Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Тэр тэмдгийг нь энгэртээ зүүчихвэл сэтгэлд сайхан юм даа”


“Намайг дуудаж сэрээсэн гэгээн өглөө сайн байна уу” хэмээх дуунаар олон хүүхэд шинэ өглөөг угтдаг байлаа. Тэгвэл энэ дууг сэтгэлд зүрхэнд хоногштол амьдруулж чадсан хүн бол яах аргагүй хүүхдийн дууны нэрт мастер Е.Наранцэцэг юм. Тэртээ 40 гаруй жилийн өмнө дунд сургуулийн жаахан охин энэ дууг дуулж гарч ирсэн нь олны сонорыг мялааж өнөөдөр ч аялсаар байна. Хэдий тийм ч бид дууг нь аялсаар байгаа ч дуучныг нь дуурсах нь цөөн юм. Тэрээр хэдийн 70 гарсан ч 16, 17 настай үеийнх шигээ цээл сайхан хоолойгоороо эл дуу­гаа хангинатал дуулсаар явна.

Наранцэцэг гуай ч Монголын хүүхдийн дууны урлагт үнэтэй хувь нэмрээ оруулсан гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Тэрээр дэлхийн ховор хоолойтой 250 дуучдын дотор багтдаг юм билээ. Хүн бүхэн л түүний сайхан дуулдагийг гайхаж магтан биширдэг. Гэвч 70 гарсан буурайд маань төрөөс олгосон гавъяа шагнал гээд байх юм бараг алга. Харин хүмүүс  түүнийг гавьяат жүжигчин хэмээн боддог. Харамсалтай нь үгүй.

Сүүлийн үед худалч хүнд ганц хоёр дуу гаргав уу, үгүй юу Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг хүртэх болсон. Төрөөс олгодог цол хэргэм үнэгүйдэж нүдээ олоогүй шагнал хэмээн хүн бүр ам муутай байх болж. Үнэндээ нүдээ олоогүй шагнал олон бий шүү дээ. Гэтэл хүүхдийн урлагийн төлөө амьдралаа зориулсан түүнд Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүндэднэ гэж үү. Тэрээр гавьяатад таван удаа тодорхойлуулжээ. Гэсэн ч өмнүүр нь тасалчихдаг гэнэ. Ямар сайндаа таны гавьяатын тодорхойлолтыг хүлээн авсан дээл хувцсаа өмсөөд ирээрэй хэмээн хоёр ч удаа дуудсан байна. Гэвч гоёод очсон түүнийг буцаасан тохиолдол  мөн  л хоёр удаа гарчээ. Уг  нь гавьяатын  тодорхойлолт чуулга, хороо, дүүрэг гээд маш олон газраар явж бичиг баримт бүрдүүлдэг гэнэ. Тэрээр “Хүүхдүүдийн буянаар дуулаад боломжийнхоо хэрээр амьдарч байна. Надад төрөөс Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хүүхдийн төлөө фондын шагнал өгсөн.  Энэ шагналууд маань надад гавьяатаас илүү санагддаг. Хүмүүс надаас та гавьяат уу гээд асуудаг юм. Гэхдээ би ард түмний дунд гавьяат юм билээ. Уг нь  тэр тэмдэгийг нь аваад энгэртээ зүүчихвэл сэтгэлд сайхан юм даа” хэмээн даруухан ярьж сууна.

Тэрээр сүүлийн үед хүүхдийн уран бүтээлч цөөрч байгаад санаа зовж буйгаа ярьсан. Хүүхдүүд авьяас чадвараа хөгжүүлэх насан дээрээ Солонгосын олон ангит кино үзэж суух болсонд тэрээр санаа чилээн суудаг аж. Уг нь, төрөөс жаахан дэмжлэг үзүүлээд хүүхдийн уран бүтээл хийвэл зүгээрсэн. Бидний үед хүүхдийн уран бүтээлчид их байлаа шүү дээ хэмээн ярьсан. Тэрээр “Хүүхдийн гэсэн цол гуншин нэмэхээс бус хүүхдийн төлөө хийж байгаа бүтээл алга” гэдгийг хатуухан хэлээд авна билээ. Наранцэцэг гуай яриа хөөрөөтэй найрсаг хүн ч гэлээ сонинд ярилцлага өгөх, олон нийтэд өөрийгөө дөвийлгөж ярих дургүй хүн юм билээ. Намайг мэдэх хүмүүс нь мэднээ хэмээн суух нь цаана л нэг намбатай буурь суурьтай хүн аж. Их мөрөн дөлгөөн эрдэмтэй хүн даруу гэдэгчлэн бүтээсэн ажилтай хүн болохоороо ийн даруу загнаж буй хэрэг биз ээ.  
Өнөөдөр хүүхдийн элч дуучин, хүүхдийн хөгжлийн элч дуучин гэхчилэн хаанаас нь гарч ирсэн мэдэхгүй олон гуншин ар араасаа цуврах болсон. Энэ нь нэг талаар хүүхдээр бизнес хийж байгааг харуулж буй хэрэг. Үнэндээ бол хүүхдийн төлөө хийсэн зүйлтэй хүнийг л хүүхдийн гэдэг цол дагаж явах учиртай.

Наранцэцэг гуайг хүүхдийн уралдаан тэмцээнийг шүүгээд өгөөч хэмээн санал хүсэлт их ирдэг гэсэн. Тэрээр хүүхдийн тэмцээн уралдааны шүүлтийн тухайд ”Хүүхдийн хоолой тав зургаан наснаасаа эхлээд өөрчлөгдөөд ирдэг. Томрох тусмаа бүдүүрдэг. Хүчтэй гоё өнгөлөг хоолой байдаг. Одоо хүүхдийн уралдаан тэмцээн олон зохиогддог болж. Гэтэл тэрийг шүүж байгаа арга барил нь надад огт таалагддаггүй. ТV-9 телевизээр гардаг “Гэгээн алсын одод” нэвтрүүлэг байна. Хүүхдүүдийг хэтэрхий үзэл сурталд оруулж байгаа. Хүүхэд бол хүүхдээрээ л байх ёстой. Тэр хүүхдүүд гадаад дуу дуулж болно. Гэтэл заавал Монголын эстрад болон том хүний дуу дуулах хэрэгтэй гэж шүүмжилж харагддаг. Шүүж байгаа хүмүүс нь дандаа дарамталж загнадаг. Ээж, аав нь танил талаараа дамжуулан гуйлгадаг. Энэ бүхэн надад огт таалагддаггүй. Чадал­тай хоолойтой цаашид юм дуулгах хүүхэд олон харагддаг”. “Хүүхдийн ер­төнц” гэдэг чинь хамгийн гэгээлэг ариун орон зай байх ёстой. Харин өнөөдөр бидний орон зай нийгэм өнгө мөнгө танил талаа хардаг болсон. Ер нь хүүхдийн уран бүтээл хийдэг хүмүүсийг сайн урамшуулж дэмжиж байх ёстой гэж би хувьдаа боддог. Н.Норов гуай байна. Төрөөс олгосон ямар ч шагналгүй л явна. Бид хэд наслах вэ дээ” хэмээн яриа­­ны­хаа төгсгөлд өгүүлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан