Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмгэнэл

Бидний дотны анд, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч эрхэм нөхөр Гомбын Дашрэнцэн хүнд өвчний улмаас 2014 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр таалал төгслөө.

Сэтгүүлч Г.Дашрэнцэн Түшээт хан аймгийн Дархан Чин вангийн хошуу буюу өнөөгийн Төв аймгийн Баян сумын нутагт 1953 онд төрсөн.

Улмаар бага, дунд сургууль төгсч, хугацаат цэргийн алба хаасныхаа дараа буюу 1976 оноос Худалдааны байгууллагад ажиллаж байхдаа сонин хэвлэлд бичиж эхлэн 1978 оноос Төв аймгийн сонинд ажиллаж сэтгүүлчийн ажлын гараагаа эхэлжээ. Улмаар МУИС-ийн сэтгүүлчийн ангийг төгсч өнөө хүртэл үзэг цаастай нөхөрлөн олон нийтийн үзэл бодлыг илэрхийлсэн  олон сайхан нийтлэл сурвалжлагаа бичсээр ирсэн юм.

Түүний бичсэн “Манай сумын намууд”, “Тэнэг төр тэмдгэнд дуртай”, “Хамуудаа Энхбаярдъя”, “Бурхны телевиз чөтгөрийн замаар”, “Цус амтагдсан мөнгө”,  “Манай сумын улс төр”, “Хотын даргыг Хороон дарга болгоё”, “Сийлбэр тос нүүрний эрлэг, Симба Батаа төрийн эрлэг”, “Муу ч гэсэн парламент минь, муухай ч гэсэн Монгол минь” “Кремльдэх Кремльдүүлэх” зэрэг улс төрийн даацтай нийтлэлүүд нь уншигч олны талархлыг хүлээсэн, үгийн ураар үнэнийг өгүүлдэг шилдэг нийтлэлч байлаа.

Г.Дашрэнцэн Удирдлагын академи төгссөн шинэ үеийн ардчилсан төрийн албан хаагч, улс төрийн ажилтан байлаа. 1990-1996 онд Төв аймгийн Ардчилсан намын дарга, 1996-2000 онд Төв аймгийн Засаг даргын орлогч, 2008-2009 онд Улсын Мэргэжлийн хяналтын газрын даргын зөвлөхийн алба хашиж байв.

Манай Г.Дашрэнцэн ардчилсан хувьсгалын галыг Төв аймагт анх бадраасан анхдагчдын нэг байлаа. Нэг намын тогтолцоог халан Монголд улс төрийн шинэ тогтолцоо бий болгох улмаар Монголын улс төр, нийгэм эдийн засгийг үндсээр нь өөрчлөн хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулахын төлөө зорилго нэг нөхөдтэйгээ хамтран зүтгэж явсан нэгэн юм.

Г.Дашрэнцэн 2000 оноос төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин, үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин”-д тоймч “Нийслэл таймс” сонины орлогч эрхлэгчээр ажиллаж байлаа.
Г.Дашрэнцэнгийн Монголын сэтгүүлзүйд оруулсан хувь нэмэр, бичиж нийтлүүлсэн нийтлэл, тоймынх нь төлөө МСЭ-ийн 2002 оны Шилдэг сэтгүүлч, 2003 оны  “Алтан үзэг” шагнал, “Өдрийн сонины” тэргүүн бичлэгийн шагнал хүртээж байсан юм.

Г.Дашрэнцэнгийн энэ хөдөлмөрийг Монголын төр үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан юм.

Сэтгүүлч Г.Дашрэнцэнгийн Монголын нийгэм, улс төрийн амьдралд болж буй үзэгдэл явц, улстөрчдийн үнэн нүүр, төрхийг байгаа байдлаар нь үл ялиг егөөдсөн хэлбэрээр хурц, ончтой үгсээр дүрслэн бичсэн даацтай нийтлэлүүд нь нийгмийн төлөвшилд тодорхой үүрэг гүйцэтгэж ирсэн юм.

Үзэл бодол, үзэг нэгт сэтгүүлч, эрхэм нөхөр Гомбын Дашрэнцэнгийн нөхөрсөг зан чанар, хөдөлмөрч байдал,  гэгээн дүр бид бүхний сэтгэлд мөнхөд үлдэж, бичиж нийтлүүлсэн тойм, сурвалжлага нийтлэлүүд нь үеийн үед залуу сэтгүүлчдийн гарын авлага болж байх болно.

Бурханы оронд амар амгалан морилох  болтугай.
        

МОНГОЛЫН ӨДӨР ТУТМЫН СОНИНЫ ХОЛБОО

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан