Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орлогоосоо илүү зарлага

Манай эдийн засаг өндөр өсөлттэй байгаа ч хэт халж буйг судлаачид тэмдэглэж буй. Эдийн засгийн таагүй байдлын нэг үзүүлэлт бол гадаад худалдааны алдагдал гэдэг. Сүүлийн жилүүдэд гадаад худалдааны бараа эргэлт 81 хувиар өсчээ. Өнгөрсөн жилийн эхний гурван улирлын байдлаар 7 тэрбум 611.2 сая ам.долларт хүрсэн судалгаа бий.  Тухайлбал, эхний дөрвөн сард 2 тэрбум 746.8 сая ам.доллар байсан бол өдгөө гадаад худалдааны мөнгөн дүн 3 тэрбум 373.1 сая ам.долларт хүрсэн судалгааг Монголбанк хийв. Энэ нь, өнгөрсөн жилийнхээс  626 сая ам.доллараар илүү гэсэн үг. Үүнд экспорт, импортын нийт мөнгөн дүн оржээ. Товчхондоо, монголчуудын олсон орлого, гаргасан зардал багтсан юм.



Монгол Улсын импортын бүтээгдэхүүний хэмжээ жил бүр огцом нэмэгдсээр байна.  Жишээлбэл, энэ оны эхний улиралд импортын бараа 34 хувиар өслөө. Тиймээс дээрх мөнгөний хамгийн өндөр хувийг импорт буюу Монголоос гарсан нь эзлэв. Өдгөө эл мөнгөний хоёр сая гаруй ам.доллар нь импортын бараа авахад зарцуулагдаж үлдсэн нь экспортод ногдож байна. Ингээд 788 орчим мянган ам.долларын алдагдал хүлээж буй аж.  Хэрэв энэ маягаар байвал оны эцэст гадаад худалдааны алдагдал 2.5 орчим саяд өлхөн хүрэх нь.

Манай импортын дий­лэнхийг 136 нэр төрлийн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Үүнээс өргөн хэрэглээний гэсэн тодотголтой 48 бүтээгдэхүүний үнэ, өсөлтийг тооцон үзэж энэ судалгааг гаргажээ. Нийт импортын талаас илүү хувийг нефтийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн орцын материал эзэлж буй юм. Өргөн хэрэглээний болон хүнсний бараа 16 хувийг эзэлж байна. Үйлдвэрлэлийн орц гэдэгт хүнд машин механизм, төмөр, метал хийц ордог. Иймд уул уурхайн тоног төхөөрөмж импортод хамгийн их жин дарж буй гэж болох нь. Харин нефтийн бүтээгдэхүүний хувьд өнгөрсөн жилээс хойш дизелийн түлшний хэрэглээ бараг нэг дахин нэмэгдсэн байна.  Эдүгээ ОХУ-аас авч буй нэг тонн шатахууны хилийн дундаж үнэ 1200 ам.доллар аж. Он гарснаас хойш 100 орчим мянган тонн шатахуун импортолжээ. Өнгөрсөн онд нефтийн үнэ тогтворгүй байсан. Манай гадаад худалдааны алдагдал 37 хувиар өсөхөд шатахууны үнэ гол үүрэг гүйцэтгэсэн. Харин импортын өсөлтөд гол нөлөө үзүүлж буй эзнээр тодорсон хэрэг. Өргөн хэрэглээний барааны хувьд суудлын авто машин, цахилгаан бараа, хүнснээс гурил, будаа, ургамлын тос хамгийн их оруулж иржээ.

Монголын нийт экспортын 92 хувийг ашигт малтмал эзэлж байна. Тэр дундаа нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, түүхий нефть тэргүүлдэг. Статистикаас үзвэл өнгөрсөн онд экспорт нийтдээ 12 хувиар өсчээ. Энэ өсөлт нь зөвхөн ашигт малтмалд л ногдож буй. Харин ноос, ноолуурын бүтээгдэхүүний экспорт хөдлөөгүй, бусад барааных 15 хувиар буурсан үзүүлэлт гарав. Нийт экспорт 132 сая ам.доллараар өссөн байна. Үүнд, нүүрс, түүхий нефтийн зах зээлийн үнэ, тоо хэмжээ нэмэгдсэн нь нөлөөлжээ. Ноос ноолууран бүтээгдэхүүний экспортын орлого 0.6 хувиар өссөн аж. Гэвч тоо хэмжээний жил бүр нэмэгдэж буй ч зах зээлийн үнэ нь буурч буйг уг судалгаа харууллаа. Манай улсын экспортын орлогыг тодорхойлогч ашигт малтмалын үнэ буурах эрсдэл байгааг шинжээчид хэлдэг. Лондонгийн металлийн бирж дээр нэг тонн цэвэр зэсийн үнэ дунджаар 8500 ам.доллар байна.  Энэ нь өнгөрсөн оныхоос 8.5 хувиар буурсан үзүүлэлт. Тэгэхээр манай зэсийн баяжмалын үнэ 2200 орчим ам.долларт хэлбэлзэж буй ажээ. Экспортын бүтээгдэхүүнд томоохон байр суурь эзэлдэг ашигт малтмал бол цайр. Энэ металлийн нэг тонных нь үнэ 2000 ам.доллар орчимд байгаа. Дэлхийн зах зээлд илүүдэл ихтэй тул үнэ нь хямдрах чиглэлд хөдөлж буйг шинжээчид хэлж байна. Алтны үнэ 1660 ам.долларт хүрсэн. Энэ металлийн үнэ тогтвортой өсөх магадлал бий гэдэг. Үүнд, эдийн засгийн хямрал нөлөөлж байгаа хэмээн үздэг юм. Харин манай алт олборлолт, экспорт буурч ирсэн билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан