Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Л.Эрдэнэчимэг: Би МоАХ угшилтай хүн


УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг саяхан болсон МоАХ-ны Удирдах зөвлөлийн хурлаар МоАХ-ны дэд даргаар сонгогдсон юм. Түүнтэй уулзаж ярилцлаа. Гэхдээ энэ удаад УИХ-ын гишүүн, хууль батлагч гэх сэдвээс түр хөндийрч МоАХ гэсэн төрийн бус байгууллагад хариуцлагатай албанд томилогдсон тухайд нь, мөн ирэх сарын 8-нд болох МоАХ-ны 25 жилийн ойн талаар ярилцсан билээ.

-Таныг улс төрд шинэ хүн гэж хэлбэл төдийлэн буруудахгүй байх. Тэгэхээр МоАХ-нд бас шинэ хүн үү. Энэ төрийн бус байгууллагатай анх хэрхэн холбогдсон талаар чинь сонирхъё?
-1988 оноос Зүүн Европт “перестройка” буюу нийгмийн өөрчлөлт эхэлж байх үед би тэнд суралцаж байлаа. Би Болгарын Софийн их сургуулийг 1990 онд төгссөн л дөө. Тэгэхээр Болгарт ч ялгаагүй энэ өөрчлөлтийн салхи сэвэлзэж, олон том цуг­лаан болж байлаа. Оюутнууд ч тухайн үед төгсөх курстээ заавал өгөх ёстой политэ­кономийн /улс төрийн эдийн засаг/ улсын шалгалтыг үгүй болгохоор жагсаал зохион байгууллаа. Учир нь, ямар ч сургуулийн оюу­тан политэкономийн шалгалт заавал өгч байж дипломоо авдаг байсан юм. Энэ шалгалтыг өгөхийн тулд  асар зузаан “Капитал” гэх номыг заавал уншиж бэлтгэх ёстой. Оюутнуудад энэ шалгалтыг давахгүй байх эрсдэл их. Тиймээс нийгэм солигдож байхад бид политэкономийн шалгалтыг өгөхгүй гээд жагссан хэрэг.
Мэдээж оюутан бүр л энэ шалгалтыг өгөхгүй болчих юмсан гэж хичээж байсан учраас манай Софи их сургуулийнхан ч жагсаалд орол­цож, сургуулийн за­хир­гаан­даа шаардлага хүргүүллээ. Политэкономийн шалгалтыг авахыг болиулж чадсан нь бидний жагсаалын анхны ялалт болсон юм. 1984 онд бид Болгарт жинхэнэ социалист сэтгэлгээтэй залуу үе л очиж байлаа. 1989-1990 онд сургуу­лиа төгсөхөд бидний сэтгэлгээ шал өөр болчихсон гэсэн үг. Учир нь бидний нүдэн дээр  Берлиний хана нурж, хоёр нийгмийн ялгааг биеэрээ мэдэрч, харж байлаа шүү дээ.

-Ардчилсан үзэл, ард­чиллын тухай өөрийн гэсэн ойлголттой болоод Монголд ирсэн чинь ид ардчилсан хөдөлгөөн өрнөж байдаг. Гэхдээ оюутан хүн энэ хөдөлгөөнд шууд оролцоно гэдэг хэцүү  байх л даа?
-Тэгэлгүй яахав. 1990 онд өвлийнхөө амралтаар Монголд иртэл ардчилсан хувьсгал ид өрнөж, гуравду­гаар сарын 6-нд ардчилагчид өлсгөлөн зарлаж байлаа.
Өлсгөлөнд миний том эгчийн нөхөр Хайнзангийн Цэгмэд сууж байсан юм. Ах маань 1989 онд Урлагийн ажилтны хоёрдугаар зөвлөлгөөнд оролцож, ардчиллын салхийг хагалсан урлагийн ажилтан залуусын дунд байж, энэ ажлыг гардаж эхлүүлсэн хүмүүсийн нэг. Энэ  урлагийн ажилтны зөвлөлгөөний дараа 1989 оны арванхоёрдугаар сард анх МоАХ-ны цуглаан болж байсан шүү дээ. 1990 оны гуравдугаар сарын өлсгөлөнд оролцсон 13 хүний нэг нь манай ах. Ахыг өлсгөлөнд сууж байхад эгч бид хоёр талбай дээр л өнжинө. Өлсгөлөнд сууж байгаа хүмүүсийн ар гэрийнхний хувьд үнэхээр хүнд өдрүүд байсан юм. Хэзээ ч ямар ч баривчилгаа явагдаж болох учраас эгч маань байнгын түгшүүртэй. Гэхдээ өлсгөлөн зарласны үр дүн нь гарч, буусны маргааш  ах намайг дагуулаад Э.Бат-Үүл даргынд очлоо. Дөчин мянгатын байранд нь очиход өлсгөлөнгөөс дөнгөж буугаад хар дээл нөмгөн өмсчихсөн Бат-Үүл дарга бид хоёрыг угтсан. Гэр нь тавилга гээд байх зүйлгүй ч маш олон номтой, нэг төгөлдөр хууртай. Тэр хоёр надад Болгарт МоАХ-ны салбар зөвлөл байгуулах даалгавар, сонин, тараах материал өглөө. Ингээд гурав хоногийн дараа би Болгар руу явсан юм.
Сургуульдаа очоод оюутнуудаа  цуглуулахад ер нь бол хүн бүр Монголд болж байгаа үйл явдлын талаар мэдээлэл авчихсан байсан. Оюутнуудтайгаа уулзаад Болгарт МоАХ-ны салбар зөвлөл байгуулах үүрэгтэй би ирлээ гэсэн чинь ихэнх оюутан элсч чадахгүй л гэж байлаа. Тухайн үед зүүн Европын орнуудад суралцахаар ирсэн оюутнуудын маань тэн хагас нь шахуу төгсч чадалгүй сургуулиасаа хөөгддөг юм. Ямар шалтгаанаар хөөгдөж байна вэ гэхээр  хажуугийнхаа Югослав руу хил давж орсныхоо төлөө шүү дээ. Өөрөөр хэлбэл зорчих эрх хаалттай байсан. Мөн нэг шалгалт муу өгсөн, гадаад иргэнтэй найзалсан гэх нэрээр бүсгүйчүүд голдуу хөөгддөг байлаа. Үнэндээ эрх чөлөө гэдэг зүйл боогдмол. Оюутнууд маань улс төрийн  сэдвээр яривал сургуулиасаа шууд хөөгдөнө гэж айж байсан учраас “дэмжиж чадахгүй ээ” хэмээн татгалзсан. Тэгээд алдах зүйлгүй гэж төгсөх курсын гурван оюутан, докторантурт сурч байсан хоёр ахтай нийлээд зургуулаа салбар зөвлөлөө байгууллаа. Салбар зөвлөл байгуулсан гэдгээ Элчин сайдын яамандаа албан ёсоор мэдэгдэж, өргөх бичгээ аваачиж өглөө. Энэ бол миний МоАХ-тай холбогдсон анхны шижим нь.

-Сургуулиа төгсч ирээд ажил төрөл гээд мэдээж улс төрийн үйл ажиллагаанаас хөндийрсөн үү?
-Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж байхдаа байгууллагынхаа МоАХ-ны салбар зөвлөлд гишүүн нь байж үйл ажиллагаанд нь оролцож байсан. Дараа нь зах зээлийн нийгэм гээд би ч бизнесийн мөр хөөж, 2005 он хүртэл зөвхөн бизнесийнхээ төлөө л зүтгэсэн. Гэтэл ахиад л Х.Цэгмэд ах маань  “чи одоо улстөрд зүтгэх цаг болсон. Эмэгтэйчүүдийн квот ч батлагдсан. АН-ын ҮЗХ-нд эмэгтэйчүүдийн квотоор ор” гээд намайг хөтөлж АН-д элсүүлсэн хүн дээ.

-АН-ын олон фракциас МоАХ-г сонгосны учир нь юу вэ. Хэдийгээр анх МоАХ-ны тэргүүлэгч нарын даалгавраар салбар зөвлөл байгуулж, та зохицуулагчаар томилогдож байсан ч АН-д элсэхдээ өөр фракцид нэгдэж болох байсан байх л даа?
-МоАХ бол улс орон даяар салбар зөвлөлтэй, сум бүрт гишүүнтэй. 1990 оны ардчилсан хувьсгал бол олон хүний хүч хөдөлмөрөөр буй болсон юм. Би гурав дөрвөн жил Сүхбаатар аймагт ажиллах хугацаандаа 1990 оны ардчиллыг сум бүрт байгуулж явсан хүмүүс маань 20 жилийн турш гадуурхагдаж байгааг анзаарсан. Хаана ч очсон ардчиллынхан орон нутагт ялалт байгуулж байгаагүйучраас  хуучин систем нь өөрчлөгдөөгүй оршсоор байлаа. Ардчиллын төлөө явж байсан хүмүүс маань хэзээ ч ажилтай болж чаддаггүй, өнөөдрийг хүртэл тарчигхан амьдарсаар ирж. Тэдний үр хүүхдүүдийг хүртэл ардчилагчийн хүүхэд гэдгээр нь ажил төрөлд авдаггүй байв. Бид тэднийгээ өнөөдөр  партизан гэж нэрлэдэг. Гэхдээ тэд ардчилсан намаас би намын анхны суурийг тавилцсан шүү хэмээн ямар нэгэн юм нэхээд явдаггүй. Өнөөдөр тэднээс олон нь хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Миний ах ч 55 насандаа өнгөрсөн. Тэр хүн төрөөс юу ч хүсч гуйж явсангүй.  Ийм л олон мянган ардчилагч МоАХ-г бүрдүүлж байдаг.
Ер нь ардчилсан хувьсгал хийж байсан хүмүүс хуучин нийгмийн үед ч арай өөр сэтгэлгээтэй байсан гэж  би боддог. Нийгмийн болохгүй бүтэхгүй зүйлийг шууд хэлж, шүүмжилж чаддаг үүнийхээ төлөөтэд бусдад адлагдчихдаг. Ийм л хүмүүс ардчиллын үндэс суурийг тавьсан юм шүү дээ. Тэдэнд ашиг хонжоо ольё гэсэн сэтгэлгээ байгаагүй гэдгийг онцлох хэрэгтэй. Тэгвэл өнөөдөр энэ бүтэц дээр гарч ирсэн хүмүүс улс төрд явж байгаа, тэднийг ашиглан гарч ирээд үр шимийг хүртэж байгаа шүү дээ. Би энэ ялгааг олж хардаг. Би өөрийгөө МоАХ-ны угшилтай хүн гэж боддог.

-25 жилийн түүхтэй энэ холбоонд удирдах алба хашина гэдэг амаргүй гэдэг нь тодорхой. Та ямар зорилго тавьж ажлаа эхэлнэ гэж бодож байна?
-Намайг МоАХ-ны дэд даргаар сонгосон нь энэ холбоог амилуулах, залуучуудыг оруулж ирэх, МоАХ гэдэг тэр 1990 оны хувьсгалын түүхийг албан ёсны болгож, үр хүүхэддээ сурах бичигт нь хүртэл нь үлдээх тийм ажлуудыг бид хийх ёстой. Надад бол төлөвлөсөн ажил их байгаа. Яагаад гэвэл МоАХ бол 21 аймаг 330 суманд бүтэцтэй том байгууллага. Тэгэхээр бид гишүүдтэйгээ уулзах, орон нутагт нь хийх ажил их байна. Мөн энэ хүмүүсийн ачаар бид ийм нийгэмд амьдарч байгаа шүү гэдгийг залуучууддаа ойлгуулах, илүү амьд холбоо бий болгох хэрэгтэй байна.

-МоАХ бол төрийн бус байгууллага. Гэтэл өнөөдөр нам доторх нэг л фракц болчихлоо гэх хүмүүс бий. Та энэ талаар ямар бодолтой байгаа вэ?
-Нам доторх фракц гэдэг албан бус ч гэсэн амьдралд байгаа бүтэц. Тэгэхээр МоАХ гэдэг энэ том байгууллагаас “төрсөн” УИХ-ын гишүүд АН доторх МоАХ фракц бүрдүүлж байгаа. Түүн дотроо Их хурал доторх, ҮЗХ доторхи МоАХ фракц гэж байна. Өөрөөр хэлбэл шат дараалсан том бүтэц байна.

-Саяхан  УИХ-ын МоАХ фракцынхан гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалсан хуулийн төсөл өргөн барьсан?
-МоАХ бол нийгмийг өөрчилж чадсан хүмүүсийн нэгдэл. Өөрөөр хэлбэл, бидний үр хүүхдийн хамгийн сайхан амьдрах тэр нийгмийг авчирч чадсан хүмүүс. Энэ хүмүүс маань асар их гавьяатай юм шүү. Монголын түүхэнд ганцхан олдох завшаан. Энийг хийсэн хүмүүс өдөр ирэх тусам цөөрч байна. Гэвч тэд тэмцлийнхээ үр ашгийг ерөөсөө хүртэж чадаагүй гэж боддог. Үнэндээ МоАХ-ноос жилдээ цөөн хэдэн байр л өгч байна. Энэ байрны мөнгийг хүмүүс өөрсдийнхөө халааснаас өгдөг нь нууц биш. Тэгэхээр Монголын төлөө гэж зүтгэсэн хүмүүсээ ядаж орон сууцанд амьдарч, дундаж амьдралтай л болгох ёстой гэж харж байна. Тийм учраас УИХ-ын зарим гишүүн нийлээд тогтоолын төсөл өргөн барьсан. Ирээдүйд баригдах орон сууцнуудаас тодорхой хувийг ардчиллын анхны партизануудад олгох ёстой гэсэн тогтоолын төсөл байгаа. Үүнийгээ батлуулахын төлөө бид ажиллах шаардлагатай байна.

-Санхүүжилтийн хувьд бас арай өөр тогтолцоо бүрдүүлэх цаг нь болсон болов уу. Өнөөдөр зүрх сэтгэлээрээ зүтгэ гэж хэлэх цаг биш болж?
-МоАХ өнөөдрийг хүртэл хамгийн бага санхүүжилтээр, ихэнх хүмүүс маань зүрх сэтгэлээрээ зүтгэж л үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Ямар ч аймагт очсон МоАХ-ны салбар бий. Гэхдээ хэн ч санхүүжилт өгдөггүй. Дундаасаа хандиваа босгоод л үйл ажиллагаагаа явуулдаг. Тэр л системээр цаашдаа ч явах байх. Ер нь олон нийтийн байгууллага нь татвараар санхүүжилтээ олдог учраас татварын системээ эргэж харах шаардлага байгаа гэж бодож байна.

-Та түрүүн шинэ үеэ бэлтгэх тухайд хөндсөн. МоАХ шинэ үедээ нээлттэй байгууллага байж чадах уу?
- Тодорхой хэмжээнд МоАХ улс төрийн байгууллага учраас залуу хүмүүст улс төрд хүчээ үзэх боломжийг бүрдүүлж өгөх ёстой. Өөрөөр хэлбэл сум аймаг хотын иргэдийн хурал төдийгүй УИХ-д өрсөлдөх суурь нь МоАХ байх боломжтой. Тиймээс залуус маань элсч, санал бодлоо нэмэрлэж хуваалцах эрх нь нээлттэй.

-Удахгүй МоАХ 25 жилийн ойтойгоо золгоно. Ойн хүрээнд ямар үйл ажиллагаанууд зохион байгуулах вэ?
-25 жил гэлтгүй МоАХ жил бүр ойгоо тэмдэглэж баярын хурлаа хийдэг. Хөдөө орон нутгаас төлөөлөгчдөө хүлээж авдаг. Ардчиллын түүхтэй сайхан бүтээлүүдээ нэгтгэсэн концерт хийдэг. Бөхийн барилдаан зохион байгуулдаг. Жил бүр тэмдэглэдэг системээрээ ойгоо тэмдэглэхээр ойн комисс байгуулагдаад ажилд орчихоод байна.

-Миний ажигласнаар МоАХ-ны болон ардчиллын түүхийг баримтжуулан бодит болгох нь их чухал юм шиг ээ. Анхдагчдын дурсамж, бүтээл туурвил байдаг ч хүмүүс баримтын алдаатай зүйл их байна гэх юм билээ. Энэ талаар та бүхэн хийж байгаа зүйл юу байна?
-Бидний хамгийн чухал зүйл бол 25 жилийн өмнө бодож эхлүүлсэн ардчилал маань ямар түүхэн замнал туулаад ирэв, цаашид яах вэ гэдгээ хойч үедээ түүх болгон үлдээж танин мэдүүлэх. Ардчилал бүх улс орон даяар өрнөж байсан учраас аймаг бүрт 25 жилийн өмнөх ардчиллын түүхээ бичих үүргийг өгсөн. Одоогоор 14 аймаг өөрийн гэсэн түүхийг өгүүлсэн ном гаргаад байна. Тэгэхээр Монгол даяар ардчилсан хувьсгал хэрхэн өрнөснийг аймаг орон нутгийнхаа түүхтэй хамтатган бодит баримтуудаа нэгтгэж ерөнхий боловсролын болоод их дээд сургуулийн сургалтын програмд нь ардчиллын түүх гэдэг бодит түүхийг албан ёсоор суулгаж өгөхөөр зорьж ажиллаж байна. Бид ардчиллын түүх гээд өнгөцхөн дурсамж төдий зүйлс л уншиж байсан бол ирэх жилүүдэд нэлээн дэлгэрэнгүй, нухацтайгаар бодит баримттайгаар нь  ардчиллын түүхээ дараа  дараагийн үедээ бүрэн ойлгуулах их ажлаа эхлүүлж байгаа гэсэн үг.
2015 ондоо багтаад бүх аймгийнхаа түүхийг нэгтгэж, 2016 ондоо боловсролын системдээ суулгахаар ярилцаж, ажлаа эхлүүлээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Erdenechimeg gishvvnd bayarlalaa. Xoorxii yadarsan Partizanuudaa gesen setgeliin tani toloo...
Хамгийн их уншсан