Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дугаарын хязгаарлалт үйлчлэх цагийг 08:00-21:00 болгохыг НИТХ-ын төлөөлөгчид дэмжлээ


Хотын удирдлагуудын зүгээс авто замын түгжрэлийг бууруулахаар төрөл бүрийн арга хэмжээ авч байгаа. Үүний нэг нь автомашины дугаарын хязгаарлалт юм. Гэвч өвлийн жавар тачигнах тусам автобус хүлээгээд зогсохоос хүмүүс халширч эхлэв. Иргэдийн зүгээс хотын даргад хандах дугаарын хязгаарлах өдрийн цагийг багасгах талаар хүсэлт ирүүлжээ. НИТХ-аар өчигдөр уг асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч Д.Батбаяр “Түгжрэлийн шалтгааныг авто машин, замын зохион бай­гуу­лалттай холбон тайлбар­ладаг. Үнэндээ бол хотын хэт төвлөрлөөс болж замын бөглө­рөл үүсч байгаа. Иймд Их тойрууд байгаа их дээд сургуулийг хотоос гар­гах мөн төр захиргааны байгуул­лагуудыг хотын зах руу нүүлгэх хэрэгтэй. Дээр нь он хуучин тэрэгнүүд агаарын бохирдлыг улам нэмдэг тул аль болох хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авах хэрэгтэй. Дээрээс нь төлбөртэй зогсоолуудад нэг цаг машинаа тавихад 1000 төгрөг авдаг. Гэ­тэл авто машины татвар гэж жилд дор хаяж 30 мянган төгрөг авч байгаа. Тэгэхээр татварт ахиад анхаарал хан­дуулах шаардлагатай” гэсэн санал  хэлсэн. Мөн нийслэлийн авто замын хөдөлгөөнийг зөв зохион байгуулах, иргэдийн аль болох хувийн машинаар зорчих хүслийг нь бууруулах, үүний тулд нийтийн тээврийн чанар, соёл үзэмжийг сайжруулах зэрэг санал ч гарч байлаа. Харин НИТХ-ын төлөөлөгч Ш.Одгэрэл “ Замын түгжрэлийн гол гацаа нь авто зогсоол. Иймээс зогсоол шинээр барих шаардлагатай. Бага тойруугаас бүх их дээд сургуулийг гаргана гэвэл бү­тэхгүй. 180 мянган оюутан бай­гаа шүү дээ. Ачаалал ихтэй гудамжуудыг давхар замаар шийдэх хэрэгтэй. Дугаа­рын хязгаарлалтын хувьд өглөө 8:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл үйлчлэхийг дэмжиж байгаа” гэдгээ хэлсэн юм. Түүнчлэн төлөөлөгч Ж.Амарсанаа “Хү­мүүс юм амархан мартах юм. Би өмнө нь ажилдаа ирэх гэж хоёр цаг явдаг бай­сан. Харин одоо 20 минут яваад л ирж байна. Тэгэхээр дугаарын хязгаарлалт оновчтой байгаа гэдгийг иргэдэд харуу­­лах хэрэгтэй. Үүний тулд зарим өдрүүдэд дугаарын хязгаарлалтыг зогсоож болно. Мөн долоо, наймдугаар сард замын ачаалал харьцангуй бага байдаг учраас дугаарын хяз­гаарлалтыг энэ саруудад зогсоох санал гаргаж байна” хэмээн ярьсан юм. Төлөөлөгчид энэ мэт олон санал гаргаж байсан учир дээрх асуудлыг НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэхээр болсон юм. Хурлаар дээрх асуудлыг зөвшөөрөх юм бол дугаарын хязгаарлалтыг өглөө 08:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл хэрэгжүүлэх юм байна.

Нийслэлд өдөрт 230 гаруй мянган машин хөдөлгөөнд оролцож, шинээр 150 машин улсын дугаар авдаг гэсэн тоо бий. Дээр нь авто зогсоол хомс, Бага тойрууд хэт төвлөрсөн гээд бодохоор нийслэлийн авто замын түгжрэл хотын удирд­лагуудын шийдэх ёстой асуудлын эн тэргүүнд тавигдах нь ч аргагүй юм. Нөгөөтэйгүүр манай улсад 800 гаруй мянган жолооч байна гэж үздэг бөгөөд тэдний 50 хувь нь л жолоо барьж хөдөлгөөнд оролцдог гэсэн тоо бий. Түүнчлэн сүүлийн үед жолооч нар улсын дугаараа шилжүүлэх хөдөлгөөн их байгаа гэнэ. Ингэхдээ Нийслэл дотроо дүүрэг хооронд, орон нутаг руу шилжих хөдөлгөөн нэмэгдээд байгаа аж. Энэ нь нөгөө талаас дугаарын хязгаар­лалт үйлчилж байгаатай холбоотой хэмээн холбогдох албаны хүн хэлж байсан.


Н.Батаа: Ирэх онд гурван сургууль, есөн цэцэрлэг барьж ашиглалтад оруулна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаан өчигдөр болж, нийслэлийн 2015 оны Төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Ирэх жилийн нийслэлийн төсвийн төсөл өмнөх онуудаас ямар онцлогтой болж байгаа вэ?
-Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг үндсэн гурван бодлогын чиглэлд тулгуурлаж боловсрууллаа. Ингэхдээ нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Нийслэлийн 2015 оны эдийн засаг, нийгмийн зорилтыг хангах зорилгоор нийслэлийн төсвийн орлогын боломжит бүх эх үүсвэрийг дайчлан, эдийн засгийн хүндрэлтэй үед татварын орлогын хэмжээг өмнөх оны төвшнөөс бууруулахгүй байх зарчмыг баримталж байна. Мөн Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас баримталж буй бодлогын хүрээнд тэвчиж болох урсгал зардлыг бууруулах, орон тооны давхардлыг арилгах чиглэлээр төсвийн төслөө боловсрууллаа.

-Нийслэлийн удирдла­гууд УИХ-аар Монгол Ул­ын 2015 оны Төсвийн тухай хуулийг хэлэлцэх үеэр нийслэлийн төсөвт хүнд­рэл гарахаар төсөл боловсруулсан талаар бага­гүй шүүмжлэлтэй хан­даж байсан. Тухайлбал, Нийс­­­лэлийн эрүүл мэнд, бо­ловсрол, соёл, спор­тын байгууллагын ажилт­нуудын цалин, ахмад нас­тан, оюутан, цагдаа, хөгж­лийн бэрхшээлтэй иргэ­дийн нийтийн тээв­рийн хэрэгслээр зорчих хөнгөлөлтийг хот өөрөө хариуцна гэсэн. Энэ асууд­­­лыг хэрхэн тусгасан вэ?
- Хот улсын төсөвт жилдээ 41 орчим тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлдэг.  Ирэх оноос энэ орлогыг өгөхөө больж, Сангийн яамнаас боловсруулсан төслийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, оюутан, цагдаа нарын нийтийн тээврийн хэрэгслийн хөнгөлөлтийн 53,1 тэрбум төгрөгийг нийслэл өөрөө хариуцахаар болсон. Энэ нь хотод 12 гаруй тэрбум төгрөгийн зардал шинээр нэмэгдсэн гэсэн үг юм. Харин нийслэлийн боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, соёлын байгууллагын ажилтнуудын цалин, урсгал зардал болох 280  тэрбумыг улсын төсвөөс шийдвэрлэхээр болсон.

-Ирэх онд  хийхээр төлөвлөгдөж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг дурдвал?
- Хөрөнгө оруулалтын ажлын захиалга маш их байгаа. Бүх ажлыг хийх боломжгүй ч үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Нийслэлийн Засаг дарга өөрийн хэрэгжүүлбэл зохих чиг үүргийн хүрээнд 178,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөж байна. Үүнд 42,1 тэрбум төгрөгийг ирэх онд үргэлжлүүлэн хийгдэх төсөл, хөтөлбөрүүдэд, 19,2 тэрбум төгрөгийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дагуу концессын гэрээгээр хийгдэх ажилд, 117 орчим тэрбум төгрөгийг шинээр хийх бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхээр төсөвлөсөн. Тухайлбал, нийслэлийн төсвийн хөрөнгөөр гурван сургууль, есөн цэцэрлэгийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулна гэж тооцсон. Автозамын бүтээн байгуулалтын ажил үргэлжлэн хийгдэх бол шинээр нийслэлийн хүүхэд, багачууд, залуучууддаа зориулан одоогийн Хүүхдийн урлан бүтээх төвийн байрыг өргөтгөж, Хүүхдийн урлан бүтээх төв, Залуу техникчдийн ордон болгохоор шаардагдах хөрөнгө оруулалтыг оруулж эхлэхээр төсвийн төсөлд тусгалаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан