Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэл 186 албан тушаалтны цалин, бусад зардлыг бууруулж тооцжээ


-2015 онд 57,09 тэрбум төгрөг нийслэлийн төсвөөс хэмнэнэ-

Нийслэлчүүд 2015 онд 575 тэрбум 678,4 сая төгрөгийг өөрийн орлогодоо төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Орлогын 82,4 хувийг нийслэлийн Татварын газар, 11,8 хувийг Нийслэлийн Өмчийн харилцааны газар, 5,8 хувийг бусад орлого бүрдүүлэгч байгууллагууд бүрдүүлэх аж. Мөн оюутан сурагч, цагдаа, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах 53,1 тэрбум, орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлэг болох 38,6 тэрбум, улсын тусгай шилжүүлгээр санхүүжих нийслэлийн боловсрол эрүүл мэндийн салбарын санхүүжилт 283.1 тэрбум, гадаад зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээнд зарцуулах 20,8 тэрбум төгрөгийг нийслэл өөрийн төсвийн хөрөнгөөр хариуцахаар болсон аж.

Нийслэлийн ирэх оны төсөв ч Засгийн газрын нэгэн адил хэмнэлтийн горимд шилжээд байна. Өөрөөр хэлбэл, бичиг хэргийн зардлыг 261,2, тээвэр шатахууны зардлыг 1360,1, эд хогшил худалдан авах зардлыг 3013,3, урсгал засварыг 1864,6 сая төгрөгөөр гэх зэргээр нийт 57,09 тэрбум төгрөгийг хэмнэхээр тооцсон байна.

Зөвхөн үүгээр төсвийн хэмнэлтийг хязгаарласангүй.  186 албан тушаалтны цалин, холбох зардлыг төсвийн төслөөс бууруулахаар төлөвлөжээ. Мөн ажлын чиг үүргийн давхардалтай гэсэн үндэслэлээр нийслэлийн Агаарын чанарын албыг Байгаль орчин, ногоон хөгжлийн газартай, Соёлын төв өргөөг “Улаанбаатар” чуулгатай нэгтгэж орон нутгийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгох гэнэ. Орон нутгийн 2012 оны сонгуулийн дараа байгуулагдсан гэр хорооллыг орон сууцжуулах төслийг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчилж,  Байгаль орчин ногоон хөгжлийн газрын Зуслангийн товчоог Захирагчийн ажлын албан шилжүүлэхээр тооцсон гэнэ.

Гэхдээ хэмнэнэ гээд бүгдийг хасч танасангүй.  Нийслэлийн халамжийн санг 1,18 тэрбум, хот тохижуулах зардлыг 3,5 тэрбумаар нэмсэн бол гудамжны гэрэлтүүлгийн төлбөр, засварт 890,6 саяыг, хог хаягдлын тээвэрлэлтэд 1,02 тэрбумыг, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээнд 190,9 сая төгрөг нэмэх аж.

Хамтарсан Засгийн үеэс орон нутгийн удирдлагуудад нэгэн эрх мэдэл олгосон нь орон нутгийн хөгжлийн санд нь хөрөнгө хуваарилж өгсөн явдал. Шинэчлэлийн Засгийн үед ч орон нутагт багагүй мөнгө хөгжлийн сангаар нь дамжуулж олгож байгаа. Ирэх жилийн хувьд нийслэл дүүргүүддээ орон нутгийн хөгжлийн сангаар нь дамжуулж, чамлахааргүй мөнгө төсөвлөжээ.  Нийслэлийн Баянгол дүүрэг 3,1, Баянзүрх 4,1, Багануур 1,9 Багахангай дүүрэг 1,6, Налайх дүүрэг 1,9, Сонгинохайрхан дүүрэг- 3,9, Сүхбаатар дүүрэг- 2,1, Хан-Уул дүүрэг- 2,1, Чингэлтэй дүүрэг- 2,5 тэрбумыг орон нутгийн хөгжлийн сангаараа дамжуулан авна.
Нийслэлийн 15,4 тэрбумтай нийт орон нутгийн хөгжлийн санд 38,6 тэрбумыг төсөвлөсөн аж. Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа иргэдэд өчигдөр танилцууллаа. Төсвийн төслийн талаар иргэдэд ийн нээлттэй танилцуулснаар тэдний санал бодлыг сонсч, тусган НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлээд ээлжит чуулганы хуралдаанд нь өргөн барьж батлах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан