Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дэлхийн стандартад нийцсэн “CRYSTAL 21” цэцэрлэг


Хувийн хэвшлийнхний нэг онцлог бол аливаа зүйлийг чин сэтгэлээсээ бүтээн босгож, сэтгэл зүрхээ ажиллаж чаддагт оршдог гэж боддог. “CRYSTALL 21” цэцэрлэгийн үүдээр ороход яг энэ мэдрэмж төрж байсныг онцлох хэрэгтэй. Хүүхдүүдийн өдөр бүр үзэж, хайрлаж хүндэлдэг үлгэрийн баатрууд нь цэцэрлэгийн хананд 3D зургаар амилжээ. Сургуулийн өмнөх насныхан буюу ахлах бүлгийнхний анги нь геометрийн дүрсүүдтэй. Хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэх зориулалттай Америк, Шинэ Зеландын сүүлийн үеийн тоглоомын иж бүрдлүүдийг тавьсан байлаа.

Гэхдээ дэлхийн жишигт хүрсэн, олон улсын стандартыг хангасан цэцэрлэг байна гээд бүхнийг импортлож, хуулбарлаж болохгүй. Тиймээс тус цэцэрлэгийнхэн дөрөвдүгээр давхраа урлагийн танхим болгон тохижуулжээ. Танхимд  хүүхдүүд төгөлдөр хуур тоглож, балетаар хичээллэнэ. Мөн монгол ахуйдаа зочилж, хаан хатан шиг хувцаслаж, монгол тоглоом наадгайгаар тоглож, Монгол гэдэг эх орон маань бахархах ямар сайхан олон зүйлстэй вэ гэдгийг мэдэрч хүмүүжих боломжоор хангаж хөөрхөн гэр барьжээ.  Тус цэцэрлэгийнхэн 100 хувь өвчлөлтгүй цэцэрлэг гэсэн зорилт тавиад “хүүхэд бүр өсөх ёстой” уриатайгаар  өдөр бүр хүүхдүүдийнхээ өсөлт чийрэгжүүлэлт булчингийн хөгжлийг үзэж, тусгай дасгал хөдөлгөөн хийж, эрүүл ахуйн дадлыг  тоглоомын аргаар сургахаар төлөвлөж, цэцэрлэгийн эмч нь нарийн график гаргажээ. Өмнө нь цэцэрлэг гэхээр арай өөр орчин угтдаг байсан болохоор нэг л танил биш санагдсан ч хэрвээ миний хүүхэд ийм орчинд хүмүүждэг бол хэмээн өөрийн эрхгүй бодсон. Ингээд  “CRYSTALL 21” цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Д.Мөнхгэрэлтэй уулзлаа. Түүнийг бүсгүйчүүдийн хэдийнэ танил болсон “Талст” дэлгүүрийн захирал гэвэл олон хүн андахгүй. Урлагт хайртай, бас монголынхоо бүсгүйчүүдийг аль болох дэлхийтэй хөл нийлүүлэн гоёх дуртай энэ бүсгүй бизнесийн ертөнцөд хүч үзээд нэлээдгүй жилийг үджээ.

Одоо нийгмийнхээ салбарт анхаарал хандуулж, хамгийн их бухимдал үүсгэх болсон цэцэрлэгийн асуудлыг шийдэхэд хувийн хэвшлийнхэн хэрхэн ажиллаж болох талаар үлгэр жишээ үзүүлэхээр шийдсэн аж. Ингээд түүнтэй хийсэн ярилцлагыг хүргэе. Тэрээр энэ удаад цэцэрлэгийн захирал биш үүсгэн байгуулагч нь гэдгээ бидэнд онцолсон юм шүү.

-Танай цэцэрлэгээр орж ирэхэд үнэхээр өөр орчин угтаж байна. Хэрвээ бүх цэцэрлэг ийм болчихвол гэх бодол өөрийн эрхгүй төрлөө. Цэцэрлэгийнхээ стандартыг хаанаас жишээ бол­гож авсан бэ. Хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан бэ?
-Цэцэрлэг гэхээр манайхан хямд төсөр барилга дотор ч юм уу, эсвэл гэрийн нөхцөлд л байдаг гэх ойлголттой болчихож. Улсын цэцэрлэгүүд гэхэд амьсгалах аргагүй болтол нь нэг ангид 50, 60-аад хүүхэд авч, хоёр багш хариуцаж ажиллаж байгаа нь нууц биш. Энэ л стандартыг эвдсэн цэцэрлэг байгуулья гэж бодсон. Үүнээс хойш байгуулагдах цэцэрлэгүүдэд үлгэр жишээ больё гэсэн юм. Цэцэрлэгээ би мөнгө харж байгуулаагүй. Хүүхдийн цэцэрлэг гэж ийм юм байдаг, байна шүү гэдгийг харуулах гэж хичээсэн.

-Танайхыг олон улсын стан­дартад нийцсэн цэцэрлэг гэж сонссон. Та олон улсын стандарт гэхээр чухам ямар орчин бүр­дүүлснээ манай уншигчдад бага зэрэг тайлбарлаж өгөөч?
-Манай хүү Америкт сурдаг. Сурахын хажуугаар цагаачдын хүүхдийг хүмүүжүүлдэг цэцэрлэгт сайн дураараа туслах багш хийдэг. Тэгээд л “Ээжээ цэцэрлэг гэдэг чинь нэг хүүхдэд ногдох талбай нь хүртэл заагдсан, хүүхдийн тав тухыг дээд зэргээр хангасан газар байдаг юм байна. Манай цэцэрлэгүүд үнэндээ хүүхдүүдээ сайн дурын хорих ангид хийчихдэг юм байна. Америкийн хорих анги жишээ нь цай хоолыг нь өгнө, номыг нь уншуулна, гэхдээ онолоор нь нэг камерт хорьдог. Манай цэцэрлэгүүд яг л тийм нэг ёсны камер болчихсон юм байна. Хүүхдүүд маш чөлөөтэй орчинд гүйж харайж, агаарын солилцоо өндөр, цэвэр, тоглоом нь хүртэл дэлхийн стандартад тохирсон байх ёстой гэж хэлж байсан. Энэ цэцэрлэгийг байгуулахад ний нуугүй хэлэхэд маш их хүндрэл гарсан.

-Та жишээ нь, яг ямар шаардлагыг тавьж барилгаа барьсан бэ?
-Зоорийн давхартайгаа дөрвөн давхар 250 хүүхдийн цэцэрлэг. Нэг, хоёр, гурван давхартаа хүүхдүүдээ авдаг. 250 хүүхэд хүмүүжнэ гэдэг утгаараа дэлхийн стандартыг барьж хийсэн. Нэг анги гэхэд 25 хүүхэдтэй, 25 хүүхдэд 200 ам.метр талбай оногдож байх жишээтэй. Өнөөдрийн байдлаар улсын хувийн гэлтгүй цэцэрлэгүүд 100 ам.метр талбайтай өрөөнд 100-гаад хүүхэд авах нь холгүй байна. Агаарын солилцоог бодолцож гурван метр өндөр тааз хийсэн. Байгалийн гэрэл, нарны тусгал хүүхдэд маш чухал. Өдрийн турш нарны гэрэлтэй байлгахын тулд дөрвөн талд нь тэр чигээр нь цонх хийсэн. Нарны энергийг өдөржин авна гэсэн үг. Дээшээ өгсөх шат нь хүртэл дэлхийн стандартад тохирсон тормозны замтай, /гулгахгүй/ бариул нь гэхэд гурван, дөрөв, таван настай хүүхэд барих гэхчлэн гурван янзаар хийгдсэн. Гэтэл одоо хүртэл цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө бүрэн гүйцэт авч чадаагүй л байна даа.

-Яагаад өгөхгүй байгаа хэрэг вэ. Улсын ачааг хөнгөлж байхад уриалгахан хандмаар юм?
-Бид цэцэрлэгийнхээ дөрөвдү­гээр давхарт урлагийн заал хийснийг та бүхэн харсан. Хүүхдүүд аливаа баяр ёслолоо тэмдэглэдэг, дуулдаг бүжиглэдэг тийм л заал хийсэн. Үндэсний соёл уламжлалыг таниулах үүднээс монгол гэр хүртэл барьсан. Гэрийн тавилга нь нас насанд нь тохирсон байгаа. Хүүхдүүд маань 21 дүгээр зууны иргэн ч гэлээ эх орноо, эцэг эхээ гэсэн сэтгэл хүүхдэд цэцэрлэгээс нь төлөвшүүлэх ёстой. Зүрх сэтгэлд нь багаас нь хоногшуулах хэрэгтэй л дээ. Тийм хандлага олсон хүүхэд юм бүрт зөв хандаж чаддаг болно. Барилгыг маань Улсын комисс хүлээгээд авчихсан. Гэхдээ дэлхийн стандарт гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, цэцэрлэг бол нэг, хоёр давхар л байх ёстой гэсэн зүйл хэлээд байгаа. Үнэндээ 500 мянган хүн амтай хотод л ийм стандарт ярих ёстой. Гэтэл олон улсад нэг сая хүн амтай хотод цэцэрлэг таван давхар ч байж болно гэсэн стандарт бий. Манай цэцэрлэг доод давхартаа хүүхэд тоглодог тоглоомын төв байгуулсан. Түүнийг мэргэжлийн зарим байгууллага нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн юм бас ярьж л байна. Ямар ч цэцэрлэг доороо тоглоомын төв барьдаггүй гэнэ. Хэрэв тоглоомын төв биш авто граш болгож ашигласан бол надад илүү ашигтай байх байсан л даа. Гэвч хүүхэд тоглуулах газар тэр бүр олдож байгаа бил үү гэдгийг нэг бодох л хэрэгтэй байх.

-Стандарт гэснээс тоглоомын төвийг чинь ямар учраас хориг­лоод байгааг нэг л ойлгосонгүй. Танайх тоглоомоо хаанаас авав?
-Стандарт гэдэг нь хэдэн оны  ямар стандарт вэ гэдгээ ч ойлгодог нь ховор болж. Үнэхээр шалгаад стандарт нь биш бол би ч хүлээн зөвшөөрье. Стандарт гэдэг байх ёстой доод хэмжээ л гэсэн үг. Түүнээс давсан байж болно. Монголд гадаах тоглоомын талбайд өвөл тоглох аргагүй шүү дээ. Тиймээс тоглоомын төв байх нь зүгээр гэж бодсон. Америкт хүүхдүүд тоглож байгаа тоглоомыг манай охин захиалах гэж судалсаар яваад Гуанжуд үйлдвэрлэдэг юм байна гээд  ирсэн л дээ. Тэгээд үйлдвэрээс тоглоомоо автал Азид анх удаагаа бүтээгдэхүүнээ угсарч байна гэж байсан юм шүү. Үйлд­вэрээс нь мэргэжилтнүүд ирж арав хоног ажиллаж, өөрс­дөө тоглоомоо угсарч хүлээл­гэж өгөөд олон улсын гэрээ байгуу­лаад, одоо аюулгүй, хүүхдийг тог­луулж болноо гээд явсан. Гэтэл хүүх­дийн цэцэрлэгийн доор ямар ч тог­лоомын төв байх ёсгүй гэж ма­най­хан үзээд байгааг л ойлгохгүй юм.

-Цэцэрлэгээр чинь ороод баримлын шавраа хүртэл хүнс­ний бүтээгдэхүүнээр хийдэг юм байна гэж ойлголоо. Та жаахан тайлбарлаж өгч болох уу?
-Манайх хүүхдийн эрүүл мэн­дэд ямар ч сөрөг нөлөөгүй тоглоомууд цэцэрлэгтээ тавьсан. Жишээ нь, Эрдэнэшишийн гурилаар хийсэн тоглоом бий. Баримлын шавар гэдэг бидний хүүхдүүд тоглож байсан тэр зүйл өнөөдөр бараг л үгүй болж байгаа аж. Эрдэнэшишийн гурилаа усанд хийгээд л наалдуулаад хүү­хэд хэдэн янзаар хэлбэр дүрс гаргаад тоглож болно. Энэ нь баруун тархийг хөгжүүлдэг гэд­гээрээ дэлхийд алдаршсан тог­лоом. Манай цэцэрлэг оруулж ир­сэн, хүүхдүүд маань тоглож байгаа.  Америкаас бүрэн бүтэн шин­жилгээтэйгээ ирж байгаа. Гэхдээ, бид Монголдоо ч лабораторид өгч шинжлүүлсэн. Хүүхэд идсэн ч эрүүл мэндэд нь хоргүй, хаяхад байгальд хор нөлөөгүй уусч алга болно гэсэн тайлбартай. Гэхдээ манайхан хүлээж авахаас бага зэрэг цааргалж л байгаа.

-Танай цэцэрлэгийг хүүхдэд зориулсан цоо шинэ ертөнц гэдгээр нь би хувьдаа үнэхээр сонирхож ирсэн шүү. Гэтэл манайхан шинэ юмыг хүлээж авч чадахгүй байгаа гэдгийг таны ярианаас сонслоо?
-Цэцэрлэг барьсан хүнийг шаг­надаггүй юм аа гэхэд өрөөндөө 20,30-аараа сууж л байгаа төрийн байгууллагын мэргэжилтнүүд бид­нийг юу хийснийг ирээд нүдээрээ харж, гараараар мэдрэх  хэрэгтэй. Гэтэл цэцэрлэг нээсэн юм уу, тэрийгээ шалгуул, үүнийгээ шалгуул гээд бараг 106 хуудас материал авчир гэсэн. Бид өөрсдийнхөө хэмжээнд л бичиг баримтаа цэгцэлж бүрдүүлсэн. Хэрвээ мэргэжлийн хүмүүс ирээд “Өө цэцэрлэг байгуулж байгаа бол чамд ийм туслалцаа үзүүлье, ийм ийм зүйл өгье, чи ийм хүүхдүүд ав, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд авбал яах вэ, яамнаас ийм шаард­лага тавьдаг, тэгэхээр нь ингээрэй” гээд зөвлөдөг бол гоё шүү дээ.

-Танай цэцэрлэгийн хүүхдүүд тав тухтай л харагдаж байна. Хэзээ нээлтээ хийсэн бэ?
-100-аад хүүхэд авчихсан байгаа. Зөвшөөрөл маань хараахан гүйцэт гараагүй байна гэсэн ч эцэг эхчүүд хүүхдээ аваад л хүрээд ирсэн. Ёстой дийлдэхгүй юм билээ. Танайд л өгнө, хавраас хойш хүлээсэн гээд байдаг. Тэгсээр байгаад аравдугаар сард нээлтээ хийсэн. Нээгээд сар гаруй л болж байна.

-Та халширч байна уу. Цэцэр­лэг бол манай нийгэмд амин чухал хэрэгтэй байгаа зүйлийн нэг. Гэхдээ хүүхдийн эрүүл мэнд хүмүүжилтэй холбоотой гэдэг утгаараа төрөөс мэдээж олон талын шаардлага тавих байх л даа?
-Би 21 дүгээр зууны хүүхдүүдийг маш гоё орчинд байлгахыг хүссэндээ л энэ цэцэрлэгээ байгуулсан. Орчин бол чухал учраас эхлээд би тэрийг нь бүрдүүлье гэж бодсон. Төдийгөөс өдий хүртэл бизнес хийчихээд ийм зүйл хийе л гэж бодсон. Цаашдаа Монгол улсад дэлхийн стандартын асрамжийн газар байгуулна гэсэн бодолтой явдаг. Төлөвлөгөө, зураг гаргачихсан. Харин манай нөхөр “чи яагаад хаширдаггүй юм бэ” гэдэг. Тэгэхээр манай хүн халширч л байх шиг байгаа юм.

-Аливаа зүйл саадтай байж л бүтдэг. Гэхдээ та өөрийн бодолдоо эзэн болж ахиад ийм цэцэрлэг, асрамжийн газар олныг байгуулж өгөөрэй?
-Орчин нөхцөлөөрөө Монголд байхгүй гэдгийг хаана ч хэлж чадна. Бүх юмаа тултал хийж чадсан. Цэцэрлэгийн суултуур гэхэд гурав, дөрөв, таван настай хүүхдийнх гээд гурван төрөл байх жишээтэй. Цэвэр шаазан суултуур хийсэн. Цэвэр шаазан суултуурт бактери үрждэггүй. Угаалтуур нь мөн ялгаагүй насны ангиллаар өөр байгаа. Тавилга гэхэд Шинэ Зеландын эрдэнэшишийн модоор хийсэн тавилга. Хүүхэд байнга амьсгалж байдаг. Амьсгалынх нь ууршилтаас болж муу тавилга, муу мод хор ялгаруулдаг юм байна. Тэгэхээр яг дэлхийн стандартад нийцсэн хүүхдэд ямар ч хоргүй тавилга тавьсан. Ширээ сандал гэхэд хүүхдэд зориулагдсан өнгөтэй, янз бүрийн зориулалтаар ашиглаж болдог.

-Орчин нөхцөл сайн байхаас гадна сургалтанд хамгийн гол нь анхаарал хандуулах ёстой байх л даа. Сургалтын онцлогоосоо та бидэнд мэдээлэл өгөөч?
-Манайх цэцэрлэгийн сайхан орчин бүрдүүлсэн юм чинь сургалтаараа нэгдүгээрт байхыг эрхэм зорилго болгож байгаа. Өвчлөлгүй байхын тулд их анхаарч байгаа. Цэвэр органик хоол өгдөг. Дээр нь өдөр бүр эмч үзээд харшилтай  хүүхэд үү, юунаас харшдаг вэ гэдгийг хүүхэд бүр дээрээ тэмдэглээд явж байгаа. Гадуур өвчлөл их байгаа ч  манай хүүхдүүд гайгүй байна. Цонхныхоо дэргэд сармис тавьж байна, бактери устгах үүднээс мандарины хальс тавих зэргээр монгол аргаар хүртэл арга хэмжээ авч их анхаарч байна. Хоол гэхэд өсөлт багатай бол өдрийнх нь хоолон дээр луувангийн шөл нэмж өгөх гэхчлэн. Манайх чанарлаг, сайн хоолтой. Талх нарийн боовоо өөрсдөө барьдаг. Гал тогоогоо Орос брэндийн бүх тоног төхөөрөмжөөр тоноглосон.

-Төлбөрийн хувьд дунджаас арай дээгүүр байх уу?
-500 мянган төгрөг. Цэцэрлэг нэг хүүхдийн хоолонд өдөрт 1500-2000 төгрөг зарцуулдаг байхад манай 12 мянган төгрөг төсөвлөдөг. Өдөрт таван  удаа хооллож ундлаад бүх төрлийн витаминлаг, тэжээлтэй бүтээгдэхүүн өгөхөөр хоол хүнс бас л үнэтэй тусдаг.Сургалтаараа тэргүүн байх гэж их хичээж байгаа. Манай цэцэрлэгийн нэг гол онцлог нь хүүхдийн төрөлх авьяасыг хүүхдэд нь авч үлдэхээр багш нар ажиллана. Зургийн авьяастай хүүхэд байлаа гэхэд багш олж илрүүлээд түүнийг нь хөгжүүлж өгнө. Төрөлхийн өөрийн гэсэн  мэдрэмжтэй хүүхэд байж болно. Ярих чадвартай хүүхдийн яриаг нь улам хөгжүүлэхээр ажилладаг. Манайхан хүүхдээ заавал англи хэл сургана, эсвэл нягтлан бодогч, хуульч болгоно гэж туйлширдаг байлаа. Хүүхдийг ямар авьяастай  байгааг үл харгалзан, өөрийнх нь давуу талыг алдагдтал сургадаг. Бид үүний эсрэг байгаа. Давуу талыг нь цэцэрлэгийн насанд нь нээж өгөөрэй гэж ярьдаг.

-Танайх мөн балет, төгөлдөр хуурын багштай гэсэн байх аа?
-Балетын багштай учраас цэцэрлэгийн хүүхэд шууд балет хийнэ гэсэн үг биш. Балетын анхан шатны хөдөлгөөнөө сурна, хөдөлгөөн цээжилж сурна, хөгжим сонсч сурна. Өөрөөр хэлбэл юмыг сонсч, анхааралтай сурах, сонсох гайхалтай чадварыг суулгаж өгч байна гэсэн үг. Манай багш нар байнга монгол үлгэр уншиж өгдөг. Монгол хэлээ мэдэхгүй баахан гадаад хэл сургачихаад нөгөө хүүхэд нь юм ойлгоод ч байгаа юм шиг, ойлгохгүй ч юм шиг болдог. Тийм учраас монгол хэлний хүнд үгийг багаасаа мэддэг болох хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан