Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анхны долоо


Ердөө арав гаруй хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 10-нд ардчилсан хувьсгалын анхны цуглаан болсон өдөр тохионо. 1989 оны энэ өдөр үзэл бодол, үйл хэргээ нэгтгэсэн залуус зангидсан гар мэт нэгдэн нийлж хувьсгалын үйл хэргийг эхлүүлсэн нь өдгөө 25 дахь жилтэйгээ золгож байна. Гэвч, МоАХ албан ёсоор байгуулагдахаас ч өмнө хувьсгалт тэмцлийн гал цогшиж эхэлсэн юм. Энэ бол 1988, 1989 оноос байгуулагдсан улс төрийн бүлэг, клубүүд байв. Хэсэг бүлгээрээ нийлж  тухайн үеийн улс төр, нийгэм, эдийн засгийн байдлыг дүгнэн хэлэлцэж, гадаад улс оронд өрнөж буй өөрчлөлт шинэчлэлтийг соргогоор ажиж байсан залуусын нэгдэл, бүлэг, клубүүд хүрээгээ тэлж хүчээ авсаар МоАХ-г байгуулсан гэдэг. Эдгээрийн нэг бол 1989 онд байгуулагдсан улс төрийн “Орчлон” клуб билээ. 70 гаруй хүнийг эгнээндээ нэгтгэсэн эл клубийн төлөөлөл болох анхны долоон гишүүнтэй уулзаж ярилцсанаа хүргэе.

В.Энхболд:


Тухайн үед Талх, чихрийн комбинатын МХЗЭ-ийн хороон даргаар ажиллаж байсан В.Энхболд нь МоАХ-ны анхдагч гишүүдийн нэг бөгөөд улс төрийн “Орчлон” клубээс МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлд элсч орсон хоёр хүний нэг билээ.

-“Орчлон” клубын удирдах зөвлөл, МоАХ-ны ЕЗЗ-д байсны хувьд клубийн үүслийн тухай яриагаа эхлүүлэх нь зөв болов уу?
-1980-аад оны сүүлээр өөрчлөн байгуулалт, шинэчлэлт гэхчлэн нийгэм нээлттэй тал руугаа хэлбийх нөхцөл байдал бүрдэж эхэлсэн юм. Нийгмийн сэтгэлзүй ерөөсөө л эргэлт буцалтгүйгээр тэр өөрчлөлт, шинэчлэл рүү хөтлөгдчихсөн байв. Улмаар, 1988, 1989 оноос хүмүүс хэсэг бүлгээрээ нэгдэж, зохион байгуулалтад орж эхэлсэн. Товчхондоо, ашиг сонирхлын бүлгүүд бий болж л дээ. Эдгээрээс хамгийн анх буюу 1988 онд “Шинэ үе” байгуулагдсан байдаг. Харин 1989 оны наймдугаар сард улс төрийн “Орчлон” клуб байгуулагдсан түүхтэй.
Ийнхүү залуус нэгдэж клуб, бүлгэм үүсгэж явсаар тэр оны арваннэгдүгээр сард Залуу уран бүтээлчдийн зөвлөгөөн болж түүнээс хойш Ховдын оюутны цуглаан, хөдөлгөөн үргэлжлэн гарч байсан түүхтэй. Эдгээр бослого, цуглаан гэх мэт бодит үйл хөдлөлийн үр дүнд хувьсгалын их суурь тавигдсан гэж би хувьдаа боддог юм.
-Клуб байгуулагдсан сар, өдрийг нарийн хэлэх боломжтой юу?
-Яг нарийн хэлж мэдэхгүй ч наймдугаар сарын аравдаар л байсан болов уу. Тухайн үед “Улаанбаатарын мэдээ” сонинд нэг зарлал гарсан нь “Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд улс төрийн клуб байгуулагдана” гэсэн утгатай юм байв.  “Орчлон” клубийн үүсэл тэндээс л эхэлсэн байдаг юм. Миний мэдэхээр хамгийн анх 30, 40-өөд хүн бүртгэгдсэн байдаг. Клуб байгуулагдмагцаа л анхдугаар хурлаа хийж нэр усаа өгч, дүрмээ баталсан. Тэр ч бүү хэл гишүүддээ үнэмлэх олгож, гурван төгрөгийн хураамж хүртэл авдаг байлаа.

Ч.Жамц:


Ардчилсан хувьсгалаас өмнө Гадаадын мэргэжилтэнд үйлчлэх газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Жамц нь “Орчлон” клубийн идэвхтэн гишүүдийн нэг байлаа. Тэрээр МоАХ-нд нэр өгөх тухайд санал санаачилга гаргаж байсан нэгэн.

-Таныг долоо хоног бүр уулзалтдаа оролцдог клубийн хамгийн идэвхтэй гишүүдийн нэг байсан гэж дуулсан?
-Би гэлтгүй бүх л гишүүд маань долоо хоног бүрийн хагас сайн өдөр тогтмол уулздаг, идэвх санаачилгатай залуус байлаа. Мэдээж мэдээ мэдээллээр хомс, ид шижигнэсэн залуус идэвхтэй байхаас ч аргагүй. Бие биедээ сонсч дуулсан сонин содон мэдээллээ хуваалцаж, харилцан ярилцаж, анализ, дүн шинжилгээ хийдэг байв.
Одоо санахад яг 1989 оны арванхоёрдугаар сарын 9-ний бямба гараг байсан юм. Манай клубын уулзалттай өдөр гэсэн үг. Уулзалтдаа ирчихсэн байж байтал Барилгын зургийн институтэд хэдэн нөхөд цуглаж байна гэх сургаар тэр өдрийнхөө цуглааныг цуцалж 10 орчим гишүүн очсон юм.
Биднийг очих үед холбоо үүсгэн байгуулах тухай асуудлаар ид хуралдаж байхтай таарч “Хүсэл зорилго нэг юм байна, нэгдье, нийлье” гээд санаа оноогоо хэлсэн. Улмаар тэр өдрөө л манай гишүүдээс ЕЗЗ-д нь нэр дэвшиж Билигт, Виктор Энхболд хоёр маань удирдах зөвлөлд нь орж байсан юм даа.
Улмаар биднийг нэгдсэн даруйд холбоог хэрхэн нэрийдэх тухай асуудал яригдаж байсан юм. Эхэндээ Монголын ардчилсан залуучуудын холбоо гэж нэрийдэхээр ярьж байгаад зохимжгүй байна, Монголын ард түмний холбоо гэж өргөн цар хүрээнд авч үзэх ёстой гээд эцэстээ Монголын ардчилсан холбоо болгосон түүхтэй.

-Нэрний тухайд лавлахад МоАХ гэж О үсгийг жижгээр товчилдог шүү дээ. Тухайн үед МАХ гэдэг товчлол бүхий нэртэй өөр байгууллага байсан хэрэг үү?
-Нэр өгсөн түүх их сонин л доо. Би үүн дээр өөрөө ч санал хэлж байсан юм. Шууд эхний гурван үсгээр нь товчлол хийхтэй зэрэг мах гэдэг үг болчихоод байна, тиймээс арай өөр байх нь зүйтэй гэсэн. Тэгээд л М үсгийн ард жижиг О үсэг тавьчихъя гэж тохирсон юм. МАХ гэхээр зэрэг МАХН гэж байсан учир ойролцоо ч юм шиг болчихоод байсан хэрэг.

Ц.Сайнбаяр:

Ц.Сайнбаяр нь “Орчлон” клубт элссэн гуравхан оюутан гишүүний нэг. Тухайд үед клубийн гишүүнээр оюутан элсүүлэхгүй гэж заасан байсан ч тэрээр зүтгэсээр байж элссэн гэдэг.

-Та бол оюутан байхдаа “Орчлон” клубт элссэн гурван хүний нэг. Үүгээрээ ардчилсан хуьсгалд оролцсон хамгийн залуу партизан гэж болох байх?
-Тэр үед клубт гишүүн бүртгэхэд оюутан авахгүй гэж заасан байлаа. Боловсролтой, сэхээтэн, ажилчин улсыг л авна гэх юм ярьж намайг огт халгаадаггүй ээ. Гэхдээ оюутан авах, авахгүй тухай ярьж ярьж сүүлд нь гуравхан оюутан бүртгэсний нэг нь би байсан юм. Тэгэхэд би дөнгөж 20 настай байж дээ.

-“Орчлон” клуб МоАХ-ны анхны цуглаанд маш идэвх санаачилгатай оролцож байсан гэдэг?
-Манай клуб яаж оролцсон бэ гэхээр нэгдүгээрт, удирдах зөвлөлд нь хоёр хүнээ оруулсан. Тэр өдөр буюу арванхоёрдугаар сарын 9-нд маргааш нь цуглаан болох гэж байхад хийх ёстой ажлаа хувиарлаж чадаагүй л байлаа. Гэхдээ тэр оройдоо л хэн нь хамгаалалтад гарах, хэн нь уриа лоозон барих, хэн нь үг хэлэх гээд бүх ажлаа маш богионо хугацаанд хуваарилж, зохион байгуулалтад орсон.
Миний санаж байгаагаар 10-ны өдрийн цуглаанд оролцохоор явахдаа замаараа Барилга, зургийн институтээр дайрч урьд шөнө нь хийсэн лоозонгуудыг авч очсон юм. Ерөнхийдөө тэр лоозонгуудыг нь манай клубынхэн барьсан байдаг юм. Жишээ нь, би л гэхэд “Эрх зүйт төрийн төлөө” гэдэг лоозон барьж байснаа санаж байна.

-Тухайн үед клубийн гишүүд гадаад, дотоодын улс төр, нийгэм эдийн засагтай холбоотой шинэлэг мэдээ мэдээлэл солилцдог байсан гэсэн. Эдгээрийн эх сурвалж нь юу болж байв?
-Одоо ч миний тэмдэглэлийн дэвтэрт байдаг л даа. Долоо хоног бүр ямар сэдвээр ярилцах тухай гурван сараар төлөвлөгөө гаргасан байдаг. Тэнд Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засгийн байдал тэр ч бүү хэл эрүүл мэндийн асуудлаар ч ярилцаж санал бодлоо солилцдог байсан байгаа юм.
Тэр үедээ л бусдаас арай өөр сэтгэлгээтэй хүмүүсийг урин авчирч лекц уншуулдаг байлаа. Зарыдхан, Самбуугийн Сүрэнжав, Чинаагийн Галсан, Эх оронч нэгдлийн фронтын Хуушаан, улс төрийн тоймч Дашзэвэг тэргүүтэй нийгэм, нийтийн арай шинэлэг, чөлөөт сэтгэлгээтэй гэсэн улсыг урьж авчирдаг байсан. Эдгээр хүмүүс их ч юм хэлж, ойлгуулж нүдийг маань нээж өгсөн дөө.

Б.Мандат:

Өдгөө Зам тээврийн яамны Замын ашиглалт, засварын хэлтсийн даргаар ажиллаж буй Б.Мандат “Орчлон” клубт гишүүнээр элсэх үедээ Зам, барилга ашиглалтын трейдэд гэрээ, хангамжийн инженерийн албан тушаал хашдаг байжээ.

-“Орчлон” клуб улс төр, нийгэм, эдийн засгийн асуудлаар санал бодлоо солилцдог залуусын нэгдэл, цугларалт байсан ч сүүлдээ сүүдрийн Засгийн газар байгуулах тухай цухас дурдаж байсан гэдэг?
-Анх клуб байуулагдахдаа ёстой л мэдээ мэдээллээр цангасан залуусыг нэгтгэсэн байлаа. Тэр цаг үе бол Европ, ЗХУ, түний республик улс орнууд, Хятад гээд дэлхий дахиныг өөрчлөлт, шинэчлэлийн давалгаа хөмрөн авч байсан үе л дээ. Тиймдээ ч бид гадаад, дотоод гээд дэлхий ертөнцөд юу болж байгаа тэдгээрийн аль нь зөв буруу болохыг танин мэдэх, ялгаж салгах улмаар эх орондоо энэ өөрчлөлтийг өрнүүлэх сонирхолтой байсан. Тиймдээ ч клубийн уулзалтаар энэ талын бүхий л асуудлаар ярилцдаг байв.

-Таны хэлж байгаа шиг магадгүй арванхоёрдугаар сарын 10-ны цуглаан хойшилсон бол Орчлон клуб гишүүнчлэлээ нээлттэй болгож хувьсгалыг эхлүүлж ч болохоор байж?
-Магадгүй, үгүй гэх газаргүй. Бид системтэй, асар их мэдээллийг хуримтлуулж улс орон болоод гадаад байдлын бүхий л нөхцөл байдлыг мэдэж байсны хувьд тийм гэж хэлж болно. Сүүлдээ гишүүдийн яриа чамгүй хурцдаж ирсэн. Манай цугларалт, уулзалтууд мэдлэг, мэдээлэл солилцож байсан бол мэтгэлцээн болж хувирсан. Товчхондоо хүн бүр хангалттай мэдээллээр цэнэглэгдэж дуусаад тэсрэхэд бэлэн болчихсон хэрэг.
Энэ цуглааны үеэр Улс төрийн товчоог огцруулах тухай манай клубын гишүүд ярьж хэлсэн байдаг юм. Одоо Амарсанаагийн номонд ч дурдсан байна билээ. “Байнгын үйл ажиллагаатай парламентын засаглалтай болох хэрэгтэй” гэж 9-ний өдрийн хуралд Билэгтийн хэлсэн үгийг ч тэр номноос үзэж болно.

Ч.Бат-Аюуш:

Ч.Бат-Аюуш бол Барилга, эрдэм шинжилгээний институтээс “Орчлон” клубт элсч цаашлаад МоАХ-ны анхдагч гишүүн болсон хоёр хүний нэг билээ.

-Барилгын институтэд ажиллаж байсан хүн яаж яваад “Орчлон” клубийн гишүүн болчихсон нь сонирхол татлаа?
-Би тухайн үед Барилга, эрдэм шинжилгээний институтэд Мандахтайгаа хамт ажилладаг байсан юм. Нэг өдөр Мандах гүйж орж ирээд л ийм клуб байна, хамт явъя гэж байна. Тэс хөндлөн ажил мэргэжил хашиж байсан бид хоёр яагаад хаа хамаагүй улс төрийн клубт гүйгээд орчихсон гэхээр манайд ардчилсан хувьсгалыг гэнэт өөрсдөө сэдэж сэтгээд хийчихээгүйд байгаа юм. Тухайн үед Орост Горбачёв гарч ирээд олон ургальч үзэл, ил тод байдал гэж ярьж эхэлсэн нь бүх социалист оронд нөлөөлсөн хэрэг. Бид Оросын телевиз үздэгийн хувьд тэр мэдээллийг нь байнга хүлээн авч байсан. Оросын хэвлэл мэдээллийн бүх юм манайд орж ирдэг байсныг ч хэлэх үү хойно болж байгаа хэрэг явдлаас бид төдийлэн хоцордоггүй байлаа. Товчоор, нийгмийн оюун санаа бүхэлдээ хувьсгал хийхэд бэлтгэгдсэн байсан. Цаанаа л нэг хүлээлт бий болчихсон байсан.
Гэхдээ манай клубийн тухайд юу юугүй хувьсгал хийчихье гэсэн хүмүүс цуглаагүй байсан. Тэр үеийн төр засгийн бодлогод шүүмжлэлтэй хандаж, өөрчлөлт шинэчлэлт зайлшгүй хийх ёстой гэсэн байр сууринд бат зогсож байснаас биш юу юуны туханд хүрэлгүй засгийн эрх авах бодол эхэндээ байгаагүй. Гэхдээ яалт ч үгүй энэ асуудлыг сөхсөн. Тэр үеийн МАХН нам өөрчлөн шинэчлэлт хийхгүй, тэгэхээр бид яаж хийх вэ гэдэг асуултад хариу олох ёстой болсон.
Миний л бодлоор МАХН, НАХ яам ч тэр нийгмийн санаа бодлыг тандъя гэсэн бодолтой байсан. Залуучууд юу хүсээд байна, яах гээд байна гэдгийг дунд нь орж суучихаад сонсохыг хүссэн хэрэг. Тиймдээ ч “Орчлон” клуб бий болсон байх. Бид ч энэ клубт сайн ойлголтгүй элссэн, гэхдээ бидний тэнд ярьсан болгон дээш очдог байсан болов уу. Нэг үгээр бид хяналтад байсан. Гэхдээ нөгөөтэйгүүр зөв байсан л даа. Яагаад гэвэл бидний цаана, МАХН, НАХ яамны цаана бүхэл бүтэн үндэстний эрх ашиг байсан. Тиймдээ ч улс төрийн товчооныхон ухаалаг, хүлээцтэйгээр буулт хийсэн байх.
Тухайн үед бид яриад л байсан яриад л байсан. Эцэстээ засгийн эрхийг авах шаардлага зүй ёсоор урган гарсныг л ойлгосон юм.

Б.Мандах:

Хуучин нийгмийн үед Барилга, эрдэм шинжилгээний институтийн Эрдэм шинжилгээний ажилтан байсан Б.Мандах ардчилсан хувьсгал ялсны дараа байгууллагатаа МоАХ-ны салбар зөвлөл байгуулан ажиллаж байсан идэвхтэн гишүүдийн нэг юм.

-Таныг “Орчлон” клубт элсэхээсээ өмнө байгууллага дээрээ клубын үйл ажиллагаатай адил суртал ухуулга хийдэг байсан гэж сонссон?
-Би тэр үед хойно сургууль төгсч ирээд Барилга, эрдэм шинжилгээний институтэд ажиллаж байсан юм. Яг тэр үед Оросын өөрчлөн шинэчлэлт, ил тод байдлын тухай гоё гоё ном орж ирдэг байлаа. Тэдгээр номноос олж авч уншчихаад Цэрэнням, Нэргүй, Батсуурь зэрэг залууст дамжуулж уншаад долоо хоног бүрийн эцсээр ажлынхаа дараа цуглаж санаа оноогоо солилцдог байлаа. Энэ бол 1987 оны үеийн хэрэг юм шүү. Энэ нь сүүлдээ хэдэн хүний хэрэг биш байгууллагыг хамрах болсон юм. Тэгж байтал “Улаанбаатарын мэдээ” сонины зарлалаас улс төрийн “Орчлон” клуб байгуулах гэж байгаа тухай сонсч манай байгууллагаас Бат-Аюуш бид хоёр л очиж байлаа. Улмаар 1989 оны арванхоёрдугаар сарын 9-нд Хотын эвлэлийн хорооны дугуй зааланд болсон хуралд ирж клубээ төлөөлж байв. Манайхаас хоёр хүн ЕЗЗ-д нь элссэн юм. Энэ үеэр мөн анхны 13-ыг сонгосон юм л даа. Гэхдээ анхны 13-ын ард тус тус хоёр хүнтэй байхаар сонгож байсан юм. Ухаандаа мөнөөх 13 маань баригдаж байцаагдаад явчихвал дараагийн хүн нь орлох, хэрэв тэр хүн нь дахиад дуудагдвал хоёр дахь орлогч нь ажил хэргийг нь шууд үргэлжлүүлэх ёстой байсан юм. Тэр ард нь үлдэх хоёр хүнийг бид ч сайн мэддэггүй, нөгөө 13 хүн л мэддэг байлаа. Яагаад гэвэл биднийг хэзээ хэзээгүй баривчлахад бэлэн байсан хэрэг.
Ийн явсаар би гэдэг хүн ардчилсан холбооны анхдугаар хурлаас аваад дөрвөн ч хуралд гишүүнээр суусан юм. Дараа нь байгууллага дээрээ ирж салбар зөвлөл байгуулан ажиллаж Элбэгээг аваачиж лекц хүртэл уншуулж байсан юм.

С.Төмөрбат:

1989 он хүртэл Автобус баазын Хангамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан С.Төмөрбат бол ардчилсан хувьсгалын үйл хэрэгт гар бие оролцсон ахмад партизануудын төлөөлөл билээ.

-Танай клубийн уулзалтаар тухайн үеийн гадаад улс оронд болж байсан үндэсний хөдөлгөөний тухай багагүй авч хэлэлцдэг байсан гэдэг. Тэр ч бүү хэл Хятадын Тянь Ан Миний талбайд болсон оюутны бослогын бичлэгийг үзэж байсан гэдэг?
-Тиймээ, бид тэр үед гадаад улс орон тэр дундаа ЗХУ-д болж байсан өөрчлөн байгуулалтын үйл явц, монгол хүний үнэт зүйл, түүх уламжлалаа сэргээх тухай илүүтэй ярьж санал бодлоо солилцдог байлаа. Мөн Хятадад болсон Тянь Ан Миний талбайд болсон оюутан залуусын жагсаалыг цус урсган дарсан видео бичлэгийг ч анхлан үзэж байлаа. Үүнээс гадна тэр оны аравдугаар сарын сүүлээр зүүн Европын орнуудад жагсаал цуглаан цөөнгүй гарч, арваннэгдүгээр сард нь Берлиний ханыг нураасан. Бид эдгээр үйл явдлаас ганц ч болов шинэ соргог мэдээ сонссвол бусаддаа дуулгаж, дундаа асуулт тавин ярилцаж анализ, дүгнэлт хийдэг байлаа. Товчхондоо бие биеэ харилцан мэдээллээр цэнэглэдэг байсан гэх үү дээ.
Яваандаа элдэв асуудлаар маргаан мэтгэлцээн өрнүүлж, Монголын тухайн үеийн нийгэм, улс төрийн байдалтай холбож үзээд сүүлдээ сүүдрийн Засгийн газар байгуулах хэлбэр рүү орох шахсан байдаг. Магадгүй арванхоёрдугаар сард нь цуглаан болоогүй сар ч юм уу хойшилсон бол бидний зүгээс шийдвэртэй алхам хийхэд бэлэн болчихсон, ёстой л нөгөө хувьсгалын тохироо нь бүрдчихээд байсан даа. Тиймдээ ч бид сүүлдээ маш нарийн зохион байгуулалтад орчихоод байсан юм. Жишээ нь, хүн бүрт сэдэв өгнө. Нэгийг нь нийгмийн сэдэвтэй цаг үеийн мэдээ мэдээлэл цуглуулж, боловсруул гэж байхад нөгөөг нь дан эдийн засаг эсвэл улс төр, гадаад байдал гэх мэтээр ангилж эхэлсэн. Тэр ч бүү хэл Монголд байдаг Элчингүүдийг хүртэл нэг нэгээр нь хуваарилаад авчихсан байлаа шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан