Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Балгансүрэн: Цаашид технологиос үл хамаарах зохицуулалтын эрхзүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм


Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга Б.Балгансүрэнтэй тус байгууллагын үйл ажиллагаа, мэдээлэл, харилцаа холбооны салбарын зохицуулалтын орчин, цаашдын чиг хандлага зэрэг олон асуудлаар ярилцлаа.

-Харилцаа холбоо бол орчин үеийн мэдээллийн технологийн бизнесийн хамгийн хурдан хөгжиж байгаа секторуудын нэг. Тэр утгаараа иргэд ухаалаг төхөөрөмж, хөдөлгөөнт интер­нэтийг өргөн ашиглах боллоо. Хил хязгааргүй гэдэг шиг хүссэн газраасаа нэгэнтэйгээ харилцаж, биесээ харж ярьж байна. Энэ олон нүдэнд үл үзэгдэх холболтууд таны бодлоор чухам юу вэ. Өнөөдөр бидний амьдралд харилцаа холбоо гэдэг зүйл хэр гүн оршин байна вэ гэдэгт та хувь хүн талаасаа хариулж өгнө үү?
-Юуны өмнө энэхүү ярилцлагыг сонирхон уншиж буй уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Мөн танай сэтгүүлийн хамт олонд мэдээлэл, харилцаа холбооны салбарын байгууллагуудын үйл ажиллагааны талаар ийн олон нийтэд танилцуулж байгаад энэ дашрамд талархаж байгаагаа илэрхийлье.

Мэдээж мэдээлэл, харилцаа холбоо бол дэлхий дахинд хамгийн хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг яах аргагүй мөн. Монгол Улсын хувьд ч мөн л энэхүү хурдацтай хөгжлөөс хоцроогүй хөл нийлүүлэн явж байна. Шуудангаар захиа явуулж, хажуу айлынхаа хүнээр дуудуулж байж хол суугаа аав ээж, ах дүүтэйгээ холбогдож байсан цаг саяхан. Тухайн үед утсан холбоо, ил захидлыг л харилцаа холбоо гэж ойлгож байсан бол өнөөдөр харилцаа холбоо гэдэг илүү өргөн хүрээнд, их нарийн асуудлуудыг хамарч байна. Тийм ч учраас мэдээлэл, харилцаа холбоо бол стратегийн ач холбогдол бүхий тусдаа салбар гэж үздэг.
Хүн төрөлхтөн газар шороо, агаар ус, байгаль эхтэйгээ нягт холбоотой амьдарч ирсэн бол өнөөгийн XXI зуунд бид энэ цэнхэр гарагаасаа гадна цахим ертөнцийг шинээр цогцлоон бүтээж, зүйрлэвэл хоёр гарагт нэгэн агшинд амьдарч байна. Өөрөөр хэлбэл, энэ цаг үед амьдарч байгаа хүмүүст мэдээ, мэдээллийг цаг алдалгүй авах нь газар шороо, ус агаар, цаг хугацааны үнэ цэнэтэй дүйцэхүйц ач холбогдолтой болж байна гэж хэлж болно. Хүмүүс тог тасарчихлаа гэхэд тоггүй харанхуй болоход биш харин гар утсаа цэнэглэж, эсвэл интернэт орж чадахгүй болчихлоо гэдэгт илүү санаа зовдог болчихож. Энэ нь мэдээлэл, харилцаа холбоо гэдэг бидний амьдралын салшгүй нэг хэсэг болж байгааг харуулж байх шиг. Гэвч хувь хүмүүсийн хувьд интернэт, гар утас, ухаалаг технологиудад ач холбогдол өгдөг ч таны дээр хэлсэн нүдэнд үл үзэгдэх холболтууд буюу харилцаа холбооны үндсэн амин судас, гол түлхүүр гэж хэлж болох цахилгаан холбоо, радио давтамж, сүлжээ, дугаарлалт гэж юу болох, тэдгээр нь ямар чухал вэ гэдэг талаар төдийлэн боддоггүй. Жишээ нь, бид алт, зэс гэх мэт байгалийн асар их баялагтай гэгддэг ч эдгээр нь тодорхой цаг хугацаанд ашиглагдаад дуусна. Үүнтэй нэгэн адил радио давтамж болон дугаар нь хязгаарлагдмал нөөцөд тооцогддог бөгөөд дэлхийн улс орнууд тодорхой төлөвлөлтийн дагуу хуваарилан ашигладаг. Тодорхой хуваарилалт байгаа учраас түүнийг мөн зөв зохистой хуваарилан, үр ашигтай ажиллуулах зохицуулалтыг хэн нэг нь зайлшгүй хийх шаардлагатай. Тэр зохицуулалтын ажлыг л хуулийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо хийж байгаа.     

-Бид тэгэхээр харилцаа холбооны салбарт хэр ололттой ажиллаж байгаа вэ?
-Харилцаа холбооны салбарын ололт амжилтыг надаас илүү энэ салбарын технологийн дэвшил, үйлчилгээг хүртэж буй хэрэглэгч, иргэд дүгнэвэл илүү бодитой байх. Хэрэглэгчийн хувиар хэлбэл мэдээлэл, харилцаа холбооны технологийн хувьд манайд бусад хөгжингүй орнуудад ч байдаг бүхий л төрлийн техник хэрэгсэл, технологийн хэрэглээ, үйлчилгээ нэвтэрч байна. Ердөө 20-хон жилийн өмнө л үүрэн холбооны технологи зах зээлд нэвтэрч, гар утас гэдэг зүйл тансаг хэрэглээнд тооцогддог байсан ойлголт өнөөдөр үгүй болсон. Одоогоор үүрэн холбооны зах зээл дээр л гэхэд  дөрвөн компани, яриа, мессеж, дата гэсэн үндсэн гурван үйлчилгээнээс гадна 20 гаруй нэр төрлийн бусад үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд нийт идэвхтэй хэрэглэгчийн тоо  гурван сая гаруй болж үүрэн холбооны нэвтрэлтийн хувь дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын түвшинд хүрчээ. Мөн АйПиТВ /IPTV/, КаТВ-ийн технологийг ашиглан дэлхийн шилдэг контентуудыг хэрэглэгчдэдээ хүргэж байна. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд манай салбар сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологид суурилсан, олон улсын чанар стандартад нийцсэн үйлчилгээг өөр бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй хямд үнээр хүргэж байгаа. Тэгэхээр энэ салбар маань чамгүй амжилттай ажиллаж байна гэхэд буруудахгүй байх.

Миний хувьд салбарын ололт амжилтыг дүгнэхээс илүүтэй энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж буй үйлчилгээ үзүүлэгчид болон хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, тэдний үйл ажиллагааг одоогийн байгаа хууль, эрхзүйн орчин нөхцөлд нийцэж буй эсэхэд анхаарч, холбогдох хууль, журам, нөхцөл шаардлагын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий байгууллагыг удирдаж буй учраас зохицуулалтын орчин нөхцлийн талаас нь асуудалд хандахыг хичээж ажилладаг.

-Тэгвэл таны хэлж байгаа зохицуулалтын орчин нөхцөл манай улсад ямар байгаа вэ. Цаашдын хөгжлийн чиг хандлага хаашаа эргэж байна вэ?
-Олон улсын цахилгаан холбооны байгууллагад дэлхийн 193 орны төлөөлөл, эрх бүхий байгууллага бий. Манай улс 1964 онд бүртгүүлсэн байдаг. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын зохицуулагч болон үндсэн сүлжээний үйлчилгээ үзүүлэгч 566 байгууллага гишүүнээр элссэний нэг нь Харилцаа холбооны зохицуулах хороо.Тус байгууллагаас жил бүр дэлхийн улс орнуудын харилцаа холбооны салбарын зохицуулах байгууллагуудын удирдлагын түвшинд дугуй ширээний уулзалт ярилцлага хийдэг. Эдгээр уулзалт болон тус ОУЦХБ-аас гаргаж буй зөвлөмж, уриалгуудаас харахад ерөнхийдөө харилцаа холбооны үйлчилгээ гэхээр л гар утас, яриа, мессэж гэгддэг байсан уламжлалт ойлголт нь интернэт протоколд суурилсан сүлжээ дата гэх мэт илүү өргөн ойлголт руу шилжээд байна. Дэлхийн бүхий л орны харилцаа холбооны салбарынхны гол зорилтын нэг нь өндөр хурдны өргөн зурвасын сүлжээний нэвтрэлтийг сайжруулах, нэмэгдүүлэх. Ингэснээр өндөр хурдтай, чанартай дата үйлчилгээг үзүүлэх боломж бүрдэх бөгөөд интернэт сүлжээ, дэд бүтцээр дамжуулан төрөл бүрийн үйлчилгээг хүлээн авах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, интернэт сүлжээ, дэд бүтэц маань өөрөө үйлчилгээ гэхээсээ илүүтэй бусад олон төрлийн үйлчилгээг авах дэд бүтэц болон хувирч байна гэсэн үг. Цаашдын чиг хандлагын тухайд гэвэл, өдөр бүр шинэ үйлчилгээ, шинэ технологи, цаг тутамд олон зуун аппликейшн шинээр гарч, минут тутамд шинэ мэдээ мэдээлэл гардаг маш хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа салбарын хөгжлийг тодорхойлоход төвөгтэй. Харин зохицуулагчдаас энэ хурдацтай хувьсал, өөрчлөлт тухайн нэг технологид эсвэл тухайн нэг үйлчилгээнд зориулсан зохицуулалтын хэв маягаас илүү конверцлогдсон буюу нэгдэн нийлсэн, багцлагдсан үйлчилгээний зах зээлийг зохицуулахыг шаардаж байна. Мөн дараа үеийн буюу 4G, 5G гэх мэт шинэ технологи нэвтрүүлж байгаатай холбоотойгоор давтамжийг илүү үр ашигтай ашиглах үүднээс чөлөөлөх, дахин хуваарилах, цаашлаад технологиос үл хамаарах хууль, эрхзүйн зохицуулалтын орчныг бүрэлдүүлэх зайлшгүй шаардлагууд тулгарч байгаа юм.

-Дэлхийн чиг хандлагатай уялдуулан дотооддоо ямар ажлыг хийж гүйцэтгэх ёстой вэ. Түүнээс гадна, харилцаа хол­бооны салбарт Засгийн газраас баримтлах бодлого гэж бий. Энэ хүрээнд 2014 онд ямар үндсэн чиглэлүүдийг барьж ажиллаж байна. Ямар үр дүнд хүрэв?
-Бидний зүгээс зохицуулалтын шинэ орчин нөхцөл үүсч байгааг анхааран, ОУЦХБ-аас гаргаж буй уриалга, зөвлөмж, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, чиглэлийн дагуу харилцаа холбооны салбарт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн асуудлаар олон улсын туршлагатай байгууллагаас зөвлөх үйлчилгээ авч ажилласан. 2013 оноос зохицуулалтын дүрэм журам, нөхцөл шаардлагыг шинэчлэх, тусгай зөвшөөрлийн ангилал, төлбөр болон түүнтэй холбогдох дотоод үйл ажиллагааны дараалал, бүтцэд дүн шинжилгээ хийж, өөрчлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн. Энэ онд бид тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санг цахим хэлбэрт шилжүүлэх, тэдгээртэй холбогдох мэдээллийг иргэд, байгууллагуудад чирэгдэл­гүй, шуурхай авдаг болгох зорилтоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн энэ оныг салбарын хэмжээнд эрх зүйн шинэчлэлийн жил болгон зарласнаар Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай хууль зэрэг манай салбарын гол хуулиуд энэхүү хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдэж буй мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ, технологиуд, түүнийг даган бий болж буй цахим болоод мэдээллийн аюулгүй байдал, өгөгдөл хамгаалал гэх мэт олон асуудлыг цогцоор нь харж, өөрчлөлт оруулах шаардлага байгааг тусган бусад байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байна.  

Зохицуулах хорооны хувьд тусгай зөвшөөрлийн үйлчилгээг шуурхай, ил тод зарчимд шилжүүлэх зорилгоор байгууллагын дотоод бүтэц, зохион байгуулалтад нэлээд өөрчлөлт хийгдсэн. Түүнчлэн салбарт үйлчилгээ үзүүлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны чанар, техникийн үзүүлэлт зэрэгт хууль журам, нөхцөл шаардлагын дагуу хяналт тавьж, тодорхой үе шаттай арга хэмжээ авах ажлыг идэвхжүүлж байна. Зарим талаараа багагүй шүүмжлэлд өртөж байгаа ч бид эдгээр хяналт шалгалтыг тогтмол хийж, шат дараатай арга хэмжээ авснаар үйлчилгээ эрхлэгчдийн хувьд үйлчилгээгээ сайжруулах, үйл ажиллагаа болон техник хэрэгслийн хувьд өрсөлдөөний зарчмаар ажиллаж өсөн дэвжих, хөгжих боломж бүрдүүлж байгаа юм. Үүний үр дүнд иргэд, хэрэглэгчдэд чанартай, өөрийн сэтгэлд нийцсэн үйлчилгээг авах сонголт нь нээлттэй, илүү олон болох юм. 

Нөгөөтэйгүүр үйлчилгээ эрх­лэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс тэдэнд зориулсан сургалт, семинарыг тогтмол зохион байгуулж байна. Ялангуяа радио давтамж ашиглалттай холбоотойгоор түүнд мониторинг хийх буюу радио давтамжийн харилцан нөлөөллөөс урьдчилан сэргийлж хамгаалах, хэрвээ харилцан нөлөөлөлд өртсөн бол түүнийг арилгах тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр анхаарал хандуулж байгаа. Өөрөөр хэлбэл, радио давтамж нь харилцан нөлөөлөлд өртвөл үйлчилгээний чанарт шууд сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үг. Өнөөдрийн байдлаар Харилцаа холбооны зохицуулах хорооноос Улаанбаатар хотод хоёр цэгт суурин хяналтын станц ажиллуулж байна. Түүнчлэн зарим уншигчид маань мэдэх байх, Монголдоо одоогоор ганцхан байгаа иж бүрэн тусгай тоноглол бүхий радио давтамжийн явуулын хяналтын машин, мөн зөөврийн хяналтын хэмжүүрийн багаж, төхөөрөмжөөр радио давтамжийн мониторингийг хийж гүйцэтгэдэг.

-Ер нь бүхий л харилцаа холбооны үйлчилгээ радио дав­тамжид суурилдаг гэж ойлгож болох уу?
-Агаар мандал бол хүн төрөлхтөн бидний оршин буй хамгийн чухал хүчин зүйл. Тэгвэл бидний хоёрдогч ертөнц гэж буй цахим орчинд мэдээлэл, харилцаа холбооны салбарын үсрэнгүй хурдацтай хөгжлийн гол хөдөлгөгч нь мөн л агаарын орон зайд буй долгион буюу радио давтамж болж байгаа юм.  Өөрөөр хэлбэл, радио давтамжид суурилж бид бүгдийн хүлээн авч буй бүхий л харилцаа холбооны үйлчилгээ дамжигдаж байна. Олон улсын хэмжээнд энэхүү радио давтамжийн зохицуулалтыг нэгдсэн байдлаар тодорхойлдог бөгөөд Монгол Улсын хувьд өөрийн үндэсний радио давтамжийн хуваарилалт, төлөвлөлт, олголтыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос шийдвэрлэдэг. Радио давтамжийн зурвас хязгаарлагдмал нөөц бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооноос тэрхүү хязгаарлагдмал нөөцийг хэрэглэгчиддээ чанартай, дэвшилтэт үйлчилгээ хүргэхэд зориулан маш нарийвчилсан төлөвлөлт, зохицуулалтын дагуу хуваарилан олгодог юм.

Та бүхний өдөр тутамд хэрэглэж, мэдэрч байгаа мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээ болох үүрэн холбоо, утасгүй технологийн интернэтийн сүлжээ, телевиз радио, сансрын холбоо гээд энэ бүх үйлчилгээ агаарын цэнхэр долгион буюу радио давтамж ашиглан хүлээн авч, хэрэглэдэг. Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг хэрэглэгчиддээ хүртээмжтэй хүргэх, чанарын шаардлагыг хангуулах зорилго тавьж ажиллахдаа Монгол Улсынхаа өргөн уудам нутаг, хүн ам сийрэг суурьшсан байдал, нүүдлийн соёл иргэншил зэрэг онцлогт уялдуулж, зохицуулалтын бодлогоо баримтлан ажиллаж байна. Ер нь, технологийн хувьд радио давтамжид суурилсан үйлчилгээний зохицуулалтад голлох анхаарлаа хандуулж, энэ чиглэлээр цаашдын үйл ажиллагааны чиглэл, бодлогыг боловсруулж байгаа.

-Та дээр Харилцаа холбооны тухай хууль, Шуудангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай дурьдсан. Өнгөрсөн хав­рын чуулганаар шуудангийн үйлчилгээтэй холбоотой хуу­лийн өөрчлөлтийг УИХ баталсан. Энэ талаар тодруулж болох уу?
-Харилцаа холбооны зохицуу­лах хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар хамтарч ажлын хэсэг байгуулсан. Ингээд шуудангийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын дунд хэлэлцүүлэг явуулаад өнгөрсөн долдугаар сарын эхээр хуулийн өөрчлөлтийг хэлэлцүүлээд УИХ-д өргөн барьсан. Хаврын чуулганаар Гаалийн тарифын тухай, НӨАТ-ын тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ-аар батлуулсан явдал нь Засгийн газрын хэрэгжүүлсэн чухал ажлын нэг бөгөөд улс хоорондын шуудангийн салбарын хууль эрх зүйн орчинд сүүлийн 10 гаруй жилд орсон ихээхэн ач холбогдолтой заалтууд тусгагдсан юм. Юу гэхээр, улс хоорондын шуудангийн илгээмжээс авдаг татвартай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн. Тодруулбал, улс хоорондын шуудангаар ирж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн үнийн дүнтэй шуудангийн илгээмж, 30 дахин нэмэгдүүлсэн үнийн дүнтэй зөөврийн компьютерээс гаалийн татвар авахгүй болсон. Цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээр энэ мөнгөн дүн ч өснө гэсэн үг. Хуулийн энэ зохицуулалт 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжинэ. Энэ нь нэг талаасаа иргэдийн эрх ашгийг хамгаалсан, нөгөөтэйгүүр гааль, татварын байгууллагуудын үйл ажиллагаанд ч эерэг нөлөөтэй шийдвэр болсон гэж үзэж байна.

-Монгол Улс даяар тоон техно­логийг нэвтрүүллээ. Богино хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил мэт боловч, үүнтэй холбоотой цөөнгүй зохицуулалт хийсэн. Мөн тоон технологид шилж­сэнээр давтамжийн ашиг­лалт нэмэгдэж байна гэж байгаа. Энэ талаар?
-Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас дэлхийн улс орнуудыг өргөн нэвтрүүлгийн үйлчилгээгээ аналоги технологиос тоон технологид шилжүүлэх зөв­лөмж, шийдвэрийг 2006 онд гаргаж, энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд улс орнуудын Засгийн газруудад дэмжлэг үзүүлэхийг уриалсан. Энэ ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2010 онд үндэсний хөтөлбөр батлан гаргаж, түүнийг хэрэгжүүлж дуусаад байна. Монгол Улсын хувьд телевизийн өргөн нэвтрүүлгээ тоон технологид шилжүүлэхтэй холбоотойгоор олон улсын хэмжээнд тодорхойлогдоод байгаа стандартуудаас Евро бүсийн DVB-T2 -ийг сонгон, ашиг­лахаар шийдвэрлэсэн. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 361 сум, суурин газарт телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологиор дамжуулах станцуудыг суурилуул­сан бол Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хот, нийслэлийн хэмжээнд 10 байршилд мөн тоон дамжуулах станцууд суурилуулсан.

Манай байгууллагаас энэхүү хөтөлбөрийн хүрээнд телеви­зийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх судалгаа­ны баг бүрдүүлж ажиллан тай­лан мэдээллийг холбогдох байгуул­лагад хүргүүлэхээс гадна олон нийтэд цахим хуудсаар ил тод, нээлттэй мэдээллийг хүргэж байна. Мөн үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэх ёстой нэг чухал ажил бол тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн хүлээн авагч төхөөрөмжийн баталгаажуулалтын ажлыг эхлүүлээд байна. Өнөөдрийн байдлаар нэр бүхий долоон аж ахуйн нэгжийн хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийг баталгаажуулж, тохирлын гэрчилгээг олгож, Харил­цаа холбооны зохицуулах хороо­ноос баталсан тохирлын тэмдэг хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа бөгөөд тухайн байгууллагуудын мэдээллийг манай цахим хуудас­наас авах боломжтой.
Тоон системд шилжүүлэх ажил 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс одоогоор давхар ашиглагдаж буй аналоги телевизийн өргөн нэвтрүүлгийн дамжуулах системийг унтрааснаар дуусна гэж ойлгож болно. Ингэснээр чөлөөлөгдсөн давтамж дээр дараа үеийн технологи буюу ITE технологийг ашиглаж  эхдэх шаардлага байгаа юм.

-Дугаартайгаа шилжих буюу нэг оператор компанийн бүртгэлээс гарч, нөгөө оператор  компанид харьяалагдах эрх­зүйн боломж нээгдсэн. Түүнч­лэн дээрх хууль, эрхзүйн орчин нээгдсэнээр оператор компаниуд алдагдал хүлээх тооцоолол бий юу. Шударга өрсөлдөөн талаасаа нийгэмд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Юуны өмнө “Дугаартайгаа шилжих үйлчилгээ” гэдгийг тайлбарлах нь зөв болов уу.  “Дугаартайгаа шилжих үйлчилгээ” гэдэг нь хэрэглэгч өөрийн ашиглаж буй гар утасныхаа дугаарыг өөрчлөхгүйгээр өөр операторын хэрэглэгч болох боломжийг хэлж байгаа юм. Ингэснээр хамгийн гол нь хэрэглэгчид дугаартаа уягдахгүйгээр үүрэн холбооны зах зээлд үйлчилгээ үзүүлж байгаа оператор компаниудаас хамгийн найдвартай, чанартай, сайн үйлчилгээ санал болгож буйг нь сонгон үйлчлүүлэх боломж нээгдэх юм.

Энэ үйлчилгээг нэвтрүүлэхтэй холбоотойгоор үүрэн болон суурин холбооны операторуудын төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган ажиллаж байна. Уг ажлын хэсгийн хүрээнд дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх үйлчилгээнд ашиглаг­дах мэдээллийн бааз буюу клеринг хаусыг байгуулах асуудлыг шийд­вэр­лэх, операторуудын хувьд нэмэлтээр хийгдэх хөрөнгө оруу­лалтын тооцоог гаргах, холбогдох техникийн шийдлийг боловсруулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэнэ. Эдгээр нь хийгдсэний дараа уг үйлчилгээний туршилтыг хийх төлөвлөгөөтэй байна.

“Дугаартайгаа шилжих үйлчил­гээ”-ний сайн тал нь зах зээлд хэзээ орсноос үл хамааран гараа­ны нэг шугам дээрээс дахин өрсөл­дөх боломж олгож байгаа юм. Ингэхээр хамгийн сайн чанар­тай үйлчилгээтэй, хамрах хүрээтэй, түргэн шуурхай, соёлтой үйлчилгээг санал болгож буй оператор компанийг сонгох боломж хэрэглэгчид олгож буй юм. Энэ нь зах зээл дээр шударга өрсөлдөх боломжийг дэмжинэ гэж ойлгож болно. Нөгөө талаас бидний зүгээс олон улсад түлхүү хэрэглэгддэг аргачлалаар хэрэглэгчид очих эдийн засгийн өгөөжийг тооцоход жилдээ 20 гаруй тэрбум төгрөг байхаар гарсан. Энэ нь шууд ба шууд бус өгөөж. Өөрөөр хэлбэл, мөнгөөр хэмжигдэх буюу биет хэлбэрээр авч үзвэл шинэ дугаар авах, гар утас авах, бүртгэлийн хураамж төлөх, нэгж авах гэх мэт  зардал гардаг. Нөгөө талаасаа мөнгөөр хэмжигдэхгүй хүний эрүүл мэнд, амь настай холбоотой зүйлс ч байна. Бизнес эрхлэж буй хүний хувьд л гэхэд дугаар солигдсоноос үүдэн нэрийн хуудсаа солихоос эхлээд гарах зардал багагүй байдаг. Мөн та гар утасны дугаараа солилоо гэхэд таны найз нөхөд дугаарыг чинь мэдэхийн тулд өөр хэн нэгэн руу залгаж асуух эсвэл та өөрөө бүгдэд нь шинэ дугаараа мэдэгдэх гэдэг ч юм уу төвөгтэй байдал үүсдэг. Энэ бүгдийг авч үзэж тооцоод гаргасан дүн юм. 

-Хувь хүний халдашгүй орон зай, хэвлэн нийтлэх, үгээ хэлэх эрх чөлөө зэрэг нь Фэйсбүүк, Твиттэр зэрэг олон нийтийн сүлжээнд жинхэнэ утгаараа хэрэгжиж байна гэвэл өрөөсгөл ойлголт болохгүй. Үүний хажуугаар нэгнээ дайрч давшлах, гутаан доромжлох зэрэг ч ажиглагддаг. Ер нь харилцаа холбооны зохицуулах хорооноос олон нийтийн сүлжээ, сайтуудад хэр анхаарал хандуулдаг вэ?
-Манай байгууллагын бүрэн эрх, үүрэг нь Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулагддаг бөгөөд аливаа мэдээ мэдээлэл, нийтийн сүлжээгээр явагдаж буй хувь хүмүүсийн харилцаанд  хяналт тавьж ажилладаггүй.
Гэхдээ Хүний эрхийн түгээмэл тунхаглал, олон улсын конвенц, улс орнуудын үндсэн хуулиар хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх  эрх олгодог ч  энэ эрхийг эдлэхдээ бусдын эрх, нэр хүндийг хүндэтгэх онцгой үүрэг, хариуцлага хүлээлгэдэг.  Өөрөөр хэлбэл, үг хэлэх эрх чөлөө (Freedom of speech, Freedom of expression)-нд тухайн мэдээллийг хүлээн авч байгаа үзэгч, сонсогч, уншигчийн эрх ашгийг мөн хамааруулж үздэг байна. Тэгвэл бидний хувьд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, мэдээллийг хүлээн авах эрхээ эдэлдэг ч бусдын эрх, нэр хүндийг хүндэтгэх  үүргээ хэрхэн ухамсарлаж байна вэ гэдгийг анхаарах хэрэгтэй болж байна л даа. Ялангуяа цахим орчин, нийтийн сүлжээнд үүсч буй үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх хэлбэр нь зөвхөн манай улсын хувьд ч биш дэлхий нийтийн анхаарал татаж буй асуудал юм.

-Саяхан танайхаас гадаадад бүртгэлтэй насанд хүрэгчдийн сайтууд руу хандах боломжийг холбогдох хуулийн дагуу гэдэг үндэслэлээр хаалаа. Гэвч үүнийг Хятад, Ардчилсан Солонгос гэх мэт зарим улсын араас орлоо гэж шүүмжилсэн иргэд нилээдгүй байсан. Ер нь, насанд хүрэгчдийн сайтууд руу хандах эрхийг хаасан улс дэлхийд хэд байдаг юм бэ. Бүр­мөсөн хаахгүйгээр өөр жур­маар зохицуулах боломж өнөөдрийн байдлаар байна уу. Монголоос гадаадад бүртгэлтэй насанд хү­рэгчдийн сайт руу ханддаг ир­гэдийн тоо, статистик байгаа юу?
-Насанд хүрэгчдийн сайтын хандалтыг хязгаарласан тухайд цахим ертөнцөд иргэд янз бүрийн л санал шүүмжлэл хэлж байсан. Цагдаагийн Ерөнхий газ­рын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, Эрүү­гийн цагдаагийн газраас зарим нэг насанд хүрэгчдийн сайтад тавигдсан контент нь гэмт хэргийн шинжтэй, хэрэг үүсгэн шалгаж байгаа тул тодорхой хугацаанд хандалтыг хязгаарлах хүсэлт ирүүл­сэн. Зарим хүний ярьж шүүмжилж байгаа шиг насанд хүрэгчдийн бүх сайтуудыг хорооноос хаасан, хязгаарласан зүйл байхгүй. Тэгээд ч өнөөгийн хууль эрх зүйн хүрээнд бүх сайтад нэвтрэх эрхийг хязгаарлах нь өөрөө боломжгүй асуудал. Мөн насанд хүрэгчдийн сайтуудад хандах хандалтыг бүртгэж байгаа газар одоогоор байхгүй.

-Насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан сайт, блог руу хандах боломж өнөөдөр тодорхой хэмжээнд нээлттэй байгаа. Үүнийг зохицуулах бо­ломж бий юу, Юнивишн гэхэд насанд хүрэгчдийн сувгийг түг­жиж, насанд хүрсэн иргэдэд төлбөртэй үзүүлдэг шүү дээ. Энэ талын зохицуулалт хийх боломж байгаа юу?
-Бид хязгаарлалт хийхээсээ түрүүнд хүүхэд залуучууд, эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүү­лэгчдийн боловсролд нэмэр болох үүднээс цахим орчинд өөрийгөө хэрхэн хамгаалах талаар мэдээ мэдээлэл бүхий вэб сайтыг хөгжүүлэн ажиллаж байна. Энэхүү сайт маань удахгүй ашиглалтад орох болно. Ер нь, өргөн нэвтрүүлэг, интернэтийн орчинд садар самуунтай тусгайлан тэмцсэн зохицуулалт байхгүй. Одоогоор энэхүү асуудал маань Эрүүгийн хууль, Садар самуунтай тэмцэх тухай хуулийн хүрээнд л хийгдэж байна. Бидний зүгээс үйлчилгээ эрхлэгчдийг техник болон програм хангамжийн хувьд эцэг эхчүүд, асран хамгаалагчдыг хяналт хийх боломжтой байлгах, түүнтэй холбогдох заавар зөвлөмжийг өгөх, санал санаачлагуудыг гарган хамтран ажиллах талаар тодорхой ажлыг эхлүүлж байгаагийн нэг нь энэхүү цахим хуудас юм. Гэвч нөгөө талаас эцэг эхчүүд, асран хамгаалагчид маань үр хүүхдийнхээ интернэт хандалтыг хянаж, хяналт, анхаарал тавьж байх хэрэгтэй байна.
Харин интернэтийн орчинтой харьцуулахад телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд  олон нийтийн нийтлэг эрх ашгийн үүднээс тодорхой үүрэг хариуцлага хүлээлгэх, хуульд заасан хязгаарлалтууд тавьж болдог онцлогтой. Учир нь, телевизийн өргөн нэвтрүүлэг бол хүмүүсийн үзэл бодол, зан төлөв, улмаар нийгмийн сэтгэлзүй төлөвшихөд сайн, муу хоёр талаар онцгой нөлөөлөх боломжтой мэдээллийн хүчтэй зэвсэг. Нөгөө талаар тухайн улс орны хязгаарлагдмал нөөц, нийт ард түмний өмч болох радио долгион ашигладаг онцгой хэрэгсэлд тооцогддог учраас өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд үүрэг хариуцлага ноогдуулах үндэслэлтэй байдаг. Эдгээр үүрэг хариуцлага, хязгаарлалтуудад хүүхэд, залуусыг зохисгүй агуул­гаас хамгаалах асуудал зайлшгүй тусах ёстой. Ийм ч учраас бид өнөөгийн хууль эрхзүйн хүрээнд зохицуулалтын зарим арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа. Жишээ нь, нэвтрүүлэг, кинонд насны ангилал, тэмдэг тэмдэглэгээ ашиглах, насанд хүрэгчдэд гэсэн тэмдэг, тэмдэглэгээтэй киног өдрийн цагаар гаргахгүй байх, Монгол Улсын холбогдох хууль тогтоомж зөрчсөн, хүүхэд залуусын хүмүүжил, ёс суртахуунд сөрөг нөлөө үзүүлэх хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан, гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлэн сурталчилсан, гэмт хэрэг үйлдэх аргыг нарийвчлан харуулсан дуу, дүрстэй, кино, дүрс бичлэг гаргахгүй байх зэрэг үүрэг хүлээлгэж байгаа. Одоогоор Өргөн нэвтрүүлгийн хуулийн төсөл боловсруулж, салбарын хэмжээнд хуулийн үзэл баримтлалыг хэлэлцүүлэн ярилцаж байна. Хууль гарснаар хүүхэд, залуусыг зохисгүй агуулгаас хамгаалах асуудал хуульчлагдан тодорхой болж, энэ талаар илүү сайн зохицуулалт хийх боломж бүрдэнэ гэж үзэж байна.

-Өнгөрсөн тавдугаар сард кибер аюулгүй байдлын форум болсон. Харамсалтай нь, үүнээс хэдэн сарын дараа Дата төвд бүртгэлтэй бүх сайт руу хандах боломжгүй болсон. Мөн 2-3 мэдээллийн сайт хакердуулж, кибер аюулгүй байдлын хам­гаалалт ямар түвшинд байгаа вэ гэдгийг илтгэлээ. Өнөөдрийг хүртэл халдлага хийсэн этгээ­дийг олсон талаар мэдээ, мэдээ­лэл алга. Энэ талаар та ямар бодолтой явна?
-Мэдээллийн Технологи Шуу­дан Харилцаа Холбооны Газар, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Ази, номхон далайн орнуу­дын цахилгаан холбооны байгуул­лагатай хамтран Ази, номхон далайн бүсийн орнуудын “Кибер аюулгүй байдлын V форум”-ыг 2014 оны тавдугаар сарын 26-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулсан бөгөөд нийт 20 гаруй орны төлөөлөгч оролцсон. Тус форумаар Кибер аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцан, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид кибер аюул заналтай тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах, спам хортой код, вирус, аюул занал, будлиан, таних тэмдгийн хулгайн асуудлууд, хор хөнөөлтэй цахим хуудсууд болон бага насны хүүхдийн хам­гаалалт, Кибер аюулгүй байд­лын мэдлэг ойлголтыг олон ний­тэд түгээх, компьютерийн яарал­тай тусламжийн багуудын үйл ажиллагааны танилцуулга, шинээр гарч ирж буй аюул, занал, зорилтот халдлагууд зэрэг олон асуудлыг хэлэлцсэн нь чухал ач холбогдолтой үйл явдал болсон гэж мэргэжилтнүүд дүгнэсэн.

Юуны өмнө мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь дээр дурдсан олон асуудлыг хамарсан цогц, өргөн агуулгатай бөгөөд хууль, тогтоомжийн хүрээнд эрх бүхий төрийн байгууллагууд, хувийн хэвшил, хэрэглэгчид хамтран ажиллах шийдвэрлэх, эрсдлийг бууруулах хэрэгтэй гэдгийг хэлэх ёстой. Ер нь манай улсын хувьд кибер аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдал, өгөгдөл хамгаалал зэрэг цахим орчны асуудалд төрийн байгууллагууд, хувийн хэвшил, үйлчилгээ эрхлэгчид, иргэд бүгд анхаарал хандуулж тодорхой нэгдмэл зорилт тавин шат дараалалтай арга хэмжээ авч ажиллах шаардлага зайлшгүй гарч байгааг энэхүү техник технологийн хөгжил, харилцаа холбооны салбарын шинэ үйлчилгээнүүд харуулж байгаа юм. Энэ чиглэлээр манай байгууллагын хувьд бусад орны мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалан ажилладаг төрийн болон хувийн байгууллагуудтай туршлага солилцон хамтран ажиллах санал санаачлагууд гаргасан. Юуны түрүүнд энэ чиглэлээр суурь ойлголт мэдэгдэхүүнийг нийгэмд өгөх, мэргэжлийн байгууллагууд туршлага солилцох үүднээс ирэх онд хэд хэдэн сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Цөөн хүн амтай манай улсад хэтэрхий олон телевиз үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь телевизийн салбарт эргэлдэж байгаа хөрөнгө оруулалтыг тэр хэмжээгээр хуваана гэсэн үг. Ингээд эдийн засгийн чадамжаас үүдэлтэйгээр чанартай, үнэн зөв мэдээлэл авч байх ёстой иргэд эцэстээ хохирдог. Энэ асуудалд харилцаа холбооны зохицуулах хороо ямар бодлого баримталж байна. Сүүлийн тоогоор Монголд тэр дундаа Улаанбаатарт хэдэн телевиз үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Одоогийн байдлаар, Улаан­баатар хотод МҮОНРТВ-тэй ний­лээд 17 эфирийн телевиз буюу үзэгчид жирийн антеннаар агаараас хүлээн авах боломжтой телевиз, 50 гаруй кабелийн суваг үйл ажиллагаа явуулж байгаа бол хөдөө орон нутагт 72 эфирийн телевиз ажиллаж байна.

Өргөн нэвтрүүлгийн зах зээлд хэт олон үйлчилгээ эрхлэг­чид байгаа нь салбарын зар сурталчилгааны зах зээлийн зохистой хөгжилд сөргөөр нө­лөөлж, үйлчилгээ эрхлэгчдийн орлогын гол эх үүсвэр болсон зар сурталчилгааны орлого нь чанартай бүтээл үйлдвэрлэхэд хүрэлцэхгүй, энэ нь эргээд үзэгчид чанартай нэвтрүүлэг хүлээн авч чадахгүй салбарын хөгжилд саад болж, үзэгч олон нийтийн эрх ашиг хөндөгдөхөд хүрч байгаа нь үнэн.

Техник технологийн хувьсал хөгжилтэй уялдан олон телевиз үүсч гарсан. ХХЗХ нь тусгай зөвшөөрөл олгох хуулиар олгосон үндсэн чиг үүргийнхээ хүрээнд 2011 оноос өргөн нэвтрүүлгийн зохицуулалт хийж эхэлсэн бөгөөд олон телевиз, сувгууд үйл ажиллагаа явуулж байгааг харгалзан 2011 оноос Улаанбаатар хотод эфирийн телевизийн тусгай зөвшөөрөл олгохыг зогсоон зөвхөн төрөлжсөн суваг буюу кабелийн сувгийн зөвшөөрөл олгохоор болсон. Тусгай зөвшөөрлийн тогтолцоо, тоо ширхэг, төрөл ангиллыг цөөрүүлж, хялбаршуулах арга хэмжээтэй холбоотойгоор 2012 оны III улирлаас 2013 оны III улирал хүртэл тусгай зөвшөөрөл олгохыг зогсоож холбогдох нөхцөл шаардлага, журамд өөрчлөлт оруулсан. Харамсалтай нь, бүх үйлчилгээ эрхлэгчид тусгай зөвшөөрөл авахдаа зах зээлийн хэрэгцээ шаардлагад тулгуурлаж гарч ирээгүй учраас тухайн чиглэлээрээ чанартай бүтээл гаргаж, үзэгчдэд хүргэх тал дээр хангалтгүй байгаа. Нөгөө талаар үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдлыг авч үзэхэд хангалттай бус. Тухайлбал техник стандарт, нэвтрүүлгийн цацалт стандартын шаардлагад хүрэхгүй, хөтөлбөрийн агуулгын хувьд хууль тогтоомжийг дагаж мөрдөх, үзэгч олон нийтийн нийтлэг эрх ашгийг хангах асуудал хангалтгүй, нийт олгосон кабелийн сувгийн 30 гаруй хувь нь үйл ажиллагаа эхлээгүй, жигдрээгүй байгаа зэрэг энэ салбарт цэгцлэх, сайжруулах шаардлагатай асуудлууд нэлээд бий. Тийм ч учраас 2014 оны тавдугаар сараас эхлэн кабелийн сувгийн тусгай зөвшөөрөл, тоон технологийн шилжилттэй уялдуулан Улаанбаатар хот төдийгүй орон нутагт телевиз өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрлийг одоогоор олголтыг зогсоосон.

Өргөн нэвтрүүлгийн хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох ажлын хүрээнд Ази Номхон далайн орны өргөн нэвтрүүлгийн байгууллагаас зөвлөхүүдтэй манай байгууллага хамтран ажилласан. Тэдний зүгээс цаашид тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулж олгодог байх тогтолцоонд шилжих, өрсөлдөөний зохистой орчин болон хууль тогтоомжийг бүрэн хангуулах эрх зүйн орчин бүрдүүлэх замаар зах зээлд оролцогчдын тоог багасгах, тусгай зөвшөөрөл олголтоо зогсоохыг зөвлөсөн. Өргөн нэвтрүүлгийн хуулийн төсөл боловсруулах ажлын хүрээнд дээрх зөвлөмжийг тусгуулах, олон нийт, хэрэглэгчид, үйлчилгээ эрхлэгчдийг эрх ашгийг дээдлэх замаар үүсээд байгаа нөхцөл байдлыг хууль эрхзүй, зохицуулалтын хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Цахим ертөнцөд хэрэглэг­чийн эрх ашгийг хамгаалах асуу­далд ямар бодлого баримталж байна?
-Харилцаа Холбооны Зохицуу­лах Хорооны хувьд Харилцаа холбооны тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны ту­хай хуулийн дагуу тусгай зөвшөөр­лийг салбарын тодорхой байгуулла­гуу­дад олгож байна. Бид тусгай зөвшөөрлийг олгож, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэхийн тулд нийт үйлчилгээ эрхлэгчидтэй гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг гаргаж, үйлчилгээ эрхлэгчдээр мөрдүүлдэг. Энэхүү нөхцөл шаардлагуудаар хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай олон заалт орсон байдаг. Жишээ нь, 20000-аас дээш хэрэглэгчтэй бол 24 цагийн  дуудлагын төв заавал ажиллуулах гэх мэт.

-“СD”борлуулалтын газруудыг 10 жилийн дараа гэхэд бүр мөсөн дампуурна гэсэн судалгаа бий. Энэ нь иргэд дуу, хөгжим, киногоо цахим ертөнцөөс үнэ, төлбөргүй татаж аваад үзэх боломж бүрдсэнийх байх. Тэгвэл оюуны өмчийн хулгайтай тэмцэх хуулийн боломж, хүлээлгэх хариуцлагын түвшин ямар байна?
-Нэгэнт асуулт маань хуурцаг, бичлэг борлуулалтын газартай хол­богдсон учраас  уншигчдыг төөрөгдүүлэхгүйн тулд эдгээр газ­рууд нь харилцаа холбооны салбарын зохицуулалтанд хамаар­даггүй гэдгийг  хэлэх нь зүйтэй.  Учир нь, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь хуулиар хүлээсэн чиг үүрэг, эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зөвхөн харилцаа холбооны сүлжээ ашиглан үйлчилгээ эрхэлж байгаа үйлчилгээ эрхлэгчид харилцаа холбооны салбарын зохицуулалтанд хамаардаг.

Оюуны өмчийн хулгайтай тэмцэх ажлын тухайд, хорооны зүгээс үйлчилгээ эрхлэгчдээ оюу­ны өмч зөрчихгүй байлгах та­лаар тодорхой алхмууд хийж, арга хэмжээ авч, оюуны өмчийг дээдлэх, хуулийг мөрдүүлэх ажилд  хувь нэмэр оруулж байгаа гэж бодож байна. Тус хорооноос тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хууль, тогтоомж, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийх, сургалт семинар зохион байгуулах­даа Оюуны Өмчийн газартай хамтран ажилладаг.

Харин телевиз, радио, кабе­лийн сувгаар нэвтрүүлж байгаа нэвтрүүлгийн агуулга, аль нэг кино, нэвтрүүлэг нь Зохиогчийн эрх, түүнд хамаарах эрхийн тухай болон бусад хууль тогтоомжийг зөрчиж байгаа эсэхэд тус хороо хяналт тавих, дүгнэлт гаргах, тухайн хуулинд заасан хариуцлага тооцох эрх байдаггүй учраас нэвтрүүлгийн агуулга болон тухайн контент нь зохиогчийн эрхийг зөрчсөн талаар ирүүлсэн гомдлын мөрөөр дүгнэлт гаргаж, шууд арга хэмжээ авах боломжгүй байдаг.

Иймд телевиз, кабелийн сувгаар хууль тогтоомж зөрчиж, оюуны өмчийн бүтээлийг зөвшөөрөлгүй гаргаж байгаа бол тухайн асуудлыг Оюуны өмчийн газар хүлээн зөрчилтэй эсэх дүгнэлтийг гаргадаг бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн манай байгууллагаас үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрлөөр хүлээсэн үүргээ биелүүлж ажил­лахыг зөвлөх, сануулах, зөрчлөө арилгах хугацаатай үүрэг даалгавар өгөх зэрэг шат дараатай арга хэмжээ авч ажилладаг. Өөрөөр хэлбэл, одоогийн эрхзүйн орчны хувьд хэдийгээр зохицуулах хороо нь зөвшөөрөл олгож, хяналт тавьдаг ч агуулга нь оюуны өмчийн зөрчилтэй эсэхийг шалган тогтоож, түүний дагуу ямар нэгэн арга хэмжээг шууд авах боломжгүй. Харин оюуны өмчийг хамгаалах, хуулийн хэрэгжилтийг хангуулахад түлхэц болох үүднээс өргөн нэвтрүүлгийн тухай хуулинд оюуны өмч зөрчсөн бол тухайн нэвтрүүлэг, киног гаргахгүй байх, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг байх эрх мэдлийг давхар хуульчлах нь зүйтэй гэж үзэж байна.

-Нэг удаагийн ярилцлагаар бүх асуудлыг ярьж амжихгүй учраас ярилцлагаа энд хүргээд өндөрлөе. Мэдээж миний асуу­гаагүй орхигдуулсан асуудлууд үлдсэн байх?
-Мэдээж аливаа зүйл цаг хуга­цаатай, хэмжээ хязгаартай учраас дуусгалгүй яахав. Харин хэтэрхий их нуршиж чилээсэн байж магад. Эцэст нь, манай байгууллагын үйл ажиллагааг дэмжиж бидэнтэй хамтран ажиллаж байгаа Оюуны өмчийн газар, Цагдаагийн Ерөн­хий газар, Стандартчилал, хэмжил­зүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар болон бусад төрийн болон төрийн бус байгууллагууд болон салбарын үйл ажиллагааг дэмжиж тодорхой санал, шүүмжлэлээ илэр­хийлж байдаг бүхий л байгууллага, хувь хүмүүст талархаж явдгаа илэрхийлье. Ер нь мэдээлэл, харилцаа холбооны салбар маань аливаа нийгмийн бүхий л түвшинд бүх байгууллага, иргэний хэрэглээг хангаж буй үйлчилгээг хамардаг чухал салбар учраас төрийн бодлого, хууль эрхзүйн хүрээнд салбарын үйлчилгээний зах зээлийг тэлэх, өрсөлдөөний орчинг сайжруулах, иргэдэд чанартай, тэдний сэтгэлд нийцсэн, шинэ үйлчилгээг хүргэхэд Харилцаа холбооны зохицуулах хорооны хамт олон салбарын болон бусад байгууллагуудтай идэвх санаачлагатай хамтран ажиллана гэдгийг хэлмээр байна.
Дэлгэрэнгүй, илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Танд болон танай байгууллагын хамт олонд ажлын амжилт хүсье.

0 Сэтгэгдэл
Good morning, I am an individual who offers loans internationally. With a capital which will be used to grant short-term and long-term private loans ranging from 4,000 to 500,000 to all serious people in the real needs, the interest rate is 2% per year. Loans Financial, Real Estate Loan, Investment Loan, Auto Loan, Personal Loan. I am available to satisfy my customers in a maximum duration of 3 days following receipt of your request form: juliameyer393@gmail.com
Good morning, I am an individual who offers loans internationally. With a capital which will be used to grant short-term and long-term private loans ranging from 4,000 to 500,000 to all serious people in the real needs, the interest rate is 2% per year. Loans Financial, Real Estate Loan, Investment Loan, Auto Loan, Personal Loan. I am available to satisfy my customers in a maximum duration of 3 days following receipt of your request form: juliameyer393@gmail.com
Хамгийн их уншсан