Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Ариун эцэг” Билл Косбигийн үнэн төрх илрэв үү


Холливудын инээдмийн төрлөөр дагнасан ахмад жүжигчин Билл Косбигийн үнэн төрхийг илчлэхээр түүний хохирогч болсон гэх олон эмэгтэй хэвлэлд ярьж эхэллээ. Олон ч кинонд тоглосон, өөрийн нэрийн “Bill Cosby” хэмээх шоугаараа америкчуудын хайртай жүжигчин болсон ахмад уран бүтээлчийг олон арван жилийн өмнөөс эмэгтэйчүүдийг мансууруулж байгаад хүчирхийлдэг байсан гэдэг нэг биш гомдол гараад байгаа юм. Нэр хүндтэй жүжигчин эрд үзэгчид нь эргэлзэхэд хүргэсэн энэ яриа үнэн худал болохыг тогтоох хүртэл түүний шоуг дамжуулахгүй гэдгээ NBC телевиз мэдэгдлээ. Тэрээр тус телевизээр инээдмийн шоу нэвтрүүлгээ цацдаг байсан юм. Гэвч 77 насанд нь дэгдсэн энэ таагүй шуугиан түүний насаараа бүтээсэн урлагийн карьерыг баллаад зогсохгүй, торны ард суулгаж ч мэдэх нь.

Хэдийгээр Билл Косбигийн хэвлэлийн төлөөлөгчид түүнийг тойрсон яриа үндэслэлгүй, худлаа хэмээн мэдэгдэж байгаа ч гомдол гаргасан бүсгүйчүүдийн яриа олон нийтэд илүү үнэмшилтэй сонсогдож байгаа юм. Тухайлбал, загвар өмсөгч Жэнис Дикинсон саяхан өгсөн ярилцлагадаа Билл Косби түүнийг 1982 онд хүчирхийлсэн тухай ярьсан. Мөн жүжигчин Барбара Боумэн 1985 онд 17 настайдаа түүний хүчирхийлэлд өртөж байснаа “Вашингтон Пост” сонинд бичсэн нийтлэлдээ илчилсэн юм. Тухайн үед ид мандаж байсан жүжигчин эрийн тухай тэрээр цагдаад гомдол гаргаагүй нь хэн ч түүний үгэнд итгэхгүй байх гэж бодсоных гэнэ. Түүнчлэн Жоан Таршис хэмээх эмэгтэй 19 насандаа түүнд хоёр ч удаа хүчирхийлүүлж байсан тухайгаа энэ долоо хоногийн эхээр хэвлэлд ярьсан юм. Эдгээр эмэгтэйчүүд Билл Косби мансууруулах үйлчилгээтэй эмийг хууран мэхлэх замаар санаатайгаар өгснийхөө дараа хүчирхийлсэн хэмээн ярьж байгаа нь ижил байгаа юм. Олон арван жилийн өмнө үйлдэгдсэн хэргийн хохирогч бүсгүйчүүд Билл Косбигийн нэр хүндээс шалтгаалаад шударга үнэнээр хэргээ шийдүүлж чадна гэж итгээгүй учраас цагдаад хандаагүй хэмээн ярьцгааж, энэ тухай олон жил нууцалж явжээ. Одоогоор Билл Косбиг хүчингийн хэргээр буруутгаж буй таван эмэгтэй өөрийгөө илчилж, хэвлэлд өөрсдийн тухай яриад байна.

Эхнэр Камиллатайгаа 50 жил амьдарч байгаа Билл Косби хошин, инээдмийн дүрүүдээсээ гадна  сайхан гэр бүлийн эзэн, сайн аавын дүрд тоглож, үзэгчдийн сэтгэлд хоногшсон билээ.
­

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан