Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Отгончимэг (Ph.D): хиймэл дагуулаас ирж байгаа дохиог шууд гэртээ хүлээн авч байна, энэ бол дэвшил


Саяхныг хүртэл агаарын цэнхэр долгионоор алс холын мэдээ, мэдээллийг эх орныхоо өнцөг булан бүрт тархан суурьшсан Монголчууд үзэж сонирхоно гэдэг зүүд зэрэглээ мэт байв. Малчны хотонд Монголын радиогоос өөр хэвлэл мэдээлэл хүрнэ гэдэг боломжгүй мэт санагдаж байлаа. Тэгвэл техник, технологийн үсрэнгүй хөгжил тив дэлхийг тольдох боломжийг Монгол орны өнцөг булан бүрт суугаа айл өрх бүхэнд олгож байна.
Сансрын холбоо, хиймэл дагуулын тусламжтай цэнхэр дэлгэцээрээ дэлхий дахинтай хөл нийлүүлэх алтан боломжийг “Хойморт тань гэрэлтэх хийморь” уриатай “ДДэшТВ” компани бүрдүүлээд зургаан жил өнгөрчээ. Сансрын холбооны олон сувагт телевизийн үйлчилгээг тоон технологиор Монгол төдийгүй Азийн бусад улс оронд түгээж буй “ДДэшТВ” компанийн Гүйцэтгэх захирал,  инженерийн ухааны доктор Б.Отгончимэгтэй бүтээгдэхүүн үйлчилгээ болоод энэ салбарт эрчимтэй өрнөж буй технологийн хувьсал, дэлхий нийтийн чиг хандлагын тухай ярилцлаа.


-Монгол орны 21 аймаг, 330 сумаас гадна Азийн зарим улс оронд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэнэ гэдэг гайхалтай хэрэг. Ийм давуу тал бий болгоход хамгийн чухал зүйл бол орчин үеийн технологи гэдэг нь гарцаагүй?
-Тийм ээ, манай үйлчилгээ Монгол орныг бүрэн хамардаг нь технологийн онцлогтой холбоотой л доо.  Хиймэл дагуул ашиглан олон телевизийн сувгийн үйлчилгээг хүргэх нь орон зайнаас үл хамаардаг, мөн ямар нэг кабелийн шугам ашигладаггүй гэдгээрээ давуу тал олонтой. Ялангуяа хүн ам нь дэд бүтцээс хол, нүүдлийн аж ахуйн онцлогтой манай улсын хувьд сансрын холбоо чухал ач холбогдолтой. Мөн уул уурхай, газар тариалан, аялал жуучлалын бизнес хөгжиж буй өнөөгийн нөхцөлд мэдээлэл дамжуулах, телевизийн үйлчилгээг чанартай хүргэхэд хамгийн тохиромжтой, хүртээмжтэй, өргөн хэрэглэгддэг нь сансрын холбоо л доо. Манай компанийн үндсэн үйлчилгээ нь хиймэл дагуулын тоон телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ буюу DTH (Direct to Home) үйлчилгээ юм. Интернэт, үүрэн холбооны сүлжээ, тэр ч байтугай цахилгаан ч хүрээгүй  малчны хотонд энэ үйлчилгээгээрээ дамжуулан тив дэлхийн мэдээлэл хүргэдэг. Гэхдээ энэ нь заавал орон нутагт л манай үйлчилгээг ашигладаг гэсэн бас биш шүү, хотын төвөөс хол гэр хороолол мөн зуслангийн айл өрхөд хүрч ажилладаг даа.

-Сүүлийн үеийн телевизийн технологи, үйлчилгээний чиг хандлагаа дагаад үзэгчдийн хандлага ч өөрчлөгдөж байгаа?
-Ер нь мэдээлэл, харилцаа холбооны салбарын хөгжил асар хурдацтай байгааг хүн бүр өөрийн өдөр тутмын амьдрал дээр мэдэрч байгаа, түүний нэг нь телевизийн өргөн нэвтрүүлгийн технологи, үйлчилгээ яах аргагүй мөн.  Дэлхий нийтээр аналоги өргөн нэвтрүүлгээс тоон систем рүү эргэлт буцалтгүй шилжсэн, мөн шилжиж байгаа, үүнийг дагаад уламжлалт телевизийн үйлчилгээний зах зээл ялангуяа “Pay-TV” үйлчилгээ болон технологид асар их өөрчлөлтүүд орж байна. Өөрөөр хэлбэл, технологийн хувьд үзэгчдэд олон төрлийн сонголт хийх боломжийг олгох, хэрэглэгч бүр хэрэглэснээрээ төлөх зарчим үйлчилж байна. Энэ үйлчилгээний зах зээлийн томоохон хэсгийг DTH үйлчилгээ эзэлдэг. Технологийн чиг хандлагаас шалтгаалан үзэгчдийн хандлага өөрчлөгдөж болно, гэхдээ үзэгчдийн өөрсдийнх нь хүсэлт, хандлагыг нь мэдрэх нь буцаад олон төрлийн үйлчилгээ, бизнесийн шинэ санаануудыг бий болгож байдаг гэж боддог. Тухайлбал Youtube дээр хүссэн хүн бүр өөрөө видео бичлэг оруулах болсон нь үзэгч төвтэй контентийг бий болгож байна. Эдгээрээс сонирхолтой хэсгүүдийг нь ялгаж, ангилаад богино хэмжээний олон бичлэгүүдийг нийлүүлээд контент бэлтгэдэг, түүгээрээ дамжуулан зар сурталчилгаа явуулдаг шинэ төрлийн бизнес гараад ирэх жишээтэй. Ялангуяа сүүлийн үед өсвөр насныхан телевизорын урд суухаас илүүтэй интернэтээр дамжуулан тийм төрлийн контент үзэх хандлага ихэсч байна. Үүнийг дагаад хууль эрх зүйн хувьд ч зохицуулах ажлууд нилээд тулгарч байх шиг байна.

-Жишээ нь танай компани хэдэн суваг дамжуулдаг вэ?
Манай компанийн хувьд одоогоор үндсэн болон нэмэлт гэсэн хоёр багцын үйлчилгээтэй. Үндсэн багцаар та телевизийн 60, радиогийн 5 сувгийг хүлээн авч үзэх боломжтой, хэрэв та илүү олон төрлийн спортын, хүүхдийн, энтертаймэнт болон киноны зэрэг гадаад хэл дээрх өндөр нягтралшилтай ( HD-High Definition) сувгийг үзэхийг хүсвэл нэмэлт үйлчилгээ авч 90+ сувгийг үзэх боломж олгож байгаа. Шинэ оныг угтан хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд суурилсан шинэ багцын үйлчилгээ гаргахаар ажиллаж байна.

-DTH технологийн хувьд олон давуу тал байгаа. Гэхдээ сул тал ч бий гэвэл та юуг нь хэлэх вэ?
-Мэдээж технологи бүр өөрийн давуу болоод сул талтай. Дээр хэлсэнчлэн DTH нь өөрийн гэсэн олон давуу талтай боловч зарим нэг талаар өртөг нэмэгдүүлсэн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл гардаг. Технологийн хувьд нэг талын мэдээллийн урсгалтай буюу хэрэглэгч өөрийн антеннаар телевизийн олон сувгийн үйлчилгээг зөвхөн хүлээн авч үзэх боломжтой, өөрийн хүсэлтээр контент сонгож үзэх VOD (Video on Demand) болон ухрааж, буцааж үзэх хүсэлт илгээхэд буцах мэдээллийн урсгал байдаггүй учраас IPTV (IP over TV) үйлчилгээтэй шууд харьцуулахад төвөгтэй. Гэхдээ манай компанийн хувьд байгаа нөөц боломжоо ашиглан флайш диск болон PVR (Personal Video Recorder) ашиглан хүссэн нэвтрүүлэг, киногоо телевизийн хөтөлбөрийн дагуу хадгалж авснаар нөхөж үзэх болон ухрааж буцаах үйлчилгээ авах боломж олгодог.

-IPTV-ээс гадна хэрэглэгчид интернэтийн сүлжээ ашиглан төрөл бүрийн контент үзэх болсон. Иймэрхүү үйлчилгээ үзүүлэхэд өртөг өндөртэй тусах уу?
-Үзэгчид зөвхөн уламжлалт телевизор ашиглан урьдаас төлөвлөгдсөн программын дагуу телевизийн үйлчилгээ авахаас гадна интернэтээр дамжуулан өөрийн гар утас, таблет зэрэг төрөл бүрийн мобайл төхөөрөмж дээр хаанаас ч гэсэн (TV Everywhere)телевизийн нэвтрүүлэг үзэх боломжийг OTT (Over the Top) үйлчилгээ олгосон. Аав нь хөл бөмбөг, ээж нь драм, хүүхдүүд нь хүүхэлдэйн киногоо үзэх гэж удирдлагаа булаалддаг, аргаа барахаар өрөө бүртээ зурагт авч тавьдаг цаг үе ард хоцорч байна. Энэ төрлийн үйлчилгээг авах сонирхолтой үзэгчдийн тоо сүүлийн нэг жилд 15 хувиар өссөн гэсэн олон улсын судалгаа байдаг. Бас нэг сонирхолтой судалгааны үр дүн нь интернэтээр дамжуулан контентоо үзэх боломжийг гар утас, таблетаас илүүтэйгээр интернэтэд холбогдсон телевизороор (ConnectedTV) үзэх сонирхол сүүлийн хоёр жилд 25 хувиар өссөн байдаг. Мэдээж эдгээр өсөлтүүд өндөр хөгжилтэй орнуудад илүү байгаа. Хамгийн гол нь энгийн хэрэглэгч эдгээр технологийг хэрэглэхэд бэлэн байна уу гэсэн асуулт тулгарна. Хэдэн хүн смарт төхөөрөмж ашиглаж байна вэ, хэдэн хүн өндөр хурдны өргөн зурвасын (broadband) сүлжээнд боломжийн үнээр холбогдох боломж байна, хэдэн хүн контентийн зардалд орлогынхоо тодорхой хувийг зарцуулахад бэлэн байна вэ гэдэг чухал, мэдээж хэрэглэгч бэлэн байх тусам өртөг бага тусна. Жишээ нь дэлхий нийтээр SD-аас HD руу бүрэн шилжиж чадахгүй байхад 4K(HD-аас даруй 4 дахин илүү) буюу  UHD (Ultra HD) технологи гараад ирлээ, тэр байтугай энэ технологийг өндөр хөгжсөн улс орнууд ч нэвтрүүлээгүй байхад саяхан Япончууд 8K технологийг 2016 гэхэд нэвтрүүлнэ гээд зарлачихлаа. Гэтэл үүнийг дагаад дамжуулах урсгал нь нэмэгдэнэ, 4k дэмждэг телевизортой байх шаардлагатай, эцэст нь хэрэглэгч дээр хэр зэрэг чанарын ялгаа гарах вэ гэдэг асуулт. Ингээд яриад байвал дуусахгүй яриа болох байх.
Интернэтэд суурилсан телевизийн үйлчилгээний хувьд хэдий чинээ олон хүн өөр өөр төрлийн контент сонгон үзэх тусам нийт интернэтийн урсгалын хэмжээг нэмэх шаардлагатай байдаг, үгүй бол гацалт үүснэ. Харин манай технологийн хувьд тухайн сувгийг ямар чанараар дамжуулсан хамрах хүрээнд байгаа бүх хэрэглэгч яг ижил чанараар хүлээн авдаг онцлогтой.

-Маш сонирхолтой юм. Өнгөрсөн долдугаар сарын 31-нд Монгол орон даяар тоон системд шилжлээ. Энэ ажлын хүрээнд танай компани дээр техник, технологийн шинэчлэл хийгдсэн үү?
-Манай компани 2008 онд байгуулагдсанаас хойш DVB-S сансрын тоон системийн стандарт ашиглан үйлчилгээ үзүүлж ирсэн. Гэхдээ улс орон даяар тоон технологид шилжиж байгаатай холбогдуулан бид ч өнгөрсөн 2 сард технологийнхоо үе шатыг ахиулж DVB-S2 стандарт руу бүрэн шилжүүлсэн. Ингэснээр илүү олон сувгийг дуу, дүрсний харьцангуй өндөр чанартай хүргэх боломж бүрдсэн. Шинэ стандартад шилжихийн тулд манай хамт олон ихээхэн хүчин чармайлт гаргаж, амаргүй ажлын ард гарсан. Зүгшрүүлэлтийн явцад зарим нэг хэрэглэгчээс бага сага гомдол гарсан, хэрэглэгчтэй харилцах дуудлагын төвд хэсэг хугацаанд ачаалал үүссэн зэрэг асуудал бий. Ялангуяа программын шинэчлэл хийх үед технологийн онцлогоос хамааран хэрэглэгч бүрийн STB (Set-up-Box) буюу хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмж дээр хиймэл дагуулын дохиогоор дамжуулан программыг шинэчлэх, дахин хайлт хийх зэрэг шаардлага зайлшгүй гардаг гэдгийг хэрэглэгчид маань зөвөөр ойлгож хамтран ажиллах нь харилцан бие биедээ туслаж байгаа хэрэг гэж ойлгодог. Дор хаяж л программ татаж байх үед нэгээс хоёр минут хүлээж төхөөрөмжөө унтраахгүй байх шаардлагатай байдаг.
Харин энд нэг зүйлийг онцлоход тоон технологид шилжиж байгаатай холбоотой хэрэглэгч, ард иргэдийн дунд түгсэн зарим нэг буруу ойлголт байдаг. Жишээ нь, тоон систем нэвтэрснээр айл бүр зурагтаа солих эсвэл одоо ашиглаж буй STB шинэчлэх ёстой гэсэн. Ялангуяа манай технологийн хувьд аль хэдийн бүрэн тоон технологит шилжсэн учраас одоо ашиглаж буй зурагт, STB-ийг аль алийг нь солих шаардлагагүй гэдгийг хэлэхэд таатай байна.

-Би бас таньтай санал нэг байна. Орчин үеийн технологи ашиглахын хэрээр хэрэглэгч өөрөө түүнийг ашиглаж сурна гэдэг чухал асуудал шүү. Энэ талаар танай компани юу хийж байна?
-Нэг талаас хэрэглэгч өөрийн ашиглаж буй зүйлдээ эзэн болох, нөгөө талаас зөв хэрэглэж хэвшүүлнэ гэдэг бидний хүлээх үүрэг гэж ойлгодог. Хиймэл дагуул, сансрын технологи ашиглана гэдэг өмнө нь бидний хувьд мөрөөдөл мэт маш хол сонсогдож байсан цаг саяхан. Гэтэл одоо сансрын холбооны тусламжтай дэлхийгээс 36 мянган км алсад байрлаж буй хиймэл дагуулаас ирж байгаа дохиог шууд гэртээ хүлээн авч байна, энэ бол дэвшил. Манай орны онцлогоос шалтгаалан хэрэглэгч нь тэр бүр төв газар ирж үйлчилгээ авах боломжгүй, манай компанийн хувьд төвөөс хол хөдөө байгаа малчны хотонд биечлэн хүрч ажиллах боломжгүйгээс заримдаа манай хэрэглэгчид өөрсдөө инженер болсон байдаг. /инээмсэглэв/
Антенн угсрах, тохируулах, цаг агаарын ямар нөхцөлд дохио чанарыг унагахгүй байх ямар арга хэмжээ авах уу гэх мэт асуудлаа төвөггүй шийдчихдэг. Мэдээж олны дунд асуудал байлгүй л яахав, дор хаяж л антеннаа гэрийнхээ гадаа сул тавьчихаар мал мөргөх, салхинд хөдлөх зэргээс байрлал алдагдаж, дохио унтрах асуудал гардаг. Мөн үйлчилгээний хугацааг сунгах командыг ч ялгаагүй хиймэл дагуулын дохиогоор дамжуулан алсаас дамжуулдаг учраас энэ үед хэрэглэгчийн төхөөрөмж заавал асаалттай байх шаардлагатай байдаг гэдгийг хэрэглэгч нар зөв ойлгох хэрэгтэй, шаардлага гарвал манай хэрэглэгчтэй харилцах төвийн 98980000, 1800-1998 утсанд холбогдоход мэргэжлийн оператор заавар зөвлөгөө өгч ажилладаг. Саяхан бид шинэ үйлчилгээний салбараа Улаанбаатар хотын зүүн хэсэгт нээсэн нь хэрэглэгчдээ ойртох ажлын нэгээхэн хэсэг бөгөөд олон хэрэглэгчийн талархалыг хүлээж байгаа.

-Танай компани тө­рийн бай­гуул­лагатай нэлээд хамтарч ажил­ладаг байх. Монгол улс орон даяар тоон системд шилжих ажилд танай компани ямар үүрэгтэй оролцсон вэ?
-Тиймээ. “ДДэшТВ” компани нь Мэдээллийн тех­­но­­логи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Радио сүлжээний газар ТӨҮГ-тай хамтран “Монгол Улсын өргөн нэвтрүүлгийг аналоги системээс тоон технологид шилжүүлэх” Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд олон улсад өргөн хэрэглэгддэг эфирийн тоон телевизийн DVB-T2 стандартын дахин дамжуулах станцыг орон нутагт суурилуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн.
Ер нь, манай компанийн хувьд айл өрхөд телевизийн үйлчилгээг хүргэхээс гадна, орон даяар олон суваг, эфирийн телевизийн өргөн нэвтрүүлгийг бүх сум суурин газрын телевизийн дахин дамжуулах станцуудуудад найдвартай, техникийн гологдол, сааталгүй хүргэх үүрэг хүлээж ажиллаж байгаа. Энэ ч утгаараа манай мэргэшсэн инженер, техникийн баг долоо хоногт 24 цагаар техникийн найдвартай байдлыг ханган ажилладаг.

-Төр нь хувийн хэвшлээ дэмжье гээд байдаг. Үүний тод томруун жишээ юм уу даа?
-Тийм, миний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачлагыг ихээхэн дэмждэг хүний нэг. Ухаалаг төрийн нэг хэсэг нь төр, хувийн хэвшлийн түншлэл дээр төрийн зарим нэг үүргийг хувийн хэвшил, мэргэшсэн байгууллагаар зардал багатай гүйцэтгүүлэх нь маш чухал, мэдээж төр хяналт, шаардлагаа сайн тавих хэрэгтэй. Манай компанийг гэрээний үүргээ хэрхэн биелүүлж буй талаар салбарын төрийн байгуулагуудын төлөөлөлүүд оролцсон ажлын хэсэг улирал бүр аудитын шалгалт хийж, шаардлагатай заавар зөвлөмжөөр хангаж хамтарч ажилладаг.

-Ажлын талаар нэлээд ярилцлаа, хувь хүн талаас чинь эзэмшсэн мэргэжил, ажлын туршлагыг чинь сонирхвол. Та яг энэ салбарын хүн үү?
-Миний хувьд энэ салбарт гэнэт ч юмуу эсвэл санаандгүй байдлаар орж ирээгүй. Энэ мэргэжлийг сонгосон нь бүр багадаа ахаараа бахархаж компьютерийн л хүн болно гэж боддог байснаас үүдэлтэй. Манай том ах тэр үед Монголын анхны электроникийн компанийн инженерүүдийн нэг байсан юм. Хүмүүс компьютерийн талаар нимгэн мэдлэгтэй байх үед манай гэрт компьютер байдаг байлаа. Тэгээд арван жилээ төгсөөд КтМС-ийн Мэдээлэл, автоматжуулалтын инженер одоогоор программ хангамжийн инженер гэдэг мэргэжлийг хүмүүс сайн ойшоодоггүй байх үед эргэлзэх зүйлгүй сонгосон. Намайг сургуулиа төгсөх үед албан байгууллагууд зарим боломжтой айлууд компьютер эрчимтэй ашиглаж эхлэсэн, би ч хоёр жилийн турш бараг хэдэн мянган компьютер угсарсан даа.
Сонин гэвэл 2004 онд одоогийн Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар анх байгуулагдаж байх үед энэ байгуулагад ажиллах юмсан гэж их боддог байсан ч өөрийгөө голоод очиж зүрхлээгүй. Дараа нь 2010 онд БНСУ-д Компьютерийн сүлжээ мэргэжлээр докторын зэрэг хамгаалж ирээд шууд өргөдөл өгч сарын дараа мэргэжилтнээр ажилд орж хэлтсийн дарга хүртэл ажилласан. Дашрамд хэлэхэд Мэдээллийн технологи, шуудан,  харилцаа холбооны салбарын бодлогыг тодорхойлогч Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг анх үүсгэн байгуулагдсны 10 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан энэ байгууллагатай холбогдсон үе үеийн удирдлага, ахмад болон одоогийн шинэ залуу хамт олон, ялангуяа нэг үе хамтран ажиллаж байсан бүх хамтрагч одоо бол сайн найз нартаа баярын мэнд хүргэж, туслаж дэмждэгт тань талархаж явдагаа илэрхийлэхийг хүсэж байна.

-Цаашид юу хийхээр төлөвлөж байна даа, хэтийн зорилго чинь юу вэ?
-Би таны энэ асуултанд маш богинохон хариулах болох нь. Миний өөрийн баримталдаг нэг зарчим байдаг л даа. Ирээдүйд юу хийж чадахыг одоо амлаж чадахгүй ч илүү ихийг хийхийн төлөө чин сэтгэлээсээ хичээж ажиллана гэж амлаж чадна шүү. Cүүлийн үед би яг ямар хоббитой хүн билээ гэж бодохоор шууд хариулт олдохгүй л байгаа. Хийж буй ажилдаа дурлаж, ахиц гаргавал түүнээсээ эрч хүч авдаг хүн юм шиг байгаан /инээмсэглэв/.
 

0 Сэтгэгдэл
Nice.
Хамгийн их уншсан