Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрлийзийн тухай зарим зүйл

Дэлхий нэртэй гараг дээр хүн болж төрнө гэдэг зүүний үзүүр дээр будаа тогтож үлдэхтэй адил зүйл гэж үздэг. Хэдэн зуун сая эр эсээс ердөө ганцхан нь эм эстэй нийлдэг болохоор аргагүй гэж болно. Гэтэл тэр олон сая дундаас өрсөлдөн байж нийлээд хүн боллоо гээд ээдрээ дуусахгүй. Төрсний чинь дараа тухайн улсын чинь хүн амын дийлэнх олонх болсон хүмүүс чамайг өөр үндэстэн ястай гэж нүд үзүүрлэж, заримдаа бүр үзэн яддаг болно. Тэгвэл таны хувьд ямар ч гэмгүй хүн төрсөн даруйдаа өөр яс үндэстэй, 50 хувь нь өөр, гэдэг ялихгүй шалтгааны улмаас үзэн ядагдана гэдэг хэвийн зүйл үү?

Харамсалтай нь, дэлхий дахинаа шинэ үед бий болсон дийлэнх дайн тулаан дандаа ийм хүчин зүйлийг шалтгаан болгон авсан байх юм. Дэлхийн хоёрдугаар дайн гэхэд “нөхөр” Гитлер еврейчүүдийг дэлхийн хамаг муу муухай юманд буруутгаж бичиг баримт дээрээ яс үндсээ “еврей” гэж бичсэн болгоныг хамгийн бузар муухай буруутан гэж томъёолсон. Ингэснээр еврейтэй холбоотой болгон Гитлерийн Герман нэртэй улсын хамгийн адгийн шаар болж хувирсан. Үүнээс болоод “еврей” гэсэн үндэстэнтэй холбоогүй гэдгээ хүн батлахын тулд хүн хачирхалтай зүйл хийх шаардлагатай болсон.

Бүр тодруулбал, еврей биш гэдгээ батлахын тулд хүн гавлын тойрог, шанааны далайц, нүдний өнгө, гар ба хөлийн харьцаа гэх мэт антропологийн элдэв хэмжилт өгөх шаардлагатай болсон. Зүгээр л хүн амьдарч, хүн шиг ажил хийж, хүн шиг цалин авахын төлөө 60-70 янзын хэмжилт өгөх шаардлагатай тулахаар юу болох вэ?

Тэгвэл манай улсад өнөөдөр нацист Германд 1933-1945 онуудад байсантай адил бий байдал үүсээд байгааг бүгд мэдээд чимээгүй байна уу эсвэл үнэхээр огт мэдэхгүй байна уу?

Нотолгоо хайхын тулд нэг их “чухал”, нарийн мэдрэмжтэй хүн байх шаардлагагүй. Гудамжинд гарахад л хангалттай. Автобусны буудал, дэлгүүр гэх мэт хүн олноор бөөгнөрдөг газар та хэн нэгэн хүний угсаа гарвал, өөрөөр хэлбэл ямар ч гэмгүй хүүхдийн ээж ба аав нь ямар үндэстэн байсан тухай дэлгэрэнгүй яриаг сонсож болно. Тэр бүх яриаг сонсоод байвал “Википедиа” хажууд нь гундана шүү. Хятад эсвэл Оросын эрлийз байна гэдэг яагаад Монголын үндэсний аюулгүй байдалд учрах ноцтой заналхийлэл, аюул болж хувирав аа?

Бүр тодруулбал манайхан дөрвөн жил тутам хэн нь хаанахын эрлийз вэ гэдгийг тодруулах “шизо” давалгаанд ордог, давалгааг дагадаг болж хувирлаа. Ерөнхийлөгчийн өнгөрсөн сонгуулийн үеэр энэ хамгийн их илэрсэн. Элбэгдоржийг хятадын эрлийз гээд нэвтрүүлэг бэлдээд дуулиан тарьсныг та үзэж л байсан байх. Нэг нь мөн гэж зүтгээд, нөгөөх нь үгүй гэж зүтгээд. Нэг нь мэдээж ялсан л даа. Ялсан нь ухаалаг байр суурь, мэргэн байдал бус харин нацист маягийн бодол ялсан.

Та өөрөө бодоод үз. Бодит байдал дээр хэн нь хэний эрлийз нь байх тийм чухал хамаатай юм уу? Эцэг, эхийнх нь нэг орос эсвэл хятад хүн байлаа гээд юу өөрчлөгдөх юм бэ? Тэр хүн нас бие гүйцээд ухаан орсон цагаас хойш зүрх нь Монголын төлөө гэж цохилж байвал яах юм бэ? Би хайртай улсдаа хүчээ өгөхийн тулд ээж, аавыгаа Монгол бүр нарийн ярьвал халх ясны хүн байсан гэж худал хэлэх ёстой юу?

Ээж буриад, аав дархад байвал би яах болж байна? Намайг нэг бол агсам буриад эсвэл хараалчин дархад гээд хаана ч ажилд авахгүй гэсэн үг үү? Эсвэл бүр аав орос, ээж казах байвал яах вэ? Би монгол хүн биш болж таарах уу? Уг нь болж цээжинд улсынхаа төлөө, гэр бүл, хайртай хүн болгоныхоо төлөө гэсэн зүрх цохилоод байдаг. Гэтэл ажил хийе, хүчээ өргөе гэхээр “Аан, чи 100 хувь халх биш байна, чиний 50 эсвэл 40 хувь нь хятад /бүр нарийн ярьвал хятад биш нанхиад шүү/ юм байна” гэсэн хязгаарлалт алхам тутам анзаарагдах юм. Дөрвөд хүн хүн биш л гэнэ, нанхиад бол бүр муу, орос бол яриад ч хэрэггүй гэх явган яриа өнөөдөр амь бөхтэй оршсоор л байна. Ямар учраас энэ яриаг дэвэргээд, ам дамжуулан яриад явна вэ? Тэгсэн тэгээгүй хоорондоо таарамж муутай, явцуу үзэл газар авсан монголчууд хоорондоо энэ мэтээр хөлөө жийлцээд байвал хэн хожих юм бэ?

Би Оросын эрлийз эсвэл Хятадын эрлийз байж, тэглээ гээд үүнд намайг буруутгаад, улсынхаа төлөө эрдэм мэдлэг, боловсрол, оюун ухаанаа зориулахад хориглох зүйл юу байна аа? Нэгэн цагт өөр яс үндэс, угсаа гарвалтай хоёр хүн хурьцал үйлдэснээс болоод хүүхэд яахаараа эрлийз энэ тэр гэж буруугаар хэлэгдэн хэлмэгдэж байх ёстой юм бэ?

Нарийн ярьвал эрлийз гэж чичлэгдээд байгаа хүмүүс Монгол улсын түүхэнд чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Баалингийн Цэрэндорж гэдэг хүнийг та мэдэх үү? Санжаасүрэнгийн Зориг гэж та сонсож байв уу? Нэгнийх нь эцэг нанхиад хүн байж. Нөгөөгийнх нь эх нь орос, слав хүн байж. Тэглээ гээд тэдний хүмүүжил боловсрол, сэтгэл зүрх Монголын төлөө гэж цохилоогүй гэж хэн хэлэх юм бэ? Зориг шиг зоригтой хүн байгаагүй бол өнөөдрийн бидний амьдрал ямаршуу байхыг төсөөлж хэлэхэд бэрх гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх.

Би 100 хувь халх гэж хэлэх хэдэн хүн байна уу? Шүтээд бишрээд байдаг “нөхөр” Е.Тэмүүжин өндөр биетэй, шар үстэй, цэхэрдүү нүдтэй хүн байсан гэдэг. Энд ямар хариу өгөх вэ? Хар үсгүй, хар нүдгүй, дунд зэргийн нуруугүй болохоор эрлийз гээд үндэсний баатар гэдэг цолоос халах уу? Үндэсний өөр нэг баатар эрж хайж эхлэх үү? Дэлхийн талыг байлдан дагуулсан гэдгийг бүгд мэддэг ч байлдан дагуулна гэдэг тухайн нутагт амьдарч байгаа хүмүүстэй харилцана, нэн дотно харилцана гэсэн үг гэдгийг яагаад өнөөдөр дийлэнх олонх маань мартаад байна. Монгол байлдан дагуулагчид эзэлсэн нутаг болгоноос эх нутаг руугаа эхнэр зөөсөн нь гарцаагүй. Тэндээс төрсөн хүн, түүний үр удамыг яах болж байна? Архив ухаж магадлагаа аваад “Чи найман” эсвэл “Чи хэрэйд”, бүр эсвэл  “Чи мэргэд” гээд хөөх үү?

Сая Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд энэ асуудалтай холбоотой ямар их таагүй сэтгэгдэл явж байна вэ. “Ийгл” сувгаар хүмүүсийн сэтгэгдэл авахад гурван хүний нэг нь эрхэмийг хятадын эрлийз, Ерөнхий сайд болвол манай улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлнэ гэсэн тайлбар, сэтгэгдэл өгч байна.  Болж амжаагүй байгаа хүнийг эрлийз гээд муулаад байдаг. Гэтэл энэ улсыг чинь одоогийн байдалд хэн оруулсан юм бэ? Эрлийз хүн үү эсвэл “ориг” Монгол хүн үү?

Ядаж байхад яр гэдгээр хүн хэцүү ийм үед бид нэгнээ ядаж яс үндсээр нь ялгахгүй байвал зүгээрсан.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Чи биччихсэн юм бэ. Ядаж угсаатний зуйн талаар жаахан ч гэсэн уншаачээ
chinggis haaniig ***** gej hen chamd helsen jum hasguud odoo manaih gene
baalin tserendorj Bol ugasa l urvagch bsan shude
zOW NIITLEL BAINA
***** ***** bol ***** ter tusma hyatadiinh bol
Хамгийн их уншсан