шигээ тийм ч хялбар байгуулаагүй их л зовж байж бий болгосон юм. Ингээд өөрийнхөө ресторан дээр Сосорбарам, Эрдэнэбат, “Чингис хаан” хамтлагийн Жаргалсайхан гээд олон хүний тоглолтыг зохион байгуулж л явлаа. М.Энхсайхан хүртэл ирдэг байсан юм. Гэвч иргэндээ тусалдаггүй төр байдаг юм байна гэдгийг би тухайн үед ойлгосон.

-Юу болсон гэж?
-Дипломат паспортаар аж ахуй эрхэлж болдоггүй юм. Тэгээд би Монголдоо ирээд ажлын виз аваад явах гэтэл бүтээгүй. Нэг нь ч гэсэн баяжаасай гээд надад тусалсан бол би буцаж очоод тэр ресторанаа мундаг авч явах байсан. Төрийнхөө далбаагаар саравчаа хийчихсэн, ар талынхаа цэцэрлэгт сийлбэртэй гэр хүртэл барьчихсан их л сэтгэлээ зориулж билээ. Их олон газраар явж туслаач гэж гуйсан. Гэтэл надад туслах хүн олдоогүй. Гомдох нь ч юу юм. Өөртөө л гомдож байгаа юм чинь. Зөвөөр ойлгуулж чадаагүй миний ч буруу байсан байж магадгүй ээ.

-Тэгээд та цаашдаа яасан?
-Чамайг нэг ажилд орох гэхээр ямар мэргэжилтэй, түүгээрээ хэдэн жил ажилласан бэ гэж асууна. Үүнийг надаас асуувал би эргэлзэлгүй маркетер (зах зээл судлаач, ологч) гэж хариулна. Би олон жил гадаадад амьдарч, гадаад хүмүүстэй харилцсаар байгаад мэргэжлийн маркетер болчихсон байсан. Нэг л мэдэхэд гадаад хүнийг панаалдаад сурчихаж. Тиймээс үүгээрээ дагнаад ажиллахаар шийдсэн. Одоо хүртэл миний Шанхайд байгаа нь ийм л учиртай. Хөрөнгө оруулалт л татах гэж би тэнд байна. Мөнгөгүй хүн хичнээн ухаантай байгаад бурхантай яриад дээрээс нь мөнгө унаад ирэхгүй. Тиймээс хөдөлмөрлөх хэрэгтэй. Жижиг ч бай, бага ч бай шинэ зах зээл бий болгож, мөнгө босгохын тулд тодорхой арга барилд суралцаж, толгойгоо ажиллуулах ёстой. Харин тэр зах зээлийг бий болгохын тулд би Шанхайд Монголын консулын газрыг өөрийнхөө хөрөнгөөр байгуулж, 2011 онд нээлт хийсэн. Гэхдээ гадаад яамны томилолтоор, албан паспортоор ирсэн.

-Яагаад консулын газарт хөрөнгө оруулна гэж?
-Нэгдүгээрт би өөрийнхөө чадлыг сорьсон. Баахан зүйл сэглээд үлдээх биш эх орондоо нэгийг үлдээх том  хэмжээний зүйл хийж чадах нь уу гэдгээ үзсэн. Эхний үедээ маш хэцүү байсан. Гэхдээ өнөөдөр Монголын төвийг Шанхайд босгоод одоо түүнийхээ дотор консулыг бий болгосон. Анх 3-4 өрөөнд эхэлж байсан бол Монголын далбааг  гаднаа намируулсан гурван давхар тусдаа байртай болгож чадлаа. Гэхдээ үүнийг байгуулахдаа би гадны иргэдтэй нийлж хийсэн. Учир нь манай Засгийн газар мөнгөгүй учраас төсөвт суулгаж чадахгүй гэж байсан юм. Нэг жил л тогтвортой байгаад, консулын газрыг босгоод ирэх юм бол улс тусална гэж тохирсон. Гэтэл өнөөдөр дөрвөн жил болчихлоо шүү дээ. Улс надад худал хэлсэн хэвээрээ л байна.

-Гадныхны хөрөнгө оруулалтыг Монголын төвд буюу эргэн төлөгдөхгүй, үр ашгаа өгөхгүй зүйлд яаж оруулсан юм бэ?
-Би чинь хятадуудад их хулхидуулсаан. Танайд том хөрөнгө оруулна гээд Монгол руу явдаг хүн зөндөө. Ирээд нэг тугны өмнө нэг даргатай зургаа даруулаад тэр дарга, сайд нарыг заагаад, би найз нь гэж хэлээд манай дотоодын зах зээлд мөнгө босгох гэж үздэг хүн зөндөө бий. Энэ хулхидалтаас зугтахын тулд нэг том сангийнханд нь хэлсэн юм. Чи тэгж л их хөрөнгө оруулах гээд байгаа чадалтай хүн юм бол Монголын төвийг босго, бидэнд дэлхийд хандсан сурталчилгаа хэрэгтэй байна гэлээ. Ингээд том төслүүд чинь дэлхийн бизнесийн төвд байгаа Монголын төвөөр дамжаад дэлхийд сурталчлагдах ёстой гэсэн болзол тавьсан. Ер нь гаднаас мөнгө орж ирэхийг хүлээх биш улсад нь очоод өөрсдийгөө рекламдаад хөрөнгө оруулалт татах ёстой. Ингээд гүйгээд байвал болдог л юм. Одоо манай консул муухан Элчин сайдын яамнаас дээр байгаа. Саяхан бид консулын зөвлөлдөх уулзалтыг Хятадад байгаа бүх консулын дунд хийсэн. Хонконг, Эрээн, Хөх хот, Бээжин, Шанхай багтдаг. Тэд бүгд л гоё, сайхан зохион байгуулсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ерөнхийлөгч Шанхайд болсон хуралд ирэхэд дипломатууд бидний хийсэн зүйлийг хараад маш их дэмжсэн. Гэхдээ бас дэмжихгүй зүйлс их байна. Намайг тэнэг гэж хэлсэн хүн ч зөндөө бий. Чи улсад ийм консул байгуулж өгөөд юу олж долоох юм бэ гэж ч хэлж байлаа. Би хувьдаа амлалтдаа хүрээд Шанхайд Монголыг сурталчилж байгаа томоохон төвийг барьсан учраас бардам байна. Бүх л зардал үйл ажиллагааны зардлаа өөрөө гаргаж байгаа.

-Дөрвөн жил нэг консулыг өөрийнхөө хөрөнгөөр авч явсан гэж үү?
-Төр засаг туслахгүй байна шүү дээ. Тиймээс би чинь хажуугаар нь ойр зуурын зуучлал, бараа таваар зарах зэргээр урсгал зардлаа олоод л байгаа. Хүн өөрийнхөө толгойг ажиллуулж “суусан цэцнээс явсан тэнэг” гэдэг шиг байвал зах зээлийг бий болгож чадна. Тэгэхгүй суугаад л байвал би энэ төвийг авч явж чадахгүйд хүрнэ. Хэн нэгэн тусална гэж найдах хэрэггүй. Гадаад яам хүртэл надад туслахгүй юм. Ямар сайндаа манай хоёр ажилтан сардаа нэг удаа туг тойрч ажлаа хийж байна. Хувийнхаа шугамаар л юм хийж байгаа хүн шиг хараад байх юм. Нэг л ингэх ёстой гэсэн хэв маягт орсон газар байна. Ингэж болохгүй, тэгж болохгүй л гэж хэлэхээс “болно” гэдэг үг амнаасаа унагахгүй байна манай Гадаад харилцааны яам. Тэр байтугай намайг Шанхайд консул нээгээд Монголын төвийг байгуулсны дараа намайг авч хаяад оронд нь орох гэж байгаа бүлэг хүмүүс гарч ирсэн. Олон удаа ирж дарамтад оруулж байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл би өөрийнхөө чадлаар л явж байгаа. Саяхан “уулын орой” дээрээс миний консулын хугацаа дуусч байгааг харлаа. Түүнээсээ өмнө сайхан Монголын өдөрлөг хийх санаатай байгаа.

-Та залууст зориулж юу гэж хэлмээр байна?
-Та нар сууж бай. Бид мөнгийг чинь өгье гэдэг бол социалист нийгмийн үе. Ардчилал бол өөрсдөө зах зээлээ олж, мөнгө босгодог юм. Одоо Ерөнхийлөгчийн үйл хөдлөлийг хар л даа. АСЕМ-ийн хуралд өөрөө очиж, тэнд өөрөө санаагаа гаргаж, дараагийн хурлыг Монголд хийлгэхээр боллоо. Тэгвэл тэнд очоогүй, санаа байсан ч бүтэхгүй байх гээд сууж байсан бол АСЕМ-д оролцож байгаа нь их зүйл болоод л хоцорно. Энэ мэт жишээ зөндөө бий болсон. Бид ардчилал ингэдэг байхгүй юу, ийм болно гэж байсан бол одоо та нарын үе өв залгамжлаад аваад явах цаг үе нь иржээ.

0 Сэтгэгдэл
Saihan yariltslaga bolson baina
Энэ хүн олон жилийн өмнө хийн хоолой ярьж хийх гэж байхад нэг муу луйварчнаас болж болиулчихаад одоо өчнөөн жилийн дараа утаа яриад эхлэхэрээ ярьж байдаг манайхан мөн таарсан улсаа. Тэгээд хийн хоолой татсан ч юм байхгүй улстөржөөд өөр хоорондоо арслалдаад сууж байдаг. Цус гэж
Энэ хүн олон жилийн өмнө хийн хоолой ярьж хийх гэж байхад нэг муу луйварчнаас болж болиулчихаад одоо өчнөөн жилийн дараа утаа яриад эхлэхэрээ ярьж байдаг манайхан мөн таарсан улсаа. Тэгээд хийн хоолой татсан ч юм байхгүй улстөржөөд өөр хоорондоо арслалдаад сууж байдаг. Цус гэж
Гадаад хэргийн яамны сайдаар тавиул таарах хүн байна. Тэгвэл панаалдана л гэнэ шүү.
гах, Facebook ухаж, нэтэээр хэсэж байх хоорондоо, мөн оффис дээрээ ажлаа хийж байх хоорондоо л амжуулчихаж болдогоороо маш онцлог юм. Туршаад бас хийгээд үзээрэй залуусаа. Чамаас ямарч зард*****
Ёстой хиймортой ах байна
vham shig ataach hun l ingej uls ornoo hoish n tatdag. Zugeer ym unshij chadahgui ym buhniig uls torjuulj bdag
юм хийдэг ийм хүмүүсийг сайд майд болгоосой одоо байгаа царайгаа хараач дээ. Сайханбилэг ч гэх шиг арай л тоглож байгаа шү биднуусаар
vham shig ataach hun l ingej uls ornoo hoish n tatdag. Zugeer ym unshij chadahgui ym buhniig uls torjuulj bdag
mongotei gehiimuu uhaantai gehiimuu yu gemeer ch ym dee ymarvh bsan mundag ah bna
Хамгийн их уншсан