Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Амиа золиослогчдыг хэрхэн бэлддэг вэ? Өнгөрсөн үе ба одоо цаг


Цуврал 2

Одоо цаг

Тэр цагаас хойш олон зуун өнгөрсөн ч амиа золиослогчдыг бэлддэг арга технологи бараг өөрчлөгдсөнгүй. Харин ч орчин үеийн техник, технологийг ашиглаад илүү өндөр түвшинд гарч бүр аймшигтай болсон. Гэхдээ дахин хэлэхэд үндэс нь өөрчлөгдөөгүй. Өнөөдөр амиа золиослогчдын эгнээнд мөн л адил нэн ядуу айлын эсвэл өнчин, гэнэт итгэмтгий, чин сүсэгтэй хүмүүсийг элсүүлсэн хэвээр. Тэдэнд олон зууны тэртээхтэй адилаар амиа золиослон бөмбөг дэлбэлж олон хүний аминд хүрвэл диваажинд шууд очно гэж итгүүлдэг.Онолын үндэслэлийг нь Уулын өтгөстэй адилаар бүлэглэл, урсгалын тэргүүлэгч нь гаргана. Тэд өрсдийн явуулж байгаа алан хядах ажиллагааг Исламын шашны ариун дайн буюу жихад гэж итгүүлнэ. Харин шашны ариун дайн буюу жихадын үеэр шашны төлөө амиа өгсөн хүн шууд диваажинд очно зөнч мэргэн Мухаммед хэлсэн гэж итгүүлнэ. Гэхдээ шашны хамгийн ариун дайн, хамгийн ариун жихад нь чин сүсэг бишрэлийг олохын төлөө өөртэйгээ, өөрийн муу муухай бүхэнтэй хийх дайн гэж хэлсэн байдгийг хэлэхгүй.

Үүнээс гадна шашны мухар сүсүгээс гадна айдас, ар гэрээ гэсэн хүслийг өргөнөөр ашигладаг болжээ. Тухайлбал, төрөлх садан, нөлөө багаатай гэр бүлээс гаралтай хүмүүсийг шууд хүчээр айлган элсүүлж амиа золиослогч болгоно. Амиа золиослохгүй гэвэл өөрийг нь төдийгүй ард нь хоцрох бүх төрөл садныг нь хэрцгийгээр цээрлүүлнэ гэж сүрдүүлнэ.Гарцаагүй байдалд оруулна. Ар гэрээс нь хүмүүс барьцаанд авна.  

Үүнээс болоод ар гэрт нь хүнд өвчтэй эцэг эх, эхнэр хүүхэд байгаа ядуу айлын хүмүүс тэднийхээ амьдралыг бага ч болов өөд нь татахын тулд амиа золиослох гэдэг хүн цөөнгүй байдаг тухай мэдээ байна. Тэднийг айлгаж сүрдүүлэх шаардлагагүй, амиа золиослосны дараа арт гэрт нь нөхөн төлбөр гарцаагүй өгнө гэсэн хөдлөшгүй баталгаа шаарлдагатай.

Гурав дахь төрлийн амиа золиослогчид нь өс хонзон авах гэсэн хүмүүс байдаг аж. Тэдний хайрлаж хүндэлдэг хүмүүсийг аль нэг улсын тусгай албаныхан баривчилж цаазаар авсан, тусгай ажиллагаа явуулан устагасан байдаг. Ийм нөхцөлд амиа золиослогчдыг бэлддэг мэргэжлийн хүмүүс тэдэнд хандан өс авахыг санал болгон ятгана, тархийг нь угаана. Мөн л өс авбал шашны ёсоор өөд болмогц диваажны оронд хайрлаж, хүндэтгэж байсан хүнтэйгээ уулзана, харуусал гуниг зовлонгоос нэг мөр сална гэж итгүүлнэ.

Дөрөв дэх  төрлийн амиа золиослогч нар нь шашин шүтлэг,хөлс мөнгө, өс хонзонгоос тэс хөндий хөндлөнгийн хүмүүсийг хүчтэй мансууруулагч бодис, ховсдох онцгой технологийн тусламжтайгаар сэтгэл зүйч, сэтгэц судлалын нарийн мэргэжилтнүүд бэлддэг хүмүүс байдаг гэх. Тэдний дотор орой тамхи эсвэл ундаанд явна сураггүй болсон, баар зоогийн газар дайлуулан ухаан алдаад хулгайлагдсан, ажилд авна гэсэн мэдээгээр хууртан ирсэн, эдгэрэшгүй хүнд өвчтэй хүмүүс, хар тамхинд гүн донтоод хийж байгаа зүйлээ ухамсрлах чадваргүй болсон гээд янз бүрийн хүмүүс байдаг бололтой.

Гэхдээ ямар сэдэлтэй, үндэс угсаатай хүнийг амиа золиослогч болгож авч байгаагаас үл хамаараад хоёр янзаар бэлддэг байна. Эхнийх нь, зэвсэгт дайчид эсвэл амиа золиослогчдыг олноор нь бэлддэг тусгай хуаранд аваачина. Үгүй бол хүнтэй маш нарийн ажиллаж, итгүүлж үнэмшүүлэх чадвартай, туршлагатай хүмүүс биечлэн ажиллана.

Эхний тохиолдолд зориг багатай, итгэмтгий, айдаст автамтгай хүмүүст тохиромжтой байдаг. Гэнэ учир нь тэднийг тухай хуаранд бэлтгэл хийж байгаа олон арван хүн бүгд ятгалаг үзүүлнэ. Айлгана, магтана, урамшуулна, амиа золиослогч болсонд чинь атаархаж байна гэх мэтээр хөөргөнө, хажууд нь өөр амиа золиослогч бэлдэн алан хядах ажиллагаа явуулсны дараа бүгд магтан сайшааж үлгэр жишээ болгох гэх мэтээр тоо томшгүй олон арга байдаг ашигладаг гэнэ. Тэгээд ч хүн өөрөө анхнаасаа сүргээр амьдардаг амьтан. Сүргийн хий гэснийг хийгээд, боль гэсний больдог механизм олон зуун мянган жилийн туршид дотор
хэдийн бүрэлдээд бий болчихсон.

Яг ямар аргыг ямар хүн дээр дангаар эсвэл хослуулахыг хүний сэтгэл зүйн төрх байдал дээр тулгуурлан боловсруулна. Үүнд мэдээж багагүй туршлага, хүний сэтгэл зүйн талаарх онолын ба практик мэдлэг шаардлагатай. Үүний тулд өрнөдийн гол төлөв сэтгэл судлаачдын боловсруулсан байдаг хүний сэтгэл зүйн төрхийг тодорхойлох нарийн чиглэлтэй тестүүдийг ашиглана.

Ингэснээр жишээлэхэд, хүн багадаа эхийн халамжаар дутагдаж байсан гэдгийг сэтгэл зүйчид тодруулаад гаргаад ирлээ гэж бодъё. Ийм тохиолдолд ирээдүйн амиа золиослогчийн тархийг нэг мөр угаахын тулд хижээлдүү насны, нэлээд захирангуй ааштай ч сайхан санаатай гэж сэтгэгдэл төрүүлэх эмэгтэй зааварлагч тулж ажилладаг аж.

Бүсгүй хүнийг бэлгийн амьдралаар хангалттай амьдарч үзээгүй, энэ талын мэдрэмжийг үгүйлж байдаг гэдгийг сэтгэл зүйчид тодруулаад гаргаад ирвэл насаар бага зэрэг ахмад, бэлгийн амьдралын талаар туршлагатай, таашаал өгч чаддаг, халамжтэй эрэгтэй хүнийг зааварлагчаар тавьдаг аж. Ийм эрэгтэй нь зааварлагч ба хамтран амьдрагчийн үүргийг давхар гүйцэтгэх замаар эмэгтэй хүнийг эрхэндээ бүрэн оруулдаг. Цөөнгүй тохиолдолд алан хядах ажиллагаанди хамт явж, ойролцоо нь байдаг бөгөөд эмэгтэй хүн амиа золиослож чадахгүйд хүртэл зайнаас тэсрэх бодисыг дэлбэлэх үүргийг гүйцэтгэдэг байна.

Үүнээс гадна ямар сэдлээр амиа золиослогч болох гэж байгаагаас үл хамаараад шашны тухай, үхсний дараах диваажингийн тухай яриа, сэнхрүүлэг өдөр болгон явагдана. Тухай бүрт, шашны төлөө амиа золиослон буруу  номтнууд, тэрс үзэлтнүүд, урвагчдыг хөнөөсөн хүн диваажинд ордог тухай янз бүрийн үлгэр домог, болсон яриаг тасралтгүй ярьж байдаг. Иймэрхүү яриа зарим хүнд анхандаа үнэмшилгүй санагдах нь чухал биш. Нацист Германы үзэл суртлын яамны ыдарга Геббельс "Худал зүйл чинээ лут, агуу байна тэр чинээгээр үнэшилтэй болно" гэсэн зарчим үйлчилнэ. Дээр нь худал үгийг мянга давтаад, хажууд чинь байгаа хүн болгон итгээд ирэхээр хүн аяндаа өөрөө итгэдэг болдог гэсэн бас нэг механизм үйлчилнэ.

Шашин шүтлэг, диваажингаас гадна алан хядах ажиллагаа хийж хөнөөх гэж байгаа хүмүүсийг байнга муулах суртал ухуулга явуулна. Аяндаа л нэр ус, дүр төрхийг нь харахаар уур хилэн, бухимдал төрдөг болгож тархийг нь угаана.

Энэ бүхний дээр зарим шинжээчдийн өгүүлснээр тусгай найрлага ба үйлчлэл бүхий хар тамхи өгч мансууруулах, шууд бус ховс явуулах гэх мэт тун нарийн арга хэмжээг давхар авч явуулдаг байна.

Мөн амиа золиослосон алан хядагчийн ар гэрт мөнгө санхүү эд зүйлээр туслан дэмжиж байгаа, тэднийг ойр орчмын хүмүүс нь хэрхэн хүндлэж байгааг харуулсан нэгэн төрлийн баримтат уран сайхны кинонд байнга тоглуулан гэрч нь болгоно.

Ийнхүү хүний сэдэл, сэтгэл зүйн онцлог, сул ба давуу тал, айдас ба зориг, өс хонзон ба хайр дурлал гэх мэт бүх зүйл дээр нь нөлөөлөл үзүүлэн, нэг нэгнээ давхар бататгасан шат дараалсан сэтгэл санааны болон бие махбодийн үйлчлэл явуулсны дараа эцсийн мөчид амиа золиослогч болохоос татгалздаг хүн бараг гардаггүй.

Бараг гэдэг учиртай үг шүү. Тун ховор хэрнээ ийм хүмүүс гардаг.Тухайлбал, 2003 онд Москва хотын төвд амиа золиослон бөмбөг дэлбэлэх ёстой байсан ч эцсийн мөчид бодлоо өөрчлөн тусгай албаныханд бууж өгсөн Зарема Мужихоева гэгч бүсгүй байна. Тэрээр өөрийг нь хэрхэн элсүүлэн авч тархийг нь угааж байсан тухай ярихдаа "Тэд надад ямар ч өвдөлт мэдрэхгүй. Шумуул хатгахын дайтай л юм болно. Тэгээд шууд диваажинд орно. Диваажинд орсон хүн дэлхий дээр байдаггүй анхилуун сайхан үнэр үнэртэнэ. Тэнд чамайг бурханы хоёр элч угтаж аваад "Чи дэлхий дээр юу хийж байсан бэ? Юу ч хийгээгүй юм биш биз?" гэж асууна. Тэгэхээр нь би "Би юм хийсэн. Би Аллахын төлөө амиа золиослосон" гэж хариулах ёстой гэсэн. Тэгээд бас ар гэрийнхэн минь миний араас залбирна гэсэн.Бас надаас талийгч нөхрийн хамаатнуудын надаас хүчээр салгаж авч явсан охин Рашанатайгаа пүрэв гараг болгон уулзаж байж болно гэж ярьж байсан. Яг тэр үед би өөд болсон хойноо олон жилийн турш уулзаагүй охинтойгоо уулзана гэж хэлж байгаад нь итгээгүй. Тэгээд ч надад байхгүй, намайг эмзэглүүлж, зовоож байгаа зүйлээр намайг урхидаж байгааг нь ойлгосон" гэж ярьсан байдаг.


Амиа золиослогч ашиглан алан хядах ажиллагаа явуулахад гаргадаг зардал нь олон нийтэд үзүүлж байгаа нөлөө, сэтгэл зүйн дарамт, дагуулдаг хохирол ба сүйрэлтэй, эрх баригчдын нэр хүндийг сэвтүүлж байгаа байдлаас хамаагүй  гэсэн тооцоог алан хядагчид хэдийн хийсэн байдаг. Зардлын дийлэнх нь амиа золиослогчдыг бэлдэх шатны ажиллагаанд зарцуулагдана. Өөрөөр хэлбэл тэдний зааварлагчдад, хоол унд ба тээвэрлэлт, байр саванд зарцуулагддаг. Харин тэсрэх бодис бэлдэхэд дарь, хадаас, хуруу зай, асаагуур, богино утас гээд тун ялихгүй зардалтай гэнэ.

Эцэст нь хэлэхэд амиа золиослогчдын дунд эмэгтэйчүүд давамгайлдаг. Эмэгтэйчүүд ялангуяа өс хонзон авахаар шийдсэн эмэгтэйчүүд хамгийн аюултай, эцсийн мөчид эргэлздэггүй гэж сэтгэл судлаачид үзсэн байна. Тэгээд ч цагдаа, тусгай албаныхан олон нийтийн газар яваа эрэгтэй хүнийг нэгжих гэж яарна уу гэхээс эмэгтэйчүүдийг нэгжих гэдэггүй. Ямар ч нийгэмд эмэгтэй хүнийг олны нүдэн дээр нэгжих нь ёс зүй, хууль дүрэмд нийцдэггүй.

Энд нэг зүйл хэлэхэд амиа золиослогч эмэгтэй болгоныг төрөхөөс лалын шашинтан байсан, араб, палестин эсвэл чечень үндэстэн гэж ойлгох нь том алдаа. "ЛУ" гэх мэт бүлэглэлийн ятгалгад орж алан хядагчдыг дэмжсэн, үйл ажиллагаанд нь оролцож байсан өрнөдийн хүүхнүүд захаас авахуулаад гараад ирсэн. Тун саяхан Коллин Рене Рароуз буюу Жихад Жейн нэртэй 46 настай эмэгтэйг лалын хэт явуу үзэлтнүүдэд тусласан хэргээр баривчилсан. 2005 онд гэхэд л 38 настай Мюриэль Дегокгэгч бельги бүсгүй Иракт ирж Баакуб хотын орчимд шалган нэвтрүүлэх цэгийн дэргэд өөрийгөө дэлбэлэн олон хүний аминд хүрсэн байдаг.

Сэтгэл зүйчдийн тогтоосноор үндэс угсаа гэх мэт зүйлсийн нөлөөгөөр хар багаасаа лалын шашинаар хүмүүжсэн эмэгтэйчүүд гол төлөв өс хонзон авахын тулд амиа золиослдог, алан хядах ажиллагаанд оролцдог. Харин Европ, Америкт лалын шашинд шинээр элссэн эмэгтэйчүүд нэг бол шашны хэнээтэн, улаан фанатик болж хувирдаг үгүй бол үүгээр далимдуулан чамгүй ашигтай бизнес хийхийг хичээдэг аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан