Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэт”-ийн манай эзэмших хувийг 51 болгосон хүнд баатар цол олгоё


1975 оноос ашиглаж эхэлснээсээ хойш үргэлж 49 хувь нь л Монголын мэдэлд байсаар байсан уулын баяжуулах “Эрдэнэт”  үйлдвэрийн 51 хувийг Монгол Улс эзэмшдэг болсон түүхийг мэдэх үү.

Оюутолгой, Тавантолгой гэсэн том төслийн далбаан дор уулын баяжуулах  “Эрдэнэт” үйлдвэр гэдэг саалийн том үнээ Монгол Улсын эдийн засагт ямар чухал үүрэг гүйцэтгэж байгааг мэдэх нь цөөн болж. Зэс гэхээр бүгд  л “Оюу толгой” гэх юм. Гэтэл “Оюу толгой” нарийн ярьвал манайх биш харийн хүний өмч. Тэндээс экспортлосон зэсээр орох ашгийн дийлэнх нь харь руу явж байгаа гэвэл онц хэтрүүлэг болохгүй.

Харин “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь яаж манайх болсон бэ. Хэн хэзээ яаж  “Эрдэнэт” үйлдвэрийн дийлэнх хувийг  Монголынх болгосон бэ гэдгийг санаж явахад илүүдэхгүй. “Эрдэнэт”-ийг тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улс 100 хувийн хөрөнгө оруулалт хийж байгуулсан нь гарцаагүй үнэн. Манайд зөвхөн хөрсөн доор нуугдсан зэс, молибден нь байсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Үйлдвэрт ажиллах боловсон хүчин, тоног төхөөрөмж гээд бүгд Зөвлөлтийнх байсан. Гэхдээ 1973 онд Чилид төрийн эргэлт гарц Пиночет генерал төрийн эрхэнд гараагүй бол “Эрдэнэт” баригдахгүй байсан гэдэг нь үнэн.  

Чили зэсийн дэлхийн хамгийн том экспортлогчдын нэг.  Зүүний үзэл баримтлалтай Сальвадор Альенде Ерөнхийлөгч байх үед Зөвлөлт Холбоот улс Чилиэс  зэсийнхээ хэрэгцээний нэлээд хувийг авдаг байв. Гэтэл Альендег унагаж Пиночет гарч ирсний дараа Зөвлөлт рүү зэс өгөхөө болиход ЗХУ зэсээ улс төрийн өөрчлөлтөөс үл хамааран баталгаатай нийлүүлж байх улсаас авах шаардлагатай тулгарсан. Тэр улс нь Монгол болж таарсан. Газар нутаг ойр, хяналтад байдаг, бүгдийг нь мэдэж эрхшээдэг, гэнэт нэг өдөр зэс өгөхгүй гэж хэлэх чадваргүй гээд олон үзүүлэлтээр БНМАУ нь Зөвлөлтийн ашиг сонирхолд нийцсэн хэрэг. Наад зах нь Пиночет шиг хүн гарч ирээд төрийн эргэлт хийгээд Зөвлөлтийн эсрэг хуруу гараа элдэв янз болгоод байхгүй. Төрийн эргэлт хийлээ ч олон мянган хүнтэй цэргийн бүрэлдэхүүн байгаа тул ядаж төдөлгүй хэрэгтэй хүнээ буцаагаад тавьчих боломжтой.

Ийнхүү стратегийн нэн чухал эх үүсвэр гэж үзсэн тулдаа оросууд хэдэн тэрбум рублийн шууд хөрөнгө оруулалт хийж Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийг байгуулсан. Тэндээ мэдээж давуу эрхтэй. Өөрөөр хэлбэл хамгийн багадаа 51 хувийг эзэмшиж байгаа тул хэнийг захирал, хэнийг орлогчоор томилохоо 100 хувь мэддэг байлаа. 1992 онд Зөвлөлт гэдэг улс байхгүй болсон. Гэлээ гээд байдал өөрчлөгдсөнгүй. Шинээр бий болсон ОХУ “Эрдэнэт”-ийн 51 хувийг эзэмшсэн хэвээр байв. Яг энэ үед л манай Гадаад харилцааны яам, бүр тодруулбал тухайн үед ОХУ-д сууж байсан Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд байсан эрхэм гайхамшигтэй зүйл хийсэн байдаг. Шуудхан хэлэхэд улсын баатар цол авахаар зүйл хийсэн.

Манайхаас ОХУ-д суж байсан  Элчин сайд “Эрдэнэт”- үйлдвэрийн 51 хувийг, “МонРосЦветМет”-ийн 50 хувь, “Улаанбаатар” төмөр замын 50 хувийг Монгол улс эзэмшинэ гэсэн шийдвэрийг тухайн үеийн Оросын эрх баригчдаар батлуулж, гарын үсэг зуруулан тамга тэмдэг даруулж чадсан юм. Ийм гайхамшигтай зүйл хийж чадсан Элчин сайдад баатар цол өгсөн ч багадана гэж бодож байна. Уг нь, Оросууд бүх хөрөнгө оруулалт хийсэн гэдэг утгаараа 51 хувийг эзэмших бүрэн эрхтэй. Энэ эрхийг нь хэн ч үгүйсгэж, эсэргүүцэж чадахгүй. Гэхдээ л манай Элчин сайд, тухайн үеийн Гадаад харилцааны яаманд ажиллаж байсан эрхэмүүд үгүйсгэж хэрүүл хийлгүйгээр Монголын хувьд стратегийн чухал ач холбогдолтой энэ гурван газрын нэгийг нь өөрийн болгоод нөгөө хоёрт нь 50 хувийн эрхтэй болгож чадсан.

Энэ тухай үнэн худал нь мэдэгдэхгүй олон яриа байдаг. Оросын зарим сайт дээр бичсэнээс үзвэл тухайн үеийн Ерөнхийлөгч Борис Ельциний төрсөн өдрөөр манайх гэлтгүй, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан олон орон олон чухал объектыг өөрийн болгож чадсан гэнэ. Ельциний төрсөн өдөр болоход элчин сайдууд очих нь ойлгомжтой. Харин төрсөн өдрөөр очиж өөрийн нутгийн идээний дээжийг өргөн барьсны дараа Ельциний халамцуугаар далимдуулан бүгд хамтарсан үйлдвэр аж ахуйн газруудынхаа 51 хувийг өөрсдөө эзэмших тухай баримт бичигт  гарын үсэг зуруулсан гэдэг. Ерөнхийлөгч зөвшөөрөөд гарын үсэг зураад тамга дарсан байхад “тэгээд л дуусаа” шүү дээ. ОХУ-ын Ерөнхийлөгч тэр өдөр ийм гарын үсэг хэт олныг зурж олон үйлдвэр аж ахуй газрыг тухайн улсад нь “бэлэглэснээс”  Ельцины зөвлөх нь “Таны бэлэглээд байгаа зүйл чинь таны юм биш Оросын ард түмний өмч” гэж уурлаж байж болиулсан гэдэг.
Юутай Орос ч, Монгол ч эдийн засгийн хувьд хүндхэн байсан тэр үед “Эрдэнэт” гэдэг саалийн үнээний 51 хувь нь монголынх болсон түүх энэ.

Энэ ч мэдээж “онигоо” байх л даа. Гэхдээ л  бид өөрсдийн юмандаа эзэн суусан л юм бол “Эрдэнэт”-ийн үйлдвэрлэл, баяжуулалт гээд бүхий л зүйлийг илүү боловсронгуй болгох, улмаар авдаг ашгаа нэмэгдүүлэхийн тулд хөрөнгө оруулалт хийдэг, анхаардаг байх хэрэгтэй болж байна. Бүгд “Оюу толгой” гэж байгаа энэ үед ялангуяа бид өөрсдөө эзэн суусан компаниа ямаршуу хэмжээнд хөгжүүлээд авч явах чадвартай вэ гэдгээ харуулах цаг болжээ.


Хүн баян цатгалан, сайн явахаараа шалтгаанаа олны хэл амнаас аль болох холуур байлгах гэдэг. Өлсөж цангаад “миараад”  ирэхээрээ л  нөгөө шалтгааны талаар илэн далангүй ярьдэг, хэлэлцдэг. Улс гүрэн ч бас ялаагүй. Хоёр гурван жилийн өмнө Монгол улс шиг  эдийн засаг нь  эрчимтэй огцом өссөн улс орон  дэлхий дээр байсангүй. Иргэний хөдөлгөөн энэ тэр жагсаал цуглаан хийгээгүй бол та бид ер нь “Таван толгой”, “Оюу толгой” энэ тэрийн тухай олж мэдэх байсан уу? Үгүй л болов уу.

Одоо дэлхийн зах зээл дээр эрдэс баялагийн үнэ огцом унасан гээд нөгөө алдартай нүүрс, зэсийн  том орд газруудаас ирдэг орлого огцом уналаа. Орлого огцом унаад ирэхээр тэр олон орд газрууд чинь хэний өмч вэ, яавал экспортыг нь нэмэх вэ гээд яриад эхэлсэн.  Газрын баялагийн экспорт нийтээрээ унасан ч зэсийн экспорт харьцангуй өндөр байсан тулдаа манай улсын төсөв гайгүй тогтсон гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх. Статистик судалгаа харахад л ойлгомжтой.

2014 онд Засгийн газар 31,6 тонн алт экспортолно гэж тооцсоноос ердөө 5,1 тонныг гаргажээ. Нүүрс 31,4 сая тонныг гаргана гэж тооцсон чинь ердөө 13,5 саяыг гаргасан байх жишээтэй. Тооцож байснаас эрс бага, 50 хувидаа ч хүрээгүй. Харин зэс 1225 мянган тонныг гаргана гэж тооцож байснаас 966 мянган тонныг гаргасан нь төлөвлөснөөс 70 хувь болжээ.  

Ийм нөхцөлд өөрт байгаа зүйлээ илүү хөгжүүлэхэд анхаарсан нь хамгийн зөв байх.

0 Сэтгэгдэл
Энэ бас л зөв санаа явж байна шүүү. Дэмжих хэрэгтэй санал
Хамгийн их уншсан