Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардын намын хүсэл ба болзол

Ч.Сайханбилэгийн танхим хэрхэн бүрдэх, хэнийг багтаах тухай янз бүрийн таамаг, таавар ид үргэлжилж байна. Элдэв таамгаар бол бараг л танхим бүрдчих шиг боллоо. Гэхдээ шинэ сайд нарын нэр цохохоос өмнө аль нам нь хамтрах саналыг нааштайгаар хүлээж авахаас их зүйл шалтгаална. Урилгаа илгээгээд хоёр хонож байгаа ч яах вэ гэсэн асуулт нь намуудад багагүй асуудал араасаа чирээд очихож.

МАН-ынхан гэхэд шинэ Засгийн газарт хамтрах, үгүйгээ шийдэхэд хүндхэн байгаа бололтой. “Тийм”, “Үгүй” гэсэн хоёр туйлд хуваагдаж, хуучин болоод шинэ, хөгшчүүл ба залуус гэсэн талцалыг улам өдөөжээ. Ц.Нямдорж гишүүн тэргүүтэй Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр, Д.Хаянхярваа нар хамтрахгүй гэсэн талд зогсч. Хэрвээ Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орох шийдвэр намынх нь аль нэг удирдлага гаргавал УИХ-ын гишүүн Ц.Нямдорж насаараа зүтгэсэн намаасаа гарна гэж хэлсэн байна. Ц.Нямдоржийг хүртэл ингэж хэлэх байдалд хүргэснийг бодоход Бага хурал болтол асуудал нэлээд ширүүсч магадгүй нь. Тэгээд ч болоогүй намынхаа генсект сэтгэл дундуур явдгаа ч илэрхийлж. Намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг ажлаа өгөхийг тэрээр шаардаж. Энэ баасан гарагт болох Бага хурлаараа генсек нь суудлаа тавьж өгч ч магадгүй тухай мэдээлэл гарлаа.

Ер нь, сүүлийн үеийн зарим мэдээлэл, болж буй үйл явдлаас МАН-д Засгийн газарт хамтран ажиллах хүсэл ил цагаан цухалзах болсон. Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг томилох УИХ-ын чуулганы хуралдааныг МАН-ын бүлэг бүрэн бүрэлдэхүүнээрээ тасалсан. Н.Алтанхуягийг огцруулахад хуралдаа ирээгүй АН-ын болон МАХН-ын зарим гишүүний үйлдлээс энэ арай л ондоогоор ойлгогдоно. МАН-ынхан Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг  томилохыг зарчмын хувьд дэмжихгүй гэсэн бол Байнгын хороо, чуулганы хуралдаандаа ороод эсрэг саналаа өгөөд явах нь шийдвэрээ баталгаажуулсан үйлдэл байв. Гэвч тэд хуралдаа ирээгүйг нь алсыг харсан алхам боллоо хэмээх тайлбарыг зүүв. Хэрэв хожим Засгийн газраа хамтран байгуулчихвал танхимын тэр­гүүнээ дэмжихгүй гэж товчлуур дарсан өөдгүй хамтрагчид гэж харагдуулахаас эмээсэн ч байж болох.    
“Намын биш улс орны эрх ашгийн төлөө хамтран Засгийн газраа байгуулвал хүлээгдэж байгаа олон төсөл хөдлөх нь эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдэнэ” гэдэг тайлбар ч бэлэн байгаа нь мэдээж. Гэхдээ үндэсний зөвшилцөл боллоо гэхэд бүхнийг шинэ хуудаснаас эхлэх болзол МАН-аас угтуулан тавьсан гэнэ. “Би л биш бол өөр хэн ч биш” гэдэг зарчмыг баримтлах сураг гарав. Энэ нь хамтарсан Засгийн газрыг зөвхөн АН, МАН бүрдүүлэх. Өөр ямар ч нам эвсэл үгүй. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ыг хамтрагч гэж үзэхгүй нь бололтой. Тэгэхээр парламентад Бие даагч гурван гишүүн дээр “Шударга ёс” эвслийн 10, ИЗНН-ын хоёр гээд 15 гишүүнтэй цөөнх байхад хангалттай гэж МАН-ынхан үзэж.

Зөвхөн Засгийн газрын түвшинд гэлтгүй УИХ-ын бүтцийн байгууллагууд, Байн­гын хороодоо зохих ёсоор дахин хуваарилах. Сон­гуу­лийн хуулиа хамгийн таатай хувилбараар боловс­руулан батлуулж, сонгуу­лиудын саналыг автомат машинаар тоолохгүй байх гээд болзолын жагсаалт г МАН-аас тавиад байгаа тухай жиг жуг бий. Ямар ч л байсан Ардын намынханд хүссэн болзлоо тавих боломжийг олгосон учраас тэд аль болох алдахгүйг хичээж байгаа аж.
УИХ дахь бүлгээс зур­гаан гишүүнтэй ажлын хэ­сэг байгуулаад, Удирдах зөв­­лөлөөс Бага хурлаа тов­ло­чихлоо. Намынхаа үе үеийн дарга, Ерөнхий на­рийн бичгийн даргаар ажил­лаж байсан болоод Ерөн­хийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд өндөр ал­бан тушаалтнуудаас бүрд­дэг Зөвлөхүүдийн танхимын­хантайгаа М.Энх­болд, Ж.Мөнхбат нар санал солил­цоод авлаа. Нэг ёсондоо зөвшөөрөл авах маягтай уулзалт болсон бололтой. Эцсийн шийдвэрийг Бага хурал гаргана гэж байгаа ч МАН-ын хурлууд урьдчилан бичигдсэн зохиолын дагуу өрнөдөг жишгээр бүхнийг шийдэж таарна. “Михаилд нэг бодол бий” гэдэгчлэн Ардын намын удирдлагууд зүгээр ч нэг “Үндэсний зөвшилцөл” яриагүй л байлтай.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан