Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Танасан бус тэлсэн төсөв


Монгол Улсын ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 7.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 29.8 хувьтай тэнцүү байхаар баталсан. Тэгвэл тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн нэгдсэн төсвийн нийт зарлага 7.5 их наяд гаруй төгрөг буюу ДНБ-ий 31.7 хувь болж байгаа юм. Ингээд улсын төсвийн нийт алдагдал 439 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1.8 хувь болно гэж байгаа. Эндээс үзвэл ирэх жилийн төсвийн орлого 17, зарлага 16 хувиар өсөх тооцоо гарч байна. Гэтэл эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, гадаад орчны нөлөөллөөс үзвэл төсвийн орлого ингэж нэмэгдэх боломж алга. Эдийн засагчид  ирэх онд манай улсыг төсөв мөнгөний бодлогоо чангалах ёстой. Ингэж байж эдийн засгийн өсөлтөө долоон хувиас бууруулахгүй барьж чадна хэмээн зөвлөж буй билээ. Гэвч ирэх жилийн төсвийг УИХ-аас батлахдаа  олигтой танаж чадсангүй. Төрийн албанд ажиллаж буй зарим орон тоог цомхотгох, гадаад дотоод томилолтын зардлыг бууруулснаар чанга төсөвтэй болж чадаагүй юм. Монголбанкны эдийн засагчдын тооцоогоор улсын төсвийг дор хаяж 1.2 их наяд төгрөгөөр танах боломж байсан гэж үзэж байна. Төсвийг ингэж танаснаар ирэх оны төсвийн орлого гурван хувиар өсөх тооцоо бий. Зардал нь ч ялгаагүй гурван хувиар нэмэгдэх аж. Өөрөөр хэлбэл төсвийн хөрөнгө оруулалтын дийлэнхийг  царцааж байж дээрх таналт хийгдэнэ гэсэн үг.

Манай улс төсвөө төлөвлөхдөө эдийн засгийн мөчлөг, гадаад орчны нөлөөллийг харгалзан үздэггүй гэхэд хилсдэхгүй. Эдийн засгийн өсөлт, ашигт малтмалын үнэ өндөр байсан үе шигээ сүүлийн жилүүдэд төсвөө төлөвлөж байгаа юм. Иймээс 2011 оноос хойш манай улсын төсөв жил бүр алдагдалтай гарч иржээ.  Өөрөөр хэлбэл манай улсын төсвийн орлогын төлөвлөлт гүйцэтгэл сүүлийн хоёр жилд 20 гаруй хувийн зөрүүтэй гарчээ. Жишээ нь, энэ оны улсын төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцтгэлээр  бараг нэг их наяд төгрөгөөр тасрах болоод байгаа юм. Ийнхүү улсын орлого нь тасарч буй тул төсвийн хөрөнгө оруулалт зогсонги байдалд ороод буй Тухайлбал, энэ оны төсвийн тодотголд нийт 1.1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. Гэвч   аравдугаар сарын байдлаар төлөвлөсөн хөрөнгө оруулалтынхаа 51.3 хувийг нь санхүүжүүлсэн байна. Үүнийг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 583 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр санхүүжүүлжээ. Тэгэхээр ирэх онд ч төсвийн орлого сайжрахгүй төсөөлөл гарч буй тул энэ байдал дээрдэхгүй гэсэн үг.

Хоёр оронтой тоонд өсч байсан эдийн засаг өнөөдөр долоон хувь болж агшсан нь хямралын үндэс болоод буй. Одоогоор  манай улсын эдийн засагт зургаан тэрбум ам.доллар дутаж буй гэсэн тооцоо бий. Хэрэв ийм хэмжээний мөнгө орж ирвэл хямралаас гарах юм гэсэн. Тэгвэл эдийн засагт эргэлдэж буй нийт мөнгөний нийлүүлэлт улсын төсөв, мөнгөний бодлогоос шууд шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл нийт мөнгийг төсөв, мөнгөний бодлогоор нэмэгдүүлдэг.
Эдийн засаг өсөхийн хэрээр мөнгө байнга шаардаж байдаг. Иймд эдийн засаг хоёр оронтой тоонд өсч мөнгөний нийлүүлэлт 2011 онд 70 хувиар өсч байсан удаатай.

Харамсалтай нь, мөнгөний энэ өсөлт ард түмний амьдрал, эдийн засагт наалдаж үлдээгүй. Учир нь бэлэн мөнгө тарааж хэрэглээ өсгөөд инфляцыг хөөргөж өгсөн. Мөн эдийн засагт түшиг тулгуур болох хөрөнгө оруулалт болж чадаагүй билээ. Дараа жилээс нь нүүрс болон ашигт малтмалын үнэ нэмэгдэж сэргэсэн. Ингээд бид мөнгөний бараа харангуутаа төсвөө тэлж эхэлсэн билээ. Тогтворжуулалтын санд мөнгөн хуримтлуулж  чадаагүй. Мөн хөрөнгө оруулалт хийлгүй бүгдийг нь халамж хэлбэрээр тарааж инфляц хөөрөгдөж орхисон билээ.

Өнгөрсөн онд манай  эдийн засаг дахь нийт мөнгө буурч 20 хувь руу орж ирсэн. Энэ нь бүр доошилж хасах утга зааж магадгүй болсон үед Монголбанкнаас мөнгөний нийлүүлэлтийг дэмжих бодлого баримталсан юм. Өөрөөр хэлбэл эдийн засагт гурван их наяд төгрөг нийлүүлж эдийн засгийг дэмжсэн. Ингэснээр унаж байсан нийт мөнгө сэргэж  банкуудын зээл хумигдаагүй, бүтээн байгуулалт зогсоогүй, өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдээгүй билээ. Гэвч энэ онд мөнгөний нийлүүлэлт хумигдаж байна. Аравдугаар сарын байдлаар манай эдийн засагт эргэлдэж буй нийт мөнгө 14 хувийн өсөлттэй гарчээ. Хэрэв нийт мөнгөний өсөлт хасах утга руу орж ирвэл өнөөдөр долоон хувиар өсч буй эдийн засаг гурван хувь болж буурна. Нэг ёсондоо хямрал улам лавширч хувийн хэвшлийн модоо барьж ажилгүйдэл гэрлийн хурдаар  өснө гэсэн үг. Эдийн засаг ингэж унасан үед гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн хүлээлт талаар өнгөрнө.
Хамгийн гол нь эдийн засгийн суурь нь сайн байж шинэ хөрөнгө оруулалт татдаг бичигдээгүй хуультай билээ. Иймд ирэх онд эдийн засгийн сууриа тогтвортой хадгалж үлдэх нь чухал болоод буй юм. Долоон хувиас илүү эдийн засгийн өсөлтийг хангахын тулд нийт мөнгөө 15-20 хувиар өсгөх ёстой хэмээн төв банкны эдийн засагчид хэлж байна. Нийт мөнгөний энэ өсөлтийг хувийн хэвшил л бүрдүүлэх учиртай.  Нэг ёсондоо арилжааны банкнаас хувийн хэвшилд олгодог зээл тасалдаж, хумигдаж болохгүй гэсэн үг. Үүний тулд улсын төсвийг танах учиртай. Харамсалтай нь, улсын төсвийг танасан гэх боловч чадсангүй.  Улсын төсвийг танаснаар төв банкны бодлогын хүү өсөхгүй. Энэ нь арилжааны банкуудын зээлийг бууруулахгүй, эдийн засаг, бизнес хувийн хэвшлээ дэмжих гарц болж өгнө. Хэрэв улсын төсвийг танахгүй бол төв банк бодлогын хүүгээ өсгөнө.  Ингэснээр эдийн засгийн орчин улам муудаж хувийн хэвшил оршин тогтноход улам хүндэрнэ. Өөрөөр хэлбэл ажилгүйдэл нэмэгдэж иргэд амьдрал улам дортойтох тал ажиглагдаж байгаа юм.
Тэгэхээр ирэх оны эхээр төсвийн тодотгол хийхдээ танах гэж худал ”домоглож” болохгүй нь. Танасан шиг танаж бизнесийн идэвхжил эдийн засгийн тогтвортой байдлаа хадгалж үлдэж чадах ажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан