Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Түлэгдэлтийн улмаас амь насаа алдах нь ихэсчээ


Хүйтний эрч чангарсан эдгээр өдрүүдэд ГССҮТ-ийн ачаалал хэд дахин нэмэгджээ. Иргэдийн болгоомжгүй, хайхрамжгүй байдлаас шалтгаалсан осол гэмтэл шил дараалан гарсаар байгаа юм. Өвлийн улиралд ГССҮТ-ийн түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасаг хамгийн  их ачаалалтай байсан бол өнөөдөр дөрвөн улирлын турш ачаалал ихтэй байх болсон нь эмч нарын санааг зовоож буй гэнэ. Өглөөний 10:00 цагийн орчим ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламж хүлээн авах тасгаар орлоо. Гэмтлийнхэн байрандаа засвар арчилгаа хийж өнгө засчээ. Өнгөрсөн өвөл ирж байсныг бодвол өөр орчин угтлаа.

Энэ өглөө жаахан цас хялмаалсан өдөр ч байсныг хэлэх үү, түргэний машин ар араасаа өвчтөн хүргэж ирсээр байгаа харагдана. Автын осол, ахуйн болгоомжгүй байдлаас үүдэн гэмтэж бэртсэн бага насны хүүхэд, ахимаг насныхан ч түргэнээр ирж байна. Харамсалтай нь  иргэд өөрсдийн болгоомжгүй байдлаас болсон осол дийлэнх хувийг эзэлж, насан туршдаа тахир дутуу болох бүр цаашлаад амь насаа алдах тохиолдол ч олон байгаа гэнэ. Тэр дундаа бага насны хүүхдийн түлэгдэлт хэд дахин нэмэгдсэн аж. Иймээс эмч нарын зүгээс хамгийн гол нь анхаарал болгоомжоо хаана ч алдахгүй байх хэрэгтэй гэдгийг дахин дахин сануулсан. Яаралтай тусламжийн өрөөнд хүүхдээ тэврээд суух С.Туяа “Ширээн дээр ус буцалгагчинд халуун ус байсныг хүү маань татаад өөр дээрээ асгачихсан. Одоо гурван нас хүрнэ. Ийш тийшээ орчих гээд... Уг нь би хүүгээ нүднээсээ салгахгүй хардаг юм. Гэтэл аяга авах хооронд л ийм юм болчихлоо. Сандарсандаа хөнжилдөө ороогоод шууд хүрээд ирлээ. Түлэгдэлт нь хүнд байна хэвтэх хэрэгтэй гэсэн. Харамсалтай нь, ор хүрэлцээгүй байна гэнэ. Гэхдээ одоо анхны тус­ламж үзүүлээд өвдөлтийг нь намдаасан. Хэвтүүлэх ор гар­гана гэсэн” хэмээн ярьсан юм.

80 ортой Түлэгдэлт нөхөн сэргээх мэс заслын тасаг нь хаанаа ч хүрэлцэхгүй байгаа нь илт. Манай эмнэлгийн байгууллагуудад байдаг өнөө л нийтлэг дүр зураг болсон өвчтөнүүд нь коридортоо л хэвтэх. Эмч нарын зүгээс аль болох өвчтөнүүддээ богино хугацаанд эмчилгээ хийж, өвчнийг нь намдаагаад дараагийн хүнд өвчтөнөө хүлээж авч байгаа гэсэн. Энэ талаар Дөлгөөн хүүгийн ээж С.Ундрал “Хүү маань хөлөө халуун усанд түлсэн. Тэгээд энд ирээд гурав хоног эмчилгээ хийлгээд гарсан. Ор хүрэлцэхгүй,манай хүүгийн шарх бусад хүүхдүүдийг бодвол гайгүй тэгээд ч долоон настай учраас хурдан гарсан. Одоо өдрөөр ирж эмчдээ үзүүлээд эмчилгээ хийлгэж байна.” хэмээн ярьсан юм.
Түлэгдэлт нөхөн сэргээх мэс заслын тасгийн эмч сувилагч нар цай уух  завгүй л ажиллах аж. Боолтны өрөөнөөс гарах хүүхдүүдийн орилох уйлах дууг сонсоход зүрх эмтрэх шиг. Хүүгээ, охиноо тэврэн харамсах, халаглах, айх аав, ээжүүд.
Түлэнхийн төв нь олон газар нүүсэн, техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгээ­гүйгээс тоног төхөөрөм­жүүд нь муудаж эмчилгээ хийхэд хүндрэлтэй болсон тул хүнд түлэгдэлттэй хүүхдүүдийг эмчлэхэд хэцүү байгаа гэдгийг эмнэлгийнхэн хэлж байсан. Түүнчлэн Түлэнхийн төвийн барилгын асуудал шийдэгдээгүйгээс тус тасаг нь ГССҮТ-ийн нэг давхарт одоогоор байрлаж байгаа. Байр хүрэлцээгүй учраас түлэгдэлттэй хүүхэд том хүн хоёрыг хамт хэвтэн эмчлүүлэх болсон байна. Уг нь хүүхдийг томчуудаас тусгаарлаж арай илүү харж хандах учиртай. Зөв бурууг ялгаж чадахгүй хүүхдүүд өвчнөө түр зуур ч болов мартаж тоглож наадах талбай ч тус тасагт алга. Эмч нар нь эргэх зайгүй шахам хавчиг жижиг өрөөнд үзлэг хийх ийм л дүр төрх угтаж байлаа. Осол гэмтэл их байгаа учраас ГССҮТ-ийнхөн осол гэмтлийн нэгдсэн сантай болохоор бэлтгэж байгаа гэнэ. Ингэснээр осол гэмтэл бүрийг бүртгэлжүүлж нэгдсэн сандаа байршуулж иргэд орж мэдээлэл авах боломжтой болох аж. 


Э.Галбадрах: Анхны тусламж хэрхэн хүргэснээс түлэгдэлтийн эмчилгээний 90 хувь нь шалтгаалдаг

Түлэгдэлт нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Э.Галбадрахтай ярилцлаа.

-Танай тасагт хүнд түлэгдсэн хүүхдүүд их харагдлаа. Ер нь ихэвчлэн ямар тохиолдлоор түлэгд­сэн хүүхдүүд ирж байна вэ?
-Манай тасаг 80 ортой үйл ажиллагаа явуулдаг. Зарим тохиолдолд 100 өвчтөн хүртэл хүлээн авдаг. Сүүлийн үед ачаалал нэмэгдэх болсон. Өмнөх жилүүдэд улирлаас хамаараад зарим үед түлэгдэлт буурдаг байсан. Гэтэл энэ байдал үгүй болж дандаа л ачаалалтай байх болсон. Түлэгдэж ирж байгаа хүмүүсийн 80-90 хувь нь тэгээс таван насны хүүхэд. Айлууд халуун тогоондоо хоол хийгээд газар тавьчихдаг юм байна. Тэрийг нь хүүхэд самардаад түлэгдчихдэг. Энэ нь талбай ихтэй хүнд түлэгдэлт болдог. Тохиолдол нь хүндрээд ирж байгаа учраас амь насаа алдах нь ч нэмэгдэх хандлагатай болоод байна. Өөр нэг тохиолдол гэвэл хүмүүс ширээн дээрээ эсвэл  тавиур дээр аягатай ус, хоолоо тавьчихдаг. Өнөөхийг нь хүүхэд татаад түлэгддэг. Мөн эцэг эхчүүд хүүхдээд хөхүүлж байхдаа хоол цайгаа идэж байхдаа санамсаргүй байдлаар дээрээс нь асгаж түлэх тохиолдол их байдаг. 50-60 хувь нь хоол цайнаас болж түлэгддэг. Түүнчлэн айлуудад тогны утас, олон залгуур ил байна. Үүн рүү савх, халбага хийгээд масс үүсгээд түлэгддэг зэрэг ахуйн түлэгдэлт их байна.

-Танай тасагт хэдэн эмч ажилчид ажиллаж байна вэ. Тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй байгаа вэ?
-10 эмч, 21 сувилагч гээд нийт 45 ажилчинтай. Тоног төхөөрөмжийн хүрэлцээ муу. Тоног төхөөрөмж аппарат гээд байхаар ч юм ховор боллоо. Сүүлийн найман жил парк шинэчлэл гэх юм хийгээгүй. Одоо тоног төхөөрөмж байрны асуудалд хамгийн хүнд байна. 2012 оноос журам нь гараад шинэ байр барихаар болсон. Гэсэн ч өнөөг хүртэл алга. Архидалттай холбоотой осол гэмтэл ихсээд байдаг. Түлэгдэлт нэмэгдэж байгаа. Хоёр том ачаалалтай эмнэлэг нэг дор байна гэдэг хүнд. Манайхыг энд оруулахын тулд энд өмнө нь ажиллаж байсан тархины гэмтлийн тасгийг гурван давхар руу гаргасан. Тэгэхээр тархины гэмтлийн тасгийн ачаалал маш их байгаа. Өвчтөнүүдээ коридортоо л авах юм.

-Хөдөө орон нутгаас өвчтөн хэр ирж байна вэ?
-Хотоос алслагдмал аймгаас  дандаа хүндэрсэн өвчтөн ирдэг. Анхны тусламж авахдаа хугацаа алддаг, эмнэлгийн байгууллага хол зэргээс шалтгаалдаг. Ер нь түлэнхийн 90 хувь нь анхны тусламжийг 24 цагийн дотор хэрхэн хүргэснээс эмчилгээ, эдгэрэлт нь шалтгаалдаг. 24 цагийн дотор анхны тусламжаа авч чадаагүй бол түлэнхий хүндэрч амь насанд нь хүрэх хүртэл аюултай.  
 
-Түлэгдэж ирж байгаа хүүхдүүдийг харахад  ихэнх нь гэр хорооллоос л байх шиг?
-Орон сууцны айлуудын гал тогоо тусдаа тэгээд ч өндөр тавиуртай байдаг. Гэтэл гэр хороололд айлууд халуун тогоогоо газар тавиад хоолоо хийдэг. Ээж нь хоолоо аягалах хооронд хүүхэд самардаад асгадаг эсвэл тогоон дотор унадаг. Ер нь түлэгдэж ирж байгаа хүүхдүүдийн 90 гаруй хувь нь гэр хорооллоос ирдэг. Харин орон нутгийнхантай харьцуулбал хотынхон их.

-Иргэддээ сэрэмжлүүлэг болгох үүднээс түлэгдэлтийн үед анхны тусламжийг хэрхэн үзүүлэх талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Монголчуудын хувьд анхны тусламжийг буруу үзүүлдэг. Ихэвчлэн уламжлалт арга, дам яриа, хүнээс сонссон арга хэрэглэдэг. Тухайлбал, нохойны цус, үхрийн баас, гутлын хар тос, барааны саван, элсэн чихэр зэргийг түрхдэг. Тэр нь эргээд тухайн өвчтөнийхөө шархны эдгэрэлт, биеийн ерөнхий байдал хүндрэх шалтгаан болдог гэдгийг сануулмаар байна. Ингээд анхны тусламжийг хэрхэн хүргэх талаар нэг жишээ хэлье. Хүүхдийн шуу хэсэг түлэгдлээ гэж бодьё. Тэгвэл хамгийн түрүүнд тухайн хүүхэд цамцтай байвал цамцыг нь тайлах хэрэгтэй. Тэгээд крантны юм уу эсвэл урсгал усанд түлэгдсэн хэсгийг барина. Хүмүүс банн эсвэл тавганд ус хийгээд барьдаг. Энэ нь буруу. Хүйтэн усанд барих нь халуун зүйлийнхээ хэмийг багасгаж байна гэсэн үг. Мөн өвдөлтийг нь намдаадаг. Тэгээд хүүхдийнхээ нас, биеийн онцлогт нь тохируулан өвчин намдаах эм тариа, лаа хэрэглэх шаардлагатай. Үүний дараа 103 дуудах эсвэл мэргэжлийн эмчид ханд. Дээр нь шингэн юм өгөх ёстой. Учир нь хүүхэд түлэгдсэн хэсгээрээ биеийнхээ шингэн эрдсээ алдаж байдаг. Хамгийн гол нь мэргэжлийн эмчид заавал хандаж зөвлөгөө авах  шаардлагатай. Иргэд түлэгдэлтийг гэрээрээ буруу эмчилснээс сорвитой эсвэл тахир дутуу болж эдгэрэх тохиолдол цөөнгүй гэдгийг сануулах байна.

0 Сэтгэгдэл
Гэмтлийн эмнэлгийн газар дээр хурдан эмнэлгээ бариачээ удах тусам хэн нэг хүний хувийн газар болох вий дээ. ард түмэн үүн дээр сайн дуугарах хэрэгтэй байна даа. Тэгэхгүй бол хөдлөхгүй нь дээ
түлэнхийн эмнэлэг байр байхгүй гэмтлийн эмнлэгт толгой хорогдож байхад засаг төр анхаарахгүй байна Нөгөөгөөр гэмтлийн эмнэлэгт өвчтөнд ор хүрэлцэхгүй нэг өрөөнд олуулаа байхад тус эмнэлгийн эмч сувилагч үйлчлэгч аж ахуйн ажилтан бүр нэг өрөө эзэмшээд сууж байгаа төдийгүй гаднын байгууллага хувийн аптекуудад өрөө түрээслүүлж байна Мөн төлбөртэй өрөө гэгчийг гаргаж олсон мөнгөөрөө өөрсдийн баяр ёслол энэ тэрл зарцуулж байгаа нь арай дэндэж байна Өвчтөн сахиуртайгаа нийлээд нэг өрөөнд оруулаа арай ядан байхад арай дэндэж байна Тэр том том коридор бистүлдээ эмч сувилагч нар ажлаа явуулж болно доо Өвчтөнөө гэх сэтгэл тэдэнд асар их дутагдаж байна ЭМЯ үүнд огт анхаарлаа тавихгүй байгаа нь тэд ажлаа мэдэхгүй байнна уу зориуд хуйвалдаж байгаа эсэх нь ойлгожгүй байна Шөнө болохоор эмч сувилагч нар өрөө өрөөндөө ороод алга болчихдог нь нууц биш Ганц гэмтлийн эмнэлэг ч биш дийлэнх эмнэлэг ийм байхад ЭМЯ -ны түшмэлүүд ажлаа огт хийхгүй байна
tansaglalaa zogsooj tylenhiin emnelgee hurdan bariaacee hichneeh jil yarih gesen yum be
Хамгийн их уншсан