Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН үгүй гэвэл Ч.Сайханбилэгт дэмжлэг дутах уу


Ч.Сайханбилэгийг АН-ын ҮЗХ-ны шийдвэрээр Ерөнхий сайдад нэр дэвшигчээр тодруулсны дараа буюу өнгөрсөн баасан гарагаас эхлээд төрийн тусгай хамгаалалт авсан. Өчигдөр УИХ дахь АН-ын бүлгээр хэлэлцээд хуралдаанд оролцсон 29 гишүүний 19 нь дэмжиж санал өгөв. Үүний дараа УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөж эхэллээ. Одоогийн ИЗНН, “Шударга ёс” эвслийн бүлэг ч саналыг таатайгаар хүлээн авч. Харин хамгийн чухал шийдвэр гаргах эрх МАН-ынхны гарт байгаа. Байсаар ч байх нь. Яагаад гэвэл Н.Алтанхуягийн танхим эдийн засгийн хямралтай учруулах хэмжээнд хамгийн муу хувилбараар ажилласан хэмээн МАН-ын бүлэг санал оруулсныг УИХ-ын 36 гишүүн дэмжсэн. Ерөнхий сайдад олонх гишүүн итгээгүй учир Засгийн газар танхимаараа огцроод багагүй хугацаа өнгөрчихлөө. Муу ажилласан Засгийн газарт парламент хариуцлага тооцсон ч Н.Алтанхуягийн “гал тогоог” баригч Хэрэг эрхлэх газрын даргыг нь дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн оруулаад ирсэн нь эргээд мухардалд хүргэж мэдэх нь.

Шинээр бүрдүүлэх Засгийн газарт орохгүй гэж өчигдөр МАН-ын Удирдах зөвлөл нь үзэж. Зөвлөхүүдийн танхимаас ч тийм санал өгч, Удирдах зөвлөлийн олонх гишүүн сөрөг хүчин хэвээр үлдэхийг чухалчилж. МАН-ын бүлэг ч ийм байр суурьтай байгаа гэж орчуулагдана. Тэгэхээр МАН-ын бүлгийн 26 гишүүн Ч.Сайханбилэгийн эсрэг кноп дарах нь гэсэн үг. Хэрэв МАН засаг байгуулах урилгыг нааштайгаар хүлээж авсан бол ойрын хугацаанд намынхаа Бага хурлыг хуралдуулах тов зарлах байж. Гэвч зар түгэх нь байтугай тов тогтоох тухай ч сөхөгдөөгүй аж. Ардын намынхан дунд Ч.Сайханбилэгээс илүү Р.Амаржаргалыг балиашиглаж байсан нь цөөнгүй. Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдахаар болсон гэнэ. Магадгүй энэ хооронд АН, МАН-ын дунд улс төрийн зарим тохироо явахыг ч үгүйсгэхгүй.     
МАН дээр Бие даагч гурван гишүүн нэмэгдэх зураг харагдаад эхэллээ. “МАНАН-гийн эсрэг зогсоно”, “Хариуцлага тооцон огцруулсан Засгийн газрын гол хүмүүсийн нэг Ерөнхий сайд байх нь хэр зохимжтой вэ” гэв. Эдийн засгийн хямралтай энэ үед юуны өмнө эдийн засагч, нийгэм, улс төрийн хүрээлэлдээ хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг хүсч, хүлээж байгаа нь нууц биш. Тиймдээ ч  тэр шалгуурт нийцсэн Р.Амаржаргал гэдэг хүнийг АН-ын бүлгийн 27 гишүүн дэмжээд гаргаад ирлээ гэж алга ташиж байсан нь ердөө долоо хоногийн өмнө. Гэсэн ч ҮЗХ-ндоо санал дутаад Ч.Сайханбилэг дэмжигдлээ гэж тайлбарлах боловч өчигдрийн АН-ын бүлгийн шийдвэрээс харахад арай өөр зүйл ажиглагдаад байгаа юм. Санал 100 хувь биш юмаа гэхэд цөөнхтэй гарна гэдэг чуулганы шийдвэрт нөлөө үзүүлэх магадлалтай.

Анх Р.Амаржаргалыг дэмжсэн АН-ын гишүүдээс Б.Наранхүү, Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан, Б.Болор, Р.Бурмаа, Д.Зоригт, Н.Батбаяр, М.Батчимэг, Д.Батцогт, Р.Амаржаргал  нар байр сууриндаа бат зогсчээ. Харин З.Энхболд, Х.Тэмүүжин, М.Зоригт, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Ш.Түвдэндорж, С.Баярцогт, Х.Баттулга, Ц.Оюунгэрэл, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг, А.Бакей, Г.Батхүү, Ж.Батзандан, Я.Санжмятав, Л.Гантөмөр, Р.Гончигдорж нар Ч.Сайханбилэгийг дэмжин гар өргөсөн байна. Сонирхолтой нь, Ерөнхий сайд, АН-ын дарга хэмээх “давхар дээл”-нүүдээ тайлсан Н.Алтанхуяг тодорхойгүй шалтгаанаар бүлгийн хуралдаа өчигдөр суусангүй. Мөн “Алтангадас” фракцийн С.Баярцогт, Ч.Сайханбилэг тэргүүтэй нөхдүүд намын даргаа Ерөнхий сайдаас нь унагаах төлөвлөгөө боловсруулж байсныг мэдсэн учраас огцруулах асуудлыг хэлэлцсэн чуулгандаа суугаагүй хэмээн тайлбарлаж байсан Д.Арвин гишүүн санал өгөөгүй гэнэ. Л.Болд, Д.Ганбат, Ц.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ нар томилолттой байсан учир бүлгийн хуралд оролцоогүй аж.  Гэхдээ АН-ынхан дунд 100 хувийн саналаар дэмжигдээгүй нь Ч.Сайханбилэгийг хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ энэ хурлыг үеэр зарим гишүүн хэлсэн гэнэ. Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо гэдэг мэдээлэл гарсны дараахан Нью-Йоркийн Хөрөнгийн бирж дээр Оюу толгойн хувьцаа өссөн талаар УИХ-ын дарга З.Энхболд бичиж байсан. Нийгэм, улс төрийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц эдийн засагчдаа засгийн эрхийг атгуулж чадаагүйн алдаа өнөөдөр болох чуулган дээр гарах вий. Ийм болгоомжлол гишүүдийн дунд байгааг ч үгүйсгэхгүй байна. УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдыг томилоход нийт хуралд оролцсон гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авсан байх ёстой. Гэвч МАН-ын бүлгийн 26 гишүүн, Бие даагч гурав, АН-ын бүлгийн дэмжихгүй санал өгсөн 10 гишүүн эсрэг конп дарвал...
“Шударга ёс” эвсэл хамтарсан засагт орох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ Н.Алтанхуягийг огцруулахыг Л.Цог, Г.Уянга дэмжиж, хуралд ирээгүй Ч.Улаан, Ц.Оюунбаатар нарын байр суурь тодорхойгүй хэвээр байгаа. Тэгэхээр өнөөдөр товлоод буй Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар эцсийн шийдвэр гаргах хэдий ч Ч.Сайханбилэгт дэмжлэг дутвал гээд асуудал ар араасаа хөврөх нь бололтой.
Одоо асуудал АН-аас илүүтэй Ардын намынхны гарт байна.

0 Сэтгэгдэл
yneheer ard tymnii bolood namiin erh ashig bodwol saihan bilegiig demjij bolohgyi
Хамгийн их уншсан