Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бартаатай ч эхний даваагаа давлаа


Монголын төр таг гацчихаад буй. Монгол Улс Ерөнхий сайдгүйгээр бараг хагас сарыг үдлээ. Энэ хугацаанд Сангийн яам нь ч сайдгүйгээр, төрийн бүх данс хаалттай ерөнхийдөө засаг төр хэрхэн эмхрэн цэгцрэхийг хүлээсээр. Ерөнхий сайдыг огцруулж оронд нь томилуулахаар оруулж ирсэн хүн намуудаас бүрэн дэмжлэг авч чадахгүй долоо хоног төгсгөлдөө орлоо. Гэхдээ энэ гацаанаас өчигдрөөс багаар ч болов гарч эхэлж байна.

Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг УИХ-д суудалтай бүх нам, эвсэл болон Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөж дуусаад УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барив. Гэвч УИХ дахь АН-ын бүлэг үдийн орчимд хуралдаж эхэлсэн ч удалгүй хаалттай горимоор үргэлжилж 16 цагийн үед өндөрлөв. Хаалгаа хаасны гол учир бүлгийн гишүүдээ хайрцаглах гэснийх. ҮЗХ-оос олонхийн дэмжлэг аваад Ерөнхий сайдад нэр дэвших эрхийг өвөртөлсөн Ч.Сайханбилэгт АН-ын бүлгийн 10 гишүүн итгээгүй. Даваа гарагийн бүлгийн хуралд оролцсон 29 гишүүний 10 нь нэр дэвшигчид сэтгэл дундуур байгаа бол хуралд оролцоогүй зургаан гишүүний гурав нь дэмжихгүй гэж. УИХ-ын Байнгын хороо, чуулганаар хэлэлцэхийн өмнө нэг зохион байгуулалтад орох гэсэн АН-ын бүлгийнхний зорилго тун ч их саад туулав. Хурлаас ууртай гарч ирсэн нь ч бий. Тиймээс ч зарим гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаа ирээгүй хүлээлгэж ирц бүрдүүлэх гэж 18 цаг хүргэсэн.

Эсэргүүцэл, дургүйцэл бий гэдгээ ил илэрхийлсэн мөртлөө АН-ынхан эцэстээ Засгийн газраа байгуулах ажилд гацаа үүсгэхгүйн тулд санал нэгдэж. Р.Бурмаа гишүүн ирснээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэлж, нэр дэвшүүлсэн Ч.Сайханбилэгийг 100 хувийн саналаар дэмжив.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд МАН-ын бүлгийн гишүүдээс бусад нь ирснээр ирц бүрдсэн. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Н.Алтанхуяг, А.Бакей, Н.Батцэрэг, Р.Бурмаа, М.Батчимэг, С.Баярцогт, С.Дэмбэрэл, Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг нар оролцов. Мөн тус Байнгын хорооны гишүүн биш З.Баянсэлэнгэ, Ш.Түвдэндорж нар суусан юм. Ж.Батзандан, Б.Гарамгайбаатар, Х.Тэмүүжин, Б.Наранхүү нарын АН-ын гишүүд хуралдаа ирсэнгүй. МАН-аас М.Энхболд, Сү.Батболд, Су.Батболд, “Шударга ёс” эвслийн Г.Уянга, Л.Цог нарын гишүүн энэ асуудалд ямар нэг байдлаар санал өгөхийг хүссэнгүй бололтой оролцоогүй юм. УИХ-ын чуулганы хуралдааныг дараа нь зарласан ч удалгүй өнөөдөр болгож хойшлуулав. Зөвхөн зөвшилцөлд гурав хоног зарцуулсан Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг бартаа саад ихтэй боловч МАН болон МҮДН-гүй Байнгын хорооноос 100 хувийн санал авч эхний даваагаа давж чадлаа. Харин дараагийн даваанд тэрээр ямар бэрхшээлтэй учрах нь тодорхойгүй.   

Үнэхээр Засгийн газрыг өөрчлөх хүсэлт МАН гэлтгүй АН-ынханд ч байна гэж ойлгогдсон. Гэтэл “Тал еэвэн”-гийн үлгэр шиг нэг зорилготой хоёр хүнийг ээлжилж засаг бариулах гэж оруулж ирсэн нь энэ бүх гацааны эхлэл болсон. ҮЗХ нь УИХ дахь бүлэгтээ нэр дэвшигчээ тодруулах эрхийг олголоо гэж байсан ч эргээд баталгаажуулах дээрээ тултал Гүйцэтгэх зөвлөл гээчээс өөр хүний нэр дэвшүүлэн оруулсан. Анх нэр дэвшигчээр тодорсон Р.Амаржаргалыг бол АН-ын бүлгийн 27-уулаа дэмжсэн. Тэгвэл Ч.Сайханбилэгийг ердөө 19 нь хүлээн зөвшөөрсөн нь ойлголцож чадаагүйг харуулна. Ялангуяа МҮДН фракцийнхан бүлэг дээрээ эсрэг байсан бол Байнгын хорооны хуралдаа оролцоогүй. Магадгүй өнөөдөр болох УИХ-ын чуулганы хуралдаанд ч “Шонхор” фракцийнхны “жишгээр” оролцохгүй байх магадлалтай.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан