Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.Батсүх: Далд уурхайн хөрөнгө оруулалт ирэх онд орж ирнэ гэсэн өөдрөг хүлээлт бий


Манай улсад орж ирэх гадаадын хөрөнгө оруулалт 2014 оны байдлаар  60 орчим хувиар буурсан дүн гараад буй.  Тухайлбал, оны эхний арван сарын байдлаар 680 сая ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн тооцоо бий. Энэ нь ДНБ-ий долоон хувьтай тэнцэж буй юм. Хэдийгээр хөрөнгө оруулалтын орчин нөхцөлөө зөөлрүүлсэн, татварын таатай орчин бүрдүүллээ гэж байгаа ч тоо төдийлөн өсөхгүй байгаа билээ. Үүнийг эдийн засагчид Таван толгой, Оюу толгойн хөрөнгө оруулалт хэрхэн шийдэгдэхийг хөрөнгө оруулагчид хүлээж харж байгаагаас үүдэлтэй гэж тайлбарладаг. Хөрөнгө оруулагчдын зүгээс  саяхан томилогдсон шинэ Ерөнхий сайд Оюу толгойн хэлэлцээрийг гацаанаас  гаргана гэдэгт найдлага тавьж буй гэдгээ ч илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто”-г олон улсын хөрөнгө оруулагчдаас зээл авахад Засгийн газрын баталгаа гаргаж өгч магадгүй гэж найдаж байгаа юм.  Ирэх сарын 03-нд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал болох тов гарчээ. Энэ хурлаар Оюу толгойн ирэх оны төсвийг хэлэлцэн батлах аж. Тэгэхдээ зэсийн үнэ ханш, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэлээд танасан төсөв батлагдаж магадагүй гэнэ. Үүнээс гадна  далд уурхайн хөрөнгө оруулалтын талаар ярилцана ч гэж байгаа юм.

Ирэх жилийн улсын төсөвт уул уурхайн салбараас 1.1 их наяд төгрөг төвлөрүүлнэ хэмээн төлөвлөөд байгаа. Уг орлогыг задлаад үзвэл “Оюу толгой” ХХК-аас 324 тэрбум төгрөгийн татвар авахаар тооцсон. Тэгэхдээ тус компанийг 819.1 мянган тонн зэсийн баяжмал экспортолно гэж тооцсон. Мөн “Эрдэнэт” үйлдвэр 590 мянган тонн зэсийн баяжмал экспортолж улсын төсөвт 447.5 тэрбум төгрөг төвлөрүүлэх тооцоо хийжээ. Тэгвэл “Эрдэнэс Таван толгой” ХК зургаан сая тонн нүүрс экспортолж 60.8 сая төгрөгийн орлого оруулах төлөвлөгөө гараад байна.  

Ингээд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүхийн яриаг уншигч танд хүргье.

-Далд уурхайн хөрөнгө оруулалт манай эдийн засагт хүлээлт үүсгээд байгаа. Энэ асуудлыг ойрын хугацаанд шийдэж чадах болов уу?
-Оюу толгойн хувьцаа эзэмшигч нар хэлэлцээр хийж байгаа. Асуудлыг шийдэхэд тун ойрхон очсон байх гэж найдаж байна. Ирэх жил далд уурхайн хөрөнгө оруулалт орно гэсэн өөдрөг хүлээлт бий.

-Зэсийн баяжмалын экспорт улсын төсөв бүрдүүлэхэд гол хувь нэмэр оруулна гэсэн төсөөлөл бий. Зэсийн үнийн талаар ямар дүр зураг ажиглагдаж  байна вэ?
-Оюу толгойн ил уурхай өнөөдөр хэвийн ажиллаж,  баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрч, зэсийн баяжмал экспортолж буй. Ирэх онд Оюу толгойн үйл ажиллагааг хэмнэлттэй, шуурхай, хэвийн байлган  улсын эдийн засагт оруулах хувь нэмрээ төлөвлөсөн хэмжээнд оруулахаар хичээн зүтгэнэ. Олон улсын зэсийн нөхцөл байдал өнөөдөр төдийлөн тааламжгүй байна.  Зэсийн үнэ энэ онд нэг тонн нь дунджаар 6700 ам.доллар байх бололтой. Энэ үнэ ирэх хоёр гурван жилд нэмэгдэх төлөв ажиглагдахгүй байгаа. Арай буурахгүй байх гэсэн горьдлого бий. 

-Тухайн орон нутаг болон уурхайн эдэлбэр газарт байгаа түүх, соёлын өв, олдворыг хамгаалах нь уул уурхайн лиценз эзэмшиж буй компанийн үүрэг. Нийгмийн энэ хариуцлагаа биелүүлэх талаар “Оюу толгой” компани ямар ажил хийж байгаа вэ?
-“Оюу толгой” ХХК  Өмнөговь аймгийн захиргаа, ШУА-тай хамтарч соёлын өвийн дурсгалыг хамгаалах талаар онол практикийн бага хурал хийж байна.  Өөрөөр хэлбэл “Оюу толгой” компани нийгмийн хариуцлагаа биелүүлж,  тухайн орон нутагт буй биет болон биет бус соёлын өвийг хэрхэн хадгалах, сурталчлах, түүнийг аялал жуулчлалын эргэлтэд оруулахад орон нутгийн засаг захиргаа, ард иргэдэд тусалж байгаа юм. Уурхайн талбай болон эргэн тойронд хийж буй  дэд бүтцийн хүрээнд археологи, палентлогийн олдвор, ан амьтан, ховор ургамал, хорхой шавьж, шувуудыг судлах, үнэлгээ хийх, тогтоох, хамгаалалтад авах тодорхой хөтөлбөр боловсруулж байгаа. Цаашдаа энэ чиглэлээр аймгийн захиргаатай олон жил тогтвортой хамтран ажиллах гэрээ хийнэ. Мөн Өмнөговийн Ханбогд, Манлай, Баян-Овоо сумдын засаг захиргаатай хамтран ажиллах урт хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө гаргаж гэрээ байгуулах болсон. Тухайлбал, биет болон биет бус соёлын өвөө аялал жуулчлал хөгжүүлэхэд хэрхэн ашиглах талаар төсөл хөтөлбөр боловсруулж байна.

-Тэгвэл уурхайн бүс нутагт археологи, палентлоги, соёлын өвийн ямар дурсгалбайна вэ?
-Монголын говь асар их баялагтай. Өөрөөр хэлбэл байгалийн баялгаас гадна, археологи, палентлоги, түүхийн баялаг арвин юм.  Жишээлбэл, хадны сүг зураг, чулуун зэвсгийн үеийн дурсгал элбэг.  Оюу толгой уурхайтай хамгийн ойр Жавхлантын хадны сүг зураг гэж бий. Тэгэхээр түүх соёлын дурсгалыг хамгаалалтад авах, төр засаг, олон нийтийн анхааралд хүргэж байна. Бага хурлын танхимд Оюу толгой орчмоос олдсон олдвороор үзэсгэлэн гаргасан. Гэхдээ бүгдийг нь дэлгэж чадаагүй. Уурхайн явц, дэд бүтэц байгуулах үед хэдэн зуун мянган олдвор гарсан юм. Тэгээд  ШУА-д хандаж эдгээр олдворыг хамгаалалтад авсан. Үүнээс гадна Өмнөговь аймгийн уран бүтээлчдийн дунд сийлбэр, уран зураг, хатгамал, зээгт наамлын уралдаан зарласнаа дүгнэлээ.

-Түүх, соёлын өвийг хамгаалахад жилд хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаа вэ?
-Соёлын өвийн хөтөлбөрт жилд 4-5 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөж байгаа. Энэ онд тэмээн жингийн соёлыг сэргээх талаар ажил зохиолоо. Одоогоос 40 жилийн өмнө хамгийн сүүлд тэмээн жин тээж байсан юм билээ. Ингээд  Баян-Овоо, Мандал-Овоо сумын тэмээчдийг цуглуулж тэмээн жин хэрхэн хийж байсныг олон түмэнд үзүүлсэн юм. Орчин үед тэмээн жин хийхээ больсон тул хом, тохом бурантаг, буйл гээд олон зүйл мартагдсан байсан. Үүнийг сэргээлээ. Одоо жил бүр тэмээн жингийн баяр хийнэ. Нэг ёсондоо тэмээний үнэ цэнэ,  түүнийг ашиглах уламжлал соёлын өвийг  үзүүлэх аялал жуулчлалын хөтөлбөр боловсруулах юм.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан