Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Чингис хааныг булаалддаг улсууд олон бий


Өнөөдөр Чингис хааны төрсөн өдрийг улс даяараа тэмдэглэж байна. Хүн төрөлхтний түүхэнд мэндэлж байсан хамгийн агуу байлдан дагуулагч, улс төрийн зүтгэлтэн, сэтгэгч хүний төрсөн өдөр гэж мэдээж том үйл явдал байх ёстой. Манайхан Их хааны монгол угсаатай хүн байсан гэдэгт эргэлздэггүй.  Гэвч булаацалдагчид олон. Арлын Японоос эхлээд Орос, Казахстан, Нанхиад гээд олон орон Чингис хааныг өөрийн улсаас гарал үүсэлтэй, өөрийн улсын хэлээр ярьдаг, бичдэг байсан гэж нотолдог. Энэ тухай жил болгон л ямар нэгэн судалгааны бүтээл гарч дуулиан тарьсан болоод намждаг.


Жишээлэхэд, Япончууд 1924 онд Ояабэ Матаичиро “Чингис хаан бол Минамото-но Ёшицүнэ мөн” нэртэй ном гаргсан нь Япондоо л гэхэд хамгийн олон зарагдсан бестселлер болж дуулиах тарьж байлаа. Минамото –но Ешиценэ гэдэг нь 1159-1189 онуудад амьдарч байсан тухайн үеийн Японы нэртэй цэргийн жанжин. Дайнд байлдаанд их гавьяа байгуулсан ч эрх мэдлийн төлөөр нууц дайнд ялагдаж, ахдаа бүслэгдэн амиа алдаж байсан хүн аж. Энэхүү эмгэнэлт хувь тавиланд нь япончууд ихэд хүндэтгэсэн байдлаар ханддаг байсан бөгөөд бүслэгдэн амиа алдаагүй, Их газар хөл тавьж, Алтан улсаар дамжин Монголд хүрсэн тухай яриа 16 дугаар зуунаас эхлэн түгжээ. Энэ домгийг Ояабе ном болгон хэвлүүлсэн нь ямар ч байсан япончуудын дунд ихэд нэрд гарсан аж. Япон эзэнт гэсэн хүчирхэг гүрэн Европ, Америкчууд бүрэн ноёрхож байсан олон улсын харилцаанд хүч түрэн орж ирсэн байсан үе. Иймд энэ гайхамшигтайгаар эсэн мэнд үлдэн Алтан улсын нутгаар дамжин Монголд хүрээд дэлхийн талыг эзэлсэн хүчирхэг гүрэн байгуулсан гэдэг яриа нь тухайн үеийн Японы эрх баригчдын зүгээс Азид явуулж байсан байлдан дагууллыг зөвтгөх, ард олонд үнэмшилтэй харагдуулах нэг хүчин зүйл болж байсныг олон судлаачид дурджээ. Ингээд ч зогсохгүй тухайн үед Монголчууд харанхуй бүдүүлэг, бичиг үсэггүй, дайны урлаг гэж мэдэхгүй байсан тул Японоос оргон ирсэн Ёшицүнэ л тэднийг ялалтад хүргэн Алтан улс, Мин улсыг эзлүүлсэн гэж өөрсдийгөө дөвийлгөх, Азийн бусад үндэстэн ястанг дорд гэж үзэх цуу ярианы эхлэл болсон гэж болно. Иймдээ ч тэр үед япончууд өөрсдийгөө бид бурханаас гаралтай тэнгэр угсаатай хүмүүс, та нэр сармагчингаас гаралтай Европчуудын мэдэлд орох уу, тэнгэр угсаатай наран хүмүүсийн эрхэнд орох уу гэж сэнхэрүүлдэг байсан тухай яриа ч бий. Тэнгэр угсааны нэг баталгаа нь Чингис хаан нэрээр дэлхийн түүхэнд нэрээ үлдээсэн хүн Япон хүн байсан гэх ямар ч үндэслэлгүй цуу яриа, ном бичмэл болж байсан гэвэл онц хэтрүүлэг болохгүй.

Манай урд хөршид ч Чингис хааныг өөрийн хүн гэх үзэл сүүлийн үед нэлээд газар авсан. Үүний гол баталгаа нь Өвөр Монголд байдаг Чингис хааны онгон нэртэй байгууламж болж өгдөг. Чингисийг Хятадын үндэсний цөөнхийн нэрт төлөөлөгч, Дундад улсын түүхтэй салшгүй холбоотой тул яах аргагүй дундадын хүн гэнэ. Иймдээ ч агуу их байлдан дагууллын үеэр эзэлсэн газар нутгийг одоо ч өөрсдийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэгээ нэг их нуугаад байдаггүй. Жишээлэхэд, Тайваныхан манай улс, Тува, Владивосток орчмын нутгийн одоо хүртэл Дундад иргэн улсын газар нутгийн салшгүй хэсэг гэж үздэг хэвээр. Учир нь, Чингис хааны үүсгэн байгуулсан Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд энэ бүх газар нутаг түүний дотор одоогийн тухайн үеийн Дундад иргэн улс, одоогийн БНХАУ-ын эзэлж байгаа нутаг бүхлээрээ нэг захиргаанд байсан. Ийм учир нь энэ бүх газар нь одоо ч нэг захиргаанд гэхдээ нанхиад иргэдийн захиргаанд байх ёстой гэдэг үзэл энд явж байдаг аж. Иймэрхүү байдал маш их ажиглагддаг. Юань гүрнийг хятад иргэд өөрийн төрийн салшгүй хэсэг гэж үздэг. Ер нь, өөрийн нутаг дээр нь нэгэн цагт төр барьж байсан өөр угсаа гарвалтай ч бай хаадын удам, төрийг өөрийн гэж үзвэг. Үүнээс болж нэлээд хэдэн жилийн өмнө Хятадын эрх баригчид Солонгосын Шилла, Пэгчэ хаант улсуудын нутаг нь өдгөө Хятадын газар нутаг дээр байдаг тул хаадыг өөрийн гэж мэдэгдэн хүндэтгэх, тахих ёслол үйлдэхэд Өмнөд Солонгос эсэргүүцэл илэрхийлж байсан удаатай.

Венецийн худалдаачин Марко Полог хэзээ ч Монголд, Хятадад ирж байгаагүй, бүгдийг өөр худалдаачдын дурсамж номноос хуулбарлан авч зохиосон тухай яриа нь мөн үүнтэй холбоотой.

Манж Чин гүрэн ч цагтаа яг ийм бодлого явуулж байсан. Шиньжаан нэрээр Дорнод Туркестаныг өөртөө нэгтгэхдээ, Тагна Туваг, Ар Монгол, Зүүн гарыг эзлэн авахдаа мөн л иймэрхүү үндэслэл гаргаж ирж байсан. “Бид адил нүүдэлчид тул нэгэн цагт Их хааны нэгтгэж байсан бүх улс, газар орныг нэг туган дор ахин нэгтгэх нь хэн хэнийх нь ашигт нийцнэ” гэж байсан гэдэг.

Манай хойд хөршид ч байдал онц ялгаагүй. Энд Чингис хааныг, түүний байгуулсан гүрнийг өөрийн гэх үзэл бүр Зөвлөлтийн үед, тодруулбал Зөвлөлт нэртэй их гүрэн задран унахаас өмнөхөн, өөрчлөн байгуулалтын үед эхлэн газар авсан түүхтэй. Тэргүүн эгнээнд нь А.Фоменко гэгч Зөвлөлтийн математикчийн бий болгосон “шинэ хронологи” нэртэй хэт явцуу үзэлт үзэл баримтлал явдаг. Энэ үзлийн дагуу хүн төрөлхтний мэдэгдэж байгаа түүхийг талаарх баттай мэдээ сэлт, түүхийн олдворууд 16-17 зуунд хамаарагддаг, хадгалагдан үлдсэн байдаг. Иймд дэлхийн түүхийг энэ үеэс эхэлсэн гэж үзэх нь зүйд нийцэнэ гэсэн.

Улмаар дундад зууны үед Евразийг бүхэлд захирч байсан Орос төвтэй хүчирхэг эзэнт гүрэн байсан гэсэн номлол гаргаж ирэн улайран баталдаг, сурталчилдаг болсон. Ямар гүрний тухай яригдаад байгааг нь та лав гадарласан биз. Ингээд түүхийг ийнхүү урьд хожигд үзэгдээгүйгээр гуйвуулж эхэлсэн. Фоменкогийн шинэ хронолги нэртэй цэвэр үзэл сурталжсан үзлийн дагуу Чингис хаан гэж хүн байгаагүй харин  IV Дмитрий нэртэй орос хаан байжээ. Бат хааны байгуулсан Алтан орд гэж улс огт байгаагүй тэр Бат хаан гээд байгаа нь хожмоо Невийн Александр гэж алдаршсан Орос ван юм гэнэ.

Яагаад ийм дүгнэлт гаргаад байгаа юм гэхээр түүхэнд төрсөн өдөр, туулсан амьдрал нь ойролцоо хоёр хүн, тэр тусам хоёр хаан нэг дор амьдарна гэж байх боломжгүй гэсэн. Ингээд хаадуудын төрсөн он, туулсан амьдрал насаар ойролцоогоор нэгтгэн бүгдийг нь Орос хүн байсан гэсэн баталгаа гаргаж ирсэн юм. Чингис хааныг монгол хүн, Монголын их эзэнт гүрэн байсан тухай түүхийн сурвалж бичиг, археологийн олдвор зэргийг Фоменко шууд үгүйсгэсэн. Баруун Европ, Америк тэргүүтэй өрнөдийн орнууд түүхэнд Оросын гүйцэтгэсэн үүргийг үгүй хийж мартагнуулахын тулд тэр олон мянган түүхэн эх сурвалж, бичиг баримт, археологийн олдворыг хуурамчаар зохиосон гэж мэдэгдсэн юм.

Удалгүй Зөвлөлт гэдэг улс үгүй болоход Фоменко тэргүүтэн хүмүүс шинээр үүсэн бий болж байсан Оросын бизнесменүүдээс санхүүжилт авч өөрийн онолоо сурталчлах ажлыг эрчимтэй явуулсан байдаг. Ингэснээр энэхүү шинэ хронологийн талаарх элдэв ном одоо ч хэвлэгдэн гарсаар байна. Энэ чиглэлээр нийт 100 гаруй ном хэвлэгдэж сая давсан хувиар борлогджээ. Ингэж залуучуудын тархийг хүчтэй угааж эхэлсэн. Одоо Оросын 13-14 орчим насны хүүхдүүдээс Чингис хаан гэж хэн бэ гэж асуувал Орос хүн байсан, нийслэл нь Орост байсан, байлдан дагуулагчид хоорондоо оросоор ярьдаг байсан гэх мэтээр улайран хамгаалж, янз бүрийн нотолгоо гаргаж ирдэг. Энэ бүхэн Фоменко тэргүүтэн хүмүүсийн хийсэн тархи угаалтын шүүд үр дагавар гэж болно. Саяхан Чита хотоор ороход оюутны байрны жижүүр эмэгтэй хүртэл “Чи Монгол уу. Танай Чингисийг бид Орос хүн гэж боддог. Манай Чита мужид оршуулга нь байгаа гэж манай эрдэмтэд хэлсэн” гээд улайраад дайрад байдаг. Хариуд нь “Зөв зөв. Их хааны шарилыг та нар Чита мужаас олвол бушуухан дэлхийн нийтэд мэдэгдээрэй. Чингис хааныг Монгол хүн байсан гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ. Тиймээс оршуулга нь байгаа газар ч Монголын уугуул нутаг гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө. Тэгвэл та нар Крымийг авсан шиг бид Чита нутгаа эргүүлэн авна” гэж тоглоом хийхэд “Тийм бол тооцохгүй. Хааны шарил манай Читад байхгүй” гэсэн яриа болж байлаа.

Гэхдээ Оросын эрдэмтэд энэхүү шинэ хронологийг хэл шинжлэл, одон орон, угсаатан зүй, археологи гээд маш олон шинжлэх ухааны салбарын нээлт, ажил бүтээлээр ямар ч үндэслэлгүй гэдгийг баталсан. Гарцаагүй баталсан эрдэмтэн нь хэдхэн жилийн өмнө Путины гараас ОХУ-ын Төрийн шагналыг хүртэж байв.

Энэ мэт их хааныг, түүний хийж бүтээсэн зүйлийг өөрийн болгох гэсэн хүсэл, мэрийлт янз бүрийн үр дүнтэйгээр олон зууныг даван явж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан